Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/392

 

 

 

 

 

 

 

 

 

   2024           5            15                                    2024/ШЦТ/392                          

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн

улсын яллагч Б.Одонтуяа

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Х.Даваахүү

хохирогч *** өмгөөлөгч Г.Ганбаяр

иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***

иргэний нэхэмжлэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын *-нд Завхан аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “***” ХХК-д жолоочоор ажиллаж байсан, *** дүүргийн * дугаар хороо, * дүгээр хороолол, *** дүгээр байр, ** тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн ** дугаар хороо, *** дугаар гудамж, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

*** дугаарын регистртэй, *** овогт ***ийн ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *** нь 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 12 цаг 18 минутын орчимд *** дүүргийн ** дугаар хороо, “***” ХХК-ны баруун замд North benz маркийн, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг аваарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд урдаас ирж явсан Hуundai HD-65 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгслийн жолооч *** эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хэргийн талаар дахин ярих шаардлагагүй, 100 хувь миний буруу. Би 13 дахь жилдээ машин жолоодож, “***” ХХК-д 2013 оноос ажиллаж байгаа. Осол болсон тухайн өдөр зам мөстэй, хальтиргаа гулгаатай байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Хүлээн зөвшөөрнө, гэм буруугийн талаар маргахгүй.

Нөгөө машины хохирол буюу иргэний нэхэмжлэгч *** 12 сая төгрөг өгсөн. “***” ХХК-ийн машиныг засаж, янзлаад төлбөргүй болгосон. Хохирогч ***нийт 2.123.700 төгрөг өгснийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч ***цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх болно.

Миний жолоочийн эрх хасах ялын хугацааг багасгаж өгнө үү гэв.

 

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

*** нь машин тэргээ өөрөө янзлаад компанийг хохиролгүй болгосон гэж манай компаний автомеханик хэлсэн. Тиймээс нэхэмжлэх зүйл байхгүй. *** манай компаний урдаа барьдаг шилдэг жолооч нарын нэг нь, сайн ажилтан. Одоо бааз дээр шатахууны ачигчаар ажиллаж байгаа. Хорихоос өөр төрлийн ял авсан тохиолдолд манай компани ***эр өөрт тохирох ажлыг нь хийлгэнэ. ***д хөнгөн ял оногдуулж өгөх хүсэлтийг өнөөдөр өглөө компанийн удирдлагын зүгээс шүүхэд гаргасныг уламжилж байна.

Иргэний хариуцагчийн хувьд хэлэхэд манай компани хохирлыг төлөхөө мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн байгаа. Машин бол 2023 оны үзлэг оношилгоонд хамрагдсан байсан. Цаашид хохирлыг даатгалын байгууллагаас гаргуулах саналтай байгаа. Хохирогч *** эмчилгээтэй холбоотой хохирлыг манайх төлөөгүй. Цаашид төлнө. Мөн иргэний нэхэмжлэгч *** 12 сая төгрөг төлснийг манай компани төлөөлгүй, *** өөрөө төлсөн байх.

Осол болдог тухайн өдөр байгууллагуудаас шатахууны захиалга ирсний дагуу бааз дээр бүртгэгдээд машин ачаа тээвэртээ гарсан. Зааварчилгаа өгсөн. Ажилд гарсан үед нь жолооч нарыг GPS-ээр хянадаг гэв.

 

Иргэний нэхэмжлэгч ***шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Миний машины зах зээлийн үнэлгээ дунджаар 35 сая төгрөгийн үнэлгээтэй. Хохиролд шүүгдэгчээс 12 сая төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй. Миний өмчлөлийн “Hyundai HD-65” маркийн, *** улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч *** бол манай хадам ээжийн дүү нь байгаа юм гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч ***ийн *** “... тухайн өдөр буюу 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр би “Hyundai HD-65” маркийн, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Таван шарын төмөр замын гармын тэндээс хүнээс машины сэлбэг авчихаад “***” ХХК-ны агуулахын хашааны баруун талд байх гэртээ ирэх замд буюу Таван шарын төмөр замын гармаас урагшаа 4 дүгээр цахилгаан станцын зам руу нийлдэг шинэ замаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэн явж байхад эсрэг урсгалаас ирж байсан шатахуун түгээгүүрийн “North benz” маркийн машин миний явж байсан эгнээ рүү орж ирээд миний жолоодож явсан машины жолооч талын хэсэгт мөргөсөн. Тухайн үед би балмагдаад хэсэг хугацаанд шоконд орсон, нэг ухаан ороход машины кабиндаа хүзүүнээс доош хэсгээр бие хавчуулагдсан байдалтай байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс оролдож байж намайг хавчуулагдсан байсныг гаргасны дараа 103-н машин ирээд намайг ГССҮТ-рүү авч явсан. Би ганцаараа явж байсан. Зам мөстэй, гулгаа үүссэн, хөдөлгөөн сийрэг байсан. Би тэр замын хойноос урагш чиглэлийн эгнээгээр явж байсан. Тэр зам эсрэг урсгалтай, 2 эгнээ зам байсан. Мөргөлдсөн машин миний явж байсан эгнээ рүү орж ирээд мөргөсөн би өөрийнхөө эгнээнд л явж байсан” /хх-н 17/ гэж мэдүүлжээ.

 

Хохирогч *** гэмтэлтэй холбоотойгоор “... ***биед зүүн ацетабул зөрөөтэй, бяцарсан хугарал, зүүн шаант яс хоёрлосон зөрөөтэй ил хугарал, тахилзуур яс, гурвалсан зөрөөтэй ил хугарал, зүүн түнхний үений бүрэн мултрал, шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн *** тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 37-39/

 

Шүүгдэгч *** жолоодож явсан тээврийн хэрэгслийн талаар техникийн шинжээч “... North Benz загварын, *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Зүүн талын их гэрэл сууриараа байхгүй, зүүн талын босоо салхи зүсэгч хугарсан, урд купер зүүн талын үзүүр хэсгээрээ хугарч хэв гажилтад орсон, зүүн талын хаалганы гишгүүр хугарч хэв гажилтад орсон, арын бүртгэлийн дугаарын гэрэл ухрах арааны гэрэл асахгүй болсон байна. Тоног төхөөрөмжөөр хэмжилт хийхэд баруун талын хол болон ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байна. North Benz загварын, *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хийн тоормосны системтэй. Тоног төхөөрөмжөөр шалгахад 1, 2, 3-р тэнхлэгийн ажлын тоормосны ажиллагаа хэвийн, стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос /гар кардан/ ажиллагаатай байна. 1-р тэнхлэгийн дугуй нь тойргийн дагуу үргэлжилсэн хээтэй /усан хээтэй/ Goncotiro маркийн 12.00R20 хэмжээтэй улирал заасан тодорхойлсон тэмдэглээгүй дугуйтай, 2-р болон 3-р тэнхлэгийн дугуй нь тусгаарласан блокон хээтэй /боорцгон хээтэй/ Gencotire маркийн 12.00R20 хэмжээтэй улирал заасан тодорхойлсон тэмдэглэгээгүй дугуйтай байна. North Benz загварын, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын гэрлүүд стандартын шаардлага хангахгүй байна. Нэмэлтээр тусгах зүйлгүй” гэсэн *** тоот дүгнэлтийг /хх-н 44-50/,

“THT9280GYY загварын, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Ухрах арааны гэрэл асахгүй байна. ТНТ9280GYY загварын *** улсын дугаартай чиргүүл нь хийн тоормосны системтэй. Тоног төхөөрөмжөөр шалгахад 1, 2-р тэнхлэгийн ажлын тоормосны ажиллагааa хэвийн, стандартын шаардлага хангаж байна. Хариулт 4. 1 ба 2-р тэнхлэгийн дугуй нь тойргийн дагуу үргэлжилсэн хээтэй /усан хээтэй/ Gencotire маркийн 12R22.5 хэмжээтэй улирал заасан тодорхойлсон тэмдэглэгээг дугуйтай байна. Нэмэлтээр тусгах зүйлгүй” гэсэн 1000095 тоот дүгнэлтийг /хх-н 54-59/ гаргажээ.

 

Түүнчлэн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5-6/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг /хх-н 7-8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 9-11/ зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг бол хүндрүүлэх шинжид нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан”-аар тухайн гэмт хэргийн бүрдэл хангагддаг.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч ***“авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч-жолооч ***, хохирогч-жолооч *** нарын хэн аль нь тухайн цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь “Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд тусгагдаж, энэ байдлыг гэрэл зургаар бэхжүүлсэн байна. /хх-н 12,13/

 

Зам тээврийн осол гарах үед шүүгдэгч-жолооч *** жолоодож явсан “North benz” маркийн, *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “***” ХХК-ийн эзэмшлийнх болох нь иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч ***ын “... манай компани машинаа 2019 онд 200.000.000 төгрөгөөр худалдан авч байсан” /хх-н 25/ гэсэн мэдүүлгээр,

хохирогч-жолооч *** жолоодож явсан “Hуundai HD-65” маркийн, *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн ***ийн *** эзэмшлийнх болох нь Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаагаар /хх-н 19/ тус тус нотлогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт “***” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон, иргэний хариуцагчаар татсан, иргэн ***ийн Ганболдыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хуулийн үндэслэл бүхий болжээ.

иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч “***” ХХК-ийн төлөөлөгч ***

“... манай компанийн эзэмшлийн “North benz” маркийн, *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Нуundai hd-65” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч нь гэмтсэн гэж хэлж байсан. Манай компани тээврийн хэрэгслийн хохирлоо барагдуулаад авчихсан тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Манай байгууллагын зүгээс бусдад хохирлыг төлж барагдуулна” /хх-н 24-25/ гэж,

иргэний нэхэмжлэгч ***“... миний эзэмшлийн “Hуundai HD-65” маркийн, *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “***” ХХК-ийн түлш тээвэрлэлтийн машинтай мөргөлдсөн байсан. Миний машины урд кабин хэсэг эвдэрч гэмтсэн, мотор, кроп салж унасан байсан. Ер нь бол дахин ашиглах боломжгүй болсон. Тээврийн хэрэгслийн хохирлоо барагдуулаад авчихвал надад гомдол санал байхгүй” /хх-н 21-22/ гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Мөн хохирогч /жолооч/ *** эмчилгээний зардал Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна.

иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч ***“... дээрх гэмт хэргийн улмаас хохирогч *** нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2.135.300 төгрөгийн зардал гарсан. Энэ мөнгийг буруутай хүнээс нь гаргуулж өгнө үү” /хх-н 29/ гэжээ.

 

Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал үүнд: шүүгдэгч *** анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид тодорхой хэмжээний хохирол төлсөн, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгааг харгалзав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул хуулийн энэ зохицуулалтыг шүүгдэгч ***д хэрэглэх боломжтой гэж үзлээ.

 

Улсын яллагч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, хязгаарлалтын бүсийг нийслэлийн ***, *** дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох тухай ялын санал гаргасныг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгээс улсын яллагчийн гаргасан ялын саналыг дэмжиж байна гэсэн тайлбар хэлснийг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзэв.

Учир нь, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь анх удаагаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн ялтан *** хувьд түүний эрх зүйн байдалд нөлөөлөхөөр тухайлбал, ялтан нь зөвхөн “ажлын газар-гэрийн хаяг” гэсэн бүсээр хязгаарлагдсанаар эмнэлэг, нийгмийн халамж үйлчилгээ авах болон амьдрал ахуйд сөрөг үр дагаврыг бий болгоно.

 

Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн ялтан *** нь цаашид өөрийн хувийн байдалдаа анхаарч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчихгүй байвал зохино.

 

Шүүгдэгч *** хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 110/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 119/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 109/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 111/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н 108/, жолоодох эрхийн лавлагаа /хх-н 112/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол, төлбөрийн хувьд:

Шүүгдэгч *** нь иргэний нэхэмжлэгч ***од 12.0 сая төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч “***” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг засаж янзалсан, тухайн компани нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул тэрээр иргэн ***болон “***” ХХК-д төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч *** хохирогч ***д нийт 2.123.700 төгрөг төлсөн талаарх тайлбарыг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, хохирогчийн өмгөөлөгч Г.Ганбаяр нар хэлэв.

 

Шүүгдэгч ***эс хохирогч *** эмчилгээний зардалд зарцуулсан 2.135.300 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт /иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч ***/ олгох нь зүйтэй.

 

Хохирогч *** сэтгэцэд учирсан хохирлыг хор уршгийн тавдугаар зэрэглэл гэж тогтоосон /хх-н 128/ бөгөөд үүнийг хохирогч хүлээн зөвшөөрсөн байх тул гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 60 дахин нэмэгдүүлж 39.600.000 төгрөгийг иргэний хариуцагч “***” ХХК-иас гаргуулж хохирогч ***д олгохоор,

 

хохирогч *** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар иргэний хариуцагч “***” ХХК-иас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Учир нь, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу … хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж,

мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заажээ.

 

Харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, …-т заасан этгээд өөрийн … илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан байгааг дурдах нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *** ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан нэр бүхий хүмүүсийн мэдүүлгүүд, “***” ХХК-ийн иргэн ***тэй байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” /хх-н 113-115/, “Байгууллагын нууц, мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай гэрээ” /хх-н 116/, “Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ” /хх-н 117-118/, “***” ХХ-ийн Шатахуун тээвэрлэлтийн замын хуудас /хх-н 106, 107/ гэсэн баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, жолооч *** гэх “Жолоочийн үнэмлэх” шүүхэд ирээгүй болно.

 

Эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

  1. ***“автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, хэрэгжилтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

4. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр “үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, жолооч *** гэх “Жолоочийн үнэмлэх” шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч *** иргэний нэхэмжлэгч ***болон иргэний нэхэмжлэгч “***” ХХК-д төлөх төлбөргүй,

хохирогч ***д 2.123.700 төгрөг төлснийг дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***эс хохирогч *** эмчилгээний зардалд зарцуулсан 2.135.300 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

9. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалыг тус тус үндэслэн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “***” ХХК-иас хохирогч *** сэтгэцэд учирсан хохирлын хор уршигт 39.600.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.

 

10. Хохирогч *** цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар иргэний хариуцагч “***” ХХК-иас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

11. Эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ