Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 118/ШШ2022/0022

 

                            

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан жаргалант стоунс ХХК

Хариуцагч: Завхан аймгийн Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргал, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/209 дугаар захирамжийг хүчингүй болгуулах

2. Хэргийн нөхцөл байдал: Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/162 дугаар захирамжаар Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт үйлчилгээ, зочид буудлын зориулалтаар 629 м кв газрыг Хан жаргалант стоунс ХХК-д эзэмшүүлсэн байх бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/209 дугаар захирамжаар хууль зөрчиж газар эзэмшүүлсэн буюу “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн, төсөл сонгон шалгаруулалт худлаа явагдсан” гэх үндэслэлээр Хан жаргалант стоунс ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчээс Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/138 дугаартай газар эзэмшүүлэх, төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай захирамжид зааснаар төсөл сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан, аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/162 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжаар зочид буудал барих зориулалтаар газрыг эзэмшихээр болж кадастрын зургийн үнэ, газрын тэмдэгтийн хураамж, жил бүрийн газрын төлбөр, татварыг цаг тухайд нь төлсөөр ирсэн, хариуцагч шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагаа хийгээгүй гэж, хариуцагчаас төсөл сонгон шалгаруулалт худлаа явагдсан, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтын дагуу төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах комисс томилогдоогүй, 60-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлээгүй, Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар уг газар нь авто зогсоол байхаар төлөвлөгдсөн гэж тус тус маргасан байна.

4. Нэхэмжлэгч Хан жаргалант стоунс ХХК нь Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 04 сарын 18-ны өдрийн А/209 дугаар захирамжийн талаар 2022 оны  05 дугаар сарын 13-ны өдөр тус захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан жаргалант стоунс ХХК нь Завхан аймгийн Улиастай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 04 тогтоолоор батлагдсан 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу төсөл сонгон шалгаруулалтад орж уг маргаан бүхий газрыг зочид буудал үйлчилгээний газар барих зориулалтаар эзэмшиж эхэлсэн. Гэтэл аймгийн Засаг даргын зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр, захиргааны шийдвэр гаргах ажиллагаа буюу сонсох ажиллагааг явуулахгүйгээр Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгааг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2018 онд боловсруулагдаагүй 2021 онд боловсруулагдаж эцсийн байдлаар батлагдсан талаар гэрчүүд мэдүүлдэг. Төсөл сонгон шалгаруулалт явагдсаны дараа Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсан байна. Мөн энэхүү төлөвлөгөөнд дурдсаны дагуу өөр зохион байгуулалтын ажил хийнэ гэдэг байдлаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/209 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын захирамж гарч тухайн иргэнд газар олгогдсон байдаг. Ингээд Завхан аймгийн нийт иргэд сошиалаар дамжуулан тухайн газрын талаар сэтгэгдлүүдээ бичиж хэнд нь газар олгож хэнд нь газар олгохгүй байгаа юм бэ гэдэг байдлаар бичиж хэл ам гаргасан. Аймгийн Засаг даргын зүгээс маргаан бүхий тухайн газрын эзэмших эрхийг хүчингүй болгох захирамжаа нэгэнт гаргасан. Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үндэслэл тайлбаруудаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа гаргасан байгаа. Шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/209 дугаар захирамж нь нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах үндэслэлүүдээр зөрчөөгүй байна.

1. Хариуцагч Завхан аймгийн Засаг дарга нь маргаан бүхий 2022 оны А/209 дугаар захирамжид /хэргийн 4-р хуудас/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсгүүдийг үндэслэжээ.

2. Аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах, 66.3-д зааснаар Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ... хүчингүй болгох  эрх хэмжээтэй байна.

3. Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/138 дугаар захирамжаар /хавтаст хэргийн 10-р хуудас/ Улиастай сум, Жинст баг, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ард худалдаа үйлчилгээ, зочид буудлын цогцолбор барих зориулалтаар 629 м2 газрыг төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр олгохоор шийдвэрлэж, 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн А/137 дугаартай захирамжаар /хавтаст хэргийн 98-р хуудас/ төсөл сонгон шалгаруулах комиссыг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

4. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах, төсөл сонгон шалгаруулах журам”-ыг баталсан байна. 

5. Завхан аймаг, Улиастай сум, Жинст багт 629 м2, 529 м2 газруудын төсөл сонгон шалгаруулалтын тэмдэглэл гэх баримтад /хавтаст хэргийн 60-р хуудас/ “... худалдаа үйлчилгээний зориулалтаар 629 м2 газрыг төсөл сонгон шалгаруулалтаар олгох зарыг www.mle.mn сайтад 2019 оны 03 сарын 22 ...-ны өдөр зарлаж өнөөдөр буюу 2019 оны 04 сарын 23-ны өдөр төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг эхэлж байна” гэж тэмдэглэсэн. Шүүхээс Mle.mn сайтад хийсэн үзлэгээр /хавтаст хэргийн 99-101-р хуудас/ Завхан аймаг, Улиастай сумын Жинст баг, үнэлгээний 1-р бүсэд байрлалтай 629 м.кв талбай бүхий газрыг зочид буудлын цогцолбор зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар олгох талаарх зар нийтлэгдсэн байна. Тухайн зард материал ирүүлэх хугацааг 2019 оны 03 сарын 22-ноос 2019 оны 04 сарын 15 гэж, ялагч шалгаруулах хугацааг 2019 оны 04 сарын 22-ны өдөр байхаар тогтоосон нь Газар эзэмшүүлэх, ашиглуулах, төсөл сонгон шалгаруулах журмын 7.1-д “Төсөл сонгон шалгаруулалтын зар (цаашид “зар” гэх)-ыг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар нийтэд мэдээлнэ:” гэснийг зөрчиж, 30 хоногийн хугацаанд төсөл сонгон шалгаруулалтын талаар зарлаж, яаж шалгаруулсан нь тодорхойгүйгээр, 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр газрыг эзэмшүүлсэн байна. Энэ нь төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанд бусад иргэн, хуулийн этгээдийн оролцох эрхийг хангаагүй, журмын 2.1.1-д заасан тэгш, шударга оролцоог хангасан байх зарчим зөрчигдсөн байна.

            6. Газар эзэмшүүлэх, ашиглуулах, төсөл сонгон шалгаруулах журмын  7.2 болон 7.2.1-д төсөл сонгон шалгаруулалтын зард төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийг заавал тусгахаар заасан байна. Аймгийн Засаг даргын 2019 оны 04 сарын 18-ны өдрийн А/138 дугаар захирамжаар 629 м.кв газрыг төсөл сонгон шалгаруулалтаар олгохоор шийдвэрлэсэн байхад 2019 оны 03 сарын 22-ны өдөр буюу маргаан бүхий газрыг төсөл сонгон шалгаруулалтаар олгох тухай аймгийн Засаг даргын шийдвэр гарахаас өмнө зарыг байршуулсан, зард төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийг тусгаагүй байгаа нь дээрх журмын заалт мөн зөрчигдсөн гэж үзэхээр байна.

            7. Мөн журмын 1.3.2.-д “ажлын хэсэг”-ийг төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий 5 буюу түүнээс дээш сондгой тооны бүрэлдэхүүнтэй байхаар заасан байхад аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн А/137 дугаар захирамжаар 3 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилсон.

Төсөл сонгон шалгаруулах комисст томилогдсон гэх Улиастай сумын газрын даамал Г.Нарангэрэлээс төсөл сонгон шалгаруулалт явагдсан эсэх талаар тодруулахад “...Төсөл сонгон шалгаруулалт болсныг сайн мэдэхгүй байна. Би сонгон шалгаруулах ажиллагаанд оролцоогүй” гэж /хавтаст хэргийн 104-р хуудас/, аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Лхагвасүрэнгээс тодруулахад “ ...төсөл сонгон шалгаруулах ажиллагаанд оролцсон, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хэлтсийн дарга Будсүрэн, Нарангэрэл гээд мэргэжилтэн бид 3 байсан, ...тухайн үед төсөл сонгон шалгаруулалтын хурал болох нь болсон” гэж тус тус мэдүүлснээс үзэхэд дээрх хоёр гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй, нэг нэгнийхээ мэдүүлгийг үгүйсгэсэн шинжтэй байх тул дээрх гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй байна. 

            8. Журмын 9.11-д Ажлын хэсэг төслийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан төсөл тус бүрээр дүгнэлт гаргах бөгөөд дүгнэлтэд дараах зүйлийг тусгана, төслийн шалгуур үзүүлэлт тус бүрээр үнэлсэн үнэлгээний оноо; төсөл тус бүрийг бүхэлд нь үнэлсэн товч тодорхойлолт; Ажлын хэсгийн гишүүдийн тусгай санал; нийлбэр оноо гэсэн үзүүлэлтүүдээр дүгнэлт гаргахаар байна. Тус шүүхийн 2022 оны 06 сарын 23-ны өдрийн 118/АБ2022/0153 дугаар албан бичгээр төсөл сонгон шалгаруулсантай холбоотой баримтыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас шаардахад нэхэмжлэгч компанийн ирүүлсэн төслийн материал, төсөл сонгон шалгаруулалтын тэмдэглэл гэсэн баримтыг ирүүлсэн байна. Нэхэмжлэгч компанийн ирүүлсэн төсөл шалгуур үзүүлэлт бүрээр шаардлага хангаж байгаа эсэх талаар ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, ажлын хэсгийн гишүүд ямар үнэлгээ өгсөн нь тодорхойгүй, төсөл сонгон шалгаруулалтын тэмдэглэлд “шаардлага хангасан баримт материал байна, 100 хувийн саналаар дэмжлээ” гэж бичсэнээс өөрөөр өгсөн үнэлгээ, дүгнэлт байхгүй байгаа нь төсөл сонгон шалгаруулалт журмын дагуу явагдсан эсэхэд эргэлзээ төрөхөөр байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төсөл сонгон шалгаруулах ажиллагаанд оролцож материалаа зохих журмаар бүрдүүлж өгсөн, 60-аас доошгүй хоногийн өмнө зарлах нь хариуцагчийн үүрэг тул нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь тухайн маргаан бүхий газрыг нэхэмжлэгч компанид анх олгохдоо журамд заасан хугацаанд төсөл сонгон шалгаруулалтыг зарлаагүй, бусад оролцогчийн эрхийг хангаагүй, төсөл сонгон шалгаруулалт явагдсан эсэх нь эргэлзээтэй, Газар эзэмшүүлэх, ашиглуулах, төсөл сонгон шалгаруулах журам зөрчигдөж олгогдсон байх тул нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

            9. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан. Захиргааны байгууллага нь нэхэмжлэгчид газрыг эзэмшүүлэхдээ холбогдох журмыг зөрчиж олгосон тул захиргааны байгууллага өөрийн гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

10. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна.” гэж заажээ. Маргаан бүхий газар нь Улиастай сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, хуулийн этгээдэд зочид буудлын зориулалтаар эзэмшүүлж болохоор тусгагдсан болох нь Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 07 дугаар тогтоол /хавтаст хэргийн 5-р хуудас/, түүний хавсралтын 12 дугаарт бичигдсэнээр тогтоогдож байна.

Улиастай сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан хэдий ч нэхэмжлэгч компанид газрыг эзэмшүүлсэн үйл ажиллагаа нь хууль, журамд нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ”газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө тухайн үед батлагдаагүй байсан, хариуцагч өөрөө хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байгаа” гэх тайлбараар нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

11. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй, төсөл сонгон шалгаруулалтын зарчим хэрэгжээгүй,  Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгох эрхийг захиргааны байгууллагад олгосон, хариуцагч нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлаагүй хэдий ч хуульд нийцээгүй шийдвэрээ хүчингүй болгох ерөнхий зохицуулалт болох Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь заалтыг баримталсныг буруутгах боломжгүй байна. Харин нэхэмжлэгч нь газрын үнэ, бусад төлбөртэй холбоотой нэхэмжлэлээ иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.  

12. Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/162 дугаар захирамж нь нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх бөгөөд түүнийг хүчингүй болгосон 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/209 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно”; 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” гэсэнтэй нийцсэн байна. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага нь хуульд заасан буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.3-д заасныг үндэслэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгосон байх тул маргаан бүхий захиргааны акт хууль зөрчөөгүй байна.

13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч нь шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж байгаа нь үндэслэлтэй байх боловч захиргааны акт гаргах процесс ажиллагаа зөрчигдсөн нь тухайн актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Завхан  аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/209 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий Хан жаргалант стоунс ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА