| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2024/0002/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/89 |
| Огноо | 2024-05-07 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/89
2024 05 07 2024/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч Э.Гантулга,
хохирогч Ч.Лхамсүрэн,
хохирогчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал, С.Намжилмаа,
шүүгдэгч Т.Цогтбаатар, Ц.*******н, О.Нямбаяр нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Цогтбаатар, Ц.*******н, О.Нямбаяр нарт холбогдох эрүүгийн 1815003610134 дугаартай, 163/2024/0002/Э индекстэй хэргийг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х*******ийн Цогтбаатар, ******* суманд 1989 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, ******* сумын Сансарын 8-16 тоотод оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, дүү нарын хамт амьдардаг,
-урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
- Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
-Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, эрэгтэй, 34 настай, РД: *******.
Монгол Улсын иргэн, Цагаан *******ийн *******н, Булган аймгийн Гурванбулаг суманд 1967 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, Булган аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар баг Олон дов гэх газарт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг,
- Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, эрэгтэй, 56 настай, *******
Монгол Улсын иргэн, Цагаан овогтой *******нгийн Нямбаяр, Булган аймгийн Гурванбулаг суманд 1990 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар баг Лах гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг,
- Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, эрэгтэй, 33 настай, РД: ГГ90042211.
Хэргийн товч утга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Т.Цогтбаатар нь Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг “Байшинт” гэх газраас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Ч.Лхамсүрэнгийн 20 тооны адуу болох олон тооны малыг бэлчээр дээрээс нь хулгайлан тууж явах замдаа Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт Ц.*******нтэй тааралдаж улмаар тухайн адууг хулгайн адуу болох талаар хэлснийг Ц.*******н нь мэдсэн атлаа хулгайн үйлдэлд санаатай үйлдлээрээ нэгдэж дэмжлэг үзүүлэн, уг 20 тооны адууг өөрийн хаваржаанд тууж аваачин хашилцаж 4 тооны адууг барьж аван Ц.Угтахбаярын тээврийн хэрэгсэлд өөрийн төрсөн хүү О.Нямбаяр, мөн Т.Цогтбаатар нарын хамт ачилцан өгч явуулж, үлдсэн 16 тооны адууг өөрийн хүү О.Нямбаяртай нийлж бусдад зарж борлуулсны улмаас нийт 22.800.000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.*******н нь Булган аймгийн Булган сумын Байшинтийн ам гэх газраас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Т.Цогтбаатарын тууж ирсэн 20 тооны адуу болох олон тооны малыг хулгайн адуу гэдгийг мэдсэн атлаа хулгайн үйлдэлд санаатай үйлдлээрээ нэгдэж дэмжлэг үзүүлэн, уг 20 тооны адууг өөрийн хаваржаанд тууж аваачин хашилцаж, 4 тооны адууг барьж аван Ц.Угтахбаярын тээврийн хэрэгсэлд өөрийн төрсөн хүү О.Нямбаяр, мөн Т.Цогтбаатар нарын хамт ачилцан өгч явуулсан, мөн үлдсэн 16 тооны адууг өөрийн хүү О.Нямбаяртай бүлэглэн бусдад зарж борлуулсны улмаас нийт хохирогч Ч.Лхамсүрэнд 22.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Нямбаяр нь Булган аймгийн Булган сумын Байшинтийн ам гэх газраас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Т.Цогтбаатарын тууж ирсэн 20 тооны адуу болох олон тооны малыг хулгайн адуу гэдгийг мэдсэн атлаа хулгайн үйлдэлд санаатай үйлдлээрээ нэгдэж дэмжлэг үзүүлэн, 4 тооны адууг барьж аван Ц.Угтахбаярын тээврийн хэрэгсэлд Т.Цогтбаатар, Ц.*******н нарын хамт ачилцан Т.Цогтбаатарт өгч явуулсан, мөн үлдсэн 16 тооны адууг өөрийн аав Ц.*******нтэй бүлэглэн бусдад зарж борлуулсны улмаас нийт хохирогч Ч.Лхамсүрэнд 22.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 1815003610134 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Т.Цогтбаатар нь Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг “Байшинт” гэх газраас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Ч.Лхамсүрэнгийн 20 тооны адуу болох олон тооны малыг бэлчээр дээрээс нь хулгайлан тууж явах замдаа Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт Ц.*******нтэй тааралдаж улмаар тухайн адууг хулгайн адуу болох талаар хэлснийг Ц.*******н нь мэдсэн атлаа хулгайн үйлдэлд санаатай үйлдлээрээ нэгдэж дэмжлэг үзүүлэн, уг 20 тооны адууг өөрийн хаваржаанд тууж аваачин хашилцаж 4 тооны адууг барьж аван Ц.Угтахбаярын тээврийн хэрэгсэлд өөрийн төрсөн хүү О.Нямбаяр, мөн Т.Цогтбаатар нарын хамт ачилцан өгч явуулж, үлдсэн 16 тооны адууг өөрийн хүү О.Нямбаяртай нийлж бусдад зарж борлуулсны улмаас нийт 22,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.*******н нь Булган аймгийн Булган сумын Байшинтийн ам гэх газраас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Т.Цогтбаатарын тууж ирсэн 20 тооны адуу болох олон тооны малыг хулгайн адуу гэдгийг мэдсэн атлаа хулгайн үйлдэлд санаатай үйлдлээрээ нэгдэж дэмжлэг үзүүлэн, уг 20 тооны адууг өөрийн хаваржаанд тууж аваачин хашилцаж, 4 тооны адууг барьж аван Ц.Угтахбаярын тээврийн хэрэгсэлд өөрийн төрсөн хүү О.Нямбаяр, мөн Т.Цогтбаатар нарын хамт ачилцан өгч явуулсан, мөн үлдсэн 16 тооны адууг өөрийн хүү О.Нямбаяртай бүлэглэн бусдад зарж борлуулсны улмаас нийт хохирогч Ч.Лхамсүрэнд 22,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Нямбаяр нь Булган аймгийн Булган сумын Байшинтийн ам гэх газраас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Т.Цогтбаатарын тууж ирсэн 20 тооны адуу болох олон тооны малыг хулгайн адуу гэдгийг мэдсэн атлаа хулгайн үйлдэлд санаатай үйлдлээрээ нэгдэж дэмжлэг үзүүлэн, 4 тооны адууг барьж аван Ц.Угтахбаярын тээврийн хэрэгсэлд Т.Цогтбаатар, Ц.*******н нарын хамт ачилцан Т.Цогтбаатарт өгч явуулсан, мөн үлдсэн 16 тооны адууг өөрийн аав Ц.*******нтэй бүлэглэн бусдад зарж борлуулсны улмаас нийт хохирогч Ч.Лхамсүрэнд 22,800,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Цогтбаатарын өгсөн: 2018 оны 09 дүгээр сард Булган аймгийн Булган сумын Байшинт гэх газраас 20 орчим тооны адуу урагш нь туугаад Гурванбулаг сумын нутагт ороод засмал замын урд *******нтэй таарсан. Уулзаж мэнд мэдээд танай гадаа адуугаа хашиж морь барьж авах гэсэн юм гээд морь барьж авсан. Угтахбаяртай утсаар ярихад хотод явна гэхээр нь хүнээс адуу авч байгаа юм ачаадхая гээд ачсан. *******н, Угтахбаяр бид 3 хамт адууг ачсан гэх мэдүүлэг
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******нгийн өгсөн: 2017 оны 09 дүгээр сард засмал замын урд хонио хариулж яваад Цогтбаатартай таарсан. Тэгэхэд адуу тууж явсан ба очиход Цогтбаатар байсан ба морио солих гэсэн юм гэхээр нь ахад нь уурга байхгүй, тэнд манай хашаа байна, хашаанд хашчих гэсэн. Манайд ирээд байж байхдаа гадаа гараад утсаар яриад байсан. Машинтай хүнтэй утсаар ярьсаар байгаад уулзаад би хашааны аман дээр зогсоод Угтбахбаяр, Цогтбаатар нар адууг ачсан. Үлдсэн адууг зарсан гээд байгаа ч зарсан гэх нотлох баримтаа гаргаж ир. Намайг хэлмэгдүүлээд байна. Миний даралт ихсээд 200-аас буухгүй байна. Намайг хилс хэрэгт хэлмэгдүүлээд хохирол төлүүлэх гээд чичрээд байна. Нямбаяр тэр үед гэртээ байгаагүй, гэр нь цоожтой байсан. Машинд байсан хүүхэн машинаасаа гарч ирээгүй. Машиндаа хүүхэдтэйгээ байсан. Хүүхэд нь 3-4 настай байсан. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэх мэдүүлэг,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Нямбарын өгсөн: 2018 оны 09 дүгээр сард энэ хэргийг үйлдсэн гэж байна. Би тэр үед гэртээ байгаагүй. Угтахбаярын мэдүүлэгт эргэлзээтэй зүйл байна. Очиход нар жаргаж байсан гэсэн. Харанхуй болж байхад 20 гаран насны хүнийг харсан байх боломжгүй. Гэрчийн мэдүүлэгт адууны зүс зөрөөд байгаа. Өмнөх хурлаас Нямбаяраас асууж нотлох зүйл байсан ба нэмэлт зүйл тодруулах гэхэд оргосон гэсэн. Баригдаад ирэхэд яллах дүгнэлт гардуулсан. Би зүсийг гаргаж өгөөгүй. Зүсийг гэрч нар гаргаж өгсөн. Дансны хуулга дээр бараг 2 сарын дараах хуулга дээр яриад байгаа. Мөрдөн байцаалтын шатанд хэлсэн. Би 10 сарын 31-нд зарсан бол манай тэр хавийн айлын мал хариулгатай байдаг тул тэр хавийн айлуудаас лавлаж өгнө үү гэж удаа дараа хэлэхэд шалгалгүйгээр урд хулгайн хэрэг хийж байсан болохоор хэрэг хүлээлгээд, хохирол төлбөр гаргуулах гээд байна. Математикийн магадлалын хуулиар 25-аас дээш бол 30-аад, 25-аас доош бол 20 гаран гэнэ. Би 80 гаран килограмм жинтэй, 28 настай байсан. Угтахбаярыг хөтөлж асуусан байх магадлалтай. 50 гаран насны хүний хүүхэд нь өдийд эхнэр хүүхэд авсан бол хэдэн настай байх гэж багцаагаар асуусан байх. 20 гаран гэдэг өөр утга учиртай гэж бодож байна гэх мэдүүлэг,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Лхамсүрэнгийн өгсөн: Хохирлоо төлүүлж авмаар байна. Өмнөх мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
Эрүүгийн 1815003610134 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:
5. Хохирогч Ч.Лхамсүрэнгийн өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 06-ны орой 09 цаг өнгөрч байхад Байшинтийн ам руу гурилын үйлдвэрийн амралтын чигтээ адуугаа залсан тэр орой гэрийн гадаа нэг морь адуунаас барьж аваад аргамжсан юм. Тэгээд шөнө 11 цаг өнгөрч байхад харахад аргамжаатай морь байхгүй байсан. Тухайн үед аргамжаагаа чирээд явж дээ гэж бодсон. Маргааш өглөө нь адуугаа хайгаад олоогүй. Тэгээд хэд хоног модолсон юм байх гээд хайгаад олоогүй. Сүүлд аргамжаатай байсан морины аргамжааг малчны хороонд байдаг хүн байшинтын усны эхэнд хадландаа явж байгаад олсон гэж хүнд хэлсэн байсан юм тэгээд очиж үзсэн чинь миний морины аргамжаа мөн байсан тэгээд одоо болтол адуугаа хайгаад олохгүй байгаа. Сүүлд бодоод байхад миний аргамжаатай морийг авч унаад манай адууг Байшинтын эхнээс олж хөөгөөд явсан байх гэж бодоод байна... миний аргамжаатай байсан морь зөв талын гуян дээрээ ширээтэй гурвалжин тамгатай өндөр улаан хээр морь байсан. Бас жижгэвтэр сойлготой байсан. 2018 оны 09 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн багцаанд аргамжсан тэгээд гэртээ ороод айргаа бүлж байгаад зогсоогоод 23 цаг 30 минут болж байхад гарахад аргамжаатай байсан морь байхгүй болохоор нь очтол аргамжаа нь хүртэл байхгүй байхаар нь гайхаад очтол гадсаар нь сугалаад явсан байсан. Манай тэр морь бол их номхон морь байнга аргамжаад сургасан тэр болгон үргээд таслаад явахгүй юм. Мөн аргамжаа нь шинэ аргамжаа байсан учраас тэр болгон тасрахгүй гэж бодож байгаа. Тухайн үед шөнө болсон байсан учраас би мориныхоо араас явж хайгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-77 дахь тал/,
6. Гэрч Н.Нарангэрэлийн өгсөн: “...Манайх 2022 оны 09 дүгээр сард Булган аймаг 1-р баг Байшинт гэх газар намаржиж байсан. Тэгтэл 2018 оны 09 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө намаржаан дээрээсээ голын хажуугаас аргамжаатай нэг морь, цаана бэлчиж байсан 19 тооны адуу нийт 20 адуугаа алдсан. Тухайн үед манай нөхөр байж болох газруудаар хайгаад цагдаад тэмдэглүүлээд ирсэн. Тэгтэл 2018 оны 09 дүгээр сарын 08-ны үдээс хойш 15 цагийн үед манай нөхөр бид хоёр модны хаяанд бухалдсан байсан өвсөн дээрээ очих гэж явтал замд манай хойд талд байдаг Алтангэрэл гэдэг хүүхэд бид хоёр дээр ирээд танай алга болдог хээр зүсмийн морины аргамжааг чинь хүн олсон. Тэр аргамжааг чинь олсон хүн миний хойноос ирж явна гэж хэлэхэд бид хоёр манай аргамжааг олсон хүмүүстэй уулзаж яриад манай нөхөр та хоёр энэ аргамжааг хаанаас олсон юм бэ гэж асуухад өндөр залуу нь дээр модны хаяанд хэвтэж байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79-80 дахь тал/,
7. Гэрч Ц.Угтахбаярын өгсөн: “...Би тухайн үед эхнэртэйгээ хот орчихоод Архангай аймгийн Түвшрүүлэх сум руу гарж явахад Цогтбаатар надруу 88224869 гэх дугаараас залгаад би “Номын булаг” гэх газрын урд талаас адуу авах гэж байгаа юм та энд хүрээд ир би таныг тосоод авъя гэж хэлсэн. Тэгээд утсаар яриад “Номын булаг өнгөрөөд засмалаас урд зүг рүү салаад нэг айлын гадаа очсон. Цогтбаатар тэр айлд байсан. Би бол тухайн айлд ороогүй. Тэр айлд очиход Цогоогоос гадна 2 эрэгтэй хүн байсан. Нэг нь бол настай 50 гаран насны хүн байсан. Нөгөөх нь сайн хэлж мэдэхгүй байна тэгээд нар жаргаж байсан учраас сайн хараагүй. Тэр айлын гадаа адуу хашчихсан байсан. Яг одоо бол хэдэн адуу байсан талаар нарийн хэлж мэдэхгүй байна тухайн адуунаас 4 тооны морийг ачсан... Цогтбаатар, 50 гаран насны хүн, 20 гаран насны эрэгтэй залуугийн хамт ачсан юм би уг залууг сайн хараагүй одоо танихгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 94-96 дахь тал/,
8. Гэрч Т.Цогтбаатарын өгсөн: “...2018 оны намар Булган аймгийн баруун талын Байшинт гэх модтой уулын амнаас тэнд байсан 20 орчим тооны хээр азаргатай адуу байсан санагдаж байна адууг туугаад Булган аймгийн Гурван булаг сумын хойд руу байх Оожоо гэх айлд аваачаад тэдний хашаанд би тэндээс 4 морийг барьж аваад Архангай аймгийн Түвшрүүлэх сумын Угтахбаяр гэх хүний машинд ачаад Хотонт сум руу аваачсан. Бусад адууг нь Оожоо аваад үлдсэн. Би өөрийн авсан 4 адуугаа авч очоод 2 хоногийн дараа Хотонт сумаар мал аваад явж байсан малын ченж хүнд худалдаалсан. Бэлэн мөнгөөр нь 2 сая орчим төгрөгөнд өгсөн байх...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дахь тал/,
9. Гэрч Д.Оюунбатын өгсөн: “...Би сар өдрийг нь сайн санахгүй байна 2018 оны намар байхаа Нямбаяраас жижиг биетэй бор морь, хоёр хар морь, хөхөлтэй зээрд морь тамгануудыг сайн санахгүй байна тухайн үед нэг адууг нь 800.000 төгрөгөөр бодоод 4 тооны адууг 3.350.000 төгрөгт багтаан бодож авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 110 дахь тал/,
10. Гэрч Ө.Ганбаатарын өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын эхэн үед Нямбаяр над руу залгаад адуу авах уу гэсэн тэгэхээр нь би үзэж байгаад авая гэсэн. Тэгээд би Номын булагийн цаана Нямбаярын хаваржаан дээр очоод 3 тооны бараан зүсмийн соёолон зүсмийн адуу байсан байх би тодорхой санахгүй байна тухайн үед 3 адууны нэг нь гүү байсан шиг санагдаж байна тэгээд тэр 3 адуугаа Нямбаярын хаваржаан дээр тухайн үед миний малыг нядалж өгдөг байсан Төрөө, Баянмөнх нараар нядлуулсан тэгээд тухайн өдрийнхөө орой Нямбаярыг эхнэр Баттуултай нь аваад Улаанбаатар хот руу би өөрийн эзэмшлийн карина загварын жижиг машинтай махаа ачаад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дэх тал/,
11. “Сүлд үнэлгээ” ХХК-ны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-3323/0023 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 134-138 дах тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларчээ.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,
Шүүгдэгч Т.Цогтбаатар нь Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг “Байшинт” гэх газраас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ч.Лхамсүрэнгийн 20 тооны адуу болох олон тооны малыг бэлчээрээс нь хулгайлан тууж явах замдаа Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт шүүгдэгч Ц.*******нтэй таарч, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн уг 20 тооны адууг өөрийн хаваржаанд тууж аваачин хашилцаж 4 тооны адууг шүүгдэгч Ц.*******н, О.Нямбаяр нартай бүлэглэн Ц.Угтахбаярын тээврийн хэрэгсэлд ачилцан өгч явуулсан,
Шүүгдэгч Ц.*******н, О.Нямбаяр нар нь бүлэглэн Т.Цогтбаатарын тууж ирсэн 20 тооны адуунаас үлдсэн 16 тооны адууг бусдад зарж борлуулсан үйл баримт хэргийн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Дээрх үйл баримт нь хэрэгт цугларсан хохирогч Ч.Лхамсүрэнгийн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Н.Нарангэрэл, Ц.Угтахбаяр, Т.Цогтбаатар, Д.Оюунбат, Ө.Ганбаатар нарын мэдүүлэг болон шүүгдэгч Т.Цогтбаарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй “Сүлд үнэлгээ” ХХК-ийн гаргасан шинжээчийн 3323/0023 дугаартай дүгнэлтээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 22.800.000 төгрөг гэж тогтоосон бөгөөд шүүгдэгч Т.Цогтбаатар, Ц.*******н, О.Нямбаяр нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч Ч.Лхамсүрэнд хохирол учирсан шалтгаант холбоотой байна.
“Мал хулгайлах” гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Бусдын өмчлөх эрх гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор үнийг төлнө гэж Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.
Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Т.Цогтбаатар, Ц.*******н, О.Нямбаяр нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: Шүүгдэгч Т.Цогтбаатар, Ц.*******н, О.Нямбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал: Гэм буруугийн тал дээр маргахгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.Цогтбаатар нь шүүгдэгч Ц.*******н, О.Нямбаяр нартай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн хохирогч Ч.Лхамсүрэнгийн олон тооны буюу 20 тооны адуу хулгайлсан болох нь тогтоогдсон гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа: Шүүгдэгч О.Нямбаяр, Ц.*******н нарын үйлдэл тогтоогдоогүй, гэмт хэрэг Байшинт гэх газарт үйлдэгдсэн үйлдлээрээ нэгдэх гэдгийг Ц.*******н, О.Нямбаяр нарыг Байшинтийн аманд ирсэн мэтээр хэлээд байна. Ц.*******н, О.Нямбаяр нар хэдэн адуу авсан нь тогтоогдоогүй. 7 адуу хохирогчийн адууны нас зүстэй тохирохгүй байгаа. 7 адууг зараад үлдсэн адууг яасан гэдэг дээр гаргалгаа гарч ирэхгүй байна. Үнэхээр авсан бол малын тоо өсөх ёстой. Гэтэл адууны тоо буурсан байгаа. Адууг авсан бол адууны тоо жилийн эцсээр гараад ирэх ёстой. Оюунбат энэ хүнийг адуутай гэдгийг мэднэ гэсэн. Мөн Ганбаатар мал авч зардаг гэдгээ хэлсэн. Малгүй хүн хулгай хийдэг гэсэн сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан шинжтэй байна. Хор уршиг байхгүй. Ашигласан гэх сэдэл санаа зорилго байхгүй. Хохирлын 22.800.000 төгрөгөөс Цогтбаатар авахыгаа аваад бусдыг нь хаясан. Илүү багтсан бол аваад явах байсан.Цогтбаатар авснаараа гэмт хэрэг төгссөн байх тул Ц.*******н, О.Нямбаяр нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч М.Даваасүрэн: Шүүгдэгч Т.Цогтбаатар, Ц.*******н, О.Нямбаяр нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн хохирогч Ч.Лхамсүрэнгийн 20 тооны буюу олон тооны мал хулгайлсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул гэм буруутайд тооцох дүгнэлтийг,
Шүүгдэгч О.Нямбаяр: Мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, хэрэг үйлдэгдсэн гэх өдөр би Улаанбаатар хотод байсан, би өөрийн 7 тооны адуугаа зарсан, хэрэгт хамааралгүй гэх тайлбарыг
Шүүгдэгч Ц.*******н: Мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, би хулгайн адуу гэдгийг мэдээгүй гэх тайлбарыг
Шүүгдэгч Т.Цогтбаатар: Гэм буруугийн талаар маргахгүй гэх тайлбарыг тус тус шүүхэд илэрхийлж оролцсон болно.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаагийн шүүгдэгч Ц.*******н, О.Нямбаяр нарыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй тул тэднийг цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.
Учир нь шүүгдэгч Ц.*******н, О.Нямбаяр нар нь Т.Цогтбаатартай мал хулгайлах гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч О.Нямбаяр нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Улаанбаатар хотод хүүхдээ эмчлүүлж байсан, өөрийн малнаас бусдад зарж борлуулсан, өмнө нь мөнгө зээлж байсан тул өрөө төлөх зорилгоор өөрийн адуунаасаа 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд Ганбаатарт зарсан гэмт хэрэг үйлдээгүй гэж маргадаг боловч түүнийг Улаанбаатар хотод хүүхдээ эмчлүүлж байсан талаарх баримт болон өөрийн малаа зарсан гэдгийг нотлосон баримт хэрэгт авагдаагүй байна.
Гэрч Ө.Ганбаатар нь мэдүүлэгтээ 2018 оны 09 дүгээр сарын эхээр 3 тооны бараан зүсмийн адуу авсан, би О.Нямбаярт огт мөнгө зээлж байгаагүй, би ч өөрөө зээлж байгаагүй гэж,
Гэрч Д.Оюунбат мэдүүлэгтээ би сар өдрийг нь санахгүй байна, 2018 оны намар байхаа Нямбаяраас жижиг биетэй бор морь, хоёр хар морь, хөхөлтэй зээрд морь 4 тооны адуу худалдан авсан,Нямбаяраас гарал үүслийн гэрчилгээ аваагүй, Дашинчилэн сумаас авсан санагдаж байна гэж тус тус мэдүүлэг өгчээ.
Эдгээр гэрч нарын мэдүүлгүүдээр О.Нямбаярын хэрэг үйлдэгдэхээс өмнө өөрийн малнаас адуугаа зарж борлуулсан гэх мэдүүлгийн эх сурвалж тогтоогдоогүй, няцаагдсан болно.
Шүүгдэгч О.Нямбаяр нь өөрийн эзэмшлийн адуунаас бусдад зарж борлуулсан бол гарал үүслийн гэрчилгээ авч, худалдан борлуулалт хийх үүрэгтэй бөгөөд уг үүргийг Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “Малыг бусдын өмчлөлд шилжүүлэх тохиолдолд мал, мах бэлтгэх гарал үүслийн гэрчилгээ авч, нэг бүрчилсэн бүртгэлийг гэрээнд хавсаргах” нь мал бүхий иргэний үүрэг гэж хуульчилсан бөгөөд уг үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Нямбаяр нь 2018 онд Ганбаатарт 3, Оюунбатад 4 адуу зарсан өөр адуу зараагүй байх, 2019 онд би адуу зараагүй тэр үед би ажил хийж байсан өөрийн адуунаасаа 7 тооны адууг 2018 онд зарсан гэж мэдүүлсэн байна.
Уг мэдүүлэг нь 1 дүгээр хавтаст хэргийн 220 дугаар талд авагдсан шүүгдэгч О.Нямбаярын засаг захиргааны нэгжийн дарга А.Алтантуяагийн гаргасан тодорхойлолтоор үгүйсгэгдэж байна.
Учир нь 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор О.Нямбаяр нь 30 толгой адуу тоолуулсан, 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор 34 толгой адуу тоолуулжээ.
Гэтэл шүүгдэгч О.Нямбаяр нь 2018 оны жилийн эцсийн мал тооллогоос өмнө өөрийн эзэмшлийн 30 толгой адуунаас 7 тооны адууг 2018 оны 08 дугаар сард зарсан гэж мэдүүлсэн бөгөөд малын тоо хорогдох биш нэмэгдсэн байна.
Шүүгдэгч Ц.*******н, О.Нямбаяр нарын мэдүүлэг нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт цугларсан гэрч Ц.Угтахбаяр, Ө.Ганбаатар, О.Оюунбат нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Иймд Шүүгдэгч Т.Цогтбаатар, Ц.*******н, О.Нямбаяр нарын бусдын олон тооны малыг дур мэдэн авч нядалсан идэвхтэй үйлдэл, өөрсдийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол Улсын эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлсан гэх хүндрүүлэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй,түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсаны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Т.Цогтбаатар, Ц.*******н, О.Нямбаяр нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч Ч.Лхамсүрэнд 22.800.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч тус бүрээс хохирлыг хувь тэнцүүлэн 7.600.000 төгрөгөөр тогтоож, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Ц.*******н, О.Нямбаяр нарын өмгөөлөгч С.Намжилмаа хохирол төлбөр төлөх завсарлагаа авах талаар хүсэлт гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан “ Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг хуулийн хугацаанд завсарлуулсан.
Уг хугацаанд шүүгдэгч Т.Цогтбаатар хохирогч Ч.Лхамсүрэнд 4.100.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.*******н 2.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан тул шүүгдэгч Т.Цогтбаатараас 3.500.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.*******нгээс 5.600.000 төгрөгийг, шүүгдэгч О.Нямбаяраас 7.600.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ч.Лхамсүрэнд олгохоор шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.Цогтбаатар, Ц.*******н, О.Нямбаяр нарыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт,
Улсын яллагчаас: Шүүгдэгч Т.Цогтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч Ц.*******нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч О.Нямбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг,
Шүүгдэгч Т.Цогтбаатарын өмгөөлөгч Ч.Отгонжаргал: Т.Цогтбаатар гэмт хэрэг үйлдсэн болохоо мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөв илэрхийлсэн. Мөн хохирол төлөхөө илэрхийлж, өөрт оногдсон төлөх төлбөрийн 50 хувиас дээш төлбөрийг төлсөн үлдэх төлбөрөө богино хугацаанд төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлд заасныг журамлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан өршөөлд хамрагдахаар байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэг өршөөлд хамрагдахааргүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дугаар зүйлд зааснаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахаар байх тул уг заалтыг журамлан эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэх саналыг,
Шүүгдэгч Ц.*******н, О.Нямбаяр нарын өмгөөлөгч С.Намжилмаа: Улсын яллагчаас шүүгдэгч нарт хорих ялын санал гаргаж байна. Ц.*******нгийн хувьд гэм буруугаа зөвшөөрөөд хохирол төлсөн. О.Нямбаяр шүүх хуралдаан дээр гэмт хэрэг үйлдээгүй гэдэг. Ц.*******н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Ц.*******н нь эрүүл мэндийн хувьд их хүнд байгаа. Хүүхдийн зулай шиг хоосон тархитай,хохирол төлбөрөөс тодорхой хувийг төлсөн. О.Нямбаярын хувьд нэг ч адуу авч зараагүй, өөрийнхөө адууг зарсны төлөө шийтгүүлэхгүй гэмт хэрэг үйлдээгүй тул хохирлыг төлөхгүй гэдэг, 5 жилээс доош хорих ял оногдуулбал Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой. Гэмт хэрэгт оролцсон оролцоо, шалтгаан нөхцөлийг харах ёстой. Т.Цогтбаатар гэж энэ хүн гэмт хэрэг үйлдээгүй бол Ц.*******н, О.Нямбаяр нар энд сууж байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн хүнд бага ял өгөөд, оролцоогүй хүнд их ял өгч байгаа нь үндэслэлгүй байна гэх саналыг тус тус шүүхэд гаргасан байна.
Шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Отгонжаргал, С.Намжилмаа нараас гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж өгнө үү гэх саналыг хүлээн авч, уг хуулийг хэрэглэх боломгүй гэж үзсэн болно.
Тулгар төр байгууллагдсаны 2230 жил, Их Монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага зөрчлөөс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих зохицуулалтад хамаарч байгаа хэдий боловч шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан шүүхээс оногдуулсан хорих ялыг бүхэлд нь зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломжгүй байна.
Учир нь Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгдэгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаартай “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тайлбарлахдаа,
“Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлэхгүйгээр ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн хэсгийг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэхээр уг зохицуулалтын зорилгыг “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор гэж нарийвчлан тодорхойлсон.
Өөрөөр хэлбэл, хорих ангид ял эдлэж буй ялтны бөөгнөрөлийг сааруулах замаар коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүний эдлээгүй үлдсэн ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлэхгүйгээр, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэхээр зохицуулсан байна гэж тайлбарлажээ.
Уг хуулийн зохицуулалт нь шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн хэсгийг л зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэхээр зохицуулсан байна.
Харин шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн оролцоо, хохирол төлбөрийг төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан,
Шүүгдэгч Т.Цогтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч Ц.*******нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч О.Нямбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шудрага ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Т.Цогтбаатар, Ц,*******н нар нь 26 хоног цагдан хоригдсон, О.Нямбаяр 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 190 хоног цагдан хоригдсон бөгөөд шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Т.Цогтбаатар, Ц,*******н, О.Нямбаяр нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х*******ийн Цогтбаатар, Цагаан *******ийн *******н, Цагаан овогтой *******нгийн Нямбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цогтбаатарыг 3 /гурав/ жилийн хугацаагаар,
Ц.*******нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар,
О.Нямбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цогтбаатарт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг, Ц.*******нд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, О.Нямбаярт оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Цогтбаатар, Ц,*******н нарын цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоног, О.Нямбаярын цагдан хоригдсон 190 / нэг зуун ерэн/ хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Цогтбаатар, Ц.*******н, О.Нямбаяр нарын урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цогтбаатараас 3.500.000 төгрөгийг, шүүгдэгч Ц.*******нгээс 5.600.000 төгрөгийг, шүүгдэгч О.Нямбаяраас 7.600.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Ч.Лхамсүрэнд олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ