Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2021/00196

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 01 26

183/ШШ2021/00196

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: З.Ц-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Р.А-д холбогдох,

 

гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Ц, хариуцагч Р.А, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2005 онд танилцаж, 2006 онд гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Хүү Ц.Д 14 настай, охин Ц.Д 11 настай, би гэрлэлт цуцлах нэхэмжлэлээ 2020 оны 8 дугаар сард гаргасан. Тухайн үед би 2 хүүхдээ авч үлдээд, хариуцагч Р.А-аас байранд оруулсан мөнгөнөөс ногдох хэсгийг авахаар тохиролцсон боловч охин ээжтэйгээ байх хүсэлтэй байгаа учир тул охиноо ээжийнх нь асрамжид, харин хүүгээ өөрийнхөө асрамжид үлдээхээр тохиролцсон. Одоо байгаа байдлаа дордуулахгүйн тулд охиныхоо сургалтын төлбөрийг би төлөөд явна. Хүүхдийн тэтгэлэгийн асуудал байхгүй, байрны хувьд охин амьдарч байгаа учир охиндоо өгнө. Харин байрыг нь зарж үрэгдүүлэхгүй байхыг хүсэж байна. Энэ байр нь хариуцагч Р.Аын ажилчдын байр, хямдралтай үнээр авсан бөгөөд Р.А квотыг аваад би мөнгийг нь төлсөн. Бидний хооронд өөр хөрөнгийн маргаангүй гэв.

 

Хариуцагч Р.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай санал нийлж байна, ярьж байгаа зүйлүүд нь үнэн. Бид хоёрын дунд харилцан тохиролцсон зүйл байгаа болохоор охиноо би өөр дээрээ авч, хүү аавтайгаа хамт байхаар шийдсэн. Энэ байрны гэрчилгээ гараагүй байгаа, мөнгө нь бүрэн төлөгдсөн, охин бид 2 амьдарч байгаа болохоор цаашид хөрөнгийг яаж шийдвэрлэх нь бидний өөрсдийн асуудал, түүнээс бусад зүйл дээр маргаан байхгүй гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Р.А-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тогтоолгох тухай З.Ц-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг талуудын хооронд байгуулсан тохиролцооны гэрээг үндэслэн шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд З.Ц, Р.А нар нь 2005 онд танилцаж, 2006.10.26-ны өдөр гэр бүл болсныг 2006.10.25-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн ... дугаарт бүртгүүлснээр хууль ёсны гэр бүл болсон нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, тэдний дундаас 2007.02.18-ны өдөр хүү Ц.Д, 2010.05.14-ний өдөр охин Ц.Д нар төрсөн болох нь талуудын тайлбар, №..., №... дугаартай төрсний гэрчилгээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2018.09.07-ны өдрийн .... дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлээс үзэхэд уригдсан тал эвлэрч хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй, гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулах хүсэлтэй гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болгосон байна.

 

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч З.Ц, хариуцагч Р.А нар гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрсөн, хүүхдийн асрамж болон тэтгэлэгийн талаар харилцан ярилцаж, 2021.01.26-ны өдрийн тохиролцооны гэрээг байгуулсан болно.

 

Дээрх тохиролцооны гэрээнд: ...З.Ц миний бие хүүхдийн асрамжийн хувьд охин Ц.Д-ий хүсэлтээр эхийнх нь асран хамгаалалтад үлдээж, хүү Ц.Д-ийг өөрийн асрамжид үлдээж байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд охин Ц.Д-ий сургалтын төлбөрийг миний бие хариуцахаар тохиролцсон болно гэжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан байна.

 

Зохигчдын хоорондоо байгуулсан 2021.01.26-ны өдрийн тохиролцооны /эвлэрлийн/ гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул З.Ц, Р.А нарын гэрлэлтийг цуцалж, 2007.02.18-ны өдөр төрсөн хүү Ц.Д-ийг эцэг З.Ц-гийн асрамжид, 2010.05.14-ний өдөр төрсөн охин Ц.Д-ийг эх Р.А-ын асрамжид тус тус үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар З.Ц, Р.А нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007.02.18-ны өдөр төрсөн хүү Ц.Д-ийг эцэг З.Ц-гийн асрамжид, 2010.05.14-ний өдөр төрсөн охин Ц.Д-ийг эх Р.А-ын асрамжид тус тус үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн талаар шүүхээр шийдвэрлүүлэх маргаангүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж З.Ц-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ