| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00926/И |
| Дугаар | 156/ШШ2021/00220 |
| Огноо | 2021-05-25 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 156/ШШ2021/00220
156/ШШ2021/00220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00926/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ................................... оршин суух, Авгад овогт Б.Ж. /РД:./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...........оршин суух, Багш нар овогт Д.Э /РД:...................../-д холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.У оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Д.Э-тай 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хамтран амьдарч, 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр охин Э.М төрсөн юм. Хамтран амьдрах хугацаанд Д.Э нь архи уусан үедээ агсан тавьж хөөдөг байсан тул 2019 оны 8 сараас салж тус тусдаа амьдрах болсон. Тухайн үед бид хоёрын аль аль нь гэрлэлтээ батлуулъя гэж хүсэлт гаргаагүй юм. Одоо дахин нийлж амьдрахгүй, тус тусдаа амьдралтай болсон. Иймд охин Э.М-ын төрсөн эцэг Д.Э мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Ж-ай 2018 онд гэр бүл болж өрх тусгаарлан амьдарч байсан. Бидний амьдрал удаан үргэлжлээгүй. 2019 оны 8 сард эхнэр гэртээ хариад дахин ирээгүй. Бидний хооронд салж сарних хэмжээний ямар нэг ноцтой хэрүүл маргаан, үл ойлголцох асуудал гараагүй. Ж нь 2019 оны 2 дугаар сард амаржин охин төрүүлсэн. Энэ төрсөн хүүхэд нь миний хүүхэд гэдэг нь эргэлзээтэй байна. 2019 оны 2 дугаар сард төрсөн хүн 2018 оны 5 сард жирэмсэн болсон байх ёстой. Энэ үед бид дөнгөж танилцаж байсан. Нутгийн хэд хэдэн хүн манай аав, ээжид энэ хүнээс төрсөн хүүхэд танай хүүгийн хүүхэд мөн үү, хүүтэй чинь танилцахаас өмнө өөр хүнтэй байсан гэж хэлсэн байдаг. Иймд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Д.Э-д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг шүүхэд ирүүлсэн тайлбараас нь үзэхэд 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Э.М миний хүүхэд биш гэжээ.
Тэрээр шүүхэд хүсэлт гаргаж 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Э.М-ын эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн дагуу хийгдсэн 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 330 дугаартай Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Д.Э нь охин Э.М-ын биологийн эцэг байх боломжгүй гэжээ.
Иймд нэхэмжлэгч Б.Ж-ийн хариуцагч Д.Э-д холбогдуулан гаргасан эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Ж, хариуцагч Д.Э нарт шүүхээс шүүх хуралдааны товыг хуулийн хугацаанд мэдэгдсэн байх бөгөөд тэдгээр нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй талаар мэдэгдсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.3-д зааснаар хэргийг зохигчдын эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ж-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Э-д холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаруулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА