Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Янжиндулам |
Хэргийн индекс | 125/20022/0004/з |
Дугаар | 125/ШШ/2022/0014 |
Огноо | 2022-06-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 125/ШШ/2022/0014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж,
Нэхэмжлэгч: Ч.Н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ховд аймгийн Засаг даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1.Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох,
2. Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/01 дугаартай “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дэх заалтыг хүчингүй болгуулах,
3. Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/05 дугаартай “Засаг дарга огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах,
4. Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/06 дугаартай “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах,
5. Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/01 дугаар “Ч.Н-г албан тушаалаас огцруулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах,
6. Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/02 дугаар “Б.Т-ыг ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах
7. Ч.Н-г урьд эрхэлж байсан Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох,
8. Ч.Н-ийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах,
9. 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Н , хариуцагч Б.Ц, гуравдагч этгээд Б.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Батзаяа, гэрч Д.Баттулга, Ж.Бумбат, Ш.Амарзаяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Н нь Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ховд аймгийн Засаг дарга нарт холбогдуулан Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/01 дугаартай “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дэх заалт, Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/05 дугаартай “Засаг дарга огцруулах тухай” тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/06 дугаартай “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/02 дугаар “Б.Т-ыг ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгасан шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан.
Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 4 дүгээр хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эхэлж, уг хуралдаанд Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Монгол ардын намын бүлгээс сумын Засаг даргыг огцруулах, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах санал гаргасан боловч уг асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах эсэх талаар маргаан гарч, Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 9 цаг хүртэл завсарлаж, улмаар 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19 цаг 57 минутад хурал 11 төлөөлөгчтэй үргэлжилсэн.
Тус хурлын 4/01 дугаартай “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дэх заалтаар Сумын Засаг даргыг огцруулах асуудлыг хуралд оролцсон төлөөлөгч нар баталж, улмаар 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 4/05 дугаартай “Засаг дарга огцруулах тухай” тогтоолоор Ч.Н-г Буянт сумын Засаг даргаас огрцуулж, 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 4/06 дугаартай “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор Б.Т-ыг Буянт сумын Засаг даргад нэр дэвшүүлж шийдвэрлэсэн ба тус тогтоолуудыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн.
Аймгийн Засаг дарга Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/01 дугаар “Ч.Н-г албан тушаалаас огцруулах тухай” захирамж аар Ч.Н-г Буянт сумын Засаг даргаас огцруулж, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/02 дугаар “Б.Т-ыг ажилд томилох тухай” захирамжаар Б.Т-ыг Буянт сумын Засаг даргаар томилжээ.
2. Нэхэмжлэгч Ч.Н нь маргаан бүхий захиргааны актуудыг эс зөвшөөрч 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлӨэл гаргасан.
3. Нэхэмжлэгч Ч.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2012-2017 онд Буянт сумын Засаг дарга, 2019-2020 онд Буянт сумын ИТХ-ын дарга, 2020 оноос одоог хүртэл Буянт сумын Засаг даргаар сонгогдон ажиллаж байна. Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 12 сарын 02-ны өдрийн 67 дугаартай “Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 хуралдааны тов зарлах тухай” тогтоолоор Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цагт Буянт сумын төвд хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцүүлэхээр тогтоосон. Үүнд:
1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны ажлын гүйцэтгэл, 2022 оны зорилтын тухай илтгэл. Илтгэгч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /Л.Төрмөнх/,
2.Сумын Засаг даргын 2021 оны үндсэн чиглэлийн биелэлт. Илтгэгч сумын Засаг дарга /Ч.Н /.
3.Сумын Засаг даргын 2022 оны үндсэн чиглэлийн зорилтын тухай илтгэл. Илтгэгч сумын Засаг дарга /М.Н /,
4.2021 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсвийн төслийн тухай илтгэл. Илтгэгч Санхүүгийн албаны дарга /Г.Уртнасан/,
5.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хийсэн ажлын тайлан, 2022 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалт. Илтгэгч нягтлан бодогч Ч.Аябат/,
6.Иргэнд өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаар 2021 онд хийсэн ажлын тайлан, 2022 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тухай илтгэл, Илтгэгч Газрын даамал /Л.Баасанхүү/,
7.Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах тухай /Нарийн бичгийн дарга Д.Баттулга/,
8. Улс аймгийн аварга малчин, саальчин, тариаланчид нэр дэвшүүлэх тухай асуудлаар хэлэлцэх гэж тогтоол гарсан. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Монгол Ардын намын хорооноос “2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит 4 дүгээр хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх, Засаг даргыг огцруулах саналыг хэлэлцэх асуудлын эрэмбэд оруулж хэлэлцүүлэх саналтай байна” гэх албан тоотыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай “Хүсэлт хүргүүлэх тухай” албан тоотыг сумын Иргэдийн төлөөлөгчийн хуралд хүргүүлсэн байна. Улмаар Ховд аймгийн Буянт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай “Бүлгийн дүгнэлт гаргах тухай” дүгнэлтээр Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Төрмөнхийн 2021 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай илтгэлийг хэлэлцээд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгээс хангалттай сайн түвшинд үйл ажиллагаа хэрэгжүүлсэн гэж дүгнэсүгэй. Ховд аймгийн Буянт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн 2021 оны 12 сарын 17-ны өдрийн 03 дугаартай “Бүлгийн дүгнэлт гаргах тухай” дүгнэлтээр Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанаар сумын Засаг дарга Ч.Н№ийн 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 2022 оны зорилтын тухай илтгэлийг хэлэлцээд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгээс хангалттай сайн түвшинд үйл ажиллагаа хэрэгжүүлсэн гэж тус тус дүгнэсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”. 24.2-т “Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн тухайн шатны хуралд, сум, дүүрэг, баг, хорооны хурал зохих дээд шатны хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал дэвшүүлж болно” гэж заажээ. Саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд урилгаар тараагдсан байсан. Буянт Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цагт хуралдаан даргалагч Л.Төрмөнх даргалж, хэлэлцэх асуудлыг хэлэлцэж байтал Буянт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардын намын бүлгийн төлөөлөгч Т.Нурлан, Ц.Идэрсайхан нар хурлын даргыг чөлөөлөх сонгох, Засаг даргыг огцруулах сонгох тухай асуудлыг хэлэлцэх асуудалд нэмж хэлэлцэнэ гэж санал гаргасан. Ардчилсан намын бүлгийн 11 хүн гарын үсэж зурж сумын Засаг даргыг огцруулах, нэр дэвшүүлэх, хурлын дарга чөлөөлөх, сонгох асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргаж, дүгнэлтээ хуралдаанд уншиж танилцуулаад бүлгийн дарга Т.Нурланд гардуулан өгсөн. Улмаар хуралдаан завсарлаж 2021 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 9 цагт зарлагдсан байсан бөгөөд ардын намын төлөөлөгчид ирээгүй, бие даан нэр дэвшигч Цэнд-Аюуш ирэхгүй болохоор нь орой 18 цаг хүртэл хүлээж байгаад тарсан. Гэтэл ирэхгүй байсан Ардын намын төлөөлөгч нар орой 20 цагаас нууцаар хуралдаж, албан ёсны ИТХ-ийн ажлын алба болон Ардчилсан намын гишүүн төлөөлөгч нарыг оролцуулахгүйгээр хуралдаж дээрх 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/01, 4/05, 4/06 дугаартай тогтоолуудыг гаргасан байсан. Эдгээр хурлын тэмдэглэл, протокол байхгүй. Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/01 дугаартай "Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай" тогтоолоор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг 1 дэх хавсралтаар, дотоод журмыг 2 дахь хавсралтаар, хуралдаанд үйлчлэх албадыг 3 хавсралтаар тус тус баталсугай гэж, Буянт сумын ИТХ-ын 2021 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн ээлжит 4 дүгээр хуралдааны 4/01 тоот тогтоолын 1 дэх хавсралтаар сумын ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудалд 1.Сумын ИТХ-ын дарга чөлөөлөх тухай, 2.Сумын ИТХ-ын дарга сонгох тухай, 3.Тэргүүлэгчдэд өөрчлөлт оруулах тухай, 4.Сумын Засаг даргыг огцруулах тухай гэж хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулж, хурлын даргалагч томилохгүйгээр тогтоол гаргасан. Мөн Засаг даргыг нэр дэвшүүлэх талаар хэлэлцэх асуудалд оруулаагүй атлаа Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/06 дугаартай "Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай" тогтоол гаргасан байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-т “Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана”. Гэтэл Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргалагчаар Б.Цэнд-Аюушийг томилоогүй бөгөөд дээрх хуулийг зөрчсөн байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэх хуулийн заалтыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”. Захиргааны ерөнхий хуулийн 27.3-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана”, 27.3.1-д “сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл тусгахаар” заажээ. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна, 27.4.1.сонсгол зохион байгуулах; 27.4.2.саналыг бичгээр авах; 27.4.3.биечлэн уулзах; 27.4.4. утсаар санал авах; 27.4.5.цахим хэлбэрээр санал авах; 27.4.6 төлөөлөгчөөр дамжуулан санал авах 27.4.7.бусад, 27.5.Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1. Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ”. Захиргааны актыг сонсох, мэдэгдэх ажиллагааг захиргааны байгууллага хариуцах үүргээ биелүүлээгүй.
Иймд Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/01 дугаартай "Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай" тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/05 дугаартай “Засаг даргыг огцруулах тухай” тогтоол, Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 4/06 дугаартай “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолууд болон Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/01 дугаар “Ч.Н-г албан тушаалаас огцруулах тухай” захирамж, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/02 дугаар “Б.Т-ыг ажилд томилох тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Ч.Н-г урьд эрхэлж байсан Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгож, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацаанй цалинтай тэнцэх хэмжээний олговор олгуулж, дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлж өгнө үү. Шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч нар нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орой хуралдсан Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын талаар мэдүүлсэн. Дээрх гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасны дагуу авагдсан. 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4 дугаартай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэмдэглэлд тусгагдсанаар хуралдааны дэгийн дагуу 2 удаа завсарлага авч, хурлыг үргэлжлүүлсэн. Улмаар хурлын дарга Л.Төрмөнхийн зүгээс ирц бүрдэхгүй байгаа тул 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хурлыг хойшлуулж байна гэсэн. 9 цагаас эхлэн 18:30 цаг хүртэл хурал эхлэхийг хүлээж байгаад тарж явсан талаар Засаг даргын тамгын газрын ажилчид мэдүүлсэн. Ийнхүү тарж явсны дараа 19:57 цагт болсон хурлыг ардчилсан намын гишүүдэд огт мэдэгдээгүй талаар гэрч нар нэг бүрчлэн мэдүүлсэн. Ардчилсан намын төлөөлөгчид нь хурал мэдэгдсэн бол хурлаа таслахгүй байсан гэж мөн мэдүүлсэн. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын заалыг бүдэг гэрэл дээр нь тавиад сууж байсан гэж О.Баатарчулуун мэдүүлсэн. Тухайн өдөр 19:30 цаг хүртэл бусад төлөөлөгч нар нь хүлээж байгаад явсны дараа хуралдаж эхэлсэн нь ойлгомжгүй. Л.Төрмөнх нь төлөөлөгч нарт хуралд орох талаар олон удаа мэдэгдсэн байдаг. Гэтэл төлөөлөгч нар хуралдаа ирээгүй. Улмаар 19:57 цагт хуралдсан хурал нь тэргүүлэгчдийн тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр байхад тухайн тогтоолоор баталсан хэлэлцэх асуудал батлагдаагүй. Мөн тус хуралд мэргэжлийн хүнийг нь оролцуулахгүйгээр хуралдсан байдаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зорилго нь Засаг даргыг огцруулах байсан. Гэрчээр мэдүүлэг өгсөн Д.Баттулга нь ажлын албадыг баталсан гэдэг. Гэтэл гэрч Ж.Бумбат нь намайг ажлын албанд оруулсан эсэх асуудлыг мэдэхгүй гэж мэдүүлсэн. Засаг даргаа ажлаа хангалтгүй хийсэн гэх асуудлын хувьд Ардчилсан намын бүлгийн дүгнэлтээр Засаг дарга Ч.Н-г сайн ажилласан гэх дүгнэлт авсан. Нөгөө талаасаа Засаг даргын захирамжууд хуулийн дагуу хүчин төгөлдөр байгаа. Энэ талаар шүүхэд хандаж хүчингүй болгосон зүйл байхгүй. Мөн Засаг дарга бусдад давуу байдал олгосныг хуулийн байгууллага тогтоогоогүй. Засаг дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд ажлын албадыг баталдаг. Засаг даргаа ажлаа муу хийсэн гэдгийг яаж илэрхийлж байгаа нь ойлгомжгүй. Аудитын тухай хуульд зааснаар хязгаарлалттай дүгнэлт нь төлбөр тавигдсан баримт биш. Аудитын акт гараагүй. Хязгаарлалттай дүгнэлт, зөвлөмж нь дараа засагдах боломжтой зүйл. Үүнтэй холбоотой Засаг даргыг огцруулах үндэслэлийн асуудал яригдахгүй. Тухайн засаг дарга захирамж гаргасан баримтууд хэрэгт авагдсан. Үүний зөв буруу нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ” гэж заасан. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 5 дугаар зүйлийн 5.1.5-д “нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага” гэж тус тус заасан.
Тухайн сумын Засаг даргыг огцруулна гэвэл холбогдох саналыг 1 хоногийн өмнө мэдэгдэх хууль үйлчилж байсан. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан. 1 хоногийн өмнө Засаг даргыг огцруулах асуудлын төлөөлөгч нарт танилцуулах ёстой байсан. Гэтэл төлөөлөгч нар нь тус төслийг 1 хоногийн өмнө мэдээгүй гэж мэдүүлсэн.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.1-т “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж заасан. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн тухайн шатны Хуралд, сум, дүүрэг, баг, хорооны Хурал зохих дээд шатны Хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал дэвшүүлж болно”, 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус заасан.
Тухайн хуралдааны Засаг даргыг огцруулах шийдвэрийн төсөл нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хурлаас 1 хоногийн өмнө тараагдсан эсэх дээр дүгнэлт хийж өгнө үү. Тус шийдвэрийн төсөл нь 1 хоногийн өмнө төлөөлөгч нарт тараагдаагүй. Иймд тус асуудлыг хэлэлцэхгүй гэх хурлын даргын санал зөв байсан. Улмаар хууль зөрчсөн асуудал гарсан тул тус хуралдаанаас гарсан тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга мэдсэн тул бусад нь мэдсэн гэж хандаж болохгүй. Хурлын төлөөлөгч нарт саналыг тараах ажиллагаа хийгдээгүй асуудлыг хурлаар хэлэлцэж тогтоол гаргасан нь хууль зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж өгнө үү. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг үндэслэж Аймгийн Засаг дарга захирамж гаргасан. Аймгийн Засаг дарга нь захирамж гаргахдаа ажлын албадыг оролцуулсан эсэх нь мөн эргэлзээтэй. Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны журмын дагуу завсарлага авсан гэж ойлгож байгаа. Гэтэл Ардчилсан намын төлөөлөгч нарыг оролцуулахгүйгээр нууцаар хуралдаж шийдвэр гаргасан. Иргэдээс сонгогдож, тодорхой хэмжээний үүрэг хүлээсэн төлөөлөгч нар нь ялгаатай эрх эдэлсэн.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална” гэж, 8.2-т “Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн” гэж тус тус заасан.
Гэтэл Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь уг хуулийг хэрэгжүүлж байгаа эсэх нь тодорхойгүй. Иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан заалтыг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;” гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж тус тус заасан. Нэхэмжлэгч нь улсын төрийн албан тушаалтан хэдий ч Монгол улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг зөрчсөн. Мөн сонсох ажиллагаа хийх, тайлбар гаргах журмыг зөрчсөн. Гэрч Т.Нурланы мэдүүлгийг мөн ач холбогдолтой талаас нь үнэлж өгнө үү. Хурлыг төлөөлөгч нарт Засаг даргыг огцруулах асуудлаар төслийг төлөөлөгч нарт тараагаагүй, тэргүүлэгчдээр хэлэлцүүлээгүй талаар гэрч нар мэдүүлсэн гэв.
5. Хариуцагч Б.Цэнд-Аюш шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 4-р хуралдаан товлосон цагтаа 100 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор маргаан гарч, Ардчилсан намын зүгээс 2 удаа 2 цагийн хугацаатай завсарлага авсан. Улмаар ямар нэгэн шалтгаангүйгээр хурлыг орхиж явсан. Хурлын танхимд 10 гишүүн үлдэж, Ардчилсан намын гишүүдийг тухайн шөнийн 12:00 цаг хүртэл хүлээсэн. Ардчилсан намын бүлгийн дарга Т.Энхтуяа, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Төрмөнх нар орж ирэн “Хурлыг 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулж байна” гэж хэлээд гарсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хурал хууль бус болсон, архи уусан гэх мэтээр худал зүйл ярьж байна. Монгол Ардын намын бүлгээс өгсөн албан бичгийн талаар, тухайн бичгийг хэзээ, хэрхэн хүлээлгэж өгсөн, хүлээлгэж өгөхөд хэн байсан талаар гэрч Д.Баттулга мэдүүлэх байх. Тухайн үед Д.Баттулгыг хурлын товыг мэдэгдээгүй, нууцаар хурал хийсэн гэдэг нь өрөөсгөл. Ардчилсан намын бүлгээс О.Баатарчулуун төлөөлөгч орж ирсэн, мөн бусад хүмүүс рүү утсаар ярьсан талаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Д.Баттулга мэдүүлж байгаа. Ажлын албанаас 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралд Ш.Амарзаяа, Ж.Бумбат нар байсан. Ш.Амарзаяаг хурлын тэмдэглэл хөтөлж байтал нь нэхэмжлэгч утас руу нь залгасаар байгаад аваад явсан гэж сонссон. Шаардлагатай гэж үзвэл хэн, хэзээ утсаар залгасныг нь мэдэж болох байх. Д.Бямбадорж төлөөлөгчийг согтуу байсан гэх асуудлын хувьд тэрээр эрүүл байсан. Ямар нэгэн дарамт шахалтаар гар өргүүлсэн зүйл байхгүй. Өмнө нь 2021 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хурлын хороод асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргасан байсан. Ажлын албадуудад хурлын товыг мэдэгдсэн байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
6. Гуравдагч этгээд Б.Т шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан олонхоороо хуралдахаар заасан. Үүний дагуу Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал гишүүдийн олонхын ирцтэйгээр хуралдаж, тогтоол гаргасан бөгөөд тус тогтоолын дагуу би Ховд аймгийн Засаг даргын захирамжаар Буянт сумын Засаг даргаар томилогдсон гэв.
7. Хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Батзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь хангагдах боломжгүй. Учир нь уг нэхэмжлэлийн шаардлага нь бусад нэхэмжлэлийн шаардлагатай зохицолдохгүй байна. Уг хуралдаанаар Засаг даргыг огцруулахаас бусад асуудлыг хэлэлцсэн. Нэхэмжлэгч нь өөрт хамааралгүй асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бусад нэхэмжлэлийн шаардлага нь хоорондоо хамааралтай байна. Нэхэмжлэлийн 2-7 дахь шаардлагын хувьд Аймгийн Засаг даргын захирамжууд нь засаг даргын өөрийн эрх хэмжээнд хамаарах захирамж юм. Тус захирамж нь хуулийн шаардлагыг бүрэн хангасан.
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд Засаг даргыг огцруулах асуудлыг 1 хоногийн өмнө мэдэгдээгүй, хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар мэдэгдээгүй тул 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаан хүчингүй гэж тайлбарлаж байна.
Тус хурал хүчин төгөлдөр болох шаардлагын хувьд засаг дарга нь улс төрийн албан тушаалтан бөгөөд түүнийг огцруулах, чөлөөлөх асуудлыг хуулийн дагуу Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэдэг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасан. 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралд нийт 21 төлөөлөгчөөс 11 төлөөлөгч оролцож, Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн 52.3 хувийн саналаар асуудлыг шийдвэрлэж, хурлаас хүчин төгөлдөр тогтоол гарсан.
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэмдэглэлийн талаар гэрч нараас тодруулахад мэдүүлэхээс гадна нэхэмжлэгч тал тэмдэглэлийг иш татаж тайлбарлаж байна. Тус тэмдэглэлийн 6-р хуудсанд Л.Төрмөнх хуралдаан завсарлуулах үндэслэлээ тайлбарласан бөгөөд “Хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нээлттэй орхиж байна” гэж ямар нэгэн цаг товлоогүй танхим орхин гарсан гэж бичсэн. Ирц бүрдсэн даруйд хуралдаан эхлэх боломжтой байсан. Төлөөлөгч нар ирцээ бүрдүүлэх гэж байсан бөгөөд хуралдааны танхимд ирээгүй. Гэрчээр асуугдсан Ардчилсан намын төлөөлөгч нарыг асуухад 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цаг очсон эсэх асуудал дээр зарим гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Талууд бодит байдал дээр 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр айлд болон өөр газарт байж байсан. Энэ талаар ажлын албадад орсон гэрч нар мэдүүлсэн. Улмаар 11 төлөөлөгч бүрдэж хуралдсан. Энэ нь хуралдааны тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, тухайн өдрийн хуралдааны шийдвэр зэргээр бүрэн нотлогдож байгаа. Нэхэмжлэгч тал үүнийг үгүйсгээгүй. Нэхэмжлэгч талаас хуралдаан болсныг сүүлд мэдсэн, тус хурал нь хууль бус гэж маргаж байгаагаас биш өөр байдлаар маргахгүй байгаа.
Хуралдааныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндэслэл нь 1 хоногийн өмнө Засаг даргыг огцруулах асуудлыг мэдэгдээгүй гэж маргаж байна. Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах санал хураалт болсон. Тус асуудлыг хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулсны дараа талууд тус асуудлыг хэлэлцэх ёстой. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Т.Нурлан Л.Төрмөнхөд бичгийг үзүүлж, бүх гишүүд мэдсэн. Энэ асуудал дээр маргаан байхгүй. Улмаар 2 хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус асуудлыг хэлэлцэж шийдвэр гарсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан шаардлагыг хангаж байна.
Ардчилсан намын гишүүдэд хурлыг мэдэгдээгүй, мэдэгдсэн бол оролцох байсан, урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа буюу сонсох ажиллагаа явагдаагүй гэх асуудлын хувьд улс төрийн албан тушаалтантай холбоотой асуудалд сонсох ажиллагаа явуулах ач холбогдолгүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд санал оруулах талаар нарийвчлан заагаагүй. Хуралд оруулсан саналыг олонхоор дэмжсэн асуудал байдаг.
Ажлын албадыг батлах тухай асуудлын хувьд тэргүүлэгчид бус Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлах талаар тус хурлын байнгын дэгийн 5 дугаар зүйлийн 5.4-д “....” гэж, 5.6-д “...” гэж тус тус заасан. Тухайн өдөртөө дахин санал авахгүйгээр хэлэлцүүлж болохоор заасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох бусад мэргэжилтнийг оролцуулаагүй тул хүчингүй гэх тайлбарын хувьд газар зохион байгуулалтын төлөвлөгөө, сумын төсөв зэрэгтэй холбоотой асуудлыг хуралдаанаас өмнө хороод хуралдаж санал дүгнэлтээ нэгтгэсэн тул мэргэжилтнүүдийг хуралд оролцуулах шаардлагагүй.
Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны Байнгын дэгийн 5-р зүйлд хуралдаан хэрхэн завсарлах талаар заасан. Тус байнгын дэгийн 5.2-т “...” гэж заасан. Ардын намын бүлгээс Засаг даргыг огцруулахаар Байнгын дэгийн 5.15-д заасны дагуу бүлгээрээ дамжуулан санал гаргасан. Тус асуудлыг хэлэлцүүлэх эсэх талаар төлөөлөгчөөр дамжуулан шийдвэрлэхээр заасан. Өөрөөр хэлбэл Байнгын дэгийн 5.15-д заасны дагуу Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга санал хураах явцад санал хураасан эсэх нь тодорхойгүй болсон. 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж, хэлэлцсэн нь хууль зөрчөөгүй. Засаг даргыг огцруулах асуудлыг журмын дагуу хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Төлөөлөгч ямар эрхтэй байх талаар болон намын бүлгийн эрхийн талаар холбогдох асуудлыг зохицуулсан. Байнгын дэгийн 1.4-т “...” гэж заасан. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх зарчмаар ажилладаг байсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Байнгын дэгийн 8.1-т “...” гэж заасан. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хурал хэрхсэн талаар Байнгын дэгийн зохицуулалтаас харах ёстой. Хурлын тэмдэглэлээс харахад хуралдаан хаагдсан зүйл байхгүй, нээлттэй орхисон гэж үзэхээр байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 18 дугаар зүйлийн 18.1 дугаар зүйлүүдэд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын онцгой бүрэн эрхийг заасан. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т “18.1.1.Хурлын зохион байгуулалт, хяналт шалгалтын талаар: гээд а. Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал, б. Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх; г.Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах” гэж тус тус заасан.
Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар өөрийн онцгой бүрэн эрхийн асуудлаар шийдвэрлэсэн асуудалд хэн ч оролцох ёсгүй. Онцгой бүрэн эрхээр шийдвэрлэсэн асуудлыг үндэслэлтэй эсэх асуудалд хэн ч дүгнэлт хийх ёсгүй. Харин олонхоор асуудлыг шийдвэрлэсэн эсэх, тус асуудлыг журмын дагуу шийдвэрлэсэн эсэхийн талаар мэтгэлцэх боломжтой. Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны шийдвэр нь хүчин төгөлдөр гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Н нь Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 4/01 дугаартай “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” тогтоолын 1 хавсралтын 4 дэх заалт, 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 4/05 дугаартай “Засаг дарга огцруулах тухай” тогтоол, 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 4/06 дугаартай “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/01 дугаар “Ч.Н-г албан тушаалаас огцруулах тухай” захирамж, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/02 дугаар “Б.Т-ыг ажилд томилох тухай” захирамжуудыг хүчингүй болгуулах, Ч.Н-г урьд эрхэлж байсан Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан шаардлагуудыг дараах байдлаар шийдвэрлэлээ. Үүнд,
Нэг. Холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухайд:
Нэхэмжлэгч нь Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг захиргааны хэргийн шүүхэд гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус зааснаар ...захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан бөгөөд хуралдаан гэдэг нь хуулийн дээрх ойлголтод хамаарахгүй, тодруулбал хуралдаан нь дангаараа гадагш чиглэсэн, тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан буюу тодорхой этгээдэд, тухайлбал, нэхэмжлэгчид чиглэсэн эрх зүйн шууд үр дагаврыг үүсгэхгүй тул захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна гэж заасан, тодруулбал, хуралдаан нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гаргах ажиллагаа юм.
Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дах хэсэгт захиргааны хэргийн шүүхээс гарах шийдвэрийн төрлийг хуульчилсан, үүнд захиргааны байгууллагаас үйл ажиллагаа явуулсан эсэхийг тогтоох шийдвэрийг гаргах эрх хэмжээг захиргааны хэргийн шүүхэд хуулиар олгоогүй байна.
Хоёр. Үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тухайд:
А.Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/01 дугаар “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” тогтоолоор /хх1-28, 29/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалтыг үндэслэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 4-р хуралдаанаар хэлэлцэх асуудлын 1-р хавсралтын 4 дэх хэсэгт Сумын засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр баталж, мөн өдрийн 4/05 дугаар “Засаг даргыг огцруулах тухай” тогтоолоор /хх1-27/ сумын Засаг даргаар ажилласан Ч.Н-г хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 11 буюу 52.3 хувийн саналаар огцруулж, 4/06 дугаар “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор /хх1-26/ Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 4-р хуралдаанд оролцсон 21 төлөөлөгчөөс 11 буюу 52.3 хувийн саналаар Б.Т-г Буянт сумын засаг даргаар нэр дэвшүүлж Ховд аймгийн Засаг даргад өргөн мэдүүлжээ.
Улмаар Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/01 дугаар “Ч.Н-г албан тушаалаас огцруулах тухай” захирамжаар /хх1-119/ Ч.Н-г 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөр тасалбар болгон Буянт сумын Засаг даргын албан тушаалаас огцруулж, мөн өдрийн Б/02 дугаар “Б.Т-ыг ажилд томилох тухай” /хх1-121/ захирамжаар Б.Т-ыг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Буянт сумын Засаг даргаар томилсон байна.
Нэхэмжлэгчээс “... 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 4 дүгээр хуралдаан хууль бус болсон, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тэргүүлэгчдийн хуралдаанаар 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлуудлыг баталсан. Сумын засаг даргыг огцруулах асуудлыг хурал болохоос 1 хоногийн өмнө төлөөлөгч нарт танилцуулаагүй, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй асуудлыг хэлэлцсэн...” гэж маргажээ.
Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаар “Сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4-р хуралдааны тов зарлах тухай” тогтоолоор /хх1-15/ Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 4-р хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цагт Буянт сумын төвд хуралдахаар товлон зарлаж, хурлаар
1.Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны ажлын гүйцэтгэл, 2022 оны зорилтын тухай илтгэл
2.Сумын Засаг даргын 2021 оны үндсэн чиглэлийн биелэлт
3.Сумын Засаг даргын 2022 оны үндсэн чиглэлийн зорилтын тухай
4.2021 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсвийн төслийн тухай
5.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хийсэн ажлын тайлан, 2022 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалт,
6.Иргэнд өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаар 2021 онд хийсэн ажлын тайлан, 2022 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тухай илтгэл
7.Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах тухай
8.Улс, аймгийн аварга малчин, саальчин, тариаланчид нэр дэвшүүлэх тухай нийт 8 асуудлуудыг хэлэлцэхээр баталсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба хэргийн оролцогчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүдийг харьцуулан судалж үзэхэд, Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ээлжит 4 дүгээр хуралдаан 21 төлөөлөгч буюу төлөөлөгчдийн 100 хувийн ирцтэй эхэлсэн. Хурал эхлэхэд Монгол Ардын намын бүлгийн дарга Т.Нурлан Ховд аймаг Буянт сумын Монгол ардын намын хорооны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаар ... Засаг даргыг огцруулах саналыг хэлэлцэх асуудлын эрэмбэд оруулахаар санал гаргасныг 4-р хуралдааны хэлэлцэх асуудалд оруулах эсэхэд санал хураасан бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэлгүйгээр хуралдаан даргалагч Л.Төрмөнх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг хүртэл нээлттэй үлдээж хойшлуулжээ.
Улмаар 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19 цаг 57 минутад хурал 11 төлөөлөгчтэй үргэлжилж,
1.Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга чөлөөлөх тухай
2.Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга сонгох тухай
3.Тэргүүлэгчдэд өөрчлөлт оруулах тухай
4.Сумын Засаг даргыг огцруулах тухай
5.Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
6.Сумын Засаг даргын 2022 оны үндсэн чиглэлийн зорилтын тухай
7. 2021 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсвийн төслийн тухай
8.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хийсэн ажлын тайлан, 2022 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалт,
9.Иргэнд өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаар 2021 онд хийсэн ажлын тайлан, 2022 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тухай илтгэл
10.Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр баталсан байна. /хх1-61-62/
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 23 дугаар зүйлийн 23.7-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно, 25 дугаар зүйлийн 25.1-т Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтын агуулгаас үзэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хувьд тухайн орон нутгийн нийгмийн болон эдийн засгийн аливаа асуудлыг бие даан шийдвэрлэх ба ийнхүү шийдвэр гаргахдаа олонхын зарчмыг баримтлахыг хуульчилсан байх бөгөөд энэхүү маргааны хувьд нэгэнт олонх буюу 11 төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон тохиолдолд Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үргэлжилсэн ээлжит 4 дүгээр хуралдааныг болоогүй, хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй байна.
Харин нэгэнт хуралдаан хуульд нийцсэн ирцтэй явагдсан гэж үзсэн нь түүнээс гарсан тогтоол хуульд нийцэж гарсан гэсэн үг биш юм.
Тодруулбал, нэхэмжлэгчийг Сумын засаг даргаас огцруулсан 4/05 дугаар тогтоол нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, цалин авах эрх нь зөрчигдсөн эсэх талаар дүгнэх шаардлагатай.
Нэхэмжлэгчээс ... Хурлын нарийн бичгийн дарга нь хэсэг төлөөлөгчидтэй хуйвалдаж, хуралдааны тэмдэглэл хөтлөөгүй байж хуралдаан болсон мэтээр тэмдэглэл хөтөлсөн гэж маргаж байгаа боловч хуралдааны тэмдэглэл хуурамчаар үйлдэгдсэн талаар эрх бүхий байгууллагаас шалган тогтоосон, гэм буруугийн асуудал шүүхээр нотлогдсон зүйлгүй байх тул зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарласнаар ...хуурамчаар үйлдэгдсэн бичиг баримтууд гэж шүүхээс үзэх боломжгүй юм.
Харин тухайн хуралдаанаар нэхэмжлэгчийг Сумын засаг даргаас огцруулсан 4/05 дугаар тогтоол нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, цалин авах эрх нь тус тус зөрчигдсөн гэж үзлээ.
Ховд аймаг Буянт сумын Монгол ардын намын хорооны 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоот /албан бичигт бичигдсэн он сар өдрөөр бичив/ /хх1-13/ “ Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичгийг Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь шүүхээс Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргад хадгалагдаж байсан “Ирсэн баримт бичгийн бүртгэл”-д үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна./хх1-122-126/
Дээрх 04 тоот албан бичгийг Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарт танилцуулаагүй, Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит 4 дүгээр хуралдаан дээр танилцуулсан болох нь гэрч Ц.Идэрсайхан /хх1-158/, Т.Энхтуяа /хх1-161/, П.Баянжаргал /хх1-164/, М.Мөнхбат /хх1-167/, Н.Батмөнх /хх1-170/, Д.Төрмөнх /хх1-173/, О.Баатарчулуун /хх1-176/, Р.Дэмбэрэл /хх1-179/, Д.Бямбадорж /хх1-97-98/, Б.Цагаан-Эрдэнэ /хх1-212-213/ нарын мэдүүлэг мөн гэрч Б.Баттулгын шүүх хуралдаан дээр “ төлөөлөгч нарт албан ёсоор Монгол Ардын намын бүлгийн 04 тоот албан бичгийг танилцуулаагүй, харин бүх төлөөлөгч нар албан бусаар мэдэж байсан..” гэх мэдүүлэг, хариуцагч Б.Цэнд-Аюушийн шүүх хуралдаан дээр гаргасан “... Монгол ардын намын бүлгийн 04 тоот албан бичгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаан дээр Нурлан танилцуулахад мэдсэн. Хурлаас өмнө энэ талаар мэдээгүй...” гэх тайлбар зэргээр нотлогдож байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.1.4-т зааснаар Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах, Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах бүрэн эрхийг Хурлын төлөөлөгч нь эдлэх боловч энэхүү Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах асуудлыг хуулиар дараах байдлаар нарийвчлан зохицуулжээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д сумын Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх, 24 дүгээр зүйлийн 24.1-д Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй, 24.3-т Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж хуульчилжээ.
Тодруулбал, хэдийгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь хуралдаанд асуудал хэлэлцүүлэхээр санаачилж оруулах эрхтэй хэдий ч тийнхүү хэлэлцүүлэхээр оруулж буй саналтай холбоотой тооцоо, судалгаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараасан байхыг тэргүүлэгчдэд үүрэг болгосон, тус шаардлага хангагдаагүй бол тухайн асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байх хуулийн зохицуулалт хуралдаанаар хэлэлцүүлэх бүх асуудалд хамаарахаар байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:” 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно:” 5.1.5-д “нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заажээ.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээд болохын хувьд сумын Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэх, огцруулах талаар гарсан саналыг баталгаажуулж эрх бүхий этгээдэд уламжлах хуулиар тогтоосон бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Засаг дарга чиг үүргээ хангалттай хэрэгжүүлсэн эсэх талаар хуралдаанаар хэлэлцүүлэх тохиолдолд энэ талаарх санал, түүнтэй холбоотой судалгаа тооцоо, шийдвэрийн төслийг хуралдаан болохоос нэг хоногийн өмнө төлөөлөгчдөд тараах хуулийн зохицуулалтыг мөрдөхөөс гадна Засаг дарга ямар чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн эсэх талаар хуралдаанаар хэлэлцүүлж, Засаг даргад тайлбар гаргах боломжийг олгож, улмаар бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй нь тогтоогдсон гэж үзэх тохиолдолд огцруулах талаар санал хураах мөн тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын дэмжсэн саналыг баталгаажуулах, эрх бүхий этгээдэд уламжлах зэрэг үүргээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлсэн тохиолдолд тухайн шийдвэрийг “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан шийдвэр” гэж үзэхээр байна.
Гэтэл Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаас ... Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны ажлын гүйцэтгэл, 2022 оны зорилтын тухай илтгэл, Сумын Засаг даргын 2021 оны үндсэн чиглэлийн биелэлт, Сумын Засаг даргын 2022 оны үндсэн чиглэлийн зорилтын тухай, 2021 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсвийн төслийн тухай, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хийсэн ажлын тайлан, 2022 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалт, Иргэнд өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаар 2021 онд хийсэн ажлын тайлан, 2022 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тухай илтгэл, Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах тухай, Улс, аймгийн аварга малчин, саальчин, тариаланчид нэр дэвшүүлэх тухай гэсэн асуудлыг ээлжит 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн байхад Хурлын төлөөлөгчдөд хуралдаан болохоос өмнө урьдчилан мэдэгдэж, холбогдох судалгаа баримтыг хүргүүлээгүй, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй “Сумын засаг даргыг огцруулах тухай” асуудлыг хэлэлцсэнийг хууль ёсны гэж үзэх боломжгүй, хурлын үйл ажиллагааны журам, зарчмыг зөрчсөн гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн г-д тухайн шатны Хурал нь Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг, нийслэлийг Засаг даргад уламжлах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан хэдий ч мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 24 дүгээр зүйлд Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн тогтоох, Хурлын хуралдааны бэлтгэл хангаж, хэлэлцүүлэх асуудлын талаарх тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг Хурлын төлөөлөгчдөд тараах, энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байхаар хуульчилсан байхад 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Сумын Засаг даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж, нэхэмжлэгч Ч.Н-г Буянт сумын Засаг даргаас огцруулсан нь хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан зарчмууд, 20 дугаар зүйлийн 20.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгтэй нийцээгүйгээс гадна нэхэмжлэгч Ч.Н-н субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга ...чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг ...хүргүүлнэ”, 32.8-д “...Засаг даргыг огцруулах саналыг ...” гэж тус тус заасны дагуу Хурал нь Засаг даргыг огцруулах талаар санал хүргүүлэх эрх хэмжээг хэрэгжүүлэхээр байтал огцруулах санал хүргүүлэхгүйгээр маргаан бүхий 4/05 дугаар тогтоолын 1 дэх заалтаар нэхэмжлэгчийг сумын Засаг даргаас огцруулж шийдвэрлэсэн нь хууль бус болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 4/01 дугаартай “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дэх заалт, 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 4/05 дугаартай “Засаг дарга огцруулах тухай” тогтоол, 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 4/06 дугаартай “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нь үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэлийн дээрх шаардлага хууль бус болох нь тогтоогдож, хүчингүй болсон тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2020 он/ 64 дүгээр зүйлийн 64.2.3, 65 дугаар зүйлийн 65.2 дахь заалт, Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны 4/05 дугаар тогтоолыг үндэслэн гарсан Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/01 дугаар “Ч.Н-г албан тушаалаас огцруулах тухай” захирамж, Монгол Улсын Засаг захиргаан нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.6, Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 212 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны 4/06 дугаар тогтоолыг үндэслэн гарсан Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/02 дугаар “Б.Т-ыг ажилд томилох тухай” захирамжуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Н-г урьд эрхэлж байсан Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зүгээс “...нэхэмжлэгч Ч.Н нь чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж, ажиллаж чадаагүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газар олгосон....” гэж тайлбарлах боловч шүүхээс энэ талаар дүгнэлт хийх үндэслэлгүй байна.
Учир нь “Сумын засаг даргыг огцруулах” асуудал нэгэнт хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг оруулж хэлэлцүүлсэн нь хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тул дээрх зөрчилд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Б/ Нэгэнт нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас Сумын засаг даргын албан тушаалаас хууль бусаар огцорч улмаар цалин, хөлс авах эрхээр хохирсон нь тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.2-т Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна, 102 дугаар зүйлийн 102.1-т Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх 4 сар 6 хоногийн буюу ажлын 87 хоног /1 өдрийн цалин 57110 төгрөг/-ийн цалинтай тэнцэх хэмжээний олговор 4.968.570/дөрвөн сая есөн зуун жаран найман мянга таван зуун дал/ төгрөгийг нэхэмжлэгчид Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвөөс олгож, нэхэмжлэгчийн дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид /Ховд аймгийн Буянт сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд/ даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 35100 төгрөгийг, хариуцагч Ховд аймгийн засаг дарга /Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас/ 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.1,106.3.7,106.3.13, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзсугай.
2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 он/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.7, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай /2020 он/ хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 64 дүгээр зүйлийн 64.2.3, 64.4, 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 4/01 дугаартай “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дэх заалт, 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 4/05 дугаартай “Засаг дарга огцруулах тухай” тогтоол, 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 4/06 дугаартай “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/01 дугаар “Ч.Н-г албан тушаалаас огцруулах тухай” захирамж, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/02 дугаар “Б.Т-ыг ажилд томилох тухай” захирамжуудыг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Н-г урьд эрхэлж байсан Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоосугай.
3.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101.2, 102.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх 4 сар 6 хоногийн буюу ажлын 87 хоног /1 өдрийн цалин 57110 төгрөг/-ийн цалинтай тэнцэх хэмжээний олговор 4.968.570 /дөрвөн сая есөн зуун жаран найман мянга таван зуун дал/ төгрөгийг нэхэмжлэгчид Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвөөс олгож, нэхэмжлэгчийн дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид /Ховд аймгийн Буянт сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд/ даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 35100 төгрөгийг, хариуцагч Ховд аймгийн засаг дарга /Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас/ 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ