Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 1714

 

МАГАДЛАЛ

 

2018.07.23                                                     Дугаар 1714                             Улаанбаатар хот

 

 

 

 

Д.Д, Б.Х, Б.Д  нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/01933 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Д, Б.Х, Б.Д  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Б-т холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, үндсэн нэхэмжлэлтэй,

Н.Б 16 041 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Д.Д-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Д ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: З.Б,

Хариуцагч: Н.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Э нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 1989 онд Н.Б-тай гэр бүл болж бидний дундаас хүү Б.Д 1990 онд, охин Б.Х 1994 онд төрсөн. Хүү Б.Д Япон улсад, охин надтай хамт амьдардаг. Н.Б 2013 оноос эхлэн Б.О гэх эмэгтэйтэй хамтран амьдарч үр хүүхэдтэй болсон. Дээрх шалтгааны улмаас амьдрал үргэлжлэх боломжгүй болж 2013 оноос хойш тусдаа амьдарсан. Биднийг хамт амьдрах үед Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205031787 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн зориулалттай эд хөрөнгө бий болсон. Иймд Н.Б нэгэнт өөр хүнтэй амьдраад хүүхэдтэй болсон тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс нэхэмжлэгч нарт ногдох хэсгийг гаргуулах нь зүйтэй юм. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 131/1 дүгээр байрны 83 тоот орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа Б.Х , Д.Д  нар татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний эцэг, эх хоёр гэрлэлтээ цуцлуулж байгаа тул гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, АЗЗАН ХХК-ийн баруун талд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай барилга, газраас ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2004 онд Япон улсад ирсэн. Эцэг, эх хоёр гэрлэлтээ цуцлуулахад надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Харин гэр бүлийн гишүүний хувьд дундын дансанд байсан 9 000 ам.доллар буюу 21 582 000 төгрөгнөөс Н.Б-аас 2 675 700 төгрөг, Д.Д гээс 2 675 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Д.Д тэй 1989 онд гэр бүл болж хоёр хүүхэд төрсөн. Хүүхдүүд насанд хүрч биеэ дааж амьдрах боломжтой болсон. Бид гэр бүлээрээ Япон улсад 2003-2007 он хүртэл амьдралаа дээшлүүлэхээр ажилласны үр дүнд дансандаа 9000 ам доллартай, 2005 оны 2 сард Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 55 дугаар байрны 27 тоот 2 өрөө орон сууц, 2006 онд Москва хороололд 1 өрөө орон сууцыг худалдан авч, өмч хөрөнгөтэй болж дээрх орон сууцны гэрчилгээнүүдийг хадам ээжийн нэр дээр гаргуулсан. 2005 оны 7 дугаар сард Монгол улсад ирж охин, хадам ээжтэйгээ хамт амьдарсан. Д.Д  2007 оны 5 дугаар сард Япон улсаас ирээд, 12 сард ор сураггүй алга болж эрэн сурвалжилсан боловч олдоогүй. Гэтэл өөр хүнтэй гэр бүл болж, хил гараад, 2011 онд гэрлэлт цуцлуулах өргөдөл өгсөн байсан. Алга болох үедээ бидний дундын хөрөнгө 9000 ам.долларыг захиран зарцуулж дуусгасан. Энэ үеэс хөрөнгийн маргаан үүсэж, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 55 дугаар байрны 27 тоот 2 өрөө орон сууцны маргааныг 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1227 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 648 дугаартай магадлалаар шийдвэрлэгдсэн. Иймээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, АЗЗАН ХХК-ийн баруун талд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай барилга, газрын мөнгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Дээрх газарт уурын зуухан байсныг өөрчилж, 12х6 харьцаатай, 72 м.кв талбайтай байшинг 2000 онд барьсан. Барилгыг ашиглаж амжаагүй 2003 онд Япон улс руу явсан. Газар эзэмших гэрчилгээтэй байсан ч ашиглаагүй гэж Дүүргийн газрын албанаас шаардлага тавьсанаар, 2012 онд барилгыг нурааж бусдад шилжүүлсэн. Нэхэмжлэгч үүнийг мэдсээр байж 2008-2011 оны хооронд гэрээсээ явж, өөр хүнтэй болсон. Би барилгыг засаж янзлах, ашиглах санхүүгийн боломжгүй, гэр бүлийн өр төлбөрийг төлөх шаардлагатай байсан учраас зарж, төлбөрөө барагдуулах, охиныхоо сургалтын төлбөрийг төлөх, хамт амьдарч, хүүхдүүдийн хэрэгцээнд зориулсан. Тухайн үед биднийг хаяад явсан хүнийг яалтай ч билээ. Энэ хугацаанд архинд хүртэл орж үзсэн. Харин Голомт банкинд байсан 9230 ам.долларыг Д.Д  үрж дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Д  2012 оны 12 дугаар сард биднийг орхиж явахдаа дундын өмч болох дансанд байсан 9 000 ам.долларыг аваад явсан. Би охин Б.Х гийн сургалтын төлбөрийг 4 жилийн хугацаанд ганцаараа төлсөн. Иймээс Д.Д  надтай адил үүрэг хүлээж хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх ёстой гэж үзээд, 9 000 ам.долларын 50 хувь 4 500 ам.доллар буюу 10 791 000 төгрөг, сургалтын төлбөр 10 500 000 төгрөгийн 50 хувь болох 5 250 000 төгрөг, нийт 16 041 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Д  шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Би 2003 онд Япон улс яваад, 8 000 000 төгрөгийн зээл авч, нөхөр Н.Б-ыг Япон улсад татаж авсан. Ингээд очсоныхоо дараа өр зээлээ дарж дуусгаад, Н.Б баригдаж Монгол улс руу буцсан. Намайг Монгол улсад 2007 онд ирэх үед Н.Б 7 000 000 төгрөгийн зээлтэй байсныг 9 000 ам доллараас төлж барагдуулсан. Дахин блокны үйлдвэр байгуулахаар 2 000 000 төгрөг авсан. 9000 ам долларыг тэнцүү зарцуулсан гэж үзэж байна. Охин Б.Х 2012-2016 оны хооронд Рояал академийг бизнесийн удирдлага, маркетингийн менежментээр төгсөх хугацааны төлбөр 15 200 000 төгрөг болсны 1 дүгээр курсст сурах үеийн 2500 ам доллар, 4 дүгээр курссын үлдэгдэл төлбөр 600 000 төгрөгийг би төлсөн тул сургалтын төлбөрийг адил төлж байсныг харгалзан үзэж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Н.Б , Д.Д  нарын гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэгч Д.Д , Б.Х нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, нэхэмжлэгч Б.Д , хариуцагч Д.Д гээс 2 675 700 төгрөг, Н.Б-аас 2 675 700 төгрөг гаргуулах, хариуцагч Н.Б 16 041 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч Д.Д , Б.Х нар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 131/1 дүгээр байрны 83 тоот орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.О-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нэхэмжлэгч Д.Д , Б.Х нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 951 126 төгрөг, нэхэмжлэгч Б.Д гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 106 070 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 240 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Н.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Д  давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шинжээчийн дүгнэлтээр 2012 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн байдлын обьектийг 42 120 000 төгрөгөөр, газрыг 187 680 000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Гэтэл Н.Б нь тухайн барилгыг К Л ХХК-д худалдсан болох нь Н.Б ын болон К Л ХХК-ийн Нийслэлийн газрын албанд хандаж гаргасан хүсэлт, албан бичгээр тогтоогддог. Тухайн үед газар эзэмших эрхийг худалдаж болохгүй ч уг эзэмших эрхийн бусдаас миний бие худалдаж авч байсан учраас Н.Б ч мөн уг эрх худалдсан болох нь тэд төлбөрийг тусдаа гэрээгээр зохицуулсан гэдэг тогтоогдсон гэж үзэж байна. Хариуцагч нь зах зээлийн үнээр уг газар обьектийг зарсан нь өөрийн хийсэн үйлдэл тайлбаруудаар нотлогддог. Ямарч архивийн дугааргүй 30 000 000 төгрөгөөр зарсан гэх баримтыг өөрийн биеэр авч ирж өгчөөд шүүх хурал дээр болохоор шүүхийн албан журмаар ирсэн гэж худлаа хэлсэн байдал. К Л ХХК болон хариуцагч Н.Б нь хоорондоо наймаа хийсэн учир бие биенийхээ талд орох нь тодорхой. Албан ёсны санхүүгийн баримт биш гэж үзэж байна. Н.Б нь охин Б.Х г хуучнаар Нарийний фермийн хавьд маш том газрыг худалдаж авсан гээд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны үйлдвэрлэлийн барилга газрыг зараад авсан газар гэж үзүүлсэн байдаг. Энэ үйлдлийг шүүх хуралд, хуучнаар нарийний ферм юмуу тэндэх том газраа талийгаач ах нарынх нь эхнэрүүд болох н.С н.Э-ийн аль нэгний нэр дээр худалдаж авч нуусан биздээ гэж дурьдхад хариуцагч Н.Б нь хариу тайлбараар үгүйсгээгүй. Хавтас 1-ийн 243 дугаар хуудсан дахь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 2-рт газрын эрх шилжүүлэн авагч тал эрх шилжүүлэгч талд гаэрын эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбогдуулан төлбөрийг тусдаа гэрээгээр зохицуулна гэсэн нь газрыг зарсан жинхэнэ үнийг нууцалсан нь харагддаг. Хавтас 1-ийн 240-р хуудсанд К Л ХХК нь обьектийг худалдаж авсанаа баталсан архивийн баримт, обьектуудыг нь нураах ажлыг нь хийсэн гэдгээ хэлсэн байдлаас үзхэд газрыг хоёуланг нь зах зээлийн өндөр үнээр зарсан байх үндэслэлтэй гэж үзэж байна. Гэтэл шүүх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсэг гаргуулах шаардлагыг гэр бүл байх хугацаанд мэдэх боломжгүй байсныг хэрэгсэхгүй болгосон боловч эдгээр тайлбар нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгааг шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдсангүй. Хариуцагчийн дээрх эзэмших эрхтэй газар, объектыг буулгаад бусдад худалдсан гэх тайлбарыг шүүх үнэлэхгүй байх үндэслэлээ тайлбарласангүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч бид нар Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай газрын үнийг               187 680 000 төгрөг, уг газар дээр байсан обьектийн үнийг 42 120 000 төгрөг гэж хөрөнгийн үнэлгээний үнэлсэн шинжээчийн 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үнэлсэн ба нийт 220 800 000 төгрөгөөс оногдох хэгсийг буюу 114 900 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах, эсхүл хэрэгт авагдсан баримтыг үндэслэн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс охин Б.Х бид хоёрт ногдох хэсгийг Н.Б-аас гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Д.Д  нь хариуцагч Н.Б-аас гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, Б.Х , Б.Д нар хариуцагч Н.Б-т холбогдуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, Д.Д гээс               16 041 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч Д.Д  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2013 оноос тусдаа амьдарч байгаа, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205031787 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн зориулалттай газар, түүн дээр баригдсан байшинг хариуцагч бусдад худалдсан...” гэж тайлбарласан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Д , Б.Х нар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 131/1 дүгээр байрны 83 тоот орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа татгалзсан.

Нэхэмжлэгч Б.Д нь гэр бүлийн гишүүний дундын дансанд байсан 9 000 ам.доллар буюу 21 582 000 төгрөгнөөс Н.Б-аас 2 675 700 төгрөг, Д.Д гээс 2 675 700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлөх итгэмжлэлийг хариуцагч Н.Б-т олгосон.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрнө, харин нэхэмжлэлд заасан газрын эзэмших эрхийг худалдсан 30 000 000 төгрөгийг хүүхдийн сургалтын төлбөр болон гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Д.Д , Н.Б нар 1989 онд гэр бүл болж, хүү Б.Д 1990 онд, охин Б.Х 1994 онд төрсөн, гэрлэгчид 2007 оноос тусдаа амьдарч байгаа, сөрөг нэхэмжлэлээр шаардаж байгаа 9000 ам.долларыг нэхэмжлэгч Д.Д  захиран зарцуулсан, үйлдвэрлэлийн зориулалттай газарт 12х6 харьцаатай, 72 м.кв талбайтай байшин барьсныг 2012 онд нурааж, улсын бүртгэлээс хасуулсан, хариуцагч нь газрын эзэмших эрхийг 2012 оны 3 дугаар сарын 5-ны өдөр К Л ХХК-д 30 000 000 төгрөгөөр худалдсан зэрэг үйл баримт тогтоогдсон талаар талууд маргаагүй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, Д.Д , Н.Б нарын гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Д, Б.Х, Б.Д  нарын нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Гэвч шүүх хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой зөв хэрэглээгүй, нэхэмжлэгч нарын татгалзлыг шийдвэрлэхдээ хууль хэрэглээгүй, нэхэмжлэгч Д.Д г хариуцагч гэж, хариуцагч Н.Б-ыг нэхэмжлэгч гэж хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг сольж бичих зэрэг алдаа гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэн, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын зохих өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулах боломжтой юм.

Нэхэмжлэгч Д.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ. Нэхэмжлэгч Д.Д  нь 2007 оны 12 дугаар сараас эхлэн оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байснаас гадна Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн зориулалттай газрын эзэмших эрхийг хариуцагч 2012 онд бусдад 30 000 000 төгрөгөөр худалдаж, гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан   болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Дээрх газар, түүн дээр баригдсан байшинг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иас 2012 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн байдлаар 229 800 000 төгрөгөөр үнэлсэн нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч Н.Б нь газрыг худалдаагүй, түүн дээр баригдсан барилгыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1437 тоот тушаалаар улсын бүртгэлийн Г-2205031787 дугаарыг хүчингүй болгож, хувийн хэрэг бүртгэлийг хаасныг Д.Д  мэдэх боломжтой байсан талаар шүүх зөв дүгнэсэн байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/01933 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар Д.Д , Н.Б нарын гэрлэлтийг цуцлаж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай Д.Д, Б.Х, Б.Д  нарын нэхэмжлэл, Н.Б ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Д , Б.Х нар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 131/1 дүгээр байрны 83 тоот орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 732 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

 

        ШҮҮГЧИД                                         Ч.ЦЭНД

 

                                                                                  М.НАРАНЦЭЦЭГ