Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/513

 

 

 

 

 

 

 

 

2024          05          15                                  2024/ШЦТ/513

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,

улсын яллагч Э.Булганчимэг,

шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Пгийн Ат холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч П.А нь 2023 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны 272 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь тархи доргилт, баруун нүдний зовхи, баруун гарын шуу, бугалганд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Би анхнаасаа мэдүүлэхдээ “манай эхнэрийн ярьж, мэдүүлсэн шиг зүйл болоогүй” гэж хэлж байсан. Манай эхнэр бамбай булчирхайн дутагдалтай ба энэ оношид нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх хориотой байдаг. Тухайн хэрэг гардаг өдөр эхнэр маань согтуу ирсэн. Тэгээд би “чи яагаад архи ууж байгаа юм бэ” гэж хэлсний улмаас хэрүүл маргаан үүссэн. Би тухайн болсон асуудлыг бүгдийг нь мэдүүлсэн. Яг үнэндээ би мөрдөгч, прокурорт гомдолтой байгаа. Хэргийг хэтэрхий нэг талыг барьж яллаж байгаа буюу яллах талын нотлох баримтыг цуглуулсан гэж үзэж байгаа. Өнөөдрийг хүртэл гаргасан хүсэлтийн дагуу 2 хүнээс мэдүүлэг авах ажиллагаа юу ч хийгээгүй байгаа. Буудлын ажилтан, хамгаалагч, мөн таксины жолооч нараас нэг ч удаа мэдүүлэг аваагүй. Манай эхнэр маргалдсан асуудлаа зодсон болгож ярьсан байсан, өмнө нь ч гэсэн ийм асуудал гарахад худал мэдүүлэг өгсөн байсан. Тухайн мөрдөгч нь манай хөрш айлын хүнээс мэдүүлэг аваад хэргийг хааж байсан ба тэр үед гэрийнхээ хаалга, цонх, машины цонхийг хагалаад уурлаад гараад явсан. Хөрш залуу сонсоод “танай эхнэр аймаар юм аа” гэж хэлээд мөрдөгчид мэдүүлэхэд нь хэргийг хэрэгсэхгүй болгоод хааж байсан. Тэрийг улсын яллагч яллах дүгнэлт дээрээ дурдаж байх шиг байна. Хэрвээ би эхнэрээ удаа дараа зодож байсан бол энэ хүн надтай хамт өдийг хүртэл амьдрахгүй байсан байх. Эхнэр маань бие муутай сэтгэл санааны хувьд маш тогтворгүй, хажууд нь байхад хэцүү байдаг. Өөрийнхөө ээж шиг хүнийг зодчихоод Цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байсан, энэ шүүх дээрээс ч гэсэн ял аваад Өршөөлийн тухай хуулиар гарч байсан. Хэргийг шалгахдаа хоёр талаас нь буюу яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг цуглуулж шалгах хэрэгтэй. 2023 оны 03 дугаар сард эрүүгийн хэрэг үүссэн байхад 04 дүгээр сард надад мэдэгдсэн. Хэргийг маш удаан шалгаж, бүтэн жилийн хугацаагаар намайг дарамталж байна. Үнэн байдлыг тогтоохгүй маш удаан явсан.” гэв.

Шинжээч эмч С.Чулуунсүх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч С.Хийн биед үзлэг хийхдээ тухайн тархи доргисон хүний зовиур болох толгойд нь өвдөлт өгөх, дотор муухай оргих зэрэг зовиуруудыг хэлсэн. Үүний дагуу үзлэг хийхэд хүний биед дагзны булчингийн хөшинг гэж байдаг ба хохирогчийн биед 2 хуруу хөшилт илэрсэн. Нүдийг нь аниулж байгаад нүдэн дээр нь дарахад нүдний алим чичирхийлж зовиур өгсөн. Дээрх шинж тэмдгүүд цохих, цохигдох үед үүсэж болно. Халуурах гэдэг чинь ямар нэгэн өвчний үед илрэх шинж тэмдэг юм. Халуурч байгаа нь тархи доргилтоос шалтгаалсан ч байж болно, ханиадтай байсан ч ийм шинж тэмдэг илэрч болно. Дагзны булчин дээр 2 хуруу хөшинг үүссэн гэсэн нь хохирогчийн халуурсантай холбоо хамааралгүй. Нүдний алимны чичирхийлэл хөндлөн чиглэлд илэрч байгаа нь бусад өвчин эмгэгээс илрэхгүй, тархи хөдлөх үед гарах сонгомол шинж. Мөрдөгчийн тогтоол нь 03 дугаар сарын 16-ны өдрийн гэмтэл тогтоолгох талаар байсан. Хүүхэн хараа хоёр талд ижил байвал хэвийн байгааг илэрхийлнэ. Нүдний алимны чичирхийлэл, хүүхэн хараа хэвийн байх нь хоорондоо холбоогүй. Хүүхэн хараа хүнд зэргийн гэмтэл авсан бол өөрчлөгдөнө. Хохирогчийн эрүүл мэнд түр хугацаанд сарнина. Тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал нь хамтдаа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Хохирогчийн биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн шууд үйлчлэлээр үүснэ.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн ************* дугаартай хэргээс:

Улсын яллагч хохирогч хохирогч С.Хийн мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар хуудас/, хохирогч С.Хийн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12, 14, 16 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №3998 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/, Шинжээч эмч С.Чулуунсүхийн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 44-48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №3998 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/, иргэн С.Хашгэрэлийн эрүүл мэндийн дэвтэр /хх-ийн 115-135 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримт болох С.Хашгэрэлийн гаргаж өгсөн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Шүүгдэгч П.А нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч П.Ат холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч П.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчийн биед гэмтэл учруулснаа өөрөө мэдүүлдэг. Гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалддаг байсан тухайгаа ч шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүллээ. Мөн түүнчлэн хохирогчийн зүгээс гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан. Энэ хэргийн тухайд хүндрүүлэх нөхцөлтэй ба гэмт хэрэг үйлдсэн хэлбэр нь сэтгэл санааны болон бие махбодын дарамт үзүүлж байсан тул хүндрүүлэн зүйчилж шүүхэд ирүүлсэн. Хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь тухайн үед үүссэн гэмтэл болохыг тогтоосон. Шүүгдэгч өөрөө чирэх, зулгаах явцад учирсан гэж байгаа боловч цохих, цохигдох явцад үүссэн тухай шинжээч дурдсан. Хохирогчийн бие өвддөг, байнгын эмчийн хяналтад байдаг талаар шүүгдэгч л хэлээд байгаа болохоос биш тогтоосон зүйл байхгүй. Иймд шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай гэмт хэрэг үйлдсэн тул гэм буруутайд тооцож өгнө үү. Хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй байна” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгээс: “...Хохирогчийн мэдүүлэг хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан ба цэргийн баяр тэмдэглээд явсан тухайгаа мэдүүлсэн байдаг. Энэ мэдүүлгээр хохирогч баяр тэмдэглээд явсан үйл баримт нь тогтоогддог. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчээс асуусан асуулт, хариултаар хохирогч С.Х согтуу байсан тухай тогтоогдлоо. Хохирогч тухайн үед шууд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бол мэдээж хохирогчийн согтолтын зэргийг тогтоох бүрэн боломжтой байсан. Гэтэл 2-3 хоногийн дараа гомдлоо гаргаж, мэдүүлэг өгч, шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн нөхцөл байдал байгаа. Гэхдээ хохирогчийн өгсөн мэдүүлэг болох 9 дүгээр хуудсанд авагдснаар ажлын газрынхантайгаа цэргийн баяр тэмдэглэсэн нь хохирогч тухайн үед согтуу байсан нь тогтоогдож байна. Өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтын дунд маш чухал баримтууд байна. Тухайлбал, шинжээч томилсон тогтоол дээр яг хэдний өдрийн гэмтлийн асуудлыг тогтоох гээд шинжээч томилоод байгаа вэ гэхээр өдөр нь маш тодорхой шинжээчийн дүгнэлтээр гарч ирсэн. Шинжээчийн дүгнэлтийн 2 гэх заалтад 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр үүсэх боломжтой гэмтэл байна гэсэн байгаа. Шинжээч бол мөрдөгчийн тогтоолд заасан өдрөөр дүгнэлт гаргасан байгаа тул энийг бид нар маш сайн анхаарч дүгнэлт хийх ёстой гэж бодож байна. Мөн эдгээрийг баталсан нэг баримт нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол байна. Энэ тогтоол дээр эрүүгийн хэрэг үүсгэхдээ 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр энэ гэмтлийг учруулсан. Хэрэг гардаг өдөр шууд Цагдаагийн байгуудллагад гомдол гаргасан бол хохирогчийн өөрийнх нь согтолтын зэргийг тогтоох байсан. Гэтэл 2-3 хоногийн дараа цагдаад мэдэгдсэн. Шинжээч томилсон баримт дээр тодорхой гарч ирсэн ба 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр үүссэн байх магадлалтай гэсэн байгаа. Энэ баримтууд дээр үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн. Яг үүний эсрэг улсын яллагч ямар байр суурьтай оролцож байна вэ гэхээр шууд шүүхийн шатанд энэ баримтуудаа бүгдийг нь үгүйсгээд зөвхөн амаар шинжээчээс асуулт асууж, 16-17-нд шилжих шөнө болон 17-ны өдөр болсон үйл баримттай ч гэсэн хамаатай байдлаар шинжээчийн дүгнэлт гаргасан гэж ойлгож байна. Улсын яллагчийн эрх хэмжээний асуудал мөн үү гэвэл мөн, гэхдээ дээр дурдсан маш чухал баримтуудыг яаж үгүйсгэж няцаах юм гэх асуудал анхаарал татаж байна. Нэгэнт улсын яллагчийн үйлдэж ороод ирсэн яллах дүгнэлт болон бусад баримтууд зэргээр хэдний өдрийн үүссэн гэмтлийг тогтоож тодорхойлоод байгаа юм бэ гэх асуудал тодорхой байгаа. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчээс амаар асуух замаар баримтуудаа үгүйсгэх тайлбарыг хүлээж авах боломжгүй ба хууль зүйн үндэслэлгүй. Үгүйсгэн няцаасан гэж үзэх үндэслэлгүй тайлбар байгаа учраас энийг үндэслэл болгож дүгнэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 зүйлийн 1 дүгээр зүйлд заасан заалт бол шууд ноцтой зөрчигдөж байна. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан баримтуудын хүрээнд 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр үүссэн гэмтлийн тухай хэлэлцүүлэг явах ёстой. Гэтэл энэ асуудал зөрчигдөөд байгаа тул энийг зөрчиж дүгнэлт гаргах боломжгүй. Яг энэ заалтыг ноцтой зөрчихгүйгээр хэргээ шийдвэрлэе гэх юм бол улсын яллагчийн тайлбарлаад байгаа 17-ны өдөр үүссэн гэмтлийг энд хэлэлцээгүй. Энд бодитой дүгнэлт хийх ёстой хууль зөрчиж болохгүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйл дээр тусад нь заасан ба эхлээд зөрчлөөр шалгагдаад 3 буюу түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд гэм бурууг шүүх ёстой. Гэтэл энэ үйл баримт дээр хохирогчийн мэдүүлгээр тогтоосон гэж дүгнээд гэм буруутайд тооцуулах гээд байгаа нь үндэслэлгүй байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл гэж дүгнээд зарим гэмтлийг нь гэмтлийн зэрэгт тооцохгүй гэж дүгнэсэн байгаа.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

- Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Хохирогч С.Х нь 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажлын газрын хүмүүсийн хамт цэргийн баяр тэмдэглэж, улмаар шөнийн 03-04 цагийн орчим өөрийн амьдардаг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны 272 тоот гэртээ ирэхэд нөхөр П.А нь залгахад гар утсаа авсангүй, архи уулаа гэх шалтгааны улмаас маргалдаж хэрүүл маргаан үүсгэжээ.

Улмаар П.А нь С.Хийн эрх чөлөөнд халдан түүнийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас хохирогч нь гэрээсээ гарч “Өвөр Монгол” нэртэй зочид буудалд очсон байхад түүнийг П.А, хамаатны дүү гэх н.М т нар нь очиж аван гэртээ дагуулж орсон үйл баримт тогтоогдож байна.

- Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос П.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Хохирогч мэдүүлэгтээ 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр баяр тэмдэглэсэн талаар дурдсан. Хохирогч тухайн үедээ гомдол гаргасан бол согтолтын зэргийг тогтоох боломжтой байсан. Гэвч 3-4 хоногийн дараа Цагдаагийн байгууллагад хандсан. Шинжээч томилсон тогтоолд хэзээ учирсан гэмтлийг тогтоохоор заасан нь тодорхойгүй, мөн шинжээч 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр үүсэх боломжтой гэж дүгнэлт гаргасан. Хэдний өдөр үүссэн гэмтлийг тогтоож байгааг шүүх хуралдаанд шинжээчээс тодруулах замаар 2023 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө гэж зөвтгөх боломжгүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх нь тусдаа Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд өмнө нь Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авагдаж байсан зүйл байхгүй. Хохирогчийн мэдүүлэгт удаа дараа дурдсан зүйлийг үнэн зөв гэж нөхцөл байдлыг харгалзан хүндрүүлсэн нь үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан бусад зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй тул П.Аөд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн саналыг шүүхэд гаргасан.

Хохирогч С.Х нь 2023 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 03-04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны 272 тоот гэртээ нөхөр П.Ат зодуулсан талаарх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн 4 удаа өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Аийн өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Харин хохирогчийн хувьд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “...миний бие нь 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шөнийн 04 цаг орчим нөхөртөө зодуулсан гомдолтой байна. Гэмтийн зэрэг тодорхойлуулах хүсэлтэй байна” гэх гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 5-р хуудас/-ыг гаргаж, улмаар мөрдөгч нь дээрх гомдлыг хүлээн авсан тухайн өдрөө хохирогч С.Хийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тодорхойлуулах зорилгоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-ийн 23-р хуудас/-ыг үйлджээ.

Үүний дагуу Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын дүрс оношлогооны мэргэшсэн шинжээч эмч С.Чулуунсүх нь 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 3998 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/-ийг гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, хохирогчийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдолд дурдсан цаг хугацаагаар мөрдөгч шинжээч томилж, шинжилгээ хийлгэсэн байх ба шинжээч эмчийн зүгээс мөрдөгчийн тогтоолд дурдсан 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байгаа талаар дүгнэлтдээ дурджээ.

Тиймээс шинжээчийн дүгнэлтэд дурдсан цаг хугацаа нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанаас зөрүүтэй, хэзээ үүссэн гэмтлийг тогтоолгох гэж байгаа нь тодорхойгүй гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Мөн шүүгдэгч П.А нь тухайн гэмт хэрэг гарсан буюу 2023 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр С.Хийн бие махбодид халдсан үйл баримтын талаар маргаагүй болно.

Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар эхнэр, нөхөр нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд мөн байна.

Уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.А нь хардлагын улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар хохирогч С.Хийн бие махбодид халдсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

1.1. Шүүгдэгч П.А нь 2023 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны 272 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь тархи доргилт, баруун нүдний зовхи, баруун гарын шуу, бугалганд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

- Хохирогч С.Хийн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 16-ний өдөр ажлын хүмүүстэйгээ цэргийн байр тэмдэглэнэ гэж гарсан. Тэгээд би гэртээ шөнийн 03 цагийн орчимд гэртээ орсон. Тэгсэн нөхөр хаалга нээж өгөөд шууд нүүр хэсэгт 4- 5 удаа гараараа цохисон. Тэгээд куртикнээс чирч гал тогооны өрөө рүү оруулаад шалан дээр унагаж зүүн талын хөс хэсэг рүү 3-4 хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд муухай орилоод байсан. Тухайн үед ээж төмөр, дүү Мөнхцацрал нар байсан ба намайг зодох үед гарч ирсэн. Тэгээд цусаа цэвэрлээд гэрээсээ гарч зугтаасан. Нөхөр П.А нь 2012 онд цохиж зодож байсан. Тухайн үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан. 2018 онд намайг зодож хөл хугалж байсан тухайн үед цагдаад хандаагүй. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж байсан. Тухайн үед нөхөр хөлөн дээрээ хөлдүү мах унагаад хөлөө хугалсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

“...Уг бэртэл гэмтлийг манай нөхөр П.А нь уурлаж гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж учруулсан. 2012 онд зодуулаад Сонгино Хайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгуулж байсан тухайн гомдол нь 3 дугаар хорооны хэсгийн байцаагч Хуягбаатар гэх хүн шалгаж байсан тэгээд шүүх эмнэлэгт үзүүлээгүй гээд хаасан. 2022 оны 03 дугаар сараас эхлэн 6 сарын давтамжтай хардаж сэрдэж цохиж зоддог тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. 2018 оны 08 билүү 09 сард миний хөлийг хугалж байсан тэгээд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж байсан. 2022 оны 03 дугаар сард нөхөр Турк улс руу 10 хоног аяллаар явж ирээд надаас өвчин авлаа гээд бас зодсон тухайн үед цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй. Мөн 10 дугаар сард энэ асуудал эргэж яригдаж намайг фитнесийн багштайгаа банзалдаад байна гэж бас зодсон. Нөхөр өөр хүний шинжилгээний хариу үзүүлээд уурлаад байсан надаас салах шалтаг хайгаад байх шиг байна...” гэсэн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

“...2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би гэртээ ороход манай нөхөр болох П.А нь миний баруун нүд, зүүн хацар хэсэг болон нүүр лүү гараа атгаж байгаад 3-4 удаа цохисон тэгээд миний куртикний зах, баруун гар хэсгээс чирээд гал тогооны өрөө лүү оруулаад шалан дээр унагаагаад зүүн талын хөл хэсэг лүү хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Би нөхөртөө зодуулаад босож ирээд уйлаад гадагш гарч гэрийнхээ хажууд байрлах Өвөр Монгол Зочид буудалд ганцаараа орж хонох гээд үүдэнд нь сууж байхад манай нөхөр А, дүү Мөнхцацралтын хамтаар гаднаас орж ирээд намайг явъя гэж хэлэхээр нь би ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүй дагаж гараад гэр лүүгээ орох гэсэн боловч дахиад зодуулчих юм шиг санагдаад би байрныхаа урдуур алхаж ертөнцийн зүгээр хойшоо чиглэлтэй алхаад замын хойд талд байх 16 дугаар сургуулийг чиглэж алхаад 16 дугаар сургуулийн урд талд ирэхэд манай нөхөр А намайг таксинд суулгаад гэр лүү авч яваад бид 2 гэртээ орсон. Гэрээс гараад байрны гадна орчинд байх хугацаанд ямар нэгэн байдлаар манай нөхөр А бид 2 хоорондоо маргалдсан зодолдсон, намайг гэр лүү оруулах гээд татаж зулгааж намайг газарт унагаасан асуудал огт байхгүй. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ өөрийн нөхөр болох П.Аөд 2012 онд зодуулсан, 2022 оны 03 дугаар сард хардаж сэрдэж зодуулсан, 2018 онд мөн хөлөө хугалуулсан талаараа мэдүүлсэн. Миний дээр мэдүүлэгт дурдсан нөхөр намайг зодсон асуудлыг гэрчлэх энэ асуудлыг харсан эсвэл мэдэж байгаа хүн байхгүй би хүмүүст огт энэ асуудлаа ярьдаггүй байсан намайг урд өмнө нь зодож цохиж байсныг мэдэх хүн байхгүй бас энэ асуудлыг нотлох баримт гээд байх зүйл байхгүй бид 2 өөрсдөө л мэдэж байгаа. Би урд өмнө нь 2012 онд л нөхрийнхөө талаар цагдаад хандаж байсан өөрөөр хандаж байгаагүй. Ер нь бол бид хоёр 15 жил амьдарч байгаа энэ хугацаанд гэр бүлийн маргаантай асуудал зөндөө байсан. Хэрэг болсон өдөр би 2-3 ширхэг хайнекэн гэх нэртэй пивоны 0,33 грамм хэмжээтэйг уусан учраас би тухайн үед эрүүл болсон асуудлыг санахаар байсан...” гэсэн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

“...би одоо өөрийн төрсөн дүү болох Г дээр очиж Солонгос Улсад нэлээн удах бодолтой байгаа, би өөрийн ээж болох Төмөрт удахгүй Солонгос Улс руу явах гэж байгаа гэдгээ хэлээд одоо нөхөртөө гомдол саналгүй хэргээ хаалгамаар байна манай нөхөр эрүүгийн хэрэгт татагдчихвий дээ гэдгээ хэлэхэд манай төрсөн эх Төмөр би та хоёрт холбоотой хэрэг дээр мэдүүлэг өгөхгүй гэж хэлж байсан..” гэсэн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 3998 дугаартай: “...С.Хийн биед тархи доргилт, баруун нүдний зовхи, баруун гарын шуу, бугалганд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэд хэдэн удаагийн цохих, цохигдох, унах үйлчлэлээр 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/,

- Шинжээч эмч С.Чулуунсүхийн: “...чирэх зулгаах үед тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учрах боломжгүй. Харин баруун гарын шуу бугалганы цус хуралт үүлсэх боломжтой тархи доргилт, баруун нүдний зовхи гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. С.Хийн биед учирсан тархи доргилт, зүүн хамрын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтлүүд болох баруун нүдний доод зовхи, баруун гарын шуу бугалганд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

- Мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 44-48-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

            Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, П.А нь 2023 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны 272 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь тархи доргилт, баруун нүдний зовхи, баруун гарын шуу, бугалганд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуульд тодорхойлсон бөгөөд хохирогч С.Х нь шүүгдэгч П.Аөөс хохирол төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах”  гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд шүүдэгч П.А нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан болно.

            Шүүх шүүгдэгч П.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал тогтоогдохгүй байна гэж үзээд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

            Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд мөн нийцнэ.

            Шүүгдэгч П.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ат оногдуулсан торгох ялыг гурав сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулав.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газрын уулзалтын өрөөний бичлэг бүхий СиДи – 1 ширхгийг хавсаргаж ирүүлсэн тул хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт П-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ат 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ат шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч П.Аийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газрын уулзалтын өрөөний бичлэг бүхий СиДи – 1 ширхгийг хавсаргаж ирүүлснийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ