| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 181/2018/01253/и |
| Дугаар | 1713 |
| Огноо | 2018-07-23 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 1713
МАГАДЛАЛ
2018.07.23 Дугаар 1713 Улаанбаатар хот
АДГ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,
2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 181/ШШ2018/01253 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч АДГ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч НШШГГ-т холбогдох,
Эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.С,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Э нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 101/ШШ2016/01353 тоот захирамжаар А Д групп ХХК-иас төлбөр гаргуулж Ч И ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн гүйцэтгэх ажиллагаа НШШГГ-т явагдаж байсан бөгөөд АДГ ХХК-ийн зүгээс холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллагаанд оролцож, эд хөрөнгийн үнэлгээг тус албанд удаа дараа гаргаж өгч байсан. НШШГГ-аас манай компанид мэдэгдэлгүйгээр үнэлгээчин томилж, эд хөрөнгөд үнэлгээ хийлгэснийг эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан гомдол гаргасан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 181/ШШ2017/01223 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн энэхүү шийдвэрт үнэлгээ хийгээд буй 5 ширхэг үл хөдлөх хөрөнгөөс тэргүүн ээлжинд төлбөр гаргуулах биш шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар тодорхой дарааллын дагуу явуулахыг тодорхойлсон болно. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 101/ШШ2016/01353 тоот захирамжид дээрх 5 үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах талаар огт шийдвэрлээгүй болно. НШШГГ-аас 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 4/5175 тоот мэдэгдлээр 5 үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн, мөн дуудлага худалдаанд оруулах гэж байгаа талаар мэдэгдсэн. Үнэлгээчин нь 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн байх бөгөөд барилгын гүйцэтгэлийг 30 хувьтай мэтээр буруу тодорхойлсон байна. Өнөөдрийн байдлаар дээрх барилгуудын гүйцэтгэл нь 95 орчим хувьтай байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талуудад ажлын 3 хоногийн дотор мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж шийдвэр гүйцэтгэгчид үүрэг болгон зохицуулсан байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан ажиллагааг огт хийгээгүй бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөр огноолсон мэдэгдлийг манай компанид ирүүлсэн байна. Энэхүү мэдэгдэлд дурьдсанаар шинжээч нь 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит үнэнээс хэт доогуур үнэлсэн болохыг мэдсэн болно. Иймд НШШГГ-аас хийлгэсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 4-ний өдрийн 101/ШШ2016/01353 дугаар захирамжийн дагуу А Д Г ХХК-иас 666 591 362 төгрөг гаргуулж Ч И ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч АДГ ХХК-ийн арилжааны банкнууд дахь харилцах болон хадгаламжийн дансан дахь мөнгө, төлбөр гаргуулж болох бусад хөрөнгүүдийг тодруулахаар холбогдох газруудаас лавлагаа авахад банкны дансны үлдэгдэлгүй, үнэт цаас, ашигт малтмалын лиценз, газар эзэмших эрх, өмчлөлийн бусад хөрөнгө байхгүй гэсэн хариу ирүүлсэн. Харин А Д Г ХХК, түүний захирлын өмчлөлд Ч И ББСБ ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021842, Ү-2206021837, Ү-2206021838, Ү-2206021839, Ү-2206021841 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах аялал жуулчлалын зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга тогтоогдсон. Эдгээр хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан байсан учир шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 153/01 дүгээр тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 17/05 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас авахад харилцан тохиролцоогүй тул 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр С Э ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэсэн боловч тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1223 тоот шийдвэрээр хүчингүй болсон. Үүний дараа 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр М О Т ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэсэн боловч мөн л тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2307 тоот шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2241 тоот магадлалаар хүчингүй болсон. Бид талуудаас үнийн саналыг дахин авсан боловч тохиролцоогүй учир 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Б М ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгон үнэлсэн үнэлгээний 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон. Төлбөр төлөгч АДГ ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Воли Аппартмент, 1003 тоот хаягаар захирал У.Б-т 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4/5176, 4/5175 дугаар албан бичгээр үнэлгээний мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу баталгаат шуудангаар тус тус хүргүүлсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулж байна. Иймд А Д Г ХХК нь шүүхийн шийдвэр гарсан цагаас хойш нэг төгрөгийн төлбөр төлөөгүй, төлбөр төлөхөөс санаатайгаар байнга зайлсхийж, удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, төлбөр авагчийн эрх ашгийг хохироож байгаа тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А Д Г ХХК-иас 665 700 000 төгрөгийг гаргуулж Ч И ХХК-д олгохоор шүүх шийдвэрлэсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 101/Ш32016/21412 тоот захирамж гарч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. НШШГГ-аас гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан дарааллын дагуу явуулсан бөгөөд А Д Г ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт барьцаа хөрөнгийн үнийн саналаа 3 удаа гаргаж өгсөн. Тухай бүртээ 1 м.кв-ын үнэ 3 800 000 төгрөг гэж зах зээлийн үнээс хэт өндөр үнийг санал болгож байсан. Тухайн барьцаа хөрөнгө болох хувийн орон сууц нь бүрэн ашиглалтанд ороогүй барилга тул манай байгууллага АДГ ХХК-ийн үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй хөндлөнгийн үнэлгээчин томилуулж бодит үнэлгээ гаргуулах хүсэлтээ НШШГГ-т гаргасан. АДГ ХХК-ийн зүгээс Нийслэлийн шүүхийн шиийдвэр гүйцэтгэх газраас томилсон хөрөнгийн үнэлгээний доорх компаниуд болох С Э ХХК, М О Т ХХК, Б М ХХК-иудын гаргасан зах зээлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хуулийн байгууллагыг төөрөгдүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар тасалдуулах, хугацаа алдуулах далд санаатай байгаа нь удаа дараа гаргаж байгаа үйлдлээс нь тодорхой харагдаж байна. Бид шүүхийн шийдвэрийн дагуу авах ёстой төлбөрөөсөө нэг ч төгрөгийг авч чадалгүй 2 жилийн нүүр үзэж байна. Үнэлгээ хийлгэсэн барилга болох Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, нүхтийн ам 17090/ 26/3 тоот 144.81 м.кв, 26/4 тоот 144.81 м.кв, 26/5 тоот 140.39 м.кв, 26/7 тоот 145.25 м.кв, 26/8 тоот 145.28 м.кв 5 ширхэг хувийн сууц барилгууд нь одоо хүртэл бүрэн засвар дуусаж ашиглалтанд ороогүй, бохирын нэгдсэн шугам байхгүй, салгаж худалдаалах, амьдран суух боломжгүй учир шинжээчийн гаргасан үнэлгээг бодитой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан шинжээч Б М ХХК-ийн хийсэн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 18/03/22 тоот үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн АДГ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр болсон шүүх хуралдаанд манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М оролцож өмгөөлөгч авч хууль ёсны эрх ашигаа хамгаалуулах талаар хүсэлт гаргасан боловч шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан гэх үндэслэлээр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээр хангалгүй шүүх хурлыг үргэлжлүүлэн хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Энэ нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах талаарх эрхийг эдлүүлээгүй процесс ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Нөгөө талаар Б М ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд тайланд үнэлгээг зөвхөн эд хөрөнгийн өртгийн хандлагын аргыг ашиглан гаргасан тухай тусгасан байна. Гэтэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д "Өртгийн, жишиг үнийн, орлогын" гэсэн аргуудыг хослуулан холбогдох хууль, дүрэм журам стандартад нийцүүлэн хийхийг маш тодорхой зохицуулсан. Б М ХХК-ийн хуулийн уг заалтыг ноцтой зөрчиж зөвхөн өртгийн аргыг хэрэглэж үнэлгээ хийсэн нь бодит байдалд нийцэхгүй хүлээн зөвшөөрөх боломжгүй байдалд хүргээд байна. Мөн шинжээч нь үйл ажиллагаандаа Үнэлгээний олон улсын стандарт 2017 баримталсан талаар дурьдсан байна. Энэхүү Үнэлгээний олон улсын стандартын 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт “хөрөнгө нь орлого шууд бий болгодоггүй бөгөөд тухайн хөрөнгийн өвөрмөц онцлог нь орлогын хандлага эсвэл зах зээлийн хандлагыг ашиглах ямарч боломжгүй тохиолдолд өртгийн аргыг хэрэглэхээр заасан байна. Уг зохицуулалттай мөн Б М ХХК-ийн хийсэн үнэлгээний тайлан нь эрс зөрчилдөж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч А Д Г ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 1353 дугаар захирамжаар А Д Г ХХК-иас 400 311 362.5 төгрөг гаргуулж Ч И ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.
/хх7-8/
Шүүгчийн захирамжийг үндэслэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлэх, зээлийн үүрэгт барьцаалсан орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.5 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
Нэхэмжлэгч А Д Г ХХК нь төлбөр төлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүйн улмаас түүний өмчлөлд бүртгэгдсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах, үүний тулд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал ирээгүй, талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул Б М ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ гаргуулсан нь хуульд нийцжээ. Учир нь шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар үнэлгээ хийх аргыг бие даан сонгон хэрэглэх эрхийн хүрээнд өртгийн хандлагын аргыг сонгож эд хөрөнгийн үнэлгээ хийснийг буруутгах үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч тал “барьцаа хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн” гэх үндэслэл зааж уг үнэлгээг зөвшөөрөхгүй талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар гаргасан боловч нэхэмжлэлийн үндэслэл нотлох баримтаар нотлогдоогүй байна.
Түүнчлэн, давж заалдах шатны шүүхэд “анхан шатны шүүх өмгөөлөгч авах эрхээр хангаагүй” гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, өмгөөлөгч авах хугацаа олгон, шүүх хуралдааныг хойшлуулсан үйл баримт хэрэгт авагджээ.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
М.НАРАНЦЭЦЭГ