| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/03875/И |
| Дугаар | 183/ШШ2021/00330 |
| Огноо | 2021-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2021/00330
| 2021 оны 02 сарын 04 өдөр | Дугаар 183/ШШ2021/00330 Улаанбаатар хот |
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Э-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 1.050.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Э-ын хүсэлтээр 2019.12.10-ны өдөр 3.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй мөнгө зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусч мөнгөө бүрэн гүйцэд өгч дуусгалгүй 10 сарын хугацаа хэтэрсэн тул үлдэгдэл мөнгө болох 630.000 төгрөгийг өдрийн 0.5 хувийн алданги тооцож, 630.000*0.5=3150 төгрөг өдрийн 3150*300 хоног= 945.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 945.000 төгрөг болж байна. Д.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үлдэгдэл 630.000 төгрөг, алданги 420.000 төгрөг, нийт 1.050.000 төгрөгийг барагдуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: ...миний бие Ж.Б-өөс 3 сая төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр нотариатаар гэрчлүүлж авсан болно. Нэхэмжилсэн 1.050.000 төгрөгийн 600.000 төгрөгийг төлөх бөгөөд 450.000 төгрөгийг төлөх боломжгүй. Би Ж.Б-тэй 1.050.000 төгрөгийн ямар нэгэн гэрээ хийгээгүй бөгөөд нотариатаар батлуулсан зүйлгүй. Одоо бизнесийн үйл ажиллагаа зогссон. Түрээслэн ажиллаж байсан газрын түрээсийн гэрээ 100 хувь нэмэгдсэн. Мөн корона вирусээс шалтгаалан бизнесээ хийх боломжгүй болсон. Миний бие өвчний улмаас 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг миний оролцоогүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б зээлийн гэрээний үүрэгт үлдэгдэл 1.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Э-д холбогдуулан гаргажээ.
Хариуцагч хариу тайлбартаа ...3,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлж авсанаа зөвшөөрсөн, нэхэмжлэлийн шаардлага 1.050.000 төгрөгийн 600.000 төгрөгийг төлнө гэснээс үзэхэд нэхэмжлэгч Ж.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн байна.
Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2019.12.09-ний өдөр бичгээр зээлийн гэрээг байгуулж, Ж.Б нь 3,000,000 төгрөгийг 1сарын хугацаагаар, сарын 5 хувийн хүүтэй Д.Э-д зээлдүүлсэн, зээлийн гэрээг бичгээр байгуулсанаар нэхэмжлэгчид зээл болон зээлийн хүү шаардах эрх үүссэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282 дугаар зүйлийн 282.4-т ...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.
Иймд талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, мөнгийг зээлдэгч хүлээн авсан тул буцаан төлөх үүрэгтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан 2019.12.09-ний өдрийн зээлийн гэрээний 3.1-д заасан хугацаанд хариуцагч зээлээ төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл, гэрээний 2.1, 2.2, 6.2-т зааснаар алданги төлөх үүрэгтэй болно.
Иймд Д.Э 1 сарын дараа үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүүд 150,000 төгрөг нийтдээ 3.150,000 төгрөг төлөхөөс 2019.12.11-ний 2019.12.16-ны хооронд нийтдээ 2,415,000 төгрөг төлсөн байх тул үлдэгдэл 735,000 төгрөгийн 50 хувийн алданги 367,500 төгрөг тооцож нийтдээ 1,102,500 төгрөг нэхэмжлэх эрхтэй хэдий ч нэхэмжлэгч 1,050,000 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэгч Ж.Б-ийн тооцоог үндэслэн хариуцагчаас 1,050,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт зааснаар Д.Э-аас зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 1,050.000 төгрөг гаргуулж Ж.Б-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 29,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ