Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/421

 

                          

 

 

 

 

 

 

 

   2024          5            22                       2024/ШЦТ/421

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

***дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ

шүүгдэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн ***дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **оны 5 дугаар сарын 25-нд *** төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн 21 дүгээр хороо, *** ** дугаар гудамж, ** Б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** дугаарын регистртэй, *** овогт ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь 2023 оны 5 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ***дүүргийн 9 дүгээр хороо, ** В дугаар байрны *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр ***“... Солонгос улсад байхдаа өөр хүнтэй явалдсан” гэж хардан улмаар зодож, түүний эрүүл мэндэд зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл бүхий бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Эхнэр бид хоёр Солонгос улс руу ажил хийхээр яваад би баригдаад түрүүлж Монголд ирсэн байсан. Ингээд эхнэрийг Солонгост байхад нь түүнтэй гар утсаараа видео колл хийгээд ярьж байтал эхнэр “болиоч ээ” гэж хэлээд утсаа тасалчихсан. Үүнээс болж би эхнэртэйгээ түүнийг Солонгосоос ирсний дараа буюу 2023 оны 5 дугаар сарын 03-нд маргалдаж муудалцсан. Эхнэр намайг цохих гэхлээр нь би бултаад зайлтал манай охиныг цохьчихсон юм. Тэгэхээр нь би эхнэрээ багалзуурдах маягтай түлхчихсэн. Гэмтэл учруулсан гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр төлсөн зүйл надад байхгүй. Манай эхнэр зүгээр ээ, нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн. Өнөөдөр өглөө шүүх хурал болохыг эхнэр мэдэж байгаа. Манайх 8-10 насны хоёр охинтой. Эхнэр бид хоёрыг Солонгост ажиллаж байхад хүүхдүүдийг маань манай аав хардаг байсан юм. Миний ээж намайг 6 настай байхад нас барсан. Би эцэг, эхээс наймуулаа, миний дор хоёр дүү байдаг.

Одоо би найзынхаа барилгын компанид ажиллаж байгаа. Эхнэр Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороонд хэсгийн ахлагч ажилтай.

Би эхнэртэйгээ муудалцсан гээд зөрчлийн хэргээр 100.000 төгрөгөөр торгуулж байсан нь үнэн. Гэхдээ надаас болоогүй. Энэ хэргийг шалгаж байсан 9 дүгээр хорооны цагдаа Төрмөнхтэй манай эхнэр байж байгаад надад баригдсан юм. Тухайн үед би Төв аймгийн Заамарт ажиллаж байсан бөгөөд эхнэр гар утсаа авахгүй, хүүхдүүдийн гар утас нь холбогдохгүй байхаар нь манайхыг шалгаадахаач гэж би найздаа хэлсэн юм. Тэгээд манай найз бид хоёр видео колл хийгээд ярьж байтал цагдаа Төрмөнхийн хар өнгийн, “Киа” маркийн машины арын суудал дээр манай эхнэр хэвтчихсэн, хажууд нь Төрмөнх, тэгээд бас архи, пиво машин дотор нь байгаа харагдсан.

Шүүхээс оногдуулах ял, хариуцлагын талаар надад хэлэх зүйл алга байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч ***“... 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ***дүүргийн ** дүгээр хороо, ** В байрны *** тоотод байхдаа хардалтын улмаас миний зүүн гуяны хажуу тал дээр гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Цагдаад дуудлага өгч чадаагүй байсан ба маргааш нь эгч *** руу мессеж бичиж эгч цагдаатай хамт гэрт ирсэн. Тухайн үед манай нөхөр намайг үсдэж унагаагаад боож унагаасан. Миний зүүн гуяны хажуу хэсгийг гараараа цохиод хөхөрч хавдсан, баруун хөлийн шилбэ хөхөрсөн, хүзүү боосноос болоод улайсан байсан. Манай нөхөр надтай бэлгийн харьцаанд орно гээд байхаар нь би эхэндээ эсэргүүцсэн сүүлд зөвшөөрөөд эвлэрээд бэлгийн харьцаанд орсон.

Би хорооны цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө уурандаа хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлсэн юм” /хх-н 47-48/ гэж,

гэрч *** *** “... 2023 оны 5 дугаар сард намайг Сонгинохайрхан дүүрэгт байхад манай дүү *** над руу утасдаад “манай нөхөр намайг зодоод байна, намайг ирээд аваач” гэхээр нь би тухайн үед ***ын гэрт нь очиж, орохоосоо өмнө 102-д дуудлага өгөөд цагдаагийн хамт гэрт нь орсон. Цагдаа нар манай дүүгийн нөхөр болох ***ыг аваад явсан. Урьд өмнө манай дүү нөхөр нь гар хүрч, зодож байсан талаар надад хэлж, ярьж байгаагүй” /хх-н 50/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***ын биед зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн 6182 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 33-34/

 

Шүүгдэгч ***, хохирогч *** нар гэрлэлтийн баталгаа бүхий эхнэр, нөхөр мөн болох нь гэрлэлт бүртгэсэн “Гэрчилгээ”, “Гэрлэсний бүртгэлийн лавлагаа”-гаар нотлогдож байна. /хх-н 28, 67/

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч *** овогт ***ийн *** “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзав.

 

Улсын яллагчаас шүүгдэгч ***д 800.000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзэв.

Учир нь, шүүгдэгч *** байнгын орлоготой гэх, эсхүл эрхэлсэн тодорхой ажилтай гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.

 

Нөгөөтэйгүүр зорчих эрхийг хязгаарлах ял шүүгдэгч ***д оногдуулах нь түүний чөлөөтэй зорчин явах, ажил төрлөө сонгох, эмнэлэг, нийгмийн халамжийн тусламж үйлчилгээг өөртөө болон гэр бүлдээ авах, хүүхдүүдээ хичээл сургуульд нь хүргэж өгөх зэрэгт хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгоно гэж шүүх үзсэн болно.

 

Харин шүүгдэгч *** цаашид хувийн байдалдаа анхаарвал зохино.

 

Шүүгдэгч *** нь эхнэр ***ыгаа Солонгос улсад байхдаа өөр хүнтэй явалдсан, мөн Монголд ирснийхээ дараа хэргийг нь шалгаж байсан цагдаагийн ажилтантай явалдсан, эдгээр байдлыг өөрөө илрүүлсэн гэх боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт байдаггүй, эсрэгээрээ “зочид буудалд орох талаар” ***ын өөрийнх нь бусадтай харилцсан гар утасны захидал /мессеж/ хавтаст хэрэгт авагдсан байгааг дурдах нь зүйтэй. /хх-н 29/

 

Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 66/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 67/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 70/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н 69/ гэсэн бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардлын талаар баримт гаргаж өгөөгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлт бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. *** овогт ****ийн ***ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ЖАНЧИВНЯМБУУ