Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 914

 

Б.Б, Г.Б нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,

шүүгдэгч Б.Б, Г.Б нарын өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/884 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Насанбатын 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Б.Б, Г.Б нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д овгийн Бын Б, 1999 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... их сургуулийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, эгчийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

2. Х овгийн Гийн Б, 1998 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... их сургуулийн оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Шүүгдэгч Б.Б, Г.Б нар нь бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9” тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Б.Б нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл өөрийн оршин суух ... тоот гэртээ 0.0682 грамм цэвэр жинтэй, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

Г.Б нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл өөрийн биедээ 3.3907 грамм цэвэр жинтэй болон 13.5695 грамм цэвэр жинтэй, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худадлаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Нийслэлийн прокурорын газраас: Б.Б, Г.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д овогт Бын Б, Х овогт Гийн Б нарыг бүлэглэн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б, Г.Б нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэдгээрт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 0.0682 гр цэвэр жинтэй, 3.3907 гр цэвэр жинтэй болон 13.5695 гр цэвэр жинтэй тус тус дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг даалгаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц.Насанбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон үзэхээр хуульчилсан боловч анхан шатны шүүх Б.Б, Г.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийн талаар бодитой үнэлж, дүгнээгүй байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын үндэстний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол, үр дагавар нь үүсэж байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлыг харгалзан үнэлж, дүгнэх учиртай тул шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Б.Б, Г.Б нарт үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглээгүйг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж байгаа тохиолдолд үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох арга хэмжээг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б, Г.Б нарын өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан бодит хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шийдвэрээ гаргасан. Ингэхдээ шүүгдэгч нар сайн дураараа эд мөрийн баримтаа гаргаж өгсөн, үнэн зөв тогтвортой мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, мөн хоёулаа дээд сургуулийн төгсөх курсийн оюутан гэх, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзсан. Мөн хор уршиг, хэр хэмжээний хувьд Б.Бэд байсан өвс 1 орчим грамм, Г.Бд байсан нь 10 орчим грамм буюу хэмжээний хувьд харьцангуй бага байсан. Сэтгэцэд нөлөөт бусад төрлийн хүчтэй бодис биш өвс гэдгийг харгалзан үзсэн. Ёс суртахуун, үзэл бодлын хувьд төлөвшиж байгаа залууст анхан шатны шүүх нэг удаа боломж олгож, бүх талыг нь харгалзан үзэж шийдвэрээ гаргасан. 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь бага хугацаа биш бөгөөд энэ хугацаагаар тэнсэх нь илүү үр өгөөжтэй, хүмүүжлийн шинж чанартай, ач холбогдолтой. Эрүүгийн хуулийн нийгэмшүүлэх зорилгод нийцсэн гэж үзэж байна. Шүүх шийдвэр гаргахдаа хэний ч нөлөөнд авталгүй, дотоод итгэлээрээ үнэлэлт дүгнэлт өгсөн нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заавал үүрэг хүлээлгэж хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэх ёстой биш. Шүүх үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч болно гэж заасан. Давж заалдах шатны шүүх үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх нь зүйтэй гэж үзвэл өмгөөлөгчийн зүгээс татгалзах зүйлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Б.Б, Г.Б нарыг “Бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Б.Б нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл өөрийн оршин суух ... тоот гэртээ 0.0682 грамм цэвэр жинтэй, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

Г.Б нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл өөрийн биедээ 3.3907 грамм цэвэр жинтэй болон 13.5695 грамм цэвэр жинтэй, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худадлаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Б, Г.Б нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Б.Б, Г.Б нарыг тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар тэнссэн байна.

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул дараах үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Г.Б нарын бүлэглэн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ ямар үндэслэлээр шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзсэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тухайлбал, шүүгдэгч Б.Б, Г.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж олж авсан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, мөн өөрсдөө уг бодисыг хэрэглэсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй, “...гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, түүний үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хувийн байдал, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, мансуурах дон, мансууруулах бодисын хамааралгүй талаарх шинжээчийн дүгнэлт...” гэх нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлаар дүгнэж, ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудад заасан шаардлагад нийцэхгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасныг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ.

Хуулийн энэхүү заалт нь заавал биелэгдэх, императив шинжтэй зохицуулалт бөгөөд хууль зүйн шинжээр нь авч үзвэл “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хүнд шүүхийн шийдвэрийн ач холбогдлыг ойлгуулах үүднээс хуульд зааснаар тодорхой үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосноор тухайн этгээдийг үүрэг хариуцлагаа ухамсарлан ойлгоход чиглэсэн, Эрүүгийн хуулийн “гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зорилгыг хангахад чиглэсэн, шүүх заавал хэрэглэх зохицуулалт” гэж үзнэ.

Түүнчлэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдох учиртай.

Гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон үзэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй тохиолдолд хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болохгүй боловч оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

Гэтэл анхан шатны шүүх бүлэглэн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.Б, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг бодитой үнэлж, дүгнээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд прокурор Ц.Насанбатын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/884 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Б, Г.Б нарт холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/884 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б, Г.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Б, Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ