Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/439

 

 

 

 

 

 

 

 

 

    2024          5           28                                       2024/ШЦТ/439

 

 

                          

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн

улсын яллагч М.Эрдэнэзаяа

шүүгдэгч ***

хохирогч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн *** дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-нд *** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *; эхнэр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн * дүгээр хороо, *** *** тоотод оршин суух,

ял шийтгэл: 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдөр *** дүүгийн шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

*** дугаарын регистртэй ******

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

 

Шүүгдэгч *** 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ** дүүргийн * дүгээр хороо, ** дугаар байрны ** дугаар давхарт, ** тоот хаалганы үүдэнд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж тасарсан байсан хохирогч ***ний эзэмшлийн нийт 6.194.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг “айфон-13” загварын гар утас, “Делл” загварын зөөврийн компьютер, зөөврийн компьютерын цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би авсан нь үнэн. Өглөө 06 цагийн үед гэрээсээ гартал манай орцны 2 давхрын коридорт цүнхтэй юм байсан. Аваад үзтэл дотор нь нөүтбүүк, Айфон-13 загварын нэг гар утас нь хайрцагтайгаа задлаагүй шинээрээ, нөгөө Айфон-13 загварын гар утас нь хайрцагнаасаа задарсан утас байсан.

Тэгээд би авч яваад нөүтбүүкийг нь “Өргөө” кинотеатрын  ар талд байдаг компьютер зардаг дэлгүүрийн ченж нарт 50.000 төгрөгөөр зарчихсан. Хайрцагтайгаа шинээрээ байсан гар утсыг нь байрныхаа ойролцоо байдаг ТҮЦ-ний хүнд 200.000 төгрөгт тооцож өгөхдөө өмнө зээлээр авсан байсан архи, тамхины өрийг оролцуулаад, нэмж гэртээ хоол хүнсний зүйлс, архи авсан. Нөгөө гар утсыг нь бас таньдаг ТҮЦ-ний хүнд 100.000 төгрөгөөр зарсан. Гар утсыг ТҮЦ-ний хүмүүст зарахдаа Солонгосоос явуулсан юм гэж хэлсэн.

Би нэг их архи уугаад байдаггүй, хааяа л уудаг. Тэр үедээ л заръя гэж бодсон юм шиг байна лээ. Биеийн эрүүл мэндийн байдлын хувьд миний зүрх өвддөг, мэдрэлийн гаралтай өвчин гэж эмч хэлсэн. Үүнээсээ болоод ингэж салгалаад байдаг юм. Мөн миний хөлийн тавхай өвддөг. Мэдрэлийн эмчийн хяналтад байдаг. Энэ жил группт орох гэсэн боловч хойшлогдсон.

Намайг эд зүйл авах үед хажууд нь энэ хүн байгаагүй, цүнхтэй юм л байсан. Хохирлыг нь 2 хувааж төлье гэж би хохирогчтой тохирсон. Ямар ч байсан ойрын хугацаанд төлчихнө гэж бодоод байгаа. Надад оногдуулах гэж байгаа хорих ялын хугацааг жаахан багасгаж болох болов уу гэв.

 

Хохирогч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Энэ хүн шууд худлаа яриад эхэлж байна. Хохирлыг 2 хувааж төлье гэж надтай тохирсон зүйл огт байхгүй. 2023 оны 8 дугаар сарын 31-ний орой ажлаа тараад би найзтайгаа нийлж архи уусан. Тэгээд би тасарчихсан юм билээ. Дараа нь камер шүүлгэж үзэхэд намайг манай найз байрны гадна таксигаар хүргэж өгөөд би таксинаас буухдаа цүнхтэй орсон байсан. Намайг хүргэж өгсөн найзаасаа ийм юм боллоо гэж мөн асуухад чи гэр рүүгээ цүнхтэйгээ орсон ш дээ гэж хэлсэн. Би орц руу ороод буцаж гарч ирсэн камерын бичлэг байгаагүй. Харин орцонд ороод гэрийн хаалгаа онгойлгож чадахгүй, 2 цаг орчим хугацаанд коридорын шатан дээр унтсан юм шиг байгаа юм. Уг нь би цүнхээ үүрч явсан. Тэр хооронд эд зүйлээ алдсан гэж бодож байна. Манай ажлын газар СУИС-ийн тэнд байдаг болохоор ажилтайгаа ойрхон гэж хорооллын эцсийн энэ байрыг түрээсэлсэн юм. Миний түрээсэлсэн энэ байр уг нь давхар бүртээ камертай, гадна талдаа бас камертай харагдсан. Гэтэл эдгээр камерууд нь бүгд эвдэрхий, ажилладаггүй гэсэн.

Алдсан нөүтбүүк бол миний ажлын хэрэгцээнийх. Цүнхэн дотор бас миний ажилтай холбоотой бичиг баримтууд байсан. Би ажлынхаа хажуугаар мөнгө олох санаатай гар утас зарж байсан юм. Эдгээр гар утаснууд бол зарах гэж байсан цоо шинээрээ, хайрцагтайгаа утаснууд байсан. Надад маш их хохиролтой байна. 9 сарын хугацаа өнгөрч байхад надад нэг ч төгрөг өгөөгүй байж одоо 1-2 сарын дотор төлнө гэхэд итгэхгүй байна.

Энэ хүн хорих ял аваад явчих юм бол би хохирлоо яаж хурдан хугацаанд барагдуулж авах билээ гэдэгт гайхаад байна. Хохирол төлчих юм бол надад энэ хүнийг заавал ч үгүй ял өгүүлнэ гэх бодол алга байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч *** “... би 2023 оны 8 дугаар сарын 31-ний шөнөр 00:00 цагийн үед найз ***ийн хамт байрны гадаа машин дотор 0.5 литрийн архи, 2, 2 лааз пиво уусан. Тэгээд караоке руу ороод дахиад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байхдаа би нэлээд согтсон байсан. Нэг мэдсэн чинь байрныхаа орцон дотор 4 давхарт гэрийнхээ үүд хэсэгт ухаан орсон ба үүрч явж байсан цүнхтэй эд зүйл маань алга болсон байсан. Тэгэхээр нь би Заяа, Тэлмэн хоёрыг дуудаад юу болсон талаар асуугаад, мөн караокены хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн чинь би болон Заяа нэлээд муудсан, тухайн караокеноос 2023 оны 8 дугаар сарын 31-ний 01 цаг 37 минутад гараад такси бариад явж байсан бичлэгтэй байсан. ***ээс юу болсон талаар асуусан чинь намайг миний цүнхийг үүрүүлээд байрны орц руу оруулсан гэж хэлсэн. Миний цүнхэнд 2 ширхэг айфон-13 про загварын гар утас, мөн Делл загварын зөөврийн компьютер, байгууллагын бичиг баримтууд, компьютерын цэнэглэгч болон өөр бусад жижиг зүйлүүд байсан. Нэг айфон 13 про маркийн гар утсыг нь 2023 оны 8 дугаар сарын 25-нд, нөгөө гар утсыг нь 8 дугаар сарын 28-нд Солонгос улсаас 4.700.000 төгрөгөөр оруулж ирсэн байсан. Зөөврийн компьютерийг нь цүнхний хамт ажлын газраас өгсөн байсан” /хх-н 10/ гэж,

гэрч ***ийн *** “... 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр манай ажлын газрын ах надад манай нэг таньдаг дүүд гар утас байна, Солонгос улсаас ирсэн, хайрцаг савтай байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн гар утсыг үзье гэж дуудаад ажил дээрээ үзсэн. Үзэж байгаад би 2.150.000 төгрөгөөр худалдаж авъя гэж үнэ хэлсэн чинь өөр хүнд харуулахаар явж байгаад ирье гэж хэлсэн. Удалгүй буцаж ирээд надад зарсан” /хх-н 15-16/ гэж,

гэрч ***ийн *** “... миний түрээслэн ажиллуулдаг дэлгүүрт 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр манай тэр хавиар байнга архи уудаг нэг залуу орж ирээд дээрх гар утсыг үзүүлсэн. Тэр залуу надад 100.000 гаруй төгрөгийн өртэй байсан бөгөөд тухайн өрнийхөө оронд энэ гар утсыг өгье, нэмээд надад хэдэн төгрөг өгчих, энэ гар утас ямар ч асуудалгүй, манай найз Солонгос улсаас явуулсан юм гэж хэлээд байсан. Тухайн үед ч би нэлээд асууж шалгааж байгаад уг гар утсыг нь авсан. Нөгөө хүндээ ойролцоогоор 50.000-60.000 төгрөг аваад мөн давхар дэлгүүрээс хэдэн бараа зөрүүд нь бодож авч байсан. Мөн надаа нөүтбүүк болон өөр гар утас байгаа, авах уу гэж асууж байсан. Би ч тухайн үедээ чамаас илүү дутуу зүйл авахгүй гэж хэлээд гар утсыг нь авч үлдээд явуулсан. Тэгээд ***гаас авсан гар утсаа 2023 оны 9 сарын дундуур “***” худалдааны төв дээр наймаа хийдэг таньдаг ахдаа үзүүлээд надад ийм гар утас байна, та нэг үзээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд манай таньдаг ах намайг “***” дээр нэг эмэгтэй хүнтэй уулзуулаад наад хүн чинь авахаар сонирхож байх шиг байна, үзүүлж байгаад зарчих гэж хэлсэн. Тэгээд би нөгөө эмэгтэй найзтай нь уулзаж байгаад гар утсаа 2.150.000 төгрөгөөр зарсан. Баганаа гэх хүн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр намайг хүнсний дэлгүүр ажиллуулж байхад над дээр орж ирж байсан” /хх-н 20/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн Эд зүйл эрэн сурвалжилсан баримт, эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл, эд зүйл хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол /хх-н 34-36, 68-70/, “Мобиком” корпорацын албан бичиг, иргэн ***ийн мэдээлэл /хх-н 63-64/, “Дамно” ХХК-ийн үнэлгээ /хх-н 28-31/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Шүүгдэгч *** хэдийгээр бусдын эд зүйлийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг боловч “... намайг эд зүйл авах үед хажууд нь хэн нэгэн хүн байгаагүй, цүнхтэй юм л байсан ...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгч байгаа нь шүүхээс хэргийн зүйлчлэл, үйл баримтын талаар тайлбар хийх, өөрөөр хэлбэл шүүгдэгч нь эзэнгүй байсан буюу гээгдэл эд зүйлийг олсон мэтээр мэдүүлж байгаа нь уг гэмт хэргийг “хулгайлах” гэмт хэрэг гэж үзэх үү?, “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг гэж үзэх үү? гэдгийг тайлбарлах шаардлага бий болов.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл хохирогч *** архи, согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсний улмаас тэрээр орчноо мэдрэх чадваргүй болсон, нөгөөтэйгүүр түүнийг согтуурлын байдалтай унтаж байхад нь эд зүйлсийг нь шүүгдэгч *** авсан байна.

 

Хохирогч *** түрээслэн амьдарч байсан орон сууцныхаа орц руу орсон, орцноосоо буцаж гарч ирээгүй, ... 2 цаг орчим хугацаанд согтуурлын байдалтай байрныхаа коридорт унтсан байсан, ... орц руу цүнхтэйгээ орсон нь камерийн бичлэгт бичигдсэн байсан, ... мөн найз нь энэ тухай түүнд хэлсэн гэж мэдүүлж байгаа нь “хулгайлах” гэмт хэргийн шинж буюу тухайн гэмт хэргийн обьектив талын бүрдэл хангагдсан гэж үзэх хуулийн үндэслэлтэй.

 

Харин шүүгдэгч *** “... хэн нэгэн хүн хажууд нь байгаагүй, ... би эзэнгүй эд зүйл байсныг нь авсан ...” гэдгээ өөр байдлаар нотолж чадаагүй буюу тухайн үйлдэл “гээгдэл эд хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжтэй гэдэг нь үгүйсгэгдэж байна.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч ****** бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч ***д хорих ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзав.

Тухайлбал, шүүгдэгч *** 2007 онд “өмчлөх эрхийн эсрэг буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт шүүхээс 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч дээрх байдал нь шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлнэ.

 

Нөгөөтээгүүр эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог тул шүүх шүүгдэгч ***д хорих ял оногдуулахаар сонгосноос гадна түүний биеийн эрүүл мэндийн байдлаас үзвэл түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжгүй, зорчих эрхийг хязгаарлах ялын хувьд үр дүнгүй гэж үзлээ.

 

Шүүх энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт явуулав.

Тодруулбал, хохирогч *** ийн хулгайд алдсан нөүтбүүк, гар утаснуудыг шүүгдэгч ***ас авсан, цааш дамжуулан зарсан этгээдүүдийг өөр төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаагүй (Мөнгө угаах) байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.*** хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 47/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 57/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 49/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 50-54/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 48/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-н 55-56/, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-н 58, 59/, *** дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоол /хх-н 86-88/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч ***ийн эзэмшлийн “I phone 13pro” загварын гар утсыг тус бүр Дамно” ХХКомпаниас 2.650.000, Dell 5470 загварын зөөврийн компьютерыг 873.000, цүнхийг 21.000 төгрөг гэж үнэлсэн байх /хх-н 44/ бөгөөд шүүгдэгч ***ас нийт 6.194.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болно.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ****** бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*** 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ***д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хорих ял эдлэх хугацааг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж, түүнд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ас 6.194.000 /зургаан сая нэг зуун ерэн дөрвөн мянга/ төгрөг гаргуулж хохирогч, Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, *** “***” хотхон *** дугаар байр, 302 тоотод оршин суух, *** дугаарын регистртэй, Монгол овогт ***ын ***д олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ