Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 156/ШШ2021/00183

 

 

 

 2021 оны 03 сарын 25 156/ШШ2021/00183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2021/00111/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина би даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...................... оршин суух, Хуасай овогт Г.Б. /РД:............/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...........................оршин суух, Багш нар овогт З.Э. /РД:.............../-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.У., нэхэмжлэгч Г.Б., хариуцагч З.Э. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие З.Э-тай 2008 оны намар танилцаж, 2009 оны намар анхны хүүхдээ тээх болсныг мэдсэнээр 2010 оны 01 сард буюу 5 сартай бие давхар эх орондоо ирж 2010 оны 6 дугаар сарын 05-ны өдөр анхны хүү Э.Б-ийг төрүүлж, 2012 оны 4 дүгээр сарыг хүртэл хадмын хажууд хамт амьдарсан. Энэ хоёр жилийн хугацаанд хадмын зүгээс сэтгэл санааны дарамтад өртөж байсан. 2012 оны 4 сард буюу хүү Б-ийг 2 настай байх үед хүүгийн хажууд хадам аав ээж үл ойлголцсны улмаас намайг өшиглөж, модоор зодож муу муухай үгээр орилж дарамталсан. Үүний улмаас хүү Э.Б-ийг авч өөрийн гэртээ ирсэн. Ингээд 2012 оны зунаас гэр бүлээ бүтэн байлгах, мөн нөхөртэйгөө ойлголцож сайхан амьдарна гэсэн итгэлээр 2013 он хүртэл Улаанбаатар хотод өөрийн хүргэн ахын түр оршин суух хаяг дээр нөхөр хүүгийн хамт амьдрахдаа бага хүүгээ тээж 2010 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрүүлсэн. Бага хүүгээ төрүүлээд мөн л өөрийн аав ээж дээр очсон. Нөхөртэйгөө амьдрах хугацаанд амьдрал дээшлэхгүй, ойлголцохгүй мөн сэтгэл санаа тавгүй, нөхөр надад гар хүрдэг болсон. Гэр бүлийн маргаанд З.Эр-ын аав ээж байнга оролцдог. Тэгээд бид ярилцсаны үндсэн дээр Бүгд найрамдах Чех улсад амьдрахаар шийдэж, бичиг баримтаа хөөцөлдсөн. Бид хамт явж хүүхдүүдээ Чех улс руу авахын тулд гэрлэлтээ батлуулаагүй байсныг Дорнод аймаг Баяндун

сумын Улсын бүртгэгч Ч.Д-аар 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр бүртгүүлсэн боловч З.Э өөрийн хүсэлтээр Чех улс руу явахыг татгалзсан. Ингээд миний бие 2 хүүгээ өөрийн эцэг эхдээ даатган үлдээгээд 2016 оны 11 дүгээр сард Чех улс руу явсан. Хичээлийн саруудад өөрийн эгч Ц-д хоёр хүү маань амьдарч, би сар бүр 200,000 төгрөг явуулж байсан. Санхүүгийн боломжгүй үед маань миний эцэг, эх эгч, дүү нар хоёр хүүг маань бүх зүйлээр тусалж дэмжиж байсан. Намайг Чех улсад байхад З.Э нь нэг удаа 3 хоногоор хүүхдүүд дээрээ очиж мөн нэг удаа 150,000 төгрөг өгснөөс өөрөөр тусалж харж хандаж байгаагүй. Энэ бүгдийг эгч дүү нар маань нотолно. 2018 оны зун хичээлийн амралтаар хүүхдүүдийг аав нь Биндэр сум руу 10 гаран хоногоор аваачсан боловч хүүхдүүдэд анхаарал, халамж үзүүлээгүй нь байгаа байдал, ааш зангийн өөрчлөлтөөр харагдсан. Мөн одоо очихгүй гэж ярьдаг. Эвлэрүүлэн зуучлах хугацаанд аав дээрээ очихыг хүүхдүүд хүсээгүй. Миний бие Чехэд байх хугацаандаа Э-ыг хүрээд ирээч гэж хэд хэдэн удаа гуйж байсан. Гэсэн ч гэр бүлийнхээ төлөө надтай хамт амьдрах талаар идэвх байгаагүй, хөндийрсөн. Би 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн. Одоогоор Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн 36-38 тоотод 2 хүүгийн хамт өөрийн эцэг С.Г-ын нэг өрөө байранд амьдарч байна. Хоёр хүүгээ оршин сууж буй байрны ойролцоо 8 дугаар сургуульд шилжүүлэн оруулсан. Би хувцас дээлний захиалга авч гэрээр оёдол хийж орлого олж байна. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй. З.Э хүүхдүүдтэйгээ хамт амьдрахгүй удсан. Шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч амжилтгүй болсон. Иймд Г.Б, З. бидний гэрлэлтийг цуцалж, хүү Э.Б, Э.М нарыг эх миний асрамжид үлдээж, эцэг З.Э-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч З.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний гэрлэлтийг цуцалж, 2010 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Э.Б , 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.М нарыг эх Б-ын асрамжид үлдээж, хүүхдүүддээ тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч З.Э-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэгчид нь 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон болох нь хэрэгт авагдсан №2104000001 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбараар, (хх-ийн 10 тал) тэдгээрийн дундаас 2010 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүү Э. төрсөн болох нь төрсний 0364761 дугаартай гэрчилгээний хуулбар (хх-ийн 6 тал), 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүү Э.М төрсөн болох нь төрсний 0000854929 дугаартай гэрчилгээний хуулбар (хх-ийн 7 тал), Дорнод аймгийн Баяндун сумын 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид Г., З. нар хандаж, улмаар 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулсан боловч амжилтгүй болж, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 156/ЭТ2020/00001 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр дуусгавар болгосон байна. (хх-ийн 11 тал)

Шүүхээс гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, гэрлэгчид нь хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харилцаа байхгүй болсон зэрэг шалтгааныг харгалзан үзэж гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2010 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Э.Б, 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.М нарыг эх Г.Б-ын асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүү Э.Б, Э.М нарыг эх Г.Б-ын асрамжид үлдээж шийдвэрлэв.

Зохигчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдүүдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Э-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож, мөн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хоёр хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 5,047,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 95,705 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ............. регистрийн дугаартай, Хуасай овогт Г.Б, .......................регистрийн дугаартай, Багш овогт З.Э. нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Э.Б., 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.М. нарыг эх Г.Б.ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2010 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Э.Баттөр, 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.М. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг З.Э-аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Б-д даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Э-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож, мөн хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хоёр хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 5,047,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 95,705 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Зохигчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.О-т даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАРИНА