| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/03470/И |
| Дугаар | 183/ШШ2021/00163 |
| Огноо | 2021-01-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан /захиргааны албан хаагч/, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2021/00163
2021 оны 01 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2021/00163 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.Л нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хзд-д холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батмандал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013.02.20-ны өдрөөс Хзд-д Худалдан авах ажиллагааны албаны даргаар ажиллаж байгаад 2017.02.08-ны өдөр хууль бусаар ажлаасаа халагдсан. Нийслэл Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүй халсан тул урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлж томилох шүүхийн шийдвэр гарсан хэдий ч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул миний бие ажил орлогогүй байгаа хугацаа буюу 2018.12.12-ны өдрөөс 2020.08.12-ны өдрийг хүртэлх цалин болох 13,209,534 төгрөгийн цалинг нөхөн олгуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч О.Л-ийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилтийг нөхөн хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул доорхи хариу тайлбарыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0000 дүгээр шийдвэрийг үндэслэн Хзд-ийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 000 дугаар Олговор шийдвэрлэх, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийх тухай захирамж гарсан. Захирамжийн дагуу 9,540,219 төгрөгийн олговрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 00000 дугаарын дансанд 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Иймд шүүхийн шийдвэрт тусгагдаагүй цалин хөлсийг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийх боломжгүй тул иргэн О.Л-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Иргэн О.Л-ийн нэхэмжлэлтэй Хздд холбогдох иргэний хэрэг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ч.Б миний бие гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул 2021.01.22-ны өдрийн 13:30 цагт товлогдсон шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчгүйгээр явуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Л ажилгүй байсан хугацааны олговорт 13,209,534 төгрөг гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хздд холбогдуулан гаргажээ.
О.Л нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдан авах ажиллагааны албаны даргаар ажиллаж байгаад тус дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 000 тоот захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн байх бөгөөд уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэж, 0000 дугаар шийдвэрээр Хзд-ийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 000 дугаартай захирамжийг хүчингүй болгож, О.Л-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан О.Л-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Хзд-д даалгаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч тал дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар гомдлыг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь зохигчдын тайлбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний 0797 дугаар магадлалаар тогтоогдож байх ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т.. Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж заажээ.
Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч Хзд биелүүлээгүй байх бөгөөд О.Л ажилгүй байсан хугацааны олговорыг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017.11.09-ний өдөр шүүхэд гаргасан, тус шүүхийн 2019.02.27-ны өдрийн 0000 дугаар шийдвэрээр түүний ажилгүй байсан хугацааг 2017.11.09-ний өдрөөс 2018.12.12-ныг хүртэл хугацаагаар тогтоож, нэг сарын дундаж цалинг 733,863 төгрөгөөр тооцож, нийтдээ 9,540,219 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-тЭнэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж зааснаар О.Л ажилгүй байсан хугацааны цалин олговор нэхэмжлэх эрхтэй.
Хариуцагч Хзд ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүргээ биелүүлэхгүй байгаа тул О.Л 2020.09.04-ний өдөр шүүхэд дахин хандаж, 2018.12.12-ноос хойш 2020.08.12-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт /733,863х18сар/-аар тооцож нийтдээ 13,209,534 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчаас 13,209,534 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, өөрсдийн эзгүйд шүүх хуралдааныг хийхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хзд-с 13,209,534 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Л-д олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч Хзд-д даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,998 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хзд-с 223,998 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ