Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 1715

 

МАГАДЛАЛ

 

2018.07.23                                                 Дугаар 1715                                    Улаанбаатар хот

 

 

 

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/01724 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч У.М-д холбогдох,

 

Нотариатийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч: А.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Э нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Д.О нь С.А-тай харилцан тохиролцож түүний өмчлөлийн газруудын гэрчилгээг Г.Б-ын барьцаанаас чөлөөлж авах, С.А , Б.Б нар нь газраа солонгос улсын иргэдэд зарсны дараа мөнгөө өсгөж авах зорилготойгоор гэрээ хэлцэл байгуулахаар Баянгол дүүргийн тойргийн нотариатч У.М дээр С.А гийн хүсэлтээр 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр очсон байна. Гэтэл С.А  нь нотариатч дээр очсон хойно худалдах худалдан авах гэрээ гарган ирснээс болж маргалдах үед нотариатч У.М нь нөхцөл байдлыг тодруулан асууж зөвлөгөө өгөхдөө Д.О нь худалдан авагч биш байна нөгөө талаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд чинь байхгүй байгаа учраас энэ гэрээг гэрчлэх боломжгүй харин та нар хамтран ажиллах гэрээ хийж нэг компани байгуулаад тухайн газраа солонгосуудад компанитайгаа шилжүүлж өгөөд өөр өөрсдийн ашгийг авах боломжтой гэж зөвлөсний дагуу хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж гэрчлүүсэн. Харин худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурахад С.А  нэгэнт л хоёулаа 14 хоногийн дараа бүх юм дуусчихна энэ бол дүр үзүүлсэн л юм гэж ятгаж тулгасны үндсэн дээр орж ирэх ашгаа бодож төөрөгдөж, хууртаж гарын үсэг зурсан юм. Түүнээс биш Д.О-д нэг сая есөн зуун мянган долларын үнэ хүрэхгүй өмчлөлийн газруудыг худалдан авах хэрэгцээ шаардлага байгаагүй, тийм боломж бололцоо ч байхгүй байсан болно. Үүнийг нотариатч У.М нь маш сайн ойлгож мэдэж байсан боловч өөрийн танил С.А гийн эрх ашигт нийцүүлж гэрээний нэг талыг илтэд хохироож мэдсээр байж Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх заавар журмыг зөрчин үйлдэл хийснээр Д.О-ийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн байна. Д.О , С.А  нар нь газрын бичиг баримтыг чөлөөлөх, газраа С.А  нь Солонгосуудад худалдаж тохиролцооны дагуу хамтарч ажилласнаас биш худалдах худалдан авах гэрээг хэн нь ч байгуулах хүсэл зорилго байгаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд нотариатч У.М-ийн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2008 дугаарт бүртгэж гэрчилсэн хамтран ажиллах гэрээтэй нэг бүртгэлийн дугаар авч 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүртгэлийн дугаар 2008 гэж худалдах худалдан авах гэрээгээр гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянгол дүүргийн тойргийн нотариатч У.М би ажлын байрандаа тогтоосон тойргийн дагуу ажлаа хийж байх үед 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр С.А , Д.О , С.А гийн нөхөр н.Б , н.Э нар бид 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хоорондоо тохиролцож худалдах, худалдан авах гэрээ хийсэн, урьдчилгаа              470 000 000 төгрөг өгч хувь хүний барьцаанд байгаа гэрчилгээгээ чөлөөлүүлсэн, төлбөр төлөх хугацаа хойшлогдоод байгаа учраас гэрээгээ нотариатаар гэрчлүүлье гэж манай ажлын байранд ирсэн. Би гэрээг талуудад тайлбарлаж өгсөн. С.А  ирснийхээ дараа уг гэрээг гаргаж ирээгүй, талууд тохиролцож, гарын үсгээ зурчихсан, хууль зөрчсөн зүйл байгаагүй учраас би гэрээг 2008 дугаарт бүртгэж гэрчилсэн. Хамтран ажиллах гэрээг мөн бэлдээд ирсэн байсан. Хамтран ажиллах гэрээ нь худалдах, худалдан авах гэрээнд заасан заалтууд орсон, хэн алиных нь эрх ашигт нийцсэн, өөрсдөө хүсэл, зоригоо илэрхийлээд худалдах, худалдан авах гэрээний дагуу хамтран ажиллах гэрээ хийе гэсэн. Талууд худалдах, худалдан авах гэрээний дагуу газруудыг нэгтгээд компаний нэр дээр шилжүүлээд газрын захирамж гаргах учраас давхар хамтран ажиллах юм, иймээс хамтран ажиллах гэрээг хийе, бид хүлээн зөвшөөрч байгаа гээд гэрээ байгуулсан. Тухайн үед би худалдах, худалдан авах гэрээ бариад орж ирэхэд нь энэ нь ийм гэрээ биш, цаашдаа ийм үр дагавартай гэсэн ямар нэгэн зөвлөгөө огт өгөөгүй. Худалдах худалдан авах гэрээнд тулгуурлаж, зөвлөгөө, тайлбарыг өгсөн. Хоёр тал хоёулаа хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Нотариатын тухай хуулийн 26, 46 дугаар зүйлд заасныг баримтлан нотариатч У.М-ийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр худалдах худалдан авах гэрээг бүртгэлийн 2008 дугаарт бүртгэж, гэрээний үнэн зөвийг баталж, гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Гэрээний агуулга нөхцлийг хэн тодорхойлж боловсруулж ирэхээс үл шалтгаалан Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүрэгтэй этгээд бөгөөд нотариатч У.М нь уг үүргээ биелүүлэн талуудад хамтран ажиллах гэрээ байгуулах талаар зөвлөгөө өгсөн байдаг талаар хэрэгт гэрчээр оролцсон С.М , Д.Э нар гэрчээр мэдүүлэг өгөхдөө гэрчилдэг. Гэтэл шүүх гэрчийн мэдүүлэг болох нотлох баримтыг хэрхэн дүгнэж үнэлсэн эсэх талаар шийдвэрт тусгаагүй. Мөн хэрэгт нотлох баримтаар нотариатч У.М-ийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээний бүртгэлийн 2006-д бүртгэгдэж гэрчлэгдсэн Ажил гүйцэтгэх гэрээ, 2007-онд бүртгэгдэж гэрчлэгдсэн Э Е  ХХК-ийн Эрх шилжүүлэх гэрээ, Бэлэглэлийн гэрээ /хувьцаа бэлэглэх гэрээ/ нотлох баримтаар авагдсан бөгөөд уг гэрээнүүд нь Улаанбаатар хот Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 1 дүгээр гудамжны 25, 26, 27, 28, 29, 31, 31а, 31б, 32 тоотод байрлах газруудыг нэгтгэн барилгажих талбай болгож Э Е  ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, Э Е  ХХК-ийн 14 хувийн эрхийг Д.О-д шилжүүлэх хамтран ажиллах гэрээтэй холбоо бүхий гэрээнүүд байдаг. Дээрх нотлох баримтаар нотариатч У.М нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээг хүчингүй болгож нэгтгэн барилгажих талбай болгон Э Е  ХХК-ийн нэр дээр шилжих, гэрээний бүртгэлийн 2008-д бүртгэж гэрчилсэн Худалдах худалдан авах гэрээ нь биелэгдэх боломжгүй өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдэж байгаа гэрээ, хэлцэл гэдгийг мэдсээр байж Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг мөн Нотариатын үйлдэл хийх зааврын 5.5 гэрээ, хэлцлийн агуулгыг хянах явцад тэдгээр нь хууль тогтоомж зөрчсөн, эсхүл өөр гэрээ хэлцлийг халхавчлах зорилго агуулсан тухайн гэрээ, хэлцлийг нотариатч гэрчлэхгүй гэснийг зөрчиж гэрчилсэн. Шүүх дээрх нотлох баримтанд мөн үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г би 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн өглөө шүүх хуралдаанд очсон боловч миний эцэг Д.Ш нь ясны хорт хавдар өвчний учир биеийн байдал гэнэт муудан дуудан шүүхийн гаднаас буцсан болно. Шүүгчийн туслах Ж.Э-ийг утсаар ярихад хүндэтгэн үзэх шалтгаанаа хэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч У.М-д холбогдуулан нотариатийн үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...Баянгол дүүргийн тойргийн нотариатч У.М өөрийн танил С.А гийн эрх ашигт нийцүүлж гэрээний нэг талыг илтэд хохироосон, худалдах худалдан авах гэрээг байгуулах хүсэл зорилго байгаагүй хүчин төгөлдөр бус хэлцлийг гэрчилсэн,…” нотариатч У.М-ийн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2008 дугаарт бүртгэж гэрчилсэн хамтран ажиллах гэрээтэй нэг бүртгэлийн дугаар авч 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүртгэлийн дугаар 2008 гэж худалдах худалдан авах гэрээгээр гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах…” гэж үндэслэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “…2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Д.О , С.А  нар 2013 оны 10 дугаар сарын     10-ны өдөр хийсэн худалдах худалдан авах гэрээгээ гэрчлүүлэхээр ирсэн, гэрээг тайлбарлаж өгсөн, талууд гарын үсгээ зурчихсан, хууль зөрчсөн зүйл байгаагүй учраас гэрээг 2008 дугаарт бүртгэж гэрчилсэн. Худалдах худалдан авах гэрээнд тулгуурлаж, зөвлөгөө, тайлбарыг өгсөн...” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Д.О , С.А  нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг   хариуцагч нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүртгэлийн 2008 дугаарт бүртгэж, гэрээний үнэн зөвийг гэрчилсэн, энэ гэрээгээр худалдагч буюу С.А  нь Баянгол дүүргийн 16-Орхоны 1 дүгээр гудамжны 20-32 тоот /30 тоот биш/, авто гараашийн барилга /6 машины/, өмчлөлийн 1615 м.кв газрыг 1 900 000 ам.доллараар худалдах худалдан авагч буюу Д.О нь гэрээний зүйлийн урьдчилгаа 470 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлсөн, үлдэх төлбөрийг 2013 оны 10 дугаар сарын 25-ны дотор бүрэн төлөхөөр тохиролцсон байна.

Дээрх гэрээ байгуулах үйл явцын талаар гэрч С.М , Д.Э нар мэдүүлэг өгсөн байх ба эдгээр гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар нотариатын үйлдэл хийхээс хариуцагч У.М татгалзах байсныг нотлохгүй байна. Түүнчлэн тухайн гэрээг байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч нь гэрээний 3.2-т зааснаар урьдчилгаа 470 000 000 төгрөгийг шилжүүлснээс хойш уг гэрээний үнэн зөвийг гэрчлүүлсэн ба 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, гэрээний үнэн зөвийг гэрчилсэн нотариатын үйлдлийн улмаас үүссэн үр дагавар тодорхойгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчилсан, эсхүл төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж зохих журмаар нэхэмжлэгч шаардлага гаргаж байгаагүй.

Нотариатчийн үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч У.М нь Нотариатын тухай хуулийн 26, 34, 35, 46 дугаар зүйл, Нотариатын үйлдэл хийх журмын 5-д заасныг зөрчсөн нь тогтоогдоогүй гэж шүүх дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь зөв байна.

Шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй байхад нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Хэргийн 215 дахь талд авагдсан тэмдэглэлд “...та хурлаасаа хоцроод байна гэхэд манай аавын бие нь муудаад би танай гаднаас дуудагдаад буцаж байна. Шүүх хуралдааныг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэсэн шүүгчийн туслах Ж.Э-ийн бичсэн тэмдэглэлийн худал ташаа болохыг нотлох баримтгүйгээс гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол түүнийг нотлох баримт, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан талаар баримт хэрэгт авагдаагүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/01724 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

 

        ШҮҮГЧИД                               Ч.ЦЭНД

 

                                                                       М.НАРАНЦЭЦЭГ