Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 135

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

Нарийн бичгийн дарга А.Батдорж,

Шүүгдэгч Г.Буянбаатар, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Буянбаатарт холбогдох 201605000066 дугаар эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэхь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 сарын баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, 2 жилийн хорих ялд нь 6 cap баривчлах ялыг нь багтаан, түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, мөн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил, 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг биеээр эдэлж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 cap 20 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, В392110610 регистрийн дугаартай, Жаа овогтой Ганбаатарын Буянбаатар.

Үйлдсэн хэргийн талаар:

Яллагдагч Г.Буянбаатар нь Б.Гансүх, Н.Болдбаатар нартай бүлэглэн, ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 32-01 тоотод оршин суух иргэн Н.Гэрэлмаагийн хувийн сууцанд хууль бусаар нэвтэрч 32 инчийн Skyword маркийн зурагт, DDISH хүлээн авагч зэрэг эд зүйлийг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 32-01 тоотод оршин суух иргэн Н.Гэрэлмаагийн гэрээс эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутгаас Завхан аймгийн нутагруу оргон зайлж, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

/яллах дүгнэлтэд бичигдэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч Г.Буянбаатар нь Б.Гансүх, Н.Болдбаатар нартай бүлэглэн, ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 32-01 тоотод оршин суух иргэн Н.Гэрэлмаагийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан,

Дээрх гэмт хэрэгт шалгагдаж байхдаа 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутгаас Завхан аймгийн нутагруу оргон зайлж, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

хохирогч Н.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Би нөхрийн хамт Улаанбаатар хотруу 2016 оны 02 дугаар сарын сүүлээр явсан хойгуур манай гэрт хулгай ороод гэрт байсан скайворд гэсэн нэртэй 32 инчийн лед зурагт, ДДШ-ийн хүлээн авагч зэрэг алга болчихсон байна гэж гэрт үлдсэн манай хүүхэд хэлсэн юм. Тэгээд би Улаанбаатар хотоос 2016 оны 03 дугаар сарын 05-ны орой ирсэн юм. Би ДДШ-ийн хүлээн авагчаа Есөн-Эрдэнэ захаас 200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 180.000 төгрөгөөр үнэлнэ. Зурагтаа 1 жилийн өмнө 800.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо энэ үнээрээ үнэлнэ. Манай гэрээс өөр алга болсон зүйл байхгүй, эвдэрч гэмтсэн зүйл байхгүй. Манай хүүхэд хичээлдээ явсан хойгуур нь хулгайч орж зурагт, ДДШ-ийн хүлээн авагч зэргийг хулгайлсан байна лээ. Би хулгайд алдсан зурагт, ДДШ-ийн хүлээн авагч зэргээ бүрэн бүтэн буцаагаад авчихсан, одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна гэх мэдүүлэг /1- р хх-ийн 59-60, 2-р хх-ийн 97-98/

иргэний нэхэмжлэгч Н.Баттогтохын мөрдөн байцаалтанд өгсөн:

Би Баянхонгор сумын 1 дүгээр багийн 12 дугаар байранд зурагт засварын газар ажилуулдаг юм. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын сүүлээр намайг ажил дээрээ байхад 2 залуу орж ирээд нэг зурагтыг надад 90.000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд би тэр зурагтыг нь цагдаад хураалгасан. Зурагт худалдан авсан үнэ болох 90.000 төгрөгийг надад зурагт зарсан Н.Болдбаатар, Б.Гансүх гэх 2 залуу төлж барагдуулсан болохоор надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 63-64/

гэрч Ч.Амгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шөнө 22 цаг өнгөрч байхад би 2 хүүхэд, ээжийнхээ хамт гэртээ байж байсан чинь манайд Болдбаатар 2 залуугийн хамт нэг хар өнгийн нимгэн зурагт, ДДШ-ийн хүлээн авагч хоёрыг аваад ирсэн. Тэгээд энэ хэнийх юм бэ гэсэн чинь Болдбаатартай хамт ирсэн өөрийгөө Гансүх гэж танилцуулсан залуу нь манай зурагт байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Болдбаатар, Гансүх, Буянбаатар гурав манай гэрт хоноод маргааш өглөө нь зурагт ДДШ-ийн хүлээн авагч хоёроо орхичихоод явах гэхээр нь би энэ юмнуудаа аваад яваач гэсэн чинь өдөр ирээд авъя гээд яваад өгсөн юм. Тэгээд би ээж, хүүхдүүдийнхээ хамт гандан орчихоод гэртээ ирсэн чинь манай гэрт тэд нар ирээд тэр үлдээсэн зурагт, ДДШ-ийн хүлээн авагч хоёроо аваад явчихсан байсан. Тэгээд эргэж ирээгүй. ...Тэр гурав ирэхдээ Болдбаатар нь архи уучихсан байсан наад хоёрыг нь архи уусан байсан эсэхийг нь би мэдээгүй, тэр гурав манайд ирээд 0.75 литрийн хэмжээтэй эзэн чингис нэртэй нэг шил архийг хувааж уучихаад унтаад өгсөн гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 74-76/

Б.Гансүхийн яллагдагчаар мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Болдбаатар, Буянбаатар бид гурав бүрий болж байхад гудамжинд явж байгаад 2-32-1 тоот хашааны гадаа ирээд Болдбаатар энэ айл эзэнгүй байна ороё гэсэн. Тэгэхээр нь би за гээд Болдбаатар бид хоёр хашааны хаалгыг онгойлгож ороод хашаан дотор байсан байшингийнх нь цонхыг нь Болдбаатар түлхэж онгойлгоод цонхоор нь Болдбаатар түрүүлж ороод араас нь би орсон. Тэгээд байшинд ороод зурагт, ДДШ-ийн станц хоёрыг нь аваад Болдбаатар эхлээд гараад, би араас нь цонхоор зурагтыг нь Болдбаатарт өгөөд би станцыг нь өвөртлөөд гарч ирсэн. Тэгээд гараад 2-р багийн гудамжаар алхаж явж байгаад Буянбаатар, Болдбаатар бид гурав Амгалан гэдэг айлд очиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь бид гурав зах дээр очоод биллъярдан дээр байж байсан чинь Буянбаатар цагаан цахирлуу яваад өгсөн. Тэгээд Болдбаатар бид хоёр зурагт, станц хоёрыг авч яваад зурагт засварын газар очоод 90.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь үрээгээд дуусгасан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 77-81/

Н.Болдбаатарын яллагдагчаар мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 02 сарын 26-ны өдөр Г.Буянбаатар, Б.Гансүх нартай тааралдаад хамт 2-р багт гудамжны үзүүрт явж байгаад Г.Буянбаатар, Б.Гансүх хоёр ганц юм уумаар байна мөнгө байна уу гэхээр нь надад мөнгө байхгүй гэсэн. Тэгээд би гэрлүүгээ явлаа, та хоёр хаашаа явах юм бэ гэсэн чинь тэр хоёр гурвуулаа уруудаад жаахан алхая гэсэн. Тэгээд цуг явж байгаад 19 цаг өнгөрөөгөөд 2-р багийн гудамжуудын голоор өгсөж явж байгаад нэг хашааны үүдэн дээр нь тамхи татаад зогсож байгаад хашааных нь хаалгаар шагайсан чинь хүн байхгүй байсан. Тэгээд Буянбаатар би гадаа хүн харж байя гээд хашаанд нь Гансүх бид хоёр ороод Гансүх байшингийнх нь цонхыг онгойлгоод эхлээд Гансүх цонхоор нь байшанд нь ороод, араас нь би ороод байшинд нь мөнгө байна уу гэж хайсан чинь байхгүй болохоор нь би гаръя гэсэн чинь Гансүх байж бай андаа гэхээр нь би гараад хашааны гадаа зогсож байгаа Буянбаатар дээр очсон чинь яасан бэ хоёроо, Гансүх хайчсан бэ гэхээр нь одоо гараад ирнэ гээд эргээд байшингийнх нь хажууд нь очоод хөөе Гансүхээ явъя гэсэн чинь Гансүх телевиз, ДДШ-ийн хүлээн авагч хоёрыг нь авчих уу гэхээр нь битгий гэсэн юм. Тэгээд би буцаад хаалгаруу явж байсан чинь араас Гансүх зурагт, олон сувгын хүлээн авагчыг нь тэвэрчихсэн гараад ирсэн. Тэгээд бид гурав зурагтаа авч яваад Амгалан гэдэг айлд очоод тэнд хоноод маргааш нь зах дээр очоод хүмүүсээс зурагт авах уу гэж асуусан чинь авахгүй байсан. Тэгээд бид гурвыг захын биллъярдан дээр байж байсан чинь Буянбаатар чулууруу явлаа гээд яваад өгсөн. Тэгээд Гансүх бид хоёр 1 дүгээр сургуулийн хойд талд 12-р байранд байдаг зурагт засварын газар очоод цагдаад мотоциклоо хураалгачихсан. 100.000 төгрөгний хэрэг болоод байна гэж хэлж байгаад уг зурагтаа 90.000 төгрөгөөр зараад мөнгийг нь аваад үрээд дуусгасан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184-188/

гэрч Ц.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:

Г.Буянбаатар, Мөнхбаяр нарыг би өмнө нь таньдаг байсан. Өмнө нь надтай хамт барилгын ажил хийж байсан юм. Тэгээд би 2016 оын 04 дүгээр сарын сүүлээр Буянбаатар, Мөнхбаяр нартай Дэлгэрэх захын хажууд тааралдаад би тэр хоёроос ажилд явах уу гэсэн чинь тэр хоёр явъя гэсэн. Тэгээд бид нар явсан юм. Тэгж явахдаа бол тэр хоёр надад хэрэгт шалгагдаж байгаа талаараа юу ч хэлээгүй. Харин Завхан аймагт очсон байхдаа Гансүх байцаагч утсаар яриад байна бид хоёр хэрэгт шалгагдаж байгаа та яриадахаач гэхээр нь би утсаар ярьж хэзээ Баянхонгор аймагт очих талаараа хэлсэн. Очихдоо Мөнхбаяр, Буянбаатар нарыг аваад очъё гэж хэлсэн. Тэгсэн чинь тэрийг мэдчихээд тэр өдрийнхөө орой Мөнхбаяр, Буянбаатар хоёр гэнэт алга болчихсон. Би яасан юм бол, хаачсан юм бол гээд хайгаад ерөөсөө олдоогүй. Бүүр дараа нь Мөнхбаяр нь Улаанбаатар хотод байна гэж ярьж байсан. Завхан аймагт чулууны уурхай дээр ажиллаж байсан юм. Тэнд очоод хулгайн хэрэгт шалгагдаж байгаа л гэж хэлсэн, яг юу болсон, ямар хэрэгт шалгагдаж байгаа талаараа тодорхой зүйл хэлээгүй гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 101-103/

шүүгдэгч Г.Буянбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Цагаан цахираас ирсэн. Болдбаатар, Гансүх бид гурав 2 дугаар багийн гудамжаар явж байгаад нэг хашааны гадаа очоод Болдбаатар, Гансүх хоёр намайг хашааны гадаа үлдээгээд хашаанд нь орсон, тэгээд удаачгүй тэр хоёр хоёулаа эргээд гараад ирснээ дахиад буцаад орсон. Тэгээд эргэж гарч ирэхдээ Гансүх нь нэг зурагт тэвэрчихсэн, Болдбаатар нь ДДШ-ийн станцыг нь барьчихсан гарч ирсэн. Тэгээд бид гурав Амгалан гэдэг айлд очоод хоносон. Тэгээд маргааш өглөө нь бид гурав хамт Есөн-Эрдэнэ зах дээр очиж байж байгаад би тэндээсээ цагаан цахирлуу явсан. Тэр хоёр зурагтаа яасныг би мэдээгүй. Эргэж гарч ирэхдээ авах юм алга гэж гарч ирсэн ба байж бай эргэж орчихоод ирье гээд орсон. Гарч ирэхдээ зурагт, ДДШ-ийн хүлээн авагч хоёрыг нь аваад гараад ирсэн юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138-139/

...Би таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан гэдгээ ойлгосон. Энхүүш гэдэг таньдаг ах тааралдаад Завхан аймагт очиж 7 хоног ажил хийхүү гэхээр нь тэгье гээд явсан юм. Энхүүш хэлэхдээ 7 хоноод эргээд ирнэ гэсэн чинь тэнд ажил нь бүтэхгүй зөндөөн удчихсан юм. Би энэ хугацаанд Энхүүш, Ц.Мөнхбаяр нартай Завхан аймагруу явж ирээд хөдөө байж байгаад цагдаад баригдсан. Хөдөө ямар нэгэн айлд очоогүй. Наадам үзсэн юм. Мөрдөн байцаагч надтай 2 удаа утсаар ярьсан гэх мэдүүлэг. /2-р хх- ийн 115-116/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчний 2016 оны 03 сарын 02-ны өдрийн: 32 инчийн Скайворд брэндийн элсиди зурагт 400.000 төгрөг, ДДШ-ийн хүлээн авагч 150.000 төгрөг, нийт 550.000 төгрөгийн үнэтэй гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 115-116/

- Эрүүгийн хэргийг тусгаарлах, нэгтгэх тогтоол /1-р хх-ийн 1-6/

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 8-12/

-эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл 1-р хх-ийн 17-28/

-эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 35-36/

-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 37-43/

-Баянхонгор аймгийн Жинст сумын 2-р багийн ЗД-ийн тодорхойлолт /1-р хх-ийн 143/

-Г.Буянбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 144/

-Бууцагаан сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 179/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 145/

-Утсаар ярьсан тэмдэглэл /1-р хх-ийн 195-203/

-эрүүгийн хэргийг тусгаарлаж хуулбарласан тэмдэглэл /1-р хх-ийн 205/

-ХБ, МБ-ийг түдгэлзүүлэх прокурорын тогтоол, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 207-209/

-2016 оны 05 сарын 23-ны өдрийн 121, 123, 103, дугаар мөрдөн байцаагчийн даалгавар, даалгаварын хариу албан бичигүүд /2-р хх-ийн 87-93/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.Буянбаатар нь Б.Гансүх, Н.Болдбаатар нартай бүлэглэн, ялтай байхдаа давтан үйлдпээр 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 32-01 тоотод оршин суух иргэн Н.Гэрэлмаагийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан, уг гэмт хэрэгт шалгагдаж байхдаа 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутгаас Завхан аймгийн нутагруу оргон зайлж, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Буянбаатарыг бүлэглэж, орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Г.Буянбаатарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлд зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ц.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдлийн шинж, чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Буянбаатарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасанг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнг хүндэрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Буянбаатар нь бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч Н.Гэрэлмаа, иргэний нэхэмжлэгч Н.Баттогтох нар нь “хохиролоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн учир шүүгдэгч Г.Буянбаатар нь 46 хоног цагдан хоригдсон болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Жаа овогт Ганбаатарын Буянбаатарыг давтан бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг, хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Буянбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгийг хураахгүйгээр хоёр жил таван сарын хугацаагаар хорих хүнд ялд багтаан шүүгдэгч Г.Буянбаатарын биечлэн эдлэх ялыг хоёр жил таван сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Буянбаатарын эдлэх хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Буянбаатарын цагдан хоригдсон дөчин зургаа хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Г.Буянбаатар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Буянбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 09 сарын 13-ны өдрөөс тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Буянбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ