Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/84

 

 

 

2024          04             30                                    2024/ШЦТ/84

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Д.Батбаяр нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Батбаярт холбогдох эрүүгийн 2415000710079 дугаартай, 163/2024/0088/Э индекстэй хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б*******ийн Батбаяр, 1986 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, Булган аймгийн Булган сумын 2-р баг Хөх чулуут 9-914 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, Төв аймгийн орон нутгийн өмчийн газарт мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг,

урьд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 880 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

-2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 948 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

-2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Булган аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, 38 настай, эрэгтэй, РД:НВ86052936

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Батбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.*******г ялимгүй зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000710079 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Батбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.*******г ялимгүй зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь хохирогч Д.*******гийн өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 09-11 дэх тал, гэрч Д.Цэрэнтогтох, Д.Мягмарсүрэн, П.Ганчулуун нарын өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Ариунболдын өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 49-50 дахь тал, Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 96 дугаартай шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 61-63 дахь тал, зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Д.Батбаярын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.Батбаяр нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдаргч Д.******* бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Д.Батбаяр нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Батбаярын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Д.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

Харин иргэний нэхэмжлэгч Б.Ариунболд нь Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардал 1.492.900 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.  

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Д.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дахь  заалтад заасныг   журамлан Д.Батбаярыг Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 2 сарын хугацаагаар хязгаарлах ял Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б*******ийн Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батбаярыг 2 /хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батбаярын оршин суугаа газраас буюу Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 2 /хоёр/ сарын хугацаагаар хязгаарласугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батбаяр нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батбаяраас 1.492.900 /нэг сая дөрвөн зуун ерэн хоёр мянган/ төгрөгийг гаргуулж  Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.

 

6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч Д.Батбаяр нь  хохирогч Д.*******д  төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ