Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар  2024/ШЦТ/83

 

 

2024           04            30                                    2024/ШЦТ/83

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Б.Банзрагч нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Банзрагчид холбогдох эрүүгийн 2415000690077 дугаартай, 163/2024/0087/Э индекстэй хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, З*******ын Банзрагч, ******* аймгийн Өлгий суманд 2001 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, ******* аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй боловч Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр баг Дархад хөтөл гэх газарт түр суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, туслах уяач ажилтай, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, эрэгтэй, 22 настай РД:*******,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Банзрагч нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өглөө үүрээр 05 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Бугат сумын 1 дугаар багийн нутаг ******* хөтөл гэх газарт оршин суух иргэн Г.Б*******гэртээ ганцаараа унтаж байхад нь орж түүний биед халдан баруун нүд, зүүн шанаа хэсэг рүү цохиж зодох үед хохирогч Г.Баясгалан нь биеэ хамгаалж, тусламж хүсэхээр хөл нүцгэн зугтааж баруун тавхай, баруун хөлийн 1,2,3,4 дүгээр хуруу, зүүн хөлийн 1,2,3 дугаар хуруунд 1,2 дугаар зэргийн хөлдөлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000690077 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Банзрагч нь 2024 оны 03 дугаар сарын 03-ны өглөө үүрээр 05 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Бугат сумын 1 дугаар багийн нутаг ******* хөтөл гэх газарт оршин суух иргэн Г.Б*******гэртээ ганцаараа унтаж байхад нь орж түүний биед халдан баруун нүд, зүүн шанаа хэсэг рүү цохиж зодох үед хохирогч Г.Баясгалан нь биеэ хамгаалж, тусламж хүсэхээр хөл нүцгэн зугтааж баруун тавхай, баруун хөлийн 1,2,3,4 дүгээр хуруу, зүүн хөлийн 1,2,3 дугаар хуруунд 1,2 дугаар зэргийн хөлдөлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь хэрэгт цугларсан яллагдагч Б.Банзрагчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/, хохирогч Г.Баясгалангийн өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 08-09, 12 дахь тал, гэрч Б.Бүүвэй, Л.Отгонтулга, Б.Түмэнжаргал, Т.Мөнх-Эрдэнэ нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 255 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Э.Батбаярын өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 53 дахь тал, иргэний нэхэмжлэгч Б.Ариунболдын өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 24-25 дахь тал зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Б.Банзрагчийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Б.Банзрагч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Банзрагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Г.Баясгалан нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, мөн иргэний нэхэмжлэгч Б.Ариунболдод учирсан 33.000 төгрөгийн хохирлыг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Б.Банзрагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Банзрагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З*******ын Банзрагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Банзрагчийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Банзрагч нь цагдан хоригдсон хоноггүй шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.Банзрагч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Банзрагчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ