Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/90

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Э.Гантулга,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа,

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Э.Хонгорзул,

өсвөр насны шүүгдэгч Г.Хүслэн нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Г.Хүслэнд холбогдох эрүүгийн 2315002700062 дугаартай, 163/2024/0084/Э индекстэй хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******ийн Хүслэн, Улаанбаатар хот *******т 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, Улаанбаатар хот *******,*******,*******байр 147 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуульд 11 дүгээр ангийн сурагч, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 16 настай, эрэгтэй, /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Г.Хүслэн нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй амралтын газарт ангиараа зугаалж байх явцдаа М.*******ийн эзэмшлийн******* гар утсыг амралтын байрнаас нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж 4.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ./ Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2315002700062 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Өсвөр насны шүүгдэгч Г.Хүслэн нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй амралтын газарт ангиараа зугаалж байх явцдаа М.*******ийн эзэмшлийн******* гар утсыг амралтын байрнаас нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж 4.300.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.Хүслэнгийн өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Э.Хонгорзулын өгсөн: Хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:

1. Насанд хүрээгүй хохирогч М.*******ийн өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 07 цагийн орчимд Булган аймгийн нутаг дэвсгэр Хангал суманд байрлах “*******” амралтын газарт өөрийн ангийн 30 хүүхдийн хамт явсан. Тухайн үед би өөрийн гар утсыг биедээ авч явж байсан ба 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ангиараа тэмцээн зохион байгуулаад гар утсаа өөрийн байрлаж байсан шовгор байшинд үлдээж яваад 20 цаг орчимд гар утсаа шалгатал алга болсон байсан... Би гар утасны байршлыг Icloud гар утасны еmail хаяг ашиглан харахад 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хот ******* “Да хүрээ” захын орчимд байршил нь гарч ирсэн...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 23-24, 27-28 дахь тал/,

2. Иргэний нэхэмжлэгч Б.Тэмүүлэнгийн өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр миний компьютер зардаг MGNM system it store гэсэн цахим хаяг руу “Бөөрөлзгөнө рио” гэсэн цахим хаягаас ipone 14 рго маркийн гар утас байна суурин компьютероор тулах уу гэсэн утгатай чат ирсэн. Би хариуд нь болно гэсэн утгатай хариу бичсэн. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тухайн утас сольё гэсэн хүн ирж манайхаас 2,540,000 төгрөгийн үнэ бүхий суурин компьютер авсан. Би уг ipone 14 рго маркийн гар утсыг нь 2.300.000 төгрөгт бодож аваад үлдэгдэл 240,000 төгрөгийг тухайн хүнээс бэлэн бус пос машинд уншуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

3. Өсвөр насны яллагдагч Г.Хүслэнгийн сэжигтнээр өгсөн “...Би Бөөрөлзгөнө рио” нэртэй фейсбүүк цахим хаяг ашигладаг. 2023 оны 06 дүгээр сарын 11-ны өдрөөс 06 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Булган аймаг Хангал суманд байх Галт Хангай амралтын газар манай ангийн сурагч нар ангийн багш Уянгын хамт амарсан. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өрөө лүүгээ ороход *******ийн ipone 14 рго утас ор бил уу ширээн дээр байхаар нь тоглох гээд авсан юм. Тэгээд хайгаад бөөн юм болоод байхаар нь бантаад өгч чадаагүй. Тэгээд өөр дээрээ байлгаж байгаад MGNM system it store нэртэй компьютер зардаг цахим хаяг руу чат бичээд суурин компьютероор солихоор болоод 2024 оны 01-р сарын 24-ны өдөр аваачиж өгсөн. Би тухайн утсыг 2.300.000 төгрөгөөр суурин компьютер авч 249.000 төгрөгөөр зөрүү мөнгийг карт уншуулж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-77 дахь тал/,

4. Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн № ОРХ/9305 дугаартай дүгнэлт: “...ipone 14 рго 256 gb гар тусыг 4.300.000” төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хавтаст хэргийн 60-64 дэх тал/ зэрэг нотлох баримтууд цугларчээ.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогч М.*******, иргэний нэхэмжлэгч Б.Тэмүүлэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

Өсвөр насны шүүгдэгч Г.Хүслэн нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй амралтын газарт ангиараа зугаалж байх явцдаа М.*******ийн эзэмшлийн ipone 14 рго маркын гар утсыг амралтын байрнаас нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж 4.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэл хангалттай нотлогдож байна.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаар эх сурвалжаа заан мэдүүлсэн хохирогчийн  мэдүүлгийн эх сурвалж нар давхар гэрч, яллагдагчийн мэдүүлгээр нотлогдсон бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт цуглараагүй, дээрх нотлох баримтууд нь өсвөр насны шүүгдэгч Г.Хүслэнгийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Өсвөр насны шүүгдэгч Г.Хүслэн нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл идэвхтэй, бусдын өмчлөх эрхэд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Г.Хүслэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Г.Хүслэнгийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.*******т 4.300.000 төгрөгийн хохирол учирсан нь хохирлын үнэлгээ тогтоосон Ашид билгүүн хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд өсвөр насны шүүгдэгч Г.Хүслэн нь гар утсыг биет байдлаар буцаан өгсөн бөгөөд насанд хүрээгүй хохирогч М.******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн /гар утсыг хүлээлгэн өгсөн /1 дүгээр хавтаст хэргийн 31 дэх тал/ талаархи баримт авагдсан байна. Иймд Өсвөр насны шүүгдэгч Г.Хүслэнг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Хоёр. Өсвөр насны шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлын талаарх хавтаст хэргийн 88-90, 230-240 дэх талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, авагдсан суралагчийн хувийн хэрэг, насанд хүрээгүй хүний насыг тоолсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Г.Хүслэн нь Улаанбаатар хот *******,*******,*******байр 147 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуульд 11 дүгээр ангийн сурагч, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: Өсвөр насны шүүгдэгч Г.Хүслэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг 2 дахин багасгаж 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа: Гэм буруугийн талаар огт маргахгүй байна. Өсвөр насны шүүгдэгч Г.Хүслэнгийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Өмгөөлөгч миний бие хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нартай биечлэн уулзсан бөгөөд бидэнд ямар ч гомдол, санал байхгүй, болж өгвөл энэ хүүхдийг ял шийтгэлгүй салгачих арга тал байна уу? гэж хэлж байсан. Насанд хүрээгүй хохирогчийн эмээ нь хүртэл Улаанбаатар хотоос ирээд гомдол, саналгүй тул энэ хүүхдийг хамгийн хөнгөнөөр нь шийтгэж өгөөч гэж уулзаж байсан юм билээ. Улсын яллагчийн гаргасан ялын саналыг дэмжиж байна. Тийм учраас шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1, 8.5, 8.7 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүх өсвөр насны шүүгдэгч Г.Хүслэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1,1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус  тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирлын хэр хэмжээ болон өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь ижил гэмт хэрэг үйлдсэн насанд хүрсэн хүнд оногдуулах ял, хариуцлагаас ямагт илүү хөнгөн, түүний нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон байх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Иймд шүүх өсвөр насны шүүгдэгч Г.Хүслэнгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн болон ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч болох түүний нас биеийн онцлог, цаашид сурч боловсрох нөхцөл боломж зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Хүслэнг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоож, Улаанбаатар хотын  нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Г.Хүслэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч М.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгч Г.Хүслэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 2, 3, 4, 6 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч *******ийн Хүслэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Хүслэнг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 8.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Хүслэнд оногдуулсан  6 /зургаа/  сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоож, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Г.Хүслэн нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Г.Хүслэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Өсвөр насны шүүгдэгч Г.Хүслэн нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.СУВД-ЭРДЭНЭ