Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 156/2021/00057/И |
Дугаар | 156/ШШ2021/00235 |
Огноо | 2021-06-02 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 156/ШШ2021/00235
156/ШШ2021/00235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2021/00057/и
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ........................................оршин суух, ............................. регистрийн дугаартай, Э.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................. оршин суух, ....................... регистрийн дагаартай, Б.Б-д холбогдох 4,600,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.А миний бие 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Б.Б-ын нэр дээрх ХААН банк дахь 5954172048 тоот дансанд 4,600,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд зээлдүүлэхээр шилжүүлсэн. Ингэхдээ ямар нэгэн хүү, алданги авахгүйгээр тусалсан. Гэтэл Б.Б нь хугацаандаа зээлээ эргэн төлөхгүйгээр зогсохгүй өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийг буцааж өгөөгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний үүргийг биелүүлж зээлсэн мөнгө буцааж өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 4,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.А нь Б.Б-аас 4,600,000 төгрөг гаргуулахыг шаардаж нэхэмжлэл гаргасан. 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Б.Б нь нэхэмжлэгч Э.А-тай өөрийн фэйсбүүк хаяг болох Б.Б гэх фэйсбүүкээс чатаар холбогдож өдрийн 3 хувиар зээл хаадаг. Манай найз банкинд ажилладаг бид давхар цалинжуулдаг учир сайн судалж өгдөг, зээлээ судлуулаад нотариатаар батлуулж, гэрээ байгуулдаг гэж хэлээд 4,600,000 төгрөгийг түүнээс зээлсэн. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Э.А-тай нэг нутгийн хүмүүс байгаа. Уг зээлсэн мөнгөө 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр буцааж төлөхөөр тохиролцсон ингэхдээ нэхэмжлэгч Э.А-йн зүгээс ямар нэгэн хүү алданги гэх зүйлийг аваагүй. Э.А-гийн зүгээс 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн Хаан банк дахь данснаас Б.Б-ын Хаан банк дахь данс руу 4,600,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь Хаан банкны 2021 оны 2 дугаар сарын 21-ний өдөр гаргаж өгсөн нэхэмжлэгч Э.А-ийн дансны хуулгаар мөн тогтоогддог. Ингээд Б.Б хэлсэн хугацаандаа зээлийг эргүүлэн төлөөгүй удаа, дараа шаардсан боловч зээл судлагдаж байгаа, гүйлгээ хаасан байна, одоо шилжүүлье гэх зэргээр худал хэлж өнөөдрийг хүрсэн. Мөн нэхэмжлэгч Э.А-ийн хувьд Солонгос улсад оршин суудаг учир хариуцагч Б.Б-тай биечлэн уулзах боломжгүй утсаар холбогдох гэтэл тухайн үед өөрийн ашиглаж байсан утасны дугаарыг сольсон. Мөн тухайн үед зээл авахдаа харилцаж байсан Б Б нэртэй фэйсбүүкээ блоклон устгасан байдаг. Тиймээс нэхэмжлэгч Э.А-ийн хувьд хариуцагч Б.Б-тай холбогдож чадахгүй нөхцөл байдал үүссэн байдаг. Ийм учраас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу Э.А-аас Б.Б-д зээлсэн 4,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Б нь Э.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Э.А нь манай сумын иргэн бөгөөд ах дүүстэй нь хүүхэд ахуй цагаасаа бие биенээ мэддэг болсон. Би 2020 оны хавар цалингийн зээлээ дарах зорилгоор Э.А-ийн төрсөн дүү Э.У-оос анх 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөгийг зээлсэн юм. Уг зээлсэн мөнгө маань цалингийн зээл хаахад хүрэхгүй байсан тул 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр дахин 4,000,000 төгрөгийг зээлсэн. Үүний дараа гоо сайхны бараа болон эмэгтэй хүний гутал авч ирж наймаа хийх зорилготойгоор Э.У-оос хэд хэдэн удаа мөнгө зээлж авчирсан. Гоо сайхан болон бусад бараагаа зарж борлуулан мөнгөнөөсөө Э.У-ын данс руу төлөлтүүд хийж явдаг байсан. Би Э.У-оос дахин мөнгө зээлэхэд 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр түүний эгч Э.А-ийн данснаас миний данс руу 4,600,000 төгрөгийг шилжүүлсэн.
Э.У бид хоёрын хооронд мөнгөний маргаан үүссэнээс үүдэн Э.У-д 2020 оны 9 дүгээр сард Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хандан Б.Б-д 46,000,000 сая төгрөг залилуулсан гэж гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан Цагдаагийн байгууллагаас Б. миний дансны хуулга болон бусад баримтыг шалгахад 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хугацаанд Э.У-оос нийт 29 удаагийн гүйлгээгээр миний дансанд 162,912,000 төгрөг шилжүүлсэн. Мөн цаг хугацаанд би өөрийн данснаас Э.У-ын данс руу 155,262,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Энэхүү Э.У-оос нийт 29 удаагийн гүйлгээгээр миний дансанд шилжин ирсэн 162,912,000 төгрөгт түүний эгч Э.А-ийн данснаас шилжүүлсэн 4,600,000 төгрөг багтаж байгаа.
Ингээд У-ын данс руу тухай бүрт нь төлөлтүүдийг хийж байсан үйлдэл болон бусад шинж чанарууд нь бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай 414 дугаартай Прокурорын тогтоол гарсан. Миний хувьд Э.А-аас биш Э.У-оос зээлсэн мөнгө Э.А-ийн данснаас миний данс руу шилжин ирсэн, энэ мөнгийг би Э.У-од төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Э.А гэдэг хүний данснаас 4,600,000 төгрөг Б.Б-ын данс руу шилжигдэн орсон боловч энэ нь Э.У-той хийсэн зээлийн харилцаа юм. Б.Б нь Э.У-ос бүтэн жилийн хугацаанд 162,912,500 төгрөгийг зээлсэн. Үүнд Э.А-ийн нэхэмжлээд байгаа 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн гэх 4,600,000 төгрөг багтаж байгаа. Яагаад энэхүү мөнгийг Э.А руу шилжүүлж болохгүй вэ гэхээр энэхүү зээлийн асуудал нь анхнаасаа Э.У-оос Б.Б зээлсэн мөнгө тул Э.А руу шилжүүлээгүй байдаг... гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 4,600,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Э.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Б.Б нь Э.А руу чат явуулж 4,600,000 төгрөг зээлсэн. Энэ мөнгөө одоо хүртэл өгөөгүй... гэж, хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлийн талаар шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...би Э.А-аас биш түүний дүү Э.У-оос 4,600,000 төгрөг зээлсэн. Энэ мөнгөө Э.У-д төлсөн. Уг мөнгө Э.А-ийн данснаас шилжин ирсэн... гэж тайлбарлажээ.
Зохигчид 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Э.А-ийн ХААН банк дахь 5031151005 тоот данснаас хариуцагч Б.Б-ын нэр дээрх ХААН банк дахь 5954172048 тоот дансанд 4,600,000 төгрөг шилжүүлсэн талаар маргаагүй байна. Харин уг зээлийн харилцаа нь нэхэмжлэгч Э.А, хариуцагч Б.Б нарын хооронд үүссэн эсэх талаар мэтгэлцлээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Иймд дээрх хуулийн заалтаар талуудын хооронд мөнгө зээлэх, зээлдүүлэх хүсэл зоригийн илэрхийлэлийн дагуу амаар болон бичгээр гэрээ байгуулагдсан байх ёстой.
Хүсэл зориг гэдэг нь тодорхой этгээдийн хэлцэл хийх эрмэлзлэлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлэлийн гадаад илрэл байдаг. Ингэж талуудын хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн хэлцэл зөвхөн хуульд зааснаар эсхүл харилцан тохиролцсоноор нөгөө этгээдэд эрх, үүрэг үүсгэнэ.
Гэтэл хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 414 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолын хуулбар /хх-ийн 17-18/, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн Э.У-ын мэдүүлгийн хуулбар /хх-ийн 41-44/, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн Б.Б-ын мэдүүлгийн хуулбар /хх-ийн 49-51/, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн Б.Б-ын мэдүүлгийн хуулбар /хх-ийн 52-53/, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 56-61/, Хэнтий аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоолын хуулбар /хх-ийн 62-63/, Монгол улсын Ерөнхий прокурорын газрын 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 1/55 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоолын хуулбар /хх-ийн 64/-уудаар нэхэмжлэгч Э.А-ийн хариуцагч Б.Б-д холбогдуулан нэхэмжилж буй 4,600,000 төгрөг нь иргэн Э.У, Б.Б нарын хооронд үүссэн зээлийн харилцаа болох нь нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл дээрх баримтуудаар иргэн Э.У нь Б.Б-д нийт 158,312,500 төгрөг зээлж, буцаан 150,262,000 төгрөг авсан болох нь нотлогдож байна. Энэхүү зээлсэн 158,312,500 төгрөгийн үнийн дүнд нэхэмжлэгч Э.А-ийн данснаас хариуцагч Б.Б-ын данс руу шилжүүлсэн 4,600,000 төгрөг орсон байна.
Иймд маргаан бүхий 4,600,000 төгрөг нь хариуцагч Б.Б нь иргэн Э.У-оос зээлээд, тус зээлсэн мөнгө нь Э.А-ийн данснаас шилжигдэн ирсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд хэрэгт авагдсан гэрч Э.У-ын мэдүүлэг /хх-ийн 33-35/ нь түүний 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүтэй, Б.Б, Э.А нарын харилцсан гэх фэйсбүүк чатын хуулбар нь /хх-ийн 68-72/ нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Иймд нэхэмжлэгч Э.А хариуцагч Б.Б нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч Э.А нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох 4.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох 4.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА