Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/48

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

      2024          05            07                                      2024/ШЦТ/48

      

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                 Б.Наранжаргал

 Улсын яллагч                                                Б.Баттуяа

 Шүүгдэгч                                                       Ц.******* нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, 56 настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ******* дүүрэг, 3 дугаар хороо, ******* хэсэгт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1600 төгрөгөөр торгох ял,

1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, хугацаа дуусаж суллагдсан,

******* дүүргийн шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 162 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял,

Төв аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 88 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жилийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн 6 жилийн хорих ялаар,

******* дүүргийн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял,

******* дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овгийн *******-******* ******* (РД:УГ68111611).

Ц.******* нь бусдын гээгдүүлсэн “Самсунг А-53” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 480.000 төгрөгрийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Ц.*******гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2024  оны 12 дугаар сарын 29-ний үүрээр хог түүгээд явж байхад ******* дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны орчим газар гар утас дуугараад байхаар нь очиж аваад эмнэлгийн хойно СӨХ-ийн үйлчлэгч тай таарч 80.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөрөө архи авч уусан...” гэх мэдүүлэг (хх-ийн 41, шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Хохирогч Б. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2024 оын 12 дугаар сарын 28-ны орой ажлынхаа хүмүүстэй ******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “” бааранд архи уугаад шөнө 01 цагийн үед ******* дүүргийн 1 хороо, 3 дугаар байр луу гэртээ хариад амарсан. Өглөө босоод утсаа шалгахад байхгүй болохоор нь залгаж үзэхэд холбогдох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-12),

Гэрч А.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2024 оны 12 дугаар сарын сүүлээр өглөө 07 цагийн үед ажил руугаа явж байгаад эмнэлгийн хойно Ука гэх ******* дүүрэгт архи уудаг хүнтэй таарахад намайг “утас авах уу” гээд хойд тал нь шаргал өнгийн “Самсунг” гэсэн бичигтэй утас харуулсан. Кодыг нь асуухад “та наадахаа форматлуулчих” гэхээр нь тухайн утсыг бэлэн 80.000 төгрөг өгөөд авсан. Гар утас засварын газар кодыг нь гаргуулаад охин ад өгсөн. Би гар утас худалдаж авсан 80,000 төгрөгийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-ийн 14,113),

Гэрч Э.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хотоос гэртээ иртэл ээж надад “Самсунг А-53” загварын гар утас өгөхөөр нь өөрийн скайтелийн дугаар болох “” дугаарын сим картыг хийгээд ашигласан...” гэх мэдүүлэг (хх-ийн 16),

              “СэлэнгэЭстимэйт” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №97 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Самсунг А-53” загварын гар утас (хуучин хэрэглэж байсан) 480.000 төгрөг гэжээ. (хх-ийн 35),

              “Скайтэл” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 24/1481 дугаартай албан бичгээр “ имей кодыг шалгахад 2023 оны 12 дугаар сарын 31-ээс хойш дугаар бүртгэлтэй байна. Эзэшигч нь Э.” гэжээ. (хх-ийн 24-29)

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “Самсунг А53” маркийн гар утас 1 ширхэгийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 18 цаг 10 минутад Б.т хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв...” гэжээ (хх-ийн 104),

              Шүүгчдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа болон ******* дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 78-113),

Шүүгдэгч Ц.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 6 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 79, 82-99), бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.*******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

           1.Гэм буруу болон учирсан хохирлын талаар

Прокуророос “Ц.******* нь бусдын гээгдүүлсэн “Самсунг А-53” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс маргаагүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 07 цагийн үед хохирогч Б. гэртээ харих замдаа ******* дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны ойролцоо гээгдүүлсэн “Самсунг А-53” загварын гар утсыг  бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 480.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

           -шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тамхины иш түүж яваад утас дуугарахаар нь аваад зарчихсан” гэх мэдүүлэг,

           -мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б. мэдүүлсэн “...баарнаас гараад 3 дугаар байр луу гэртээ харих замдаа утсаа гээгдүүлсэн байсан” гэх мэдүүлэг,

           -гэрч А.******* “эмнэлгийн хойно явж байтал Ука гэх хүн таараад “утас авах уу” гэхээр нь 80.000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг,

           -гэрч Э.ын “хотоос ирэхэд ээж надад “Самсунг А-53” загварын утас өгөхөөр нь өөрийнхөө дугаарыг хийгээд ашигласан” гэх мэдүүлэг,

           -“ имей кодыг шалгахад дугаарын эзэмшигч Э. гэдгийг тогтоосон “Скайтэл” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 24/1481 дугаартай албан бичиг,

-Хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учирсан болохыг тогтоосон “СэлэнгэЭстимэйт” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №97 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан, өөрөөр хэлбэл гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулан захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэй, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдэгдсэн байна. Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн хайхрамжгүй байдал нөлөөлжээ.

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ” гэж заасан тул хохирогчид 300.000 төгрөгөөс дээш буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгө өмчлөх эрхэд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан нь гэмт үйлдэл болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.*******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

              Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.******* нь хохирогч Б.т бага хэмжээнээс дээш буюу 480.000 төгрөгийн хохирол учруулжээ.

 Шүүгдэгч Ц.******* нь Самсунг-А53 загварын гар утсыг биет байдлаар хохирогчид буцаан өгсөн, мөн тухайн гар утсыг худалдан авсан А.гаас “80.000 төгрөгийг нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. (хх-ийн 104,113)

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэгэж хуульчилсан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Улсын яллагчаас “Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс маргаагүй болно.

Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг биет байдлаар төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч Ц.*******гийн хувийн байдал (урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй), бусдад учруулсан хохирлыг төлсөн зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх дүгнэлээ.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл байхгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.  

      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******-******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******-******* *******д 300 (гурван зуу)-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 (гурван зуу)-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.*******д мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ц.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.*******д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                        

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА