Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/93

 

 

 

2024          05           16                                   2024/ШЦТ/93

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Г.Сандаг-Очир, Г.Анхбаяр, Г.Шинэбаяр

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн, Ж.Ариунжаргал нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сандаг-Очир, Г.Анхбаяр, Г.Шинэбаяр нарт холбогдох эрүүгийн 2415000340061 дугаартай, 163/2024/0093/Э индекстэй, хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* Сандаг-Очир, Булган аймгийн *******суманд 1999 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, Булган аймгийн *******сумын 1 дүгээр баг, Тогоо гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж дүү нарын хамт амьдардаг, 25 настай, эрэгтэй,

Урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, /РД:ГГ99102811/

Монгол Улсын иргэн, ******* Шинэбаяр, Булган аймгийн *******суманд 1999 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, Булган аймгийн *******сумын 2 дугаар баг Хөмсөг хад гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, 25 настай, эрэгтэй,

урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар Г.Шинэбаярыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлсөн,

- Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг жил 6 /зургаа/  сарын хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, /РД:ГГ99021615/

Монгол Улсын иргэн, ******* Анхбаяр, Булган аймгийн *******суманд 2000 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, Булган аймгийн *******сумын 4 дүгээр баг Зараа гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж дүү нарын хамт амьдардаг, 24 настай, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:ГГ00322974/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Сандаг-Очир, Г.Анхбаяр, Г.Шинэбаяр нар нь бүлэглэж 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн *******сумын 3 дугаар баг “Агт” гэх газарт хохирогч Э.Авирмэдийн биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ./ Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000340061 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.Сандаг-Очир, Г.Анхбаяр, Г.Шинэбаяр нар нь бүлэглэж 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн *******сумын 3 дугаар баг “Агт” гэх газарт хохирогч Э.Авирмэдийн биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сандаг-Очирын өгсөн: “…Манай ах хот яваад 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би гэрийг нь харж үлдсэн. Тэгээд өдөр Анхбаяр ирээд байж байхад Шинэбаяр ирээд бид 3 архи уусан. Бид хэдийг байж байхад Авирмэд ах ирээд хамт архи уусан. Тэгээд би дүү Мөнгөнболортой морио тавих гээд гарахад Анхбаяр, Авирмэд ах хоёр сэрүүн юм ярьж үлдээд, Шинэбаяр унтаж байсан. Морио тавиад байж байхад Анхбаяр, Авирмэд хоёр гарч ирсэн ба Авир ах гартаа хутга барьсан байсан. Тэгээд та яагаад хутга бариад байгаа юм гэсэн танай найз нар миний зүрхний өвчинг хөдөлгөсөн гээд барьж байсан хутгаараа намайг хэд хэдэн удаа хатгасан. Тэгээд Мөнгөнболорыг уйлахаар хутгаа газар хаяад больсон. Тэгээд гэрт авч ороод зодсон…” гэх мэдүүлэг,

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Анхбаярын өгсөн: “…Намайг унтаж байхад хутга шөвөг болсон. Намайг сэрэхэд Анхбаяр, Сандаг-Очир хоёр Авирмэд хутга бариад дайраад байна, аваад хоноорой гэсэн. Тэгээд хамт унт гээд татаад байж байсан. Бие заслаа гэж гараад мотоциклоо хөдөлгөөд явсан…” гэх мэдүүлэг,

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Шинэбаярын өгсөн: “…Гэрт байхад Авирмэд хайч бариад сууж байсан. Намайг ширээний хойд талд сууж байхад орон дээр хайч бариад сууж байсан. Намайг гэрээс гарсан чинь миний араас хутга бариад элдсэн. Сандаг-Очирыг хутгаар хатгахаар нь би цохисон. Тэгээд гэр лүү оруулаад нүүр лүү нь цохисон. Тэгээд Шинэбаярыг хараад унтаарай гэсэн…” гэх мэдүүлэг,

4. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл “... ногоон өнгийн хуванцар иштэй 27 см-ийн урттай заазуур 1 ширхэг, ногоон өнгийн хуванцар иштэй 27 см-ийн урттай заазуур 1 ширхэг байв...” /хавтаст хэргийн 06 дахь тал/,

5. Хохирогч Э.Авирмэдийн өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр адуугаа хужирлаад орой 17 цагийн үед /Их тогоо/ 2 дугаар багт байдаг Ууганбаяр гээд найз дээрээ очтол Ууганбаяр гэртэй байхгүй байсан. Тэгээд гэрт нь ортол Шинэбаяр, Анхбаяр, Сандаг-Очир 3 цуг архи уучихсан халамцуу байж байсан. Намайг ороход Шинэбаяр суугаач гэж хэлээд будаатай хоол хийж өгөөд ганц юм уух уу гэсэн. Тэгээд ганц юм уухаар болоод байж байтал Анхбаяр гэж залуу намайг гэнэт өдөөд 2 уулаа гарч барилдъя би энэ жил сумын заан болно гэж онгироод над руу архины шил бариад шууд дайрахаар нь би айлгах гээд хутга барьсан юм. Тэгсэн чинь Анхбаяр намайг өшиглөж унагаад толгой руу дэвсээд Сандаг-Очир, Шинэбаяр 2 араас боож би нэг мэдсэн чинь ухаан алдаад унасан байсан. Тэр 3 яагаад намайг юунаас болоод зодсоныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

6. Гэрч /эрүүл мэндийн төвийн эмч/ Ц.Нарангэрэл өгсөн: “... Манай эрүүл мэндийн төвийн дуудлага хүлээн авах утсанд 2024 оны 01  дүгээр сарын 15-ны өдөр 20 цагийн үед хүнд зодуулсан байна гэсэн дуудлага ирсэн.Тэгээд тухайн дуудлагад очоод мэдсэн.Намайг тухайн дуудлагад очиход Авирмэд нь биеийн байдал дунд зэрэг, ухаан санаа саруул, Асуусан асуултад бүрэн гүйцэд хариулна, орчиндоо харьцах харьцаа сайн толгойн баруун болон ар талдаа ил харагдах шалбархайтай, 2 нүд битүү хавдартай, 2 нүд цус хуралттай, 2 нүдний ухархай болон, 2 шанаа эмзэглэлтэй, уруул хавдсан хүзүүний хэсгээр улайсан, баруун гарын шуу хөхөрсөн, халууныг нь хэмжихэд /36,3/ байсан учраас /Диклоденк/ булчинд тарьж /Амлодинк/ 1 ширхгийг уулгасан гэх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

7. Гэрч /хохирогчийн аав/ С.Энхтайваны өгсөн: “...Би өглөө хониндоо яваад ороод иртэл манай хүүгийн нүүр нь битүү хавдартай нүд нь харагдахгүй хавдсан хоолойг нь боосон бололтой улайсан 2 чих нь  памбайгаад хавдсан байсан учраас би цагдаа дуудсан юм.  Шинэбаяр, Сандаг-Очир нар архи их уудаг талаар хүмүүсээс их сонсдог архины хамааралтай залуучууд Анхбаярыг бол би хараачгүй ямар залуу байдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дэх тал/,

8. Насанд хүрээгүй гэрч У.Мөнгөнболорын өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн үед манай аав хот руу адуу зарахаар явсан юм. Тэгээд намайг харах хүнгүй болохоор манай аав Сандаг-Очир ахад намайг захиад үлдээсэн чинь Сандаг-Очир ах өөрийн найзууд болох Анхбаяр, Шинэбаяр нарыг дуудаад манай гэрт архидаад байж байсан чинь удаагүй гаднаас Авирмэд ах орж ирээд тэд нар маргалдаад хоорондоо зодолдсон юм. Авирмэд ах эхлээд Анхбаяр ах руу хутга барьж дайраад байсан Анхбаяр ах гараад зугтсан чинь хойноос нь хөөгөөд Анхбаяр ах малын хашаа руу зугтааж орсон юм.Тэгээд Авирмэд ах намайг уйлсан чинь хутгаа хаяад байж байтал чирч орж ирээд ахиад нүүр лүү нь цохиод зодсон. Шинэбаяр ах Авирмэд ахыг заазуурны ар талаар 3 удаа толгой руу нь зөөлөн цохиод нүүр лүү нь ямар ч байсан 1 удаа цохиод хөл гарыг нь тэр гурав нийлээд татаад хүлсэн юм.Сандаг-Очир ах Авирмэд ахын нүүрэнд 1 удаа цохиод мяндсаар Анхбаяр, Шинэбаяр ахтай нийлээд хүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Э.Авирмэд, гэрч Ц.Нарангэрэл,  С.Энхтайван, насанд хүрээгүй гэрч У.Мөнгөнболор

нарын мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №1899 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Г.Сандаг-Очир, Г.Анхбаяр, Г.Шинэбаяр нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч Г.Сандаг-Очир, Г.Анхбаяр, Г.Шинэбаяр нар нь бүлэглэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн *******сумын 3 дугаар баг “Агт” гэх газарт хохирогч Э.Авирмэдийн биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна.

Г.Сандаг-Очир, Г.Анхбаяр, Г.Шинэбаяр нар нь бүлэглэж хохирогч Д.Авирмэдийн нүүрэн тус газарт гараараа цохих, мөн газар унагааж толгой руу өшиглөсөн гэж хохирогч мэдүүлснийг давхар Ц.Нарангэрэл,  С.Энхтайван, насанд хүрээгүй гэрч У.Мөнгөнболор нар гэрчилж мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №1899 дугаартай: “...Э.Авирмэдийн биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн шинэ хугарал, баруун зүүн нүдний алиманд цус хуралт баруун зүүн хацарт зулгаралт, зулайд сорви бүхий гэмтэл нь хөнгөн хохирол учирсан байна.

Шүүгдэгч Г.Сандаг-Очир, Г.Анхбаяр, Г.Шинэбаяр нарын гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан.

Өөрөөр хэлбэл мохоо зүйлийн үйлчлэлээр буюу гараар цохих үед баруун нүдний ухархайн дотор хана хугарах, баруун зүүн нүдний алиманд цус хуралт баруун зүүн хацарт зулгаралт, зулайд сорви бүхий хөнгөн гэмтэл учрах боломжтой байна гэж үзсэн болно.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Г.Сандаг-Очир, Г.Анхбаяр, Г.Шинэбаяр нарын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, тэдний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэн гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн байна.

Мөн Г.Сандаг-Очир, Г.Анхбаяр, Г.Шинэбаяр нар нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзэн үнэлсэн болно.

         Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Сандаг-Очир, Г.Анхбаяр, Г.Шинэбаяр нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд байр сууриа илэрхийлсэн болохыг дурдъя.

Хохиролын талаар: Шүүгдэгч  Г.Сандаг-Очир, Г.Анхбаяр, Г.Шинэбаяр нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад  хохирогчид нийт 3.600.000 төгрөг төлж барагдуулсан бөгөөд хохирогч Э.Авирмэд нь  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй  гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Сандаг-Очир, Г.Анхбаяр, Г.Шинэбаяр нарыг  бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Г.Сандаг-Очир, Г.Анхбаяр, Г.Шинэбаяр нар нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт,

Улсын яллагчаас: Шүүгдэгч Г.Сандаг-Очир, Г.Анхбаяр, Г.Шинэбаяр нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр  3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх, Шүүгдэгч Г.Шинэбаярын хувьд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн ба тэнсэх үүргийг биелүүлээгүй бол тэнсэн шийдвэрийг хүчингүй болгохоор хуульчилсан байх тул  энэ тогтоолоор 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн 1 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ариунжаргал:Малчин хүний зорчих эрхийг хязгаарлах зохистой биш. Мал ахуйн онцлогийн хувьд малаа нэг газраа маллах хомс тул 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Шинэбаярын хувьд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор мал хулгайлах гэмт хэрэгт 1 жил 6 сарын тэнсэх шийтгэл хүлээлгэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.” гэж заасан. Гэхдээ тэнссэн хугацаа гэдэг нь шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор тоолно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “талууд, оролцогч энэ хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц;” шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно гэж заасан. Үүнээс үзвэл 1 сарын 09-нд шийтгэх тогтоолыг гардаж авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тоолвол 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Гэмт хэрэг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр болсон. Өмнөх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй буюу тэнссэн хугацаа эхлээгүй үед гэмт хэрэг үйлдсэн тул тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Тэнсэх шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шийтгэлийг тус тусад нь эдлүүлэх нь хуульд нийцэж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрсөн, 25 настай, эд төлөвших насан дээрээ яваа, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, аав ээжийн хамт амьдардаг зэргийг харгалзан 450.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэх саналыг, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн: Б.Сандаг-Очирын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн;” 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн;” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал  байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, ам бүл 5, аав, ээжийн хамт мал маллан амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, өөртөө дүгнэлт хийж байгаа, дахиж архи уухгүй байгаа, гэмшиж харамсаж байгаа нь илэрхий харагдаж байна. Мөн шинээр гаргаж өгсөн шагнал урамшууллын байдал болох монгол уламжлалт адуучин тэмцээнд эхний 3-т ордгийг харгалзан 450.000 тогтох санал гаргаж байна. Улсын яллагч зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан. Шүүгдэгч нар малчин хүн. Малчин хүнд зорчих эрх хязгаарлах ял оноох нь зохимжгүй байх тул малчин, нүүдэлчин хүний онцлогийг харгалзан торгуулийн ялыг оноож өгнө үү. Ариунжаргал өмгөөлөгчийн хэлсэнчлэн Шинэбаярын хувьд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө гэмт хэрэг үйлдсэн. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс ялыг тоолдог гэх Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Удвалын тодорхойлолт байх тул тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна. Иймд ялыг тус тусад нь эдлүүлэх үндэслэл болж байна гэх саналыг тус тус талууд шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан  өмгөөлөгчийн нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сонгомол санкцтай эрүүгийн хариуцлагаас торгуулийн ялыг сонгож,

 Шүүгдэгч Г.Шинэбаяр, Б.Анхбаяр, Б.Сандаг-Очир нарыг тус бүр 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан тэнссэн хугацаандаа гэмт хэрэг үйлдээгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө гэмт хэрэг үйлдсэн тул тэнссэн хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэх саналыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч Г.Шинэбаяр нь урьд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 т заасан зан үйлээ засах, ..., үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэнд хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхийг тусгаж, прокурортой тохирсон эрүүгийн хариуцлагын хүрээнд шийдвэр гаргажээ.

Уг шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болно гэсний дагуу 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүчинтэй болсон байна.

Дээрх хүчинтэй болсон тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хэргийн оролцогч нарт гардуулж, 2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр хүчин төгөлдөр болж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийн биелэлтийг хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ.

Шүүгдэгч Г.Шинэбаяр нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шийтгэгдэж, уг тогтоолоо 2024 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр гардан авч, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн *******сумын 2 дугаар багийн нутагт Э.Авирмэдийг зодсон гэх хэрэгт холбогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д заасан тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэх хуулийн шаардлагыг хангасан байх тул шүүгдэгч Г.Шинэбаярын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар сольж, нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 80 хоног буюу 1 жил 8 сар 20 хоногоор тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.  

 

Шүүх шүүгдэгч Г.Сандаг-Очир, Г.Анхбаяр нарын хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Сандаг-Очир, Г.Анхбаяр, нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Шинэбаярт урьд хувийн баталгаа гаргах   таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд цагдан хорихоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Сандаг-Очир, Г.Анхбаяр, Г.Шинэбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуванцар бариултай заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дүгээр зүйлийн 3,36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* Сандаг-Очир, ******* Шинэбаяр, Бариад овогт  Гүрбазарын Анхбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан хүндрүүлэх шинжтэй буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Анхбаяр, Г.Сандаг-Очир, Г.Шинэбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000  төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Анхбаяр, Г.Сандаг-Очир нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 6.9 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг журамлан урьд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлыг арга хэмжээг хүчингүй болгож, уг ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох  ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 80 хоног буюу 1 жил 8 сар 20 хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Шинэбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт цагдан хорьж, шүүгдэгч Б.Анхбаяр, Б.Сандаг-Очир нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Г.Сандаг-Очир, Г.Анхбаяр, Г.Шинэбаяр нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуванцар бариултай заазуур 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, СД-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Батсайханд тус тус даалгасугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.СУВД-ЭРДЭНЭ