Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
Хэргийн индекс | 135/2021/00080/И |
Дугаар | 135/ШШ2021/00594 |
Огноо | 2021-07-28 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 135/ШШ2021/00594
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2021/00080/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын 3дугаар баг, Байтагт оршин суух Баакаа овогт Магсаржавын Лхагважав /РД:ПБ82042174, утас:99430716/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 4дүгээр хороолол, 5дугаар байр 24тоотод оршин суух, Нохойнхон овогт Баянзулын Бадамгарав /РД:ПА82072302, утас:99598973/-т холбогдох
Хүүхдийн асрамж тогтоолгох, хохирол нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дамиранжав /онлайн/, хариуцагч Б.Бадамгарав, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Лхагважав нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дамиранжав нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Бадамгарав бид хоёр Ховд аймаг Булган сум дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 139 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд бидний дундаас төрсөн хүү Л.Гантогтох, Л.Ганбаяр нарыг шүүхийн шийдвэрээр эх Б.Бадамгаравын асрамжид үлдээж надаар тэжээн тэтгүүлэхээр тогтоосон билээ. Гэтэл ээж Б.Бадамгарав нь шүүхийн шийдвэр гарснаас хойш хоёр хүүгээ хайхрахгүй орхиж, хоёр хүүгийн минь бичиг баримтыг нь өгөөд замын унаанд Алтай сумаас Булган сум руу явуулсан. Ингээд миний бие аав, ээжийн хамт хоёр хүүгээ аваад эх Б.Бадамгаравт хүргэж өгөхөөр Алтай сум руу очиход Б.Бадамгарав хоёр хүүгээ үл тоож, хайхрахгүй хүүхдүүд ч аавтайгаа амьдармаар байна гэсэн тул 2 хүүгээ аваад Булган сум руу буцаж ирсэн билээ. Тэр цагаас хойш хоёр хүү маань өвөө аав, эмээ ээж, бид нарын хамт амьдарч, өсөж торнин сурч хүмүүжиж байна. Бид нарт амьжиргааны эх үүсвэр болсон хэдэн малаас өөр хөрөнгө мөнгө болох юм байхгүй. Шүүхийн шийдвэр гарсан тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл хоёр хүүд маань төрөөс олгодог хүүхдийн мөнгийг ээж Б.Бадамгарав нь бүрэн авсан бөгөөд энэ хүн хүүхэдтэйгээ ганц удаа ч холбоо барихгүй хаана амьдарч байгаа нь тодорхойгүй хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэхгүй алга болсон тул 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Ховд аймаг, Булган сум дахь сум дундын шүүхийн 15 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжилсан шийдвэр гарч хаяг нь тогтоогдсон тул цаашид хоёр хүүхдийн асрамжийг аав миний асрамжид шилжүүлэх, төрөөс олгодог хүүхдийн мөнгийг хүү Л.Гантогтох, Л.Ганбаяр нарын нэр дээр данс нээж авдаг болгох, мөн гэр бүл цуцалсан 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс өнөөдөр хүртэлх төрөөс олгогдсон Б.Бадамгаравын авсан 7 жил 7 сарын хоёр хүүхдийн мөнгө 3,640,000 төгрөг, 2020 оны хоёр дугаар сараас хойш сар бүр 100,000 төгрөг олгосон 3,000,000 төгрөг нийт 6,640,000 төгрөгийг Б.Бадамгараваас гаргуулж надад олгуулах, миний бие нь ээж Пагма овогтой Чулуунцэцэг, хоёр хүүгийнхээ хамт амьдарч байгаа бөгөөд аав маань 2018 онд хүнд өвчний учир хорвоогийн мөнх усыг үзсэн. Бид нар ээжийнхээ гэрт амьдарч ээжийнхээ өндөр насны тэтгэврээр гэр орныхоо амьдралыг зогоож байна. гэв.
Хариуцагч Б.Бадамгарав нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...миний бие нь М.Лхагважавтай 2004 онд гэр бүл болсон. Том хүү 2005 онд, бага хүү 2007 онд төрсөн. 2012 онд гэр бүл цуцалсан. Би 2 хүүхдээ өөрийнхөө асрамжид авч 4-5 сар хамт амьдарсан. Гэтэл эцэг нь хүүхдүүдээ санаад байна 14 хоног өөр дээрээ авъя гэхэд нь хүүхдүүдээ явуулсан. Тэр цагаас хойш миний хүүхдүүдийг надад өгөөгүй. Би төв газар бараадаж ажил хийхээр явсан учир гэр оронгүй тогтсон ажил төрөлгүй байсан учир хүүхдүүдээ өөр дээрээ авч чадахгүй байсан юм. Гэхдээ миний бие нөхөр хүүхдүүдтэйгээ одоог хэрнэ холбоотой хэвээрээ байгаа. 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр М.Лхагважавын гаргасан нэхэмжлэлтэй танилцаж холбогдсон. Хоёр хүүгийнхээ мөнгийг хүүхэд тус бүр дээр нээлгэн сар бүрийн орсон мөнгийг тус данснаас эцэг М.Лхагважав болон хадам эх П.Чулуунцэцэг нарын данс руу шилжүүлж байхаар тохиролцов. Хүүхдийн асрамжийн талаар миний бие Б.Бадамгарав хүү Л.Ганбаяр, Л.Гантогтох нарыг аав М.Лхагважавын асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Лхагважав нь хариуцагч Б.Бадамгаравт холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмж 6.640.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Зохигчид болох М.Лхагважав, Б.Бадамгарав нар нь 2005 онд гэр бүл болж, тэдний дундаас 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Л.Ганбаяр, 2005 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүү Л.Гантогтох нар төрсөн бөгөөд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 04-ний 139 дугаартай шүүхийн шийдвэрээр ... М.Лхагважав, Б.Бадамгарав нарын гэрлэлтийг цуцалж, хүү Л.Ганбаяр, Л.Гантогтох нарыг эх Б.Бадамгаравын асрамжид үлдээж... шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй 26.2.2. хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заажээ.
Мөн хуулийн 26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншлаар хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх зэрэгт тэгш эрх, адил үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч М.Лхагважав нь хүү Л.Ганбаяр, Л.Гантогтох нарыг өөрийн асрамжид авах, дээрх шүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх, төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 6.640.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Бадамгарав нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтэй ...хүүхдүүдээ эцгийнх нь асрамжид үлдээе, хүүхдийн мөнгийг буцаан төлөх болно гэж хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 04-ний 139 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдүүдийн асрамжийг өөрчлөн, хүүхдүүд болох Л.Ганбаяр, Л.Гантогтох нарыг эцэг М.Лхагважавын асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийг эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгоно. Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамын 1.2-т Хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд (цаашид хүүхэд гэх), эсхүл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий Монгол Улсын иргэнд олгоно гэж тус тус зааснаар төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 6.640.000 төгрөгийг хариуцагч Б.Бадамгараваас гаргуулж нэхэмжлэгч М.Лхагважавт олгох нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл, төрөөс хүүхдэд олгодог мөнгөн тэтгэмжийг асран хамгаалагч болох эх Б.Бадамгарав сар бүр авч, өөрт болон өөрийн ахуй амьдралдаа зарцуулдаг байсан нь зохигчдын тайлбар, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн баримт болох Хаан банкны 5045/21/553 дугаартай лавлагаагаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй юм.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 04-ний 139 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоосон хүү Л.Гантогтох, хүү Л.Ганбаяр нарын асрамжийг өөрчлөн, 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Л.Ганбаяр, 2005 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Л.Гантогтох нарыг эцэг М.Лхагважавын асрамжид үлдээсүгэй.
2. Нийгмийн халамжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т зааснаар хариуцагч Б.Бадамгараваас төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмж 6.640.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Лхагважавт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Лхагважавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,390 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бадамгараваас улсын тэмдэгтийн хураамж 191,390 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид оруулсугай.
4. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС