Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/86

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны ийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Г.Сүгжлхам оролцуулан,

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сүгжлхамд холбогдох эрүүгийн 2415000500066 дугаартай 163/2024/0089/Э индекстэй хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Алаг адуу овогт Г******* Сүгжлхам, З******* аймгийн Т******* суманд 1990 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, эмэгтэй, 34 настай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт О аймаг, Б******* сум, Б багийн Ургац **-** тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар:

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Г.Сүгжлхам нь 2024 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг 11-1100 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ гал түлж галлалгүйгээр өөрийн 2 сартай нярай, эрэгтэй, С.А өөрийн унтдаг орны урд хэсэгт байрлуулан унтах явцад талийгаач С.А нь шөнө орноос унаж улмаар нам хэмийн ерөнхий үйлчлэлд орж осгож нас барах хүртэлх хугацаанд мэдэлгүй унтаж, болгоомжгүй үйлдлийн улмаас алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Сүгжлхам нь 2024 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын - дүгээр багийн нутаг **-*** тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн хүү болох  02 сартай С.Аын хамт унтаж байгаад түүнийг орноосоо газар унасныг мэдэлгүй унтсаны улмаас С.А нь галлагаагүй, хүйтэн гэрт нам хэмийн ерөнхий үйлчлэлд орж осгож амь насаа алдсан буюу Г.Сүгжлхам нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.3-т заасан “хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах” үүргээ биелээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2. Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд цугларсан:

-Хохирогч А.А “...2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай том хүү Анандын төрсөн өдөр болоод манай хамаатныхан ирж хоол унд идээд 19 цагийн орчим бүгд явцгаасан. Тэгээд бид хоёр гэр орноо цэвэрлэчхээд байж байтал манай танил эмэгтэй найз Н залгаад уулзъя гээд байсан юм. Тухайн үед над руу Н залгасныг манай эхнэр мэдчихсэн юм. Тэгээд бид хоёрыг хардаж хэрүүл маргаан эхэлсэн. Тэгээд хэрэлдээд болих шинжгүй байхаар нь би 23 цагийн орчим гэрээс гараад найз Х уулзсан. Би гэрээс гараад алхаад засмал зам дээрээс найз Хишигдорж тосож авсан. Тэгээд бид хоёр түүний найзынд очиж хөзөр тоглож байгаад цаг нэлээд орой болчихоор нь тэндээ хоносон. Бид архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэгээд өглөө 10 цагийн орчимд сэрээд утсаа хартал аав залгасан байхаар нь буцаагаад залгатал А нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би эхнэр рүүгээ залгатал манай эхнэр уйлаад А амьсгалахгүй байна гэж хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ орж явтал манай эхнэр залгаад эмч ирж үзээд А нас барчихсан байна гэж байна гээд уйлаад байсан... Би архи согтууруулах ундааны зүйл ерөөсөө хэрэглээгүй. Харин намайг 23 цагийн үед гэрээсээ гараад явснаас хойш манай эхнэр Сүгжлхам бурхан, тахил дээр байсан 0.75 литрийн экспорт нэртэй архийг ганцаараа бүгдийг нь уучихсан байсан. Намайг өглөө гэрт орж ирэхэд бурхан дээр байсан архины шил хоосон ширээн дээр байсан. ...Талийгаач хүүгийн минь хоёр өвдөг, хамрынх нь үзүүр, уруул хэсэг нь шалбарчихсан байсан. Шөнө манай эхнэр архи ууж согтоод хүүг доошоо харсан байхад нь мэдэхгүй дарчихсан байх гэж бодож байна. Тэгээд амьсгалж чадахгүй хөл, гараараа тийчгэнээд шалбарчихсан байх... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9 дэх тал/

-Гэрч Д.А “...Би өнөөдөр өглөө ажил дээрээ байхад манай бэр Сүгжлхам өөрийн дугаараас над руу 09 цаг40 минутад залгасан. Тэгээд утсаа аваад ярьтал манай бага хүүхэд А минь хөдлөхгүй, хөшчихсөн байна. Би яах учраа олохгүй байна та түргэн тусламж дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэгт дуудлага өгөөд өөрөө шууд яваад очсон. Намайг ирэхэд эмнэлгийн ажилчид ирсэн байсан ба манай ач хүү А нас барчихсан байсан... Өчигдөр бид гэрт нь ирэхэд бурхан, тахил дээр нь нэг шил архи байсан. Өнөөдөр өглөө ирэхэд байхгүй байсан. Тэр архийг уугаад тасарч унаад, хүүхдээ харахгүй үлдээчихсэн юм болов уу гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/

-Гэрч А.Ц “... Өнөөдөр өглөө гэртэй байж байхад 09 цаг өнгөрч байх үеэр манай төрсөн дүү Алтанчимэг утсаар залгаад А бага хүү нь нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би эхнэрийн хамтаар Булган сум руу шууд гарч А гэрт ирсэн. Бид хоёрыг ирэхэд эмнэлэг ирчихсэн байсан. Тэгээд дотогшоо гэр лүү орж чадахгүй байж байгаад нэг ороход А бага хүү А нь нас барчихсан байдалтай цайж, хөхөрчихсөн байсан. Өчигдөр бид тэдний гэрт ирэхэд том хүү А нь төрсөн өдөр болж байсан. Тэгээд хоол идчихээд төрсөн өдрийн бэлэг өгчихөөд удалгүй гараад явсан. Бид ын тэдний гэрт очиход бага хүү А нь эрүүл, саруул орон дээрээ дээгүүрээ цамцтай, доогуураа хувцасгүй, өлгийн дээрээ задгай хэвтэж байсан. Бие нь эрүүл саруул, уйлаад байдаггүй хүүхэд байна лээ. Тэгээд бид тэдний гэрт байж байгаад жаргаад орой болсон байсан тул 18 цаг өнгөрөөгөөд гараад явсан байх. Бид А гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Архи уусан хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 21-22 дахь хуудас/

-Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Энхбатын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 09 дугаартай

1.Талийгаач С.Аын биед хамрын үзүүр, баруун хацар дээр, баруун гарын шуу, баруун өвдөг, зүүн өвдөгний дээд хэсэгт, зүүн өвдөгний урд доод хэсэг хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Нам хэмийн ерөнхий үйлчлэл: Осголт нь үхэлд хүргэх шалтгаан болсон тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хамрын үзүүр, баруун хацар дээр, баруун гарын шуу, баруун өвдөг, зүүн өвдөгний дээд хэсэгт, зүүн өвдөгний урд доод хэсэгт цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй

4.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй. Нам хэмийн ерөнхий үйлчлэл: Осголтын улмаас нас баржээ. Нас бараад 24 цагаас дээш болжээ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 44-48 дахь тал/,

-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын химийн шинжээч Р.Н 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1585 дугаартай

1.2. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г.Сүгжлхам” гэх хаягласан цуснаас 0.8 спиртын агууламж илэрсэн. Цусан дахь 0.8 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/

6.Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Сүгжлхамын өгсөн: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 72-73 дахь тал/

7.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Сүгжлхам: “...Гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байна...” гэв.

зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч ын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Сүгжлхам нь бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулав.

1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Г.Сүгжлхам нь 2024 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг 11-1100 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ гал түлж галлалгүйгээр өөрийн 2 сартай нярай, эрэгтэй, С.А өөрийн унтдаг орны урд хэсэгт байрлуулан унтах явцад талийгаач С.А нь шөнө орноос унаж улмаар нам хэмийн ерөнхий үйлчлэлд орж осгож нас барах хүртэлх хугацаанд мэдэлгүй унтаж, болгоомжгүй үйлдлийн улмаас алсан болох нь хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр нотлогдож байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Сүгжлхам нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байх ба гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэдэг нь “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан” байдлыг ойлгоно.

Хүүхдийн эцэг, эх нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “...”Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ…” мөн хэсгийн 10.1.3 дахь заалтад “хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах” үүрэг хүлээсэн бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Сүгжлхамын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь хохирсон хор уршгаараа хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтээр “...талийгаач С.А нь нам хэмийн ерөнхий үйлчлэл осголтын улмаас амь насаа алдсан...” болох нь нотлогдсон байх бөгөөд шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, ийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.Сүгжлхамыг “хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч А.Алтанцоож нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал байхгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Сүгжлхамыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Г.Сүгжлхамыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Сүгжлхамыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 76 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 78 дахь тал/ шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 79 дэх тал/, шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 80 дахь тал/, О аймгийн Б******* сум Б багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 83 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Сүгжлхамын хувийн байдлыг тодорхойлов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Сүгжлхам нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.Сүгжлхамыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.

2.3.Бусад асуудал

Шүүгдэгч Г.Сүгжлхам нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Сүгжлхамд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Алаг адуу овогт Г******* Сүгжлхамыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Сүгжлхамыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Сүгжлхамд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа  өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.Сүгжлхамд сануулсугай.

5. Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Сүгжлхам нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Сүгжлхамд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ЁНДОНСАМБУУ