| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 163/2024/0052/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/74 |
| Огноо | 2024-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэб
улсын яллагч Э.Гантулга,
хохирогч Д.О*******,
шүүгдэгч Г.М*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан,
Б аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М*******т холбогдох эрүүгийн 2315001890266 дугаартай, 163/2024/0052/Э индекстэй хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хульж овогт Г М*******, Б аймгийн Б суманд 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт, Б аймгийн Б сумын 5 дугаар багийн ***-*** тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ригестрийн дугаар:
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Г.М******* нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б аймгийн Б сумын 5 дугаар багийн нутагт Д.О*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний бие эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн өдөр Б аймгийн Б сумын 2 дугаар багийн 20-03 тоотод байрлах Д.О******* гэрт очин дахин хэрүүл маргаан үүсгэн маргалдаж улмаар байшингийн гурван цонх хагалж 296,900 төгрөгийн, цонхны тавцанг гэмтээж 50,000 төгрөгийн, нийт 346,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.М******* нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б аймгийн Б сумын 5 дугаар багийн нутагт Д.О*******тай хувийн таарамжгүй харилцаа буюу эр, эмийн хардалтаас үүссэн маргааны явцад харилцан зодолдон түүний эрүүл мэндэд нь “хамар ясны далд хугарал, таславч мурийлт, баруун шууны цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн өдөр Б аймгийн Б сумын 2 дугаар багийн **-*** тоотод байрлах Д.О******* гэрт очин хэрүүл маргаан үүсгэн маргалдаж улмаар түүний байшингийн гурван ширхэг цонхны шилийг хагалан, цонхны тавцанг гэмтээн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 346,900 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд:
-Хохирогч Д.О******* өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн үед байх би ажил дээрээ байж байсан ба тухайн үед би нөхрийн гар утастай холбоотой байсан “Iwatch” буюу цахим цаг нь надад байсан. Тэгсэн “Iwatch” дээр урьд өмнө таньдаг гэр бүлийн найзууд байсан М*******ийн чатаас дэлгүүр дээр гэсэн мессеж ирсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа дахиад миний тухай ярьсан утга бүхий мессэж ирээд байхаар нь М*******ийн нөхөр Ө мэдэгдье гэж бодоод өөрийн машиндаа сууж байгаад Өы гар утас руу залгасан чинь би гэртээ байна гэхээр нь би чамтай уулзаж ярилцах гэсэн юм гэсэн чинь чи хүрээд ирэхгүй юу гэхээр нь би очоод Ө мессэжүүдийг нь уншуулаад Ө бид хоёр М*******ийн ажилладаг дэлгүүр дээр явж очоод Ө М*******ийг ярилцуулахаар дуудуулсан чинь М******* дэлгүүрээс гарч ирэхээр нь “чи яагаад миний нөхөртэй холбоотой асуудлаа больчихож болдоггүй юм бэ” гэсэн чинь М******* “би танай нөхөртэй яасан юм уулзаагүй, учраагүй, мессеж бичээгүй” гэхээр нь би өөрөөс нь ирсэн мессежийг уншуулах гээд харуулах гэсэн чинь “үгүй би бичээгүй” гээд намайг “чи ингэхээ больчих” гэхээр нь би баруун гараараа М*******ийн зүүн хацар хэсэг рүү нэг удаа алгадсан чинь миний гар хацар хэсэг рүү нь шүргэсэн. Тэгсэн чинь Ө та хоёр ингэж болохгүй гээд миний баруун гарыг барьсан чинь дэлгүүр дотроос Өы эгч, дүү хоёр нь гарч ирж байсан. Тухайн үед миний баруун гарыг Ө барьчихсан харин би зүүн гартаа утсаа барьчихсан байж байсан чинь М******* намайг “доромжлуулаад явахдаа таарсан халтар гичий” гээд миний үснээс зулгаагаад нүүр хэсэг рүү гараараа маажаад хамрын чамархай хэсэг рүү цохихоор нь би баруун гараа мулталж аваад М*******ийн үснээс зулгаах гэсэн чинь Өы дүүгийн үснээс нь зулгааж андуурсан байсан. ...Тэгээд гэртээ ороод гэртээ байж байсан чинь хашааны хаалгаар М******* гартаа чулуу тэвэрчихсэн, нөгөө гартаа мод барьчихсан орж ирж байхаар нь би гэрийн хаалгаа түгжсэн чинь М******* гэрийн цонх руу чулуу шидээд цонх хагараад 3 дахь чулуу нь гэрт орж ирээд миний баруун гарын шууг онохоор нь би цагдаад дуудлага өгсөн чинь удалгүй манай нөхөр дуудлагын дагуу орж ирэхээр нь би хаалгаа онгойлгосон. М******* нөхрийн цаанаас ирэнгүүтээ нөхрийн баруун талын нүд хэсэг рүү нэг удаа цохихоор нөхөр М*******ийг цааш нь түлхсэн чинь М******* намайг хэл амаар доромжлоод байсан. ...Би хэрэг болох үед Iwatch 14 ргоmах загварын гар утас барьдаг байсан. Тухайн үед буюу 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллага дээр ирээд өөрийн Iphone 14 ргоmах загварын гар утас дээрээ өөрийн нүүрний хэсгийн зургийг авч хадгалан найз О рүү чатаар явуулж байсан. Шинэ утас авахдаа шинэ утсандаа зураг мэдээллээ хуулсан. Одоо миний гар утасны зураг хэсэгт хадгалагдаж байна. Сэтгэцэд учирсан хохирол гаргуулахгүй. Эмчилгээний болон эвдэрсэн эд зүйлийнхээ төлбөрийг төлүүлэх саналтай...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 64-66, 69 дэх тал/,
-Гэрч Н.А өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай гэрт манай найзууд болох М*******, Ө, М, О, О нар ирж шинэ жилийн баяр тэмдэглэсэн. Тэгээд тухайн өдрийн маргааш буюу 2023 оны 01 сарын 02-ны өдөр намайг унтаж байхад манай эхнэр О******* миний гар утасны чат руу ороод М*******ийн над руу бичсэн чатыг уншаад тэрнээс хойш М*******тэй намайг хардаж хэрүүл маргаан одоог хүртэл хийгээд байгаа юм. Тухайн үед цонх хагалж байхыг бол хараагүй. Манай эхнэр над руу залгаад М******* ирээд цонх хагалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би очиж үзэхэд давхар цонх нэвт хагарсан байсан. Цонх хагарсан байсан ба гэрт цонх хагалсан чулуунууд байсан. Өөр эд зүйл эвдрээгүй байсан. Очиход цохисон болон барилцсан зүйл байгаагүй. О******* гэртээ байсан, М******* манай гэрийн гадаа байж байсан. ... Намайг анх очиход М******* нь манай гэрийн гадаа ууртай маягтай манай эхнэртэй хэрэлдээд зогсож байсан. Харин манай эхнэр О******* байшин дотор талд М*******тэй хэрүүл хийгээд зогсож байсан. Тухайн үед манай эхнэр О******* хамар хэсэг нь халцраад хавдчихсан байсан. Харин М*******ийн биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн шарх сорви байгаагүй зүгээр байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 74-75, 82 дахь тал/,
-Гэрч П.Өы өгсөн: “…2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр цайны цагаар би гэртээ цай уух гээд ирчихсэн байж байсан чинь миний гар утас руу О******* залгахаар нь би гар утсаа авсан чинь О******* танай эхнэр М******* А тэр хоёр дахиад хоорондоо мессеж бичсэн байна чи гараад ир хоёулаа танай эхнэр дээр очиж уулзъя гэхээр нь би гэрээс гарсан чинь О******* машинтайгаа ирж байсан. Тэгээд би О******* машинд суугаад цуг манай эгчийн дэлгүүр болох “Барс” хүнсний дэлгүүр дээр очоод би машинаас нь буугаад дэлгүүр дотор орж эхнэрийг гараад ир гэж дуудсан чинь эхнэр миний араас дэлгүүрээс гарч ирсэн чинь О******* машинаасаа бууж ирээд О******* нь манай эхнэр рүү хэрүүл хийгээд манай эхнэрийн зүүн шанаа хэсэг рүү нэг удаа баруун гараараа цохисон чинь манай эхнэр зөрүүлээд нэг удаа баруун хөлөөрөө нэг удаа О******* хөл хэсэг рүү өшиглөсөн чинь О******* манай эхнэрийг дахин баруун гараараа нүүр хэсэг рүү цохиод өшиглөөд байхаар нь би салгасан чинь тэр хоёр хоорондоо маргаад байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дэх тал/,
-Гэрч Х.Б өгсөн: “...Зөрчил үйлдэгдсэн гэх газарт очиход О******* нь байшингийнхаа дотор талд үүдний хэсэгт, харин нөхөр А нь гэрийнхээ хоймор талдаа зогсож байсан. Харин цонх хагалсан гэх М******* нь хашааны гадаа үүдний хэсэгт зогсож байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 85-86 дахь тал/,
-Гэрч Б.Н өгсөн: “...Тухайн өдөр манай эгч О******* над руу залгаад цонх хагарчихсан дүүд чинь мэдэгдмээргүй байна, чи дүүгээ сургуулиас нь аваад гэртээ байлгаж бай гэхээр нь би дүү М сургуулиас нь аваад гэр лүүгээ явж байсан чинь эгч залгаад цонхоо шиллүүлчихлээ, дүүгээ аваад гэрт хүрээд ир гэж хэлсэн. Би дүүгээ аваад эгчийн гэр лүү явж байхад ээж залгаад эгч чинь сэтгэл санаа нь ямар байна, гэрт нь очоод үзээрэй гэж хэлсэн. Тэгээд би эгчийн гэрт очиход цонхнуудаа шиллүүлсэн, харин гэрт шалан дээр чулуу шилний үүрмэгнүүд байсан. Эгчийн нүүр хэсгийг харахад хацар нь бага зэрэг хавдчихсан, хамар хэсэг нь маажуулсан улаан оромтой байхаар нь би эгчээс зүгээр үү гэж асуухад Барс дэлгүүрийн М*******тэй муудалцсан талаар хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 89-90 дэх тал/,
-Гэрч П.Нгийн өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр би дэлгүүр дээр байж байтал дэлгүүрийн зүүн талд манай бэр М*******ийн нэг хүн зодоод байх шиг байхаар нь би гараад очтол М*******, О******* хоёр маргалдаад зогсож байсан. Тэр хоёрын голд миний төрсөн дүү Ө зогсож байсан. Очоод юу болоод байгаа юм бэ? гэж асуутал О******* танай энэ бузар янхан бэр чинь манай нөхөртэй явалдаад байна гэхээр нь та нар чинь гэр бүлийн найзууд биз дээ, буруу ойлгоод байгаа юм биш үү гэж хэлсэн чинь тоохгүй хоорондоо хэрэлдээд байсан. ...О******* нь М******* рүү дайраад толгой руу нь цохиод тэр хоёр хоорондоо зууралдаад эхлэхээр нь Ө бид хоёр салгах гээд байж байтал Отгонсайхан дэлгүүрээс гарч ирээд тэр хоёрыг салгах гэхэд О******* дүү Ог үстэхээр нь болиулаад бэр М*******ийг Отгонсайхан цааш салгаад авч явахад нь би Отгонтулгыг машин руу нь суулгаад ярилцсан. ...Тэр хоёр зууралдаад байсан. Яг хэн нь хэнийгээ цохисныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 21-24 дэх тал/,
-Гэрч П.О өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байх зарим зүйлийг сайн санахгүй байна. Тухайн үед дэлгүүр дээрээ сууж байгаад цонхоор хартал манай дэлгүүрийн зүүн талд О******* нь манай бэр М******* рүү дайраад элдэв үгээр хэлээд тэр хоёр маргалдаад байх шиг байсан. Тэгтэл Н эгч гарахаар нь би араас нь очоод дэлгүүрийн урд битгий хэрүүл хийгээд бай, одоо боль гэтэл О******* болихгүй пизда минь янхан минь гэж хэлээд хашгичаад байсан. Тэгээд би дэлгүүр лүүгээ ороод эргээд хартал бие биенийхээ үснээс зулгаалцсан байдалтай Н, Ө хоёр салгах гээд байж байхаар нь би гарч очоод салгалцаад байж байтал О******* миний үсийг зулгаахаар нь тавиулаад бэр М*******ийг дэлгүүрийн урд талын шар руу явуулж, Отгонтулгыг Н эгч машин руу нь суулгасан. Хэн нь зодож цохисон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
-Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 121 дугаартай:
1.Д.О******* биед хамрын таславчийн хугарал, муруйлт, баруун нүдний доод зовхи, хамар, баруун шуу цус хуралт, хамар, зүүн хөмсөг, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэх дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн 31-32 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1019 дугаартай шинжээчийн:
1. Д.О******* биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, хамар, баруун шуу цус хуралт, хамар, зүүн хөмсөг, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайлбал цохих, цохигдох, маажигдах үед үүсэх боломжтой.
3.Хамар ясны далд хугарал, таславч мурийлт, баруун шууны цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. Бусад гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.
4.Дээрх гэмтлүүд нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 107-110 дахь тал/,
-“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-3323/0048 дугаартай: Цонхны Р\/С тавцан 50,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 95-97 дахь тал/,
-“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ ОРХ/6802-01 дугаартай 3 ширхэг цонхны шилний үнэлгээ 296,900 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 116-122 дахь тал/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М*******ийн өгсөн: “....Ер нь бол энэ үйл явдал болохоос өмнө 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 4 гэр бүл нийлж шинэ жилийн баяр тэмдэглэсэн. Би 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дэлгүүр дээрээ сууж байхад өглөө О******* нөхөр А над руу мессеж бичсэн. Мессеж бичихэд би эхлээд чи надаас газ асууж залгасан уу? гэсэн байгаа. Ер нь бид хэд нийлэхээрээ их маазарч, олонхын ярьдгаар хоёрдугаар сувгаар тоглоомоор ярьдаг байсан. Тухайн үед би жирэмсэн байж магадгүй, чи яагаад жирэмсэн хүн эргүүлээд байгаа юм бэ? гэж хэлэхэд чи яг жирэмсэн юм уу? гэж хариу бичсэн ба жирэмсэн бишээр нь нөгөө хоёрыгоо эргүүлээч гэж маазарч бичсэн. Ингэж бичсэнийг О******* хараад бид хоёрыг хардаад хэрүүл маргаан үүссэн. Би нэг орой ажлаа тараад явж байхад О******* над руу залгаад өө муу шар жингэр минь чи дахиад манай нөхөр рүү мессеж бичсэн байна гэж уурласан. Тэгэхээр нь би аптекаас жирэмсний тест аваад өөрийгөө жирэмсэн биш гэж нотлохын тулд О******* дээр очсон. Очоод хаалга онгойнгуут надтай ярилцаагүй миний урдаас дайраад хэл амаар доромжлоод миний нүүрийг улаан зулга болтол нь урсан. Тэр шөнө нь О******* алга болсон гэсэн. Нөхөр нь үхнэ, хатна, салж сарнина гээд эдний гэр бүл дотор бөөн хэрүүл маргаан болсон гэсэн. Мессеж бичихийн өмнөхөн Ханжаргалант худалдааны төвөөс би хүүхэддээ малгай авах гээд найз Отэй ярилцаад сууж байхад О******* өө муу жингэр минь чи энд юу хийж байгаа юм, миний эзэмшлийн газар гэж дайрч доромжлон олон нийтийн газар танхайрсан. Тэгэхээр нь гараад О******* нөхөр А рүү залгаад та хоёр учраа олно гэдэг худлаа юм байна, танай хүн чинь дахиад над руу дайрч доромжиллоо, эхнэр чинь буруу ойлгоод байна гэж чат бичсэн. Чатан дээр А бичсэн хэсэг байхгүй, зөвхөн миний бичсэн хэсэг байгаад байна. Нөхрийнхөө бичсэн чатыг харсан уу? гэж хохирогчоос асуумаар байна. 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн эдний нөхөртэй мессеж бичээд зодолдоод, эдний гэрийн цонхыг очоод хагалсан үйл явдал биш юм. Тэр өдрийн үйл явдалаас болоогүй, урьдны хэд хэдэн удаагийн үйл явдалтай холбоотой учраас би ийм зүйл ярьж байна. Тэр өдрийн өглөө А над руу чат бичээд чи өргөдлөө өгөөгүй биз дээ, би эхнэртэйгээ учраа олж байгаа, манай эхнэр учир байдлыг ойлгож эхэлж байгаа, чи надтай нэг уулзаадхаач гэж чат бичсэн. Тэгэхээр нь би чамтай уулзахгүй, чамтай уулзахаар л асуудал болчихоод байна, би явдаг газраар нь яваад шалгуулна гэж хэлэхэд А би цагдаагийн байгууллагад ажилладаг болохоор болохгүй, надад арга хэмжээнд авна, гэр бүлийнхээ асуудлыг өөрсдөө шийдье гэж хэлэхээр нь тэгээд эхнэр чинь ерөөсөө ойлгохгүй, намайг гүтгээд байна ш дээ гэж хэлэхэд эхнэр маань намайг чамтай хардаад дайраад байна, юм хэлэхээр ойлгохгүй, үхнэ хатна гэж айлгаад байна, гэхдээ эхнэр бид хоёр яаж ийж байгаад учрыг тунгаагаад хэрүүл уруулгүйгээр болгоно гэж хэлсэн. Хэрэг болдог өдөр би Отгонтулгыг дуудан ирүүлж хохироогоогүй, өөрөө над дээр ирж хэрүүл хийсэн. Нөхрийнхөө бичсэн чатыг уншсан эсэх нь тодорхойгүй, зөвхөн миний бичсэн чатыг хараад үйл явдлыг буруугаар ойлгоод өөрийнхөөрөө дайраад байсан. Намайг элдэв янзаар хэлэх хэлэхгүй үгээр дайраад болохгүй болохоор нь чи яагаад ингээд байдаг юм бэ? гэхэд би Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй хүн гэж над руу дайрдаг. Бусдын эрх ашгийг хөндөөд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд байдаг юм бол би яагаад болохгүй гэж бодсон. Би эх хүн учраас хоёр хүүхэд, гэр бүлээ хамгаалах эрхтэй. Миний хоёр хүүхэд, аав, ээжийг минь үхээсээ хатаасай гэж хараасан. Мөн миний ах Солонгос улсад ажиллаж байгаад нойр булчирхай нь задраад нас барсан. Энэ бол миний эмзэг сэдэв. Тэгсэн чинь чи ахынхаа толгойг залгисан бузрын хүүхэн гэж над руу дайрсан. Тэгэхээр нь би шоконд орсон. Би энэ хүний дарамтанд байж сэтгэл санааны гүн хямралд орсон. Миний гоо сайханд халдчихаад байхад тэрэн дээр огт эрүү үүсээгүй. Цагдаагийн байгууллагад эргэлзээ төрж байна. Эсхүл О******* нөхөр нь цагдаад ажилладаг болохоор давуу эрх эдлээд байдаг юм уу? гэж гайхаж байна. Тэгээд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дэлгүүрийн гадаа ирээд хэрүүл маргаан болж зодолдсон. Дахин би араас нь очиж ярилцах гэж үзсэн боловч доромжлуулаад л таарсан. Цонхыг нь би албаар хагалаагүй, энэ хүнтэй ярилцахын тулд тэгсэн. Дэлгүүрийн урд зууралдаж зодолдохдоо би өөрийгөө хамгаалж үснээс нь дугтарсан. Өөр ямар ч үйлдэл хийгээгүй. 08 дугаар сарын 23-ны өдөр энэ хүний дүү нь над руу дайрч давшилаад зөрчлөөр арга хэмжээ аваад л явуулсан. А гэр бүлд зөвхөн надаас болж хэрүүл маргаан болоод байгаа юм биш. О******* нөхөр нь байнга шахуу хүүхнүүдтэй орооцолддог. Нөхөртөө ерөөсөө буруу өгдөггүй мөртлөө дандаа гадны хүн рүү дайрч доромжлон гутааж нэр төрд нь халддаг. Тэгснээ сүүлд нь би хохирсон хүн гээд жүжиглээд явдаг. Би нөхөртэй нь огт явалдаагүй. Мөрдөгч дээр очсоноо манай нөхөр бүх хэргээ хүлээсэн гэж ярьсан байсан. Тэгтэл мөрдөгч надад хандан энэ хэрэг тодорхой хэрэг юм биш үү, чи хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр орчих уу? гэж хэлэхэд нь би нотолгоо нь хаана байгаан, хийгээгүй хэргийнхээ төлөө яагаад хялбаршуулсанаар явах ёстой юм бэ?, мөрдөгч та яагаад хүний амаар ажлаа явуулаад байгаа юм бэ? гэж хэлсэн. Цонх хагалдаг өдрийн орой А рүү залгаад цонхны үнэ хэд вэ? гэхэд 280,000 төгрөг болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би хохирлыг чинь төлье, мөнгийг шилжүүлье дансаа өгчих гэхэд чи өөрөө О*******тай уулзаж мөнгөө өгөлцөж авалцаарай, аягүй бол бас л холбоотой гээд дайрч давшлаад бөөн юм болно гэж хэлэхэд нь тэгвэл чи хүн явуулчих, би бэлнээр өгчихье, би О*******тай ойртох юм бол бас л хэрүүл маргаан болно гэхэд за тэгвэл би чамд дансыг нь олоод өгье гэж хэлээд таг болчихсон. Дараа нь яасан бэ? гэж сураглахад мөрдөгч цонхны хохирол чинь 280,000 төгрөг биш болсон, нэмж цонхны тавцангийн төлбөр гарсан, тэгээд 346,900 төгрөг болсон гэж хэлэхэд нь яахаараа ийм болчихдог юм бэ?, би 280,000 төгрөгийн шинжээчийн дүгнэлтэд гарын үсэг зурсан шүү дээ гэхэд мэдэхгүй ийм болсон гэж хэлсэн. Би одоо болтол 280,000 төгрөгийг бариад л явж байна. Цонхны хохирлыг төлүүлэхээр өмгөөлөгчөөрөө залгуулсан боловч О******* утсаа ч аваагүй. 280,000 төгрөгийн хохиролтой цонх 340 гаруй мянган төгрөгийн хохиролтой гэж гарсныг сайн ойлгохгүй байна. О******* болон түүний дүүтэй хэрэлдсэнээс болж цэврүүний ховхрол гэсэн оноштойгоор миний гэдсэнд байсан хүүхэд эндсэн. Би эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн боловч нэмэр байгаагүй. Олон сар сэтгэл санааны дарамт шахалтанд байсны үр дүнд тэгсэн байх гэж бодож байна. Шүх шинжилгээгээр ороход эхлээд О******* орсон ба би чулуунд оногдоод хамраа гэмтээсэн гэж ярьж байсан. Дараа нь би шүүх шинжилгээнд ороод толгой өвдөөд байна гэж хэлэхэд эмнэлэг рүү явж үзүүлээд томографик хийлгээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг рүү очиж үзүүлэхэд тархины хавантай байна, тархины хавангаа буулгаж байж томографикт ор гэж хэлээд 7 хоног эмчилгээ хийлгэ гэсэн. Тэгэхээр нь шүүх шинжилгээ дээр очоод дээрх нөхцөл байдлыг хэлээд өвчний түүх бүхий дэвтрээ орхиод явсан. Дараа нь би хэргийн материалтай танилцахад миний дэвтэр байхгүй байсан. Тэгээд би шүүх шинжилгээн дээр очоод миний дэвтэр хаана байна вэ? гэж асуухад хайгаад олоогүй. Дараа нь би Алтангарьд байцаагчаас асуухад байна гээд гаргаж ирсэн. Тухайн үед би энэ хүнтэй найз нөхдийн холбоотой байхад О******* нь жоохондоо бяруу унаж байгаад газар унаад хамраа хугалсан гэж хэлсэн. Хуучин хугаралтай хамар нь жоохон юм хүрээд л гэмтчихдэг юм гэж миний зөвлөгөө авсан эмч надад хэлсэн. Түүнээс биш би энэ хүний хамарт, нүүрэнд ерөөсөө хүрээгүй, өөрийгөө хамгаалсан, үснээс нь зулгаасан. Цагдаа хүний эхнэр гэхээр ийм давуу байдалтай байдаг юм уу? гэж асуумаар байна. О******* нөхөр А манай хадам эгчтэй уулзаж байхдаа манай хүний сэтгэл мэдрэл нэг л биш байна, мэдрэлийн эмнэлэгт хандаж үзүүлдэг юм билүү, юм л бол үхнэ хатна гэж айлгаад байна гэсэн яриа болсон байсан. Эцсийн шийдвэрийг шүүх гаргах юм чинь үнэн зөвийг олж шударгаар шийдвэрлэж өгнө гэдэгт би итгэж байна...” гэх мэдүүлэг
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.О******* өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 4 гэр бүл нийлж шинэ жилийн баяр тэмдэглээд 28-ны үүрийн 4 цаг хүртэл манай гэрт тоглож наргиад ууж идсэн. Үүрийн 6 цагийн орчимд Г.М******* нь нөхөртэйгөө муудалцаад хэрүүл хийгээд машинаа асаагаад гараад явсан байсан. Энэ үед би 2 давхарт, энэ хүн нөхөртэйгөө доор байсан. Тухайн үед нэлээн согтсон байсан учир энэ хоёр манайд хоносон. Г.М******* машинаа унаад явсан байна юм билээ. Би нөхрийг нь явчихлаа гэж бодсон. Гэтэл удахгүй хаалга дуугараад хүн гарах шиг болсон. Тэгэхээр нь би гадаа идэр ес тачигнасан их хүйтэн байхад согтуу хүмүүс гарч явбал энд тэнд очоод янз бүр болж магадгүй гэж бодоод араас машинаа унаад уруудаад явж байтал Тэс колонкийн тэнд Г.М*******ийн нөхөр нь явж байсан. Тэгээд би хажууд нь зогсоод өө яаж байгаа юм бэ? хөгшөөн энэ их хүйтэнд хөлдөнө ш дээ гэхэд зүгээр зүгээр би өөрөө алхаад харина гэхэд нь алив суучих гэсээр байгаад суулгаад гэрт нь хүргэж өгчихөөд эргээд гэртээ орж ирээд хэвтээд удаагүй байж байтал манай нөхөр над дээр ирээд М******* над руу залгаад байна гэж хэлэхээр нь яасан, юу болсон гэхэд М*******ийг нөхөр нь зодоод байна гэнээ яах уу гэж асуухаар нь одоо очихгүй бол болохгүй ш дээ гэж хэлээд очсон. Тэгээд яваад очсон чинь Г.М******* нь нөхөртөө зодуулсан байдалтай үс нь сэгсийчихсэн байсан. Цэцэгний сав нь хагараад газраар нэг шороо болчихсон, аяга таваг нь энэ тэрүүгээр нэг болчихсон байдалтай байна. Тэгээд манай нөхөр надад хандан чи М*******ийн нөхрийг авч гараад гадаа тайвшруулж бай гэж хэлэхэд нь би нөхрийг авч гараад машиндаа суугаад тайвшруулаад юм ярьсан. Энэ хооронд М******* манай нөхөр хоёр заваартсан. Эдний гэрт ороод 10 гаруй минутын дараа гарч ирсэн ба энэ хооронд над руу 2 удаа залгасан. Буцаад орох гэтэл М******* нь хаалгаа онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь тогшоод Мөөгий би байна, алив хаалгаа онгойлго гэж хэлтэл хаалгаа онгойлгож өгсөн. Тэгээд би Мөөгийгийн нөхрийг за миний хөгшин элдэв асуудал гаргалгүй орондоо ороод амарчих гэж хэлээд бид хоёр тэднийхээс гараад гэртээ өглөөний 7 цагийн алдад ирсэн. Тэгээд би унтаж байгаад 10 цаг гээд босож ирээд юм хумаа хартал манай нөхрийн өмд бохирдсон байсан. Энэ яахаараа бохирддог билээ гэж бодоод шалгатал энэ хоёр хоорондоо харилцаж мессеж бичсэн байсан. М******* нь тэр мессеж дээр намайг миний эмзэг сэдвээр доромжилж бичсэн байсан. Манай нөхөр надад бүх үнэнээ хэлсэн. Юу гэсэн бэ? гэхээр бид хоёрын явалдсан асуудал байсан. Тэгээд харилцаагаа дуусгах гэхээр М******* ерөөсөө надаас салж өгөхгүй байна, намайг ажилгүй болгоно, эсхүл цагдаад өргөдөл, гомдол бичиж өгнө гэж сүрдүүлээд байна гэсэн. Г.М******* нь миний нөхөр Атэй уулзаж, учирдаг, явалддаг байсан. Энэ нь хэд хэдэн тохиолдлоор батлагдсан. Үнэхээр л манай нөхөр чамаас салж өгөхгүй байсан юм бол чатаа харуулчих гэж хэлэхэд нэг ч зүйл харуулаагүй. Мөн салж өгөхгүй янз янзын зүйл яриад байдаг юм бол дууны бичлэгийг нь сонсгочих гэхэд юу ч сонсгоогүй. Тэгтэл манай нөхөр надад өөрийн дугаарынхаа хуулгыг авч өгсөн. Яриагүй биш ярьсан байсан. Гэхдээ тийм их олон удаа биш. М******* нь өөрийн нөхрийг 13 цагт цай уулгаад хамт явж байгаад ажил руугаа явсан хойгуур миний нөхрийг 2 цагт дууддаг. Г.М******* нь анхныхаа мэдүүлэг дээрээ нүүрэн тус газарт цохисон гэдэг. Гэтэл дараа дараагийн мэдүүлгүүдэд огт цохиогүй, үсдээгүй гэж мэдүүлсэн. Толгойны гэмтэл авсан гээд байна. 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр би л лав энэ хүний бие эрх чөлөөнд халдаагүй, толгойнд нь огт хүрээгүй. Намайг үсдэж байхдаа Г.М*******ийн үс нь онгоцны сэнс шиг эргэлдэж байсан ба ичихгүй цохиж зодоогүй гэж гүрийгээд байна. Цонхны тухайд гэвэл ярилцах гэж ирсэн гээд байна. Ярилцах гэж ирсэн хүн машинаасаа буугаад гүйдэг хаалганы хагархай цемент хэсгүүдийг шууд түүгээд манай байшингийн цонх руу юм шиддэг юм уу?. Хэрвээ үнэхээр ярилцах гэж зүгээр хүрээд ирсэн бол гараад очих байсан. Яагаад цонхыг маань хагалсан бэ? гэхээр нь би энэ хүний явалддаг байдлыг нь нөхөрт нь болон хадам эгчид нь хэлчихсэн, дээрээс нь танай хүнсний дэлгүүр ямар ямар хохирол яаж учруулдаг болохыг хэлчихсэн чинь надад өширхөж цонхыг маань хагалсан. Мөн би эдний хадам эгчтэй юм яриад сууж байтал миний машины дугаарыг хуулж аваад шидчихсэн. Дандаа миний эд хөрөнгөд халддаг. Цонхны дүгнэлт дээр үнэлгээний компани надтай ирж уулзах болов уу? гэж бодоод хүлээгээд байж байтал гэнэт үнэлгээ гарчихсан гарын үсгээ зур гээд мөрдөгч дуудсан. Г.М*******ийн шидсэн чулуунууд нь цонхны тавцанг цөмлөөд хагалсан байсан ба үнэлгээчин ирвэл би бүгдийг нь харуулж үнэлгээ тогтоолгоно гэж бодсон боловч ирээгүй. Тэгэхээр нь би мөрдөгч дээр очоод үнэлгээтэй танилцаад цонхны тавцан бас эвдэрсэн шүү дээ, энэ чинь бас миний эд хөрөнгө гэж мөрдөгчид хэлээд цонхны тавцангийн үнэлгээг гаргуулсан. Яг тэр цонхноос үргэлжлээд мебель ширээ байдаг ба тэр ширээ бас зурагдаж, хонхойсон байсан. Би ширээн дээр огт юм яриагүй ба за яршиг яршиг гээд больсон. Хамар битүүрээд агаар сайн авахгүй болоод ирэхээр толгой маань байнга өвддөг болсон. Толгой маань байнга өвдөөд ирэхээр зүрхний пульс ихэсдэг болчихсон. Энэ хүн ерөөсөө өөрийнхөө бурууг ухамсарладаггүй. Танай нөхөр намайг ярилцмаар байна гээд цагдаа дээр дуудсан. Манай дүүтэй хэрэлдсэн асуудалд би ерөөсөө хамаагүй. Хамрын таславчийн муруйлт бол ерөөсөө орой унтангуут хамар тагларчихдаг их хэцүү юм билээ. Би 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр эмнэлэгт цаг авч үзүүлсэн. Одоо би дандаа эм тариа ууж байгаа. Энэ хүн дандаа худлаа хэлнэ. Явалдсан асуудал үүссэн цагаас хойш эдний нөхөр өөрт нь гар хүрсэн нь өндөр магадлалтай...” гэх мэдүүлэг,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хяналтын камерийн бичлэгийн хуулбар,
зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.М******* нь өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцсон бөгөөд хохирогч Д.О******* нь өмгөөлөгч авахгүй гэдгээ илэрхийлэн, өөрийгөө өмгөөлж оролцсон болно.
1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн буруугийн талаар талуудын хууль зүйн дүгнэлт:
-Улсын яллагч Э.Гантулга: “...Шүүгдэгч Г.М******* нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б аймгийн Б сумын 5 дугаар багийн нутагт Д.О*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь “хамар ясны далд хугарал, таславч мурийлт, баруун шууны цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн өдөр Б аймгийн Б сумын 2 дугаар багийн 20-03 тоотод байрлах Д.О******* гэрт очин хэрүүл маргаан үүсгэн маргалдаж улмаар түүний байшингийн гурван ширхэг цонхийг чулуу шидэн хагалан, цонхны тавцанг гэмтээн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 346,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан камерийн бичлэг, гэрч нарын мэдүүлэг, хохирогч Д.О******* гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт, эмчийн тодорхойлолт, хүний биед үзлэг хийсэн шинжээч эмчийн дүгнэлт, бичлэг бүхий CD-ний бичлэг, байшингийн цонхны хохирол тогтоосон шинжээчдийн дүгнэлт зэргийг хангалттай тогтоогдож байна. ...Г.М*******ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, би огт биед нь хүрээгүй, өөрийгөө хамгаалсан гэдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт асуусан асуултад хариулахдаа сүүлд нь би биед нь цохиж халдсан гэдгээ хүлээлээ. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд нүүрийг нь маажиж хамар руу цохисон гэж мэдүүлдэг. Шинжээч дүгнэлтдээ хамрын таславчийн муруйлт бүхий шинэ гэмтэл байна, уг гэмтэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байж болзошгүй гэж тодотгон тогтоож өгсөн байгаа. Эдгээр нөхцөл байдлыг авч үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Дараагийн дугаарт хүний эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийн хохирол нь 300,000 төгрөгөөс дээш хохирол учирсан байхыг шаарддаг. Мөрдөгчийн хувьд зөвхөн цонх гэдэг байдлаар шинжээч томилсон байсан. Цонх гэдэг маань өөрөө ямар хэмжээтэй юм, шил, арам, цонх онгойлгох зориулалт бүхий бариул, бусад жижиг хэсэг зэргээс бүрдэнэ. Тэгэхээр зөвхөн цонхны шил нь хагарсан юм уу?, эсхүл арам нь эвдэрсэн юм уу?, яг юу нь эвдрээд байгаа юм гэдгийг мөрдөгчийн тогтоолд тодорхой дурдаагүй учир дахин шинжээч томилж гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тооцон гаргасан байгаа. Эхний шинжээчийн дүгнэлттэй хохирогч танилцаад манай цонх дангаараа эвдрээгүй, цонхны тавцан бас эвдэрсэн юм, тавцанг үнэлүүлэх шаардлагатай байна гэж хүсэлт гаргасан тул цонхны тавцанг бас үнэлсэн. Нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хоёр эд зүйлд хохирол учруулж нийт 346,900 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирлын хэмжээнд хүрч байгаа юм. Шүүгдэгч Г.М******* нь хэрвээ би энэ чулууг аваад шидвэл бусдын эд хөрөнгөд их бага хэмжээгээр хохирол учрах бүрэн боломжтой гэдгийг ухамсарлан ойлгох чадвартай, мөн бусдад хохирол хор уршиг учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдсэн санаатай үйлдэл байна. Тийм учраас шүүгдэгч Г.М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О*******д 346,900 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдсон ба уг хохирол нөхөн төлөгдөөгүй тул дээрх 346,900 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Харин хамрын гэмтэлд дахин эмчилгээ хийлгэнэ гэж хүсэл зоригоо илэрхийлж байгаа учраас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх боломжтой байна...” гэв.
-Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход дараах нотлох баримтуудыг харгалзан үзэх нь зүйтэй байна. 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б аймгийн Нэгдсэн эмнэлэгт цаг авч үзүүлсэн гэдэг боловч цаг авсан баримт байдаггүй, харин Бат-Эрдэнэ гэх эмчид үзүүлсэн бичиг дээр О******* биед баруун нүдний доор хацар орчимд хөхрөлтэй, хамрын зүүн талд хоёр хэсэгт арьс шалбарсан, баруун талын доод хэсэгт 0,5 см хэмжээтэй арьс зулгарсан, баруун шуунд зөөлөн эдийн хөхрөлт байна гэсэн байдаг. Тэгээд 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шүүх эмнэлгийн шинжээчид үзүүлэхэд О******* дээрх гэмтэл дээр зүүн хөмсөг, эрүүнд зулгаралт бүхий гэмтэл байна гэж бичигдсэн. Тэгэхээр эмчийн үзлэгээр илрээгүй гэмтэл шинжээчийн дүгнэлтээр гарч ирсэн гэмтлийг хэзээ хэрхэн, яаж үүссэн болохыг шүүх анхаарч үзэх нь зүйтэй байна. Тухайн үед О******* гэр бүл хэрүүл маргаантай байсан ба энэ хүний сэтгэл санаа тогтворгүй байсан. О******* дүү нь М*******тэй болон түүний ар гэртэй танайхнаас болж манай эгч янз бүр болоод байна гэж хэрүүл хийсэн гэдэг. Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд хэрэг болохоос өмнөх 4-5 хоногт М*******ээс өөр хүнээс гэмтэл авсан байх боломжтой гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Хэрэгт авагдсан бичлэг бүхий CD-г шинжлэн судлахад Г.М******* нь хохирогч О******* үснээс нь зулгаагаад дугтарч байгаа нөхцөл байдал харагдаж байна. Түүнээс биш цохиж зодсон үйлдэл огт харагдахгүй байна. Дараагийн дугаарт хохирогч О*******д хамар хугарах гэмтэл үүсээгүй байх талаар хавтаст хэргийн 31 дүгээр талд гэрч Алтангарьдын өгсөн мэдүүлэгт: “Тухайн үед О******* надад ярихдаа миний хамрын хажууд болон доод хэсэгт маажсан гэж байсан” гэжээ. Энэ нөхцөл байдлаас харахад О******* нүүрэн тус газарт цохиод хамрыг хугалах хэмжээний хохирол учруулах нөхцөл байдал байгаагүй гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Мөн гэрч нар ч гэсэн Г.М*******ийг нүүрэн тус газарт атгасан гараараа цохисон гэж мэдүүлдэггүй. Өөрөөр хэлбэл толгойн ар хэсэг рүү цохисон гэдгийг хохирогч болон гэрчүүд мэдүүлдэг. Хүний үснээс зулгаагаад дугтарч байгаа хүн нөгөө хүнийхээ нүүрэн хэсэгт цохих боломж хэр байх вэ? гэдгийг бас шүүх анхаарч үзнэ үү. Энэ хэргийн улмаас хохирогч, шүүгдэгч нар хэн алиндаа их бага хэмжээгээр гэмтэл учруулсан байгаа. М******* нь эмнэлэгт үзүүлэхэд тархины хаван буюу тархи доргилттой гэдгийг шинжээч эмчид өгсөн гэдэг. Гэтэл тэр дэвтэр нь зөрчлийн байцаагчаас гарч ирдэг. Тэгвэл яагаад тархины доргилтыг шинжээчийн дүгнэлтэд гарч ирээгүй юм бэ?. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд тархины доргилт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг. Тийм учраас шүүгдэгчийн хуулийн байгууллага тэгш бус хандаад байна гэж мэдүүлсэн нь үндэслэлтэй байна. Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин цонхны тавцан гэдгийг эвдэж гэмтээсэн байна гэсэн баримт хэрэгт нэг ч байдаггүй бөгөөд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл дээр ч гэсэн цонхны тавцан эвдэрсэн гэх нөхцөл байдал тусгагдаагүй байдаг. Мөнхбаяр гэх мөрдөгч шинжээч томилохдоо Сүлд үнэлгээний газрыг тогтоосон. Дараа нь гэмт хэрэг үйлдэгдсэн газарт очиж үзлэг хийж үнэлгээ тогтоо гэсэн. Гэтэл Сүлд үнэлгээний газар нь шинжээч томилох тогтоолд дурдсан заалтуудыг бүрэн дүүрэн биелүүлээгүй. Шүүгдэгч Г.М*******ийн хувьд хохирогчид хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо нүүрэн тус газарт цохиж үнэхээр хөнгөн гэмтэл учруулсан эсэх асуудал тогтоогдож байгааг шалгаж өгнө үү гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд цонхны тавцанд хохирол учирсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул үүнийг хохирлоос хасаж тооцон уг зүйл заалтад заасан бага хэмжээнээс дээш хохирол хүрэхгүй байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Харин цонхны шилэнд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна. Хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хохирлын хувьд хохирогч нь хэргийн улмаас хэр хэмжээний хохирол учирсан эсэх нь тодорхойгүй, баримт байхгүй тул хохирол хор уршиг яригдахгүй юм байна...” гэв.
-Хохирогч Д.О*******: “...Урьд нь би хэзээ ч би хамрын цацлага огт хэрэглэдэггүй байсан. Орой дээрээсээ би халзарч байгаа. Тухайн үед цонхны тавцан дээр нэлээдгүй шилнүүд болон хэд хэдэн чулуунууд байсан ба тавцан гэмтсэн гэдгийг би ч тухайн үед харж мэдээгүй. Сүүлд нь цэвэрлэгээ хийж чулуунуудыг авахад тавцан хагарч хонхойж гэмтсэн байсан. Хамрын таславчийн муруйлтын хувьд хавдрыг нь буулгасны дараа эмчилгээ хийх ёстой, хавдартай байхад болдоггүй юм гэхээр нь би ингээд яваад байгаа юм. 600-тай өвчин намдаагч хэрэглэж байж миний толгойн болон хамрын өвчин намддаг...” гэв.
Шүүгдэгч Г.М*******: “....Биеийн байдал буюу харшилтай, астамтай болоод зүгээр зогсож чадахгүй юм тулаад, хөдөлгөөнтэй байгаад байна. Тиймээс миний биеийн өгөгдөл, хэлэмжийг гаргаж байгаа үйлдлийг маань харгалзаж үзнэ үү. Би шүүхийг үл хүндэтгэсэн үйлдэл гаргаагүй шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлт хийсэн болно.
-Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн тухайд:
Шүүгдэгч Г.М*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1019 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Г.М*******ийн хохирогч Д.О******* нүүрэнд гараараа цохисон үйлдэл нь хохирогчийн бие махбодод учирсан хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, хамар, баруун шуу цус хуралт, хамар, зүүн хөмсөг, эрүүнд зулгаралт хөнгөн зэргийн гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь шинжээч эмч С.Чулуунсүхийн “...Д.О******* биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох, маажигдах үед үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
-Эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэргийн тухайд
Шүүгдэгч Г.М*******ийн бусдын эд хөрөнгө буюу орон сууцны цонхыг хагалсан, цонхны тавцанг эвдэлж, гэмтээсэн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хүсэж үйлдэн хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцох бөгөөд Г.М******* нь хохирогч Д.О******* эд хөрөнгө буюу түүний амьдрах байшингийн гурван цонхны шилийг хагалж 296,900 төгрөгийн, цонхны тавцанг гэмтээж 50,000 төгрөгийн буюу нийт 346,900 төгрөгийн хохирол учруулсан нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Г.М*******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
1.5.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч Г.М*******ийн бусдын эд хөрөнгийн хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдлийн улмаас 346,900 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд Г.М******* нь шүүхийн шатанд буюу 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Д.О*******д 350,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Хохирогч Д.О******* нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зааж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
-Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч Г.М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Гэмт хэрэг үйлдэгдэн гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нэг хэргийнхээ хохирол төлсөн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Г.М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар сайн дураараа 90 хоногийн хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгчид даалгах саналтай байна...” гэв.
-Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн: “...Улсын яллагчийн гаргасан торгох ялын саналуудыг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Учир нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон хоёр зүйл ангиас хамгийн боломжит шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна гэж үзэж байна. Ар гэрийн хувьд хоёр жоохон хүүхэдтэй, бусдын дэлгүүрт ажиллаж амьдралаа залгуулдаг зэрэгт тохирч байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 143 дахь тал/, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, /1 дүгээр хавтаст хэргийн 144 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 221 дэх тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 222 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.М*******ийн хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Г.М*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Г.М*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.М*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлсэн, учруулсан хохирол төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй дурдах нь зүйтэй гэж үзэв.
2.3.Бусад асуудал
Шүүгдэгч Г.М******* энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 3 ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган хадгалахаар шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хульж овогт Г М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М*******т оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.М*******т сануулсугай.
5.Шүүгдэгч Г.М******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.О******* нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан зардлын талаарх холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 3 ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.М*******т авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ