| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2024/0095/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/94 |
| Огноо | 2024-05-16 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Х.Ганхишиг нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Ганхишигт холбогдох эрүүгийн 2415000000046 дугаартай, 163/2024/0095/Э индекстэй хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* Ганхишиг, Булган аймгийн Булган суманд 1993 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 4-р баг Рашаант гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 31 настай, эрэгтэй, РД:ГЮ93091511.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Х.Ганхишиг нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Бугат сум 2 дугаар баг Байдсийн Даваа гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.683м3 шинэс төрлийн мод бэлтгэж байгаль экологид 810.990 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ганхишигийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000000046 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Х.Ганхишиг нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Бугат сум 2 дугаар баг Байдсийн Даваа гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.683м3 шинэс төрлийн мод бэлтгэж байгаль экологид 810.990 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ганхишигийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт цугларсан:
1. Иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэбаатарын өгсөн:“...Х.Ганхишиг нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Харин Булган сумын иргэн Эрдэнэбаяр гэх хүн надаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан... Мод бэлтгэх эрхийн бичгийг тухайн багийг хариуцсан байгаль хамгаалагчид сум дундын ой ангиар мод бэлтгэх талбайн тусгаарлалтыг хийлгэж түүнийгээ үндэслэн мод бэлтгэх эрхийн бичгийг олгодог. Эрхийн бичгийг олгохдоо хаанаас авах газар нутгийг тусгаж авах хоног хугацааг нэг бүрчлэн тусгаж өгдөг юм. Заасан газраас өөр газраас авах хоног хугацаа хэтрэх, эрхийн бичгийн сунгалт хийлгэхгүй байх, эрхийн бичигт засвар хийх зэрэг нь тухайн эрхийн бичиг нь хүчингүй болгох үндэслэл болдог юм. Олгосон эрхийн бичгээр зөвхөн заагдсан газраас байгалийн жамаар унасан мод, хожуул, торцоовыг цэвэрлэж авна. Тухайн байгаль хамгаалагч нь мод бэлтгэх газраа өөрийн биеэр очиж иргэдэд заан өгч бэлтгүүлж, тээвэрлэлтэд хяналт тавих үүрэгтэй... Би дээрх буруутай этгээдээс байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
2. Иргэний нэхэмжпэгч М.Энхмөнхийн өгсөн: “...Би энэ талаар мэдэхгүй байна. 2024 оны 03 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн салбар болох “Есөн Шижир инвест" ББСБ-ын салбарын захирал Ж.Самдан нь холбогдоод манай салбарын барьцаа хөрөнгө болох 82-64 УЕУ улсын дугаартай кай бонго-3 маркийн авто машин нь... Булган аймгийн цагдаагийн газар хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн гэх хэрэгт шалгагдаж байгаа тул Орхон аймгийн төвөөс ойрхон учраас манай салбарыг төлөөлөөд иргэний нэхэмжлэгчээр оролцож байна... Манай байгууллага барьцаалан зээлдүүлэх болон итгэлцлийн үйлчилгээ явуулдаг юм... Манай байгууллагаас зээлийн барьцаа хөрөнгө болох 82-64 УЕУ улсын дугаартай кай бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
3. Гэрч Э.Эрдэнэбаярын өгсөн: “....Би 2024 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 11 цагийн үед Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант 2 дугаар багийн байгаль хамгаалагч Эрдэнэбаатар гэх хүнээс манайх модгүй болчлоо би модонд явах гэсийн юм гэж хэлээд 5 метр куб мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авсан. Тэгээд найз Ганхишигийн хамт модонд явах гэж байтал манай ажлын газраас дуудаад Булган сумын 6 дугаар багийн Залуус хорооллын халиа дошин дээр ажиллахаар болоод би модонд явж чадаагүй Ганхишиг ганцаараа явсан. Тэгээд орой 23 цагийн үед Ганхишиг над руу залгаад би модоо бэлтгээд Булган аймгийн төв рүү явж байх үед цагдаад баригдаад машин журмын хашаанд орсон гэж хэлсэн. Би мод бэлтгэх эрхийн бичгийг өөрийнхөө нэр дээр бичүүлж авсан. Яагаад гэвэл өөрөө хамт явах гэж байгаад гэнэт ажил гараад үлдсэн юм. Би Ганхишигийн бэлтгэсэн модыг хараагүй. Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант 2 дугаар багийн Байдсын даваа гэх газраас мод аваарай гэж бичиж өгсөн. Надад гэнэт ажил гарсан бас манай гэрийн гадна түлэх модгүй болсон байсан юм. Тэгээд Ганхишиг бид хоёр хоорондоо ярилцаад намайг ажлаас дуудахаар нь мод бэлтгэх эрхийн бичиг авсан болохоор Ганхишиг модонд явсан. Хэний эзэмшлийн машин байсныг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 82-64 УЕУ улсын дугаартай цэнхэр өнгийн вонго-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Би Ганхишиг гэх хүнтэй найзууд болохоор манай модонд явж өгч байсан юм. Бид хоёрын дунд худалдаж авах зүйл огт яригдаагүй гэх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,
4. Гэрч Э.Ууганбаярын өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгаас Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант 2 дугаар баг Байдсын даваа гэх газарт ах Энхболд ахынд ирсэн. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Энхболд ахынд байсан. 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бол ачааны машинууд ирээд манай хажуугаар зам нь байдаг болохоор мод аваад яваад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Ариунтуяагийн 1365 дугаартай “...шинэс 1.683 м3, нийт үнэлгээ 450.550 төгрөг, хэрэглээний бөөрөнхий мод, гуалин 1.8 нийт 810.990 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 98-99 дэх тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэбаатар, М.Энхмөнх, гэрч Э.Эрдэнэбаяр, Э.Ууганбаяр нарын өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан шинжлэн судлахад,
Шүүгдэгч Х.Ганхишиг нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Бугат сум 2 дугаар баг Байдсийн Даваа гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.683м3 шинэс төрлийн мод бэлтгэж байгаль экологид 810.990 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Х.Ганхишиг зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.
Шүүгдэгч Х.Ганхишиг нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж буюу мод бэлтгэхдээ эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авахгүйгээр 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Бугат сум 2 дугаар баг Байдсийн Даваа гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.683м3 шинэс төрлийн мод бэлтгэж байгаль экологид 810.990 төгрөгийн шууд /Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 2.432.970 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Ганхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Ганхишигээс байгаль экологид учруулсан хохирол, нөхөн төлбөрт 2.432.970 /хоёр сая дөрвөн зуун гучин хоёр мянга есөн зуун далан/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.Ганхишигийг ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Ганхишигд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Ганхишигийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 118-127 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, урьд нь зөрчилд холбогдож байсан эсэх талаарх Цагдаагийн газрын хайлтын системийн лавлагаа,тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Ганхишиг нь Булган аймгийн Булган сумын 4-р баг Рашаант гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Улсын яллагч шүүгдэгч Х.Ганхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 11.519.000 төгрөгийн үнэлгээ бүхий 82-64 УЕУ улсын дугаартай Киа Вонго маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч “Есөн шижир Инвест” Банк бус санхүүгийн байгуулагад буцаан олгож, 11.539.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, байгаль экологид учирсан 2.432.970 төгрөгийн хохирлыг гаргуулж, эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 75.000 төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого тус тус болгох саналыг,
Шүүгдэгч Х.Ганхишиг нь тусгайлан гаргах саналгүй гэдгээ шүүх хуралдааны явцад илэрхийлсэн байна.
Шүүх Х.Ганхишигийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл зэргийг заавал хураана гэж ойлгоно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 82-64 УЕУ улсын дугаартай Kia Bongo загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигч “Есөн шижир Инвест” Банк бус санхүүгийн байгуулагад өмчлөлд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 11.519.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 40 ширхэг 1.683м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ганхишигт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 75.000 төгрөгийн үнэлгээ цагаан өнгийн цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгож шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* Ганхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Ганхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Ганхишигээс байгаль экологид учруулсан хохирол, нөхөн төлбөрт 2.432.970 /хоёр сая дөрвөн зуун гучин хоёр мянга есөн зуун далан/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Ганхишиг нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ганхишигт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 82-64 УЕУ улсын дугаартай Kia Bongo загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигч “Есөн шижир Инвест” Банк бус санхүүгийн байгуулагад өмчлөлд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 11.519.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 40 ширхэг 1.683м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн 75.000 /далан таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Ганхишиг нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ