Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/373

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,      

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,                 

улсын яллагч Ц.Сайнзаяа,  

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Б-ийн Ц-т холбогдох эрүүгийн 2305037550362 тоот дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр Төв аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 34 дүгээр хороо, * дугаар бичил хороолол, ** дугаар байрны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д овогт Б-ийн Ц,  /РД:ОЭ********/.

 

Холбогдсон хэргийн талаар

Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга: Шүүгдэгч Б.Ц нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны баруун талд үйл ажиллагаа явуулдаг "Марал" авто угаалгын газарт ажиллаж, хохирогч Д.Г эзэмшлийн "Марк-2" загварын, **** УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг угааж байхдаа машины урд хайрцагт байсан 4,800,000 төгрөгийн үнэ бүхий ногоон пийсүү хөөргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж, "хулгайлах" гэмт хэргийг үйлдсэн  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

мөрдөн байцаалтад хохирогч Д.Г өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 10 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Марк-2 маркийн **** УБА улсын дугаартай тээврийн хэрэгслээ авто угаалгын газарт угаалгахаар гэрийн ойролцоо байдаг 11 дүгээр байрны баруун талын машин угаалгын газарт өгсөн. Тэгээд гэртээ орж байж байгаад 1 цагийн дараа машинаа угаалгаас аваад гэрийн гадаа байрлах машины зогсоол дээр тавьсан. Маргааш нь өдрийн 12 цагийн орчимд том хүү Г-г хүргэж өгөх гээд машинаа асаагаад явах гэснээ гэнэт хөөрөг хаана байгаа билээ гэж бодоод урд талын хайрцагт үзэхэд хөөрөг хийсэн сав нь байгаа мөртөө хөөрөг нь байхгүй байсан. Тэгээд авто угаалгын газарт очоод машин угаасан залууг олж уулзаад миний машин дотор байсан хөөрөг алга болсон байна чи авсан уу? гэхэд тэр залуу би аваагүй та камер шүү гэж хэлсэн. Тэгээд би камер шүүж байхад тэр залуу гэнэт гараад явсан. Тэгээд тэр залуу тэр чигээрээ алга болсон. Одоог хүртэл ажил дээрээ очихгүй байгаа гэж байна лээ. Би 02-ны өглөө хүнд зарах гээд машин дотроо хүнд үзүүлээд тэгээд урд хайрцагтаа хийсэн. Тэрний дараа угаалгын газарт өгсөн. Гэр рүүгээ авч орно гэж байгаад мартсан байна лээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

-Ашид Билгүүн эд хөрөнгийн TXY723/258 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /4,800,000 төгрөг/ хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дугаар хуудас/,

           - гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Ц нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны баруун талд үйл ажиллагаа явуулдаг "Марал" авто угаалгын газарт ажиллаж, хохирогч Д.Г-ийн эзэмшлийн "Марк-2" загварын, **** УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг угааж байхдаа машины урд хайрцагт байсан 4,800,000 төгрөгийн үнэ бүхий ногоон пийсүү хөөргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж, "хулгайлах" гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

Улсын яллагчаас шүүх хуралдаанд: “...шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт шүүх хуралдаанд: “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байна...” гэх санал,

шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

   Шүүгдэгч Б.Ц нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны баруун талд үйл ажиллагаа явуулдаг "М" авто угаалгын газарт ажиллаж, хохирогч Д.Г-гийн эзэмшлийн "Марк-2" загварын, **** УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг угааж байхдаа машины урд хайрцагт байсан 4,800,000 төгрөгийн үнэ бүхий ногоон пийсүү хөөргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан

мөрдөн байцаалтад хохирогч Д.Г өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 10 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Марк-2 маркийн **** УБА улсын дугаартай тээврийн хэрэгслээ авто угаалгын газарт угаалгахаар гэрийн ойролцоо байдаг 11 дүгээр байрны баруун талын машин угаалгын газарт өгсөн. Тэгээд гэртээ орж байж байгаад 1 цагийн дараа машинаа угаалгаас аваад гэрийн гадаа байрлах машины зогсоол дээр тавьсан. Маргааш нь өдрийн 12 цагийн орчимд том хүү Галсандоржийг хүргэж өгөх гээд машинаа асаагаад явах гэснээ гэнэт хөөрөг хаана байгаа билээ гэж бодоод урд талын хайрцагт үзэхэд хөөрөг хийсэн сав нь байгаа мөртөө хөөрөг нь байхгүй байсан. Тэгээд авто угаалгын газарт очоод машин угаасан залууг олж уулзаад миний машин дотор байсан хөөрөг алга болсон байна чи авсан уу? гэхэд тэр залуу би аваагүй та камер шүү гэж хэлсэн. Тэгээд би камер шүүж байхад тэр залуу гэнэт гараад явсан. Тэгээд тэр залуу тэр чигээрээ алга болсон. Одоог хүртэл ажил дээрээ очихгүй байгаа гэж байна лээ. Би 02-ны өглөө хүнд зарах гээд машин дотроо хүнд үзүүлээд тэгээд урд хайрцагтаа хийсэн. Тэрний дараа угаалгын газарт өгсөн. Гэр рүүгээ авч орно гэж байгаад мартсан байна лээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

-Ашид Билгүүн эд хөрөнгийн TXY723/258 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /4,800,000 төгрөг/ хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжээр нь авч үзвэл:

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар авсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Б.Ц-н гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол зэргээс үзэхэд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай  хэлбэрээр хулгайлах гэмт  хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ц-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар

Хохирогч Д.Г-д 4,800,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 4,800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгуулахаар шийдвэрлэлээ.  

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн ажил хийх боломж чадвар зэргийг харгалзан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жил 2 сарын хугацаагаар гарахыг хязгаарлах ялын саналыг гаргаж байна...” гэх санал,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан гэм буруугийн тал дээр маргахгүй хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэх санал,

   Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

  Шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн байдал, хэргээ хүлээн зөвшөөрсөн байдал, прокурорын санал зэргийг харгалзаж үзэж шүүгдэгч Б.Ц-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найман/ сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Д овогт Б-ийн Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-т 8 /найман/ сарын хугацаагаар “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс” гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц оногдуулсан 8 /найман/ сарын хугацаагаар “Хан-Уул дүүргийн бүсчлэлээс” гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож сольсугай.     

 

4. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Ц-с 4,800,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Г-д олгосугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг СД-г хэргийн хамт хавсарган үлдээж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ