Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 156/2021/00056/И |
Дугаар | 156/ШШ2021/00181 |
Огноо | 2021-03-25 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 156/ШШ2021/00181
2021 оны 03 сарын 25 156/ШШ2021/00181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2021/00056/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина би даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ..................................... оршин суух, Арнын овогт ЦГ /РД:........./-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................................. оршин суух, Бодонгууд овогт С.А. /РД:..................../-д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.. нэхэмжлэгч Ц.Г., хариуцагч С.А. /онлайн/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд С.А.тай танилцаж, гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр охин А.Х. төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болж 2008 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин А.Х нь эх миний асрамжид өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон бөгөөд би өөр хүнтэй хамтран амьдарч байгаа. 2011, 2020 онуудад төрж, нөхөр 3 хүүхдийн хамт амьдарч байна. Иймд цаашид бид хамт амьдрах боломжгүй тул хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй, охин А.Х-ийг миний асрамжид үлдээж, бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч С.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Г-тай 2006 онд танилцаж, гэр бүл болсон. Биднийг хамт амьдрах хугацаанд 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр охин А.Х нь төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2008 оноос эхлэн тусдаа амьдрах болсон. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Би өөр бүсгүйтэй хамтран амьдарч байгаа. Эхнэр 2 хүүхдийн хамт Дорнод аймагт ажиллаж амьдарч байна. Иймд охин А.Х-ийг эхийн асрамжид үлдээж, гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч С.А-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэгчид нь 2006 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон болох нь хэрэгт авагдсан №0055722 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбараар, (хх-ийн 9 тал) тэдгээрийн дундаас 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр охин А.Х төрсөн болох нь төрсний 0055827 дугаартай гэрчилгээний хуулбар (хх-ийн 8 тал), Хэнтий аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 72 дугаартай тодорхойлолт (хх-ийн 5 тал), Биндэр сумын Сум дундын эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид Ц.Г, С.А нар хандаж, улмаар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулсан боловч амжилтгүй болж, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 156/ЭТ2020/00337 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр дуусгавар болгосон байна. (хх-ийн 11 тал)
Шүүхээс гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, гэрлэгчид нь хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харилцаа байхгүй болсон, тус тусдаа өөр амьдрал зохиож үр хүүхдүүдтэй болсон зэрэг шалтгааныг харгалзан үзэж гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин А.Х-ийг эх Ц.Г-ын асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн охин А.Х-ийг эх Ц.Г-ын асрамжид үлдээж шийдвэрлэв.
Зохигчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Г нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г-д олгож шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ............... регистрийн дугаартай, Арнын овогт Ц.Г, ...................... регистрийн дугаартай, Бодонгууд овогт С.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин А.Х-ийг эх Ц.Г-ын асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид нь хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Г нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г-д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн Иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.О-т даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА