Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 156/ШШ2021/00226

 

 

 

 

 

 

 

 

 

156/ШШ2021/00226

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

 

156/2021/00006

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ....................... оршин суух, Их тавнан овогт Ц.А. /РД:........ /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, К-28-1 тоотод оршин суух, Боржигон овогт Н.Н. (РД:....................)-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.У., нэхэмжлэгч Ц.А., хариуцагч Н.Н. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааМиний бие Ц.А нь 2007 онд Н.Н-той танилцаж улмаар 2008 оны 1 дүгээр сарын 12-ны гэрлэлтийн 0052419-43 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр охин Н.Б төрсөн. Бид зан харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2011 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань эх Ц.А миний асрамжид өсөж торнисон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Н.Б-г миний асрамжид үлдээж, эцэг Н.Н-оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Охиныхоо ирээдүйд суралцах оюутаны сургалтын төлбөрийг нэхэмжлэхээс татгалзаж байна. Учир нь охиноо сурах үед нь нэхэмжлэл гаргана гэв.

Хариуцагч Н.Н нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.А-тай амьдрах хугацаандаа архи согтууруулах ундаа хэрэглэж байсан нь үнэн. Одоо архи согтууруулах ундаа хэрэглэхгүй болоод 3 жил болж байна. Тухайн үед Ц.А-д хатуу хандаж байсан. Эвлэрүүлэн зуучлалын хугацаанд Ц.А-тай эвлэрье гэж санал тавьсан боловч эвлэрээгүй. Одоо нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах бол би хүүхдийнхээ эмчилгээний зардлыг гаргахгүй. Харин хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй бол хүүхдийнхээ эмчилгээ зардлыг хариуцна гэв.

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Н.Н-д холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.А, хариуцагч Н.Н нар нь 2008 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2008 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр охин Н.Б төрсөн болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 4 тал), охин Н.Б нь эрүүл эсэн мэнд бойжиж байна гэх өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Хэнтий аймгийн Хэрлэн сум, 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Шүүхээс гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, тэдгээрийн гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, шүүхээс гэрлэгчидэд эвлэрэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй, 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа зэрэг шалтгааныг харгалзан үзэж гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ. 

Гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2008 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Н.Б эх Ц.А-ийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон байх тул охин Н.Б-г эх Ц.А-ийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.

Гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Н.Н-оор хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н-оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Н.Н-оос нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 2,523,600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж  55,328 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Н.Н, Их тавнан овогт Ц.А, нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Н.Б-г эх Ц.А-ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2008 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Н.Б-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Н-оор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ц.А-д даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай

5.Зохигчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.

7.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н-оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ал-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Н.Н-оос нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 2,523,600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 55,328 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн Иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.А-д даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАРИНА