Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2021/00174

 

 

 

 

 

 

 

 

 

2021 01 25 183/ШШ2021/00174

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.М //-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.М //-д холбогдох,

 

хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М, түүний өмгөөлөгч Ж.Д, хариуцагч Б.М, нарийн бичгийн даргаар Б.Батмандал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Бтай 2012 онд гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн ба бидний хамтын амьдралын хугацаанд хүү Б.М 2013.06.06-ны өдөр төрсөн. Хариуцагч бид хоёр төмөр замын байгууллагад хамт ажилдаг байсан ба зан харилцааны хувьд таарч тохирохгүй болж, цаашид хамт хамтран амьдрах боломжгүй болж 2014 оны 6 сараас хойш тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд хүү Б.М миний асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа ба одоогоор Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ерөнхий боловсролын сургуулийн 2-р ангид суралцаж байна. Иймд хариуцагч Б.Б-ыг хүү Б.М-ын эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагад маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийг сар бүрийн сүүлээр дансанд хийх хүсэлтэй байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч А.М-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь хүүхдийн эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч ...миний хүү болон мэндэлсэн нь үнэн бөгөөд эцэг тогтоолгох шаардлагагүй гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд А.М, Б.Б нар нь 2012 оноос эхлэн хамтран амьдарсан байх бөгөөд тэдний дундаас 2013.06.06-ны өдөр хүү Б.М төрж, хүүхэд эцгийн нэрийг авсан болох нь 64 дугаартай төрсний гэрчилгээ, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар 2013.06.06-ны өдөр төрсөн хүү Б.М, эцэг Б.Б, эх А.М нарын хооронд эрх, үүрэг үүснэ.

 

Б.Б, А.М нар 2014 оны 6 дугаар сараас хойш тусдаа амьдарч байх бөгөөд энэ хугацаанд хүү Б.М эхийн асрамжид байсан ба хариуцагч Б.Б хүүхдийн эцэг болохыг зөвшөөрсөн, хүүхдийн асрамж болон тэтгэлгийн талаар маргаагүй болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно гэж заасан байх бөгөөд хүүхдийн эцэг мөн болохыг хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрсөн, хүүхэд эцгийн нэрийг авсан байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2013.06.06-ны өдөр төрсөн хүү Б.М-ын эцэг нь Б.Б мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013.06.06-ны өдөр төрсөн хүү Б.М-ыг эх А.М-н асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2013.06.06-ны өдөр төрсөн хүү Б.М-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр Б.Б-аас гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-аас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ