Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 594

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Л- нь хариуцагч Б.Б-т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмж 6.640.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Зохигчид болох М.Л-, Б.Б- нар нь 2005 онд гэр бүл болж, тэдний дундаас 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Л.Г-, 2005 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүү Л.Га- нар төрсөн бөгөөд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 04-ний 139 дугаартай шүүхийн шийдвэрээр “... М.Л-, Б.Б- нарын гэрлэлтийг цуцалж, хүү Л.Г-, Л.Га- нарыг эх Б.Б-ын асрамжид үлдээж...” шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” 26.2.2. “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заажээ.

Мөн хуулийн 26.4-т “Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншлаар хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх зэрэгт тэгш эрх, адил үүрэгтэй” байна.

Нэхэмжлэгч М.Л- нь хүү Л.Г-, Л.Га- нарыг өөрийн асрамжид авах, дээрх шүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх, төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 6.640.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Б- нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтэй “...хүүхдүүдээ эцгийнх нь асрамжид үлдээе, хүүхдийн мөнгийг буцаан төлөх болно” гэж хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 04-ний 139 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдүүдийн асрамжийг өөрчлөн, хүүхдүүд болох Л.Г-, Л.Га- нарыг эцэг М.Л-ын асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийг эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгоно. Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамын 1.2-т Хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд (цаашид “хүүхэд” гэх), эсхүл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий Монгол Улсын иргэнд олгоно гэж тус тус зааснаар төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 6.640.000 төгрөгийг хариуцагч Б.Б-аас гаргуулж нэхэмжлэгч М.Л-т олгох нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, төрөөс хүүхдэд олгодог мөнгөн тэтгэмжийг асран хамгаалагч болох эх Б.Б- сар бүр авч, өөрт болон өөрийн ахуй амьдралдаа зарцуулдаг байсан нь зохигчдын тайлбар, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн баримт болох Хаан банкны 5045/21/553 дугаартай лавлагаагаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй юм.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 04-ний 139 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоосон хүү Л.Га-, хүү Л.Г- нарын асрамжийг өөрчлөн, 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Л.Г-, 2005 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Л.Га- нарыг эцэг М.Л-ын асрамжид үлдээсүгэй.

 

2. Нийгмийн халамжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т зааснаар хариуцагч Б.Б-аас төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмж 6.640.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Л-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Л-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,390 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 191,390 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид оруулсугай.

 

4. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    Т.ЖАВХЛАНТӨГС