| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/04015/И |
| Дугаар | 183/ШШ2021/00361 |
| Огноо | 2021-02-09 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2021/00361
| 2021 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 183/ШШ2021/00361 Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: И ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т ХХК-д холбогдох
гэрээний үүрэгт 78,658,970 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Г, нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь 2019.04.15-ны өдөр хариуцагч компанитай барилгын туслах материал түрээслэхээр тохиролцож хэрэглэсэн. Хариуцагч гэрээ байгуулсан өдрөөс хойш түрээсийн төлбөр огт төлөөгүй. Өнөөдрийн байдлаар 424 бараа материал өгөөгүй байдаг. Түрээсийн төлбөрийг 2019.04.15-ны өдрөөс 2019.12.01-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцоход 35.103.750 төгрөг болсон, 2020.04.01-ний өдрөөс 2020.09.15-ны өдрийг хүртэл 26.579.720 төгрөг болсон. Нэхэмжлэгч тал 2019.12.01-ний өдрөөс 2020.04.01-нийг өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг тооцоогүй, энэ хугацаа нь барилгын улирал биш учир хасаж тооцсон. Анх 1098 ширхэг материалыг түрээсэлж авсан бөгөөд түүнээс 674 ширхэг бараа материалыг буцааж өгсөн. Буцааж өгөөгүй бараа материалыг үнэ 16.975.500 төгрөг нийтдээ нэхэмжилж буй үнийн дүн нь 78.658.970 төгрөг болж байгаа юм. Дээрх төлбөрийг гэрээний үүргийн дагуу нэхэмжилж байна. Түрээсийн төлбөрийн задаргаа болон бараа материалын төлбөрийн задаргааг хавтас хэргийн 13 дахь талд хавсаргасан байгаа. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Т ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч И компаний ХУД иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу хариуцагч тал болох Т ХХК зүгээс доорхи тайлбарыг хийж хүсэлт гаргаж байна.
1. И ХХК гэрээнд заасан хугацааны төлбөр тооцооноос гадуур үлэмж их хэмжээний бодит бус хохирол нэхэмжилж байгаа болно. Тус гэрээ нь 2019 оны 4-р сарын 15-аас 8-р сарын 15-н хүртэл хийгдсэн. Учир нь манай Ө ХХК-ний барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байх хугацаанд 2019 оны 6-р сарын 15-аас 2019 оны 10-р сарын 5-н хүртэл И ХХК хэв хашмалыг ашиглаж байсан. Хоёр талын гэрээнд зааснаас бусад нөхцөлд ямар нэг нэмэлт төлбөрийн нэхэмжлэл заагдаагүй болно.
2. Т ХХК нь Ө ХХК барилгын ажлыг 2019 оны 10-р сарын 15 хүртэл үргэлжлүүлж өвлийн улирал эхэлж бүх барилгын компаний адил ажлаа зогсоож И ХХК түрээсийн эд зүйлсийн түрээсийн хугацааг зогсоож хүргэж өгөх гэсэн боловч цаг агаарын бэрхшээлийн улмаас зөөвөр хийх машин өндөр газар гарч чадаагүй тул агуулах саванд хийж хавар болтол хадгалахаар шийдсэн.
3. 2019 оны 11-р сард Ө ХХК барилгын талбайд хулгай гарч манай хадгалж байсан хэв хашмал хулгайд алдагдсан бөгөөд тухайн үед цагдаад өгснөөр өнөөдрийг хүртэл ХУД-н Яармаг дахь цагдаагийн хэлтсийн Ж гэдэг мөрдөн байцаагчид шалгагдаж байгаа болно. Улмаар И ХХК хэв хашмалын зарим нь алдагдсан эд зүйлсийн дунд байсан учир бид нөхөж өгч чадаагүй бөгөөд хэв хашмал эд зүйлсийг дутуу хүлээлгэн өгсөн буруутай гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч түрээсийн гэрээний үлдэгдэл 61,683,470 төгрөг, бараа материалын үлдэгдэл төлбөрт 16,975,500 төгрөг нийтдээ 78,658,970 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаардсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй бөгөөд татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.
Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2019.04.15-ны өдрийн 18-075 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулсан, гэрээний 1.4-т түрээсийн зүйл болох барилгын туслах бараа материалын нэр, хэлбэр, төрөл, хэмжээ, тоо ширхэг, нэг бүрийн үнэ, түүнчлэн түрээсийн төлбөрийн нэг бүрчлэн болон нийт мэдээллийг хавсралт 1, 2-т тусгахаар заажээ.
Гэрээний 10.1-д зааснаар гэрээний үйлчлэх хугацааг 2019.04.15-ны өдрөөс 2019.08.15-ныг хүртэл тогтоосон, гэрээний хавсралт болох барилгын туслах материал түрээслэх хуудаснаас үзэхэд пум /хэв хашмал/, булан, сафут, труба гэх мэт нийтдээ 1098 ширхэг барилгын туслах материал нэг бүрийн үнийг 100-250 төгрөгөөр түрээслүүлсэн, талууд 2019.05.01-ний өдөр, 2019.06.20-ний өдөр тус тус тооцоо нийлсэн байх бөгөөд гарын үсэг зурж, тамга дарагдсан байна.
И ХХК-ийн 2019.06.06-ны өдрийн, 2019.08.19-ний өдрийн албан мэдэгдэл болон нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд хариуцагч Т ХХК нь гэрээний дагуу төлбөр тооцоог хийгээгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь хугацаа зааж тооцоо хийх, түрээсэлсэн бараа материалыг буцаалт хийхийг мэдэгдэж, холбогдох тооцоог хавсарган хүргүүлж байсан байна.
Барилгын туслах материал түрээслэх хуудсаар хариуцагч Т ХХК нь 2019.04.15-ны өдрөөс 2019.12.01-ний өдөр хүртэл түрээсийн үлдэгдэл 35,103,750 төгрөг, 2020.04.01-ний өдрөөс 2020.09.15-ныг хүртэл түрээсийн төлбөр 26,579,720 төгрөг, нийт 1098 ширхэг барилгын хэв хашмал авснаас 674 эд материалыг буцаан өгсөн үлдсэн 424 ширхэг материалын үнэ 16,975,500 төгрөг нийтдээ 78,658,970 төгрөгийг төлөх тооцоотой болох нь тогтоогдсон байна.
Шүүх талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хөлслөгчид тухайн эд хөрөнгийг ашиглах боломжийг олгох бөгөөд хөлслүүлэгч нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1, 288.1.1-д зааснаар ашиглалтын шаардлага хангасан эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй, харин хөлслөгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1, 289.1.1-д зааснаар хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах, 289.1.2-т зааснаар эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Хариуцагчийн хариу тайлбараас үзэхэд Ө ХХК-ийн барилгын ажил дээр 2019.06.15-наас 2019.10.05-ныг хүртэл хугацаанд И ХХК-ийн хэв хашмалыг ашиглаж байсаныг зөвшөөрсөн, түрээсийн эд зүйлсийг агуулахад хадгалж байх хугацаанд хулгайд алдагдсан талаар тусгажээ.
Иймд буцааж өгөөгүй үлдсэн 424 ширхэг материалын үнэ 16,975,500 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар хөлслөгч нь гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэг хүлээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зїйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 289.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-иас гэрээний үүрэгт нийтдээ 78,658,970 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 551,245 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551,245 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ