Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/420

 

  

 

 

 

 

 

 

 

      2024          5           22                                     2024/ШЦТ/420

 

 

 

                          

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

***дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн

улсын яллагч Д.Хонгорзул

шүүгдэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн ***дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-нд *** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “***” ХХК-д *** ажилтай гэх, ам бүл *; эцэг эхийн хамт *** дүүргийн ** дүгээр хороо, *** дугаар зөрлөг, * дүгээр гудамж * тоотод оршин суух,

ял шийтгэл: *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

*** дугаарын регистртэй, *** овогт ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ***дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” гэх нэртэй бааранд үйлчлүүлж байсан хохирогч ***нүүрэн тус газар хөлөөрөө 1 удаа өшиглөж хүний эрүүл мэндэд хамар ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, баруун дээд 1-р шүдний сулрал, зүүн дээд 1, 4 доод 2-р шүдний эмтрэл, баруун хацар, зулайд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч харамсаж байна. Хохирогчийн хохиролд дансаар 140.000 төгрөг шилжүүлсэн. Шүүхээс оногдуулах ялын талаар надад хэлэх зүйл байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч ***“... би 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр *** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” бааранд найз ***той уулзах гэж орсон. Тэгээд байж байхад ариун цэврийн өрөөнд хүмүүс зодолдоод байх үед баарыг ажиллуулдаг *** гэх танил ах маань ариун цэврийн өрөөний үүдэнд нэг хүн унасан байна, ахын дүү сэрээчих гэж хэлсэн. Би тухайн хүн дээр очоод сэрээх гэхэд хажуу талаас үл таних хар өнгийн савхитай залуу миний нүүр рүү 1 удаа өшиглөсөн. Би тухайн үед ухаан алдсан. Сэргээд цагдаа дуудсан” /хх-н 16/ гэж мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***биед хамар ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, баруун дээд 1-р шүдний сулрал, зүүн дээд 1, 4 доод 2-р шүдний эмтрэл, баруун хацар, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл байна гэсэн *** тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 36/

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч *** овогт ***ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзав.

Тухайлбал, шүүгдэгч *** “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдэж шүүхээс 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч дээрх байдал нь шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлнэ.

 

Иймд шүүх шүүгдэгч ***д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

 

Шүүхийн шийдвэр бодитойгоор биелэгдэх, ял хариуцлага гарцаагүй байх үүднээс шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил биелэгдэх болон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч ***д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүрэн хэрэгжиж биелсэний дараагаас шүүгдэгч ***д авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэр гаргасан тухайн шүүх өөрчлөхийг түүнд мэдэгдье.

 

Шүүгдэгч ***ий хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 55/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 51/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 54/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 56/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч ***нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 140.000 төгрөгийн хохирлын баримт гаргасан байх тул шүүгдэгч Билгүүн бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. *** овогт ***ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             О.ЖАНЧИВНЯМБУУ