Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/440

 

  

 

 

 

 

 

 

 

      2024         5             28                                     2024/ШЦТ/440

 

 

 

                       

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн

улсын яллагч Д.Батзаяа

шүүгдэгч ***

хохирогч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн *** дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны * дугаар сарын **-нд *** аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт *** дүүргийн 28 дугаар хороо, “***” хотхоны*** дугаар байр, *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, *** дугаарын регистртэй,

*** овогт ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь 2024 оны * дугаар сарын **-ний шөнө *** дүүргийн ** дугаар хороо, “***” хотхоны 103 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “**” гэх нэртэй мини маркет дэлгүүрийн гадна гэрч ***тэй маргалдаж байх үедээ маргааныг салгах үйлдэл хийсэн хохирогч ***ийн баруун нүдний хэсэгт цохиж “баруун дээд, доод зовхинд шарх, дээд зовхинд зулгаралт, баруун нүдний алимны салст, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Тухайн үед би жаахан уучихсан байж байгаад эд нарыг хажуугаар зөрөхөд нь холдооч энэ тэр гэж хэлсэн юм шиг байгаа юм. Эд нар дөрвүүлээ явж байсан ба намайг тал талаас өшиглөж зодоод миний хамраас цус гарсан. Гэтэл миний араас хохирогч *** татаж боох шиг болохоор нь би түүнийг намайг боож байна гэж ойлгоод эргэж хараад цохьчихсон. Уг нь салгах гэж байсан юм билээ.

Хохирогчид учирсан гэмтэл миний үйлдэлтэй шууд холбоотой. Би гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Одоогийн байдлаар хохирогчид 1.4 сая төгрөг өгчхөөд байгаа гэв.

 

Хохирогч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Энэ хүн буруу ярьж байна. Эхэлж бид нар энэ хүнийг цохиж зодоогүй. Тухайн үед миний түрээсэлж байсан байранд манай найзууд ирсэн байсан юм. Миний хувьд архи, пиво уугаагүй эрүүл байсан. Манай найзууд явах болоод манай гэрээс түрүүлж гараад би араас нь хог хаяхаар гартал манай найз ****, *** нартай энэ хүн маргалдаад зогсож байсан. Тэгээд ***тэй маргалдаж байхаар нь би салгах гээд энэ хүний араас барьж автал эргээд миний нүд рүү гараараа цохьчихсон. Би нүдний шил зүүдэг болохоор миний нүдний шил хагарч, нүдний доод хэсгээс цус гарсан. Энэ үед харин манай найз *** энэ хүнийг өшиглөж байгаа харагдсан. Тэгээд энэ хүний хамраас цус гарсан байсан. Түүнээс биш манай найзууд эхэлж зодоон хийгээгүй.

Хохиролд гэж нийт 1.4 сая төгрөг авсан нь үнэн. Эхлээд 1 сая төгрөг дансаар шилжүүлэхдээ надтай уулзсан. Дараагийн 400.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл гэвэл би 15 хоног ажилдаа яваагүйн 550.000 төгрөгийн цалин алдагдсан. Мөн томографикт үзүүлж, боолт, эм тариа авсан. Гэхдээ надад ямар нэгэн баримт байхгүй. Цаашид хагалгаанд ороход 2.7 сая төгрөг болох юм байна лээ. Миний нүдний доор уйланхай байна гэж эмч хэлсэн, хамрын хагалгаанд ормоор байна. Бас сэтгэл санааны хохирлоо нэхэмжилмээр байна гэв.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч ***“... 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өөрийн гэр болох *** дүүргийн 25 дугаар хороо, “***” хотхоны ** дугаар байрны ** тоотоос 00:00 цагийн үед хог асгах гэж гараад хогоо хаячихаад харахад байрны доор байдаг “**” мини маркетын гадна надтай хамт байр хөлсөлж амьдардаг найз *** тэр дэлгүүрийн худалдагч ахтай маргалдаад зогсож байхаар нь очиж найзыгаа түлхээд тэр ахыг ардаас нь татахад тэр ах унасан. Тэгээд босож ирээд дахин манай найз руу дайраад байхаар нь би араас нь дахиад татахад эргэж хараад миний нүүр рүү нэг удаа цохисон. Тухайн үед би нүдний шилтэй явж байсан болохоор миний баруун нүд рүү цохиод нүдний шилний баруун талын шил хагарч баруун нүдний дээд, доод хэсэгт зүсэгдсэн” /хх-н 3-7/ гэж,

гэрч ***“... өчигдөр буюу 2024 оны 3 дугаар сарын 11-ний орой манай 2 найз ирээд бид хэд гэрт пиво ууж байгаад шөнийн 00:00 цагийн үед гараад үүдэнд зогсож байхад орцноос нэг согтуу ах гартаа пиво барьчихсан гарч ирээд зөрөхдөө бацаанууд яах гээд байна гэж хэлсэн. Тэгээд манай найз яагаа ч үгүй, та яах гээд байна гэтэл манай найзыг тэр ах цохих гэж дайрсан. Тэгтэл Сүхсүрэн гарч ирээд салгаад тэр ахыг арагш татахад тэр ах эргэж хараад гараараа цохиод авсан. *** тухайн үед нүдний шилтэй байж байсан ба нүдний шил нь хагараад нүднийх нь дээр доор зүсэгдсэн байсан. Надад гар хүрч цохисон зүйл байхгүй” /хх-н 8-9/ гэж,

гэрч ***ийн *** “... ***, *** нарын гэрт очсон байсан. Тэднийд очоод *** хоол хийж, бид нар идэж дуусаад би ***ийн хамт 01 цаг өнгөрч байхад гэрээс нь тамхилах гээд гараад араас ***, *** нарыг гарч ирэхийг хүлээгээд зогсож байтал орцноос үл таних 30-35 орчим насны, дугуй царайтай, 170-175 см өндөр нуруутай эрэгтэй хүн *** бид хоёр дээр ирээд “хоёр дүү гал байхгүй биз” гэж асуухаар нь байхгүй гэхэд “та хоёрт яагаад гал байдаггүй юм” гэж маргалдах гээд байсан. *** тэр хүнийг түлхтэл орцноос ***, *** нар гарч ирээд бид хоёрыг тэр хүнтэй зодолдож байна гэж ойлгоод салгах гээд иртэл тэр үл таних эрэгтэй хүн манай найз ***г үгийн зөрөөгүй нүүрэнд нь цохиод авсан. Тэр үед *** нүдний шилтэй байсан бөгөөд баруун нүдний дээд, доод хэсэгт урагдаад язарчихсан цус гараад байхаар нь *** цагдаа дуудсан” /хх-н 15-18/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***ийн биед баруун дээд, доод зовхинд шарх, дээд зовхинд зулгаралт, баруун нүдний алимны салст, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл оношлогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн *** тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 24-25/

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч *** овогт ***ын ***ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар тухайлбал, шүүгдэгч *** гэм буруугийн талаар маргахгүй байгаа, уг гэмт хэрэг хэдийгээр гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзав.

 

Шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 49/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 53/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 51/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 48/, цагдаагийн байгууллагын хайлтын системийн мэдээлэл /хх-н 43-45/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч *** өөрийн хохиролтой холбоотой баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд гаргаж өгөөгүй буюу хавтаст хэрэгт хохирол, эмчилгээний зардалтай холбоотой баримт авагдаагүй боловч шүүгдэгч *** нь хохирогчид нийт 1.400.000 төгрөг төлсөн байна.

 

Хохирогч *** “... хагалгаанд ороход 2.7 сая төгрөг болох юм байна лээ. Миний нүдний доор уйланхай байна гэж эмч хэлсэн, хамрын хагалгаанд ормоор байна ...” гэх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд өгөөгүй тул нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэлээ гаргах эрхийг нь нээлттэй үлдээв.

Харин хохирогч ***ийн сэтгэцэд учирсан хор уршгийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Учир нь, мөрдөгчөөс хохирогч ***д үүссэн сэтгэцийн эмгэгийг Хоёрдугаар зэрэглэл гэж гаргасан байх ба үүнийг хохирогч хүлээн зөвшөөрсөн байна. /хх-н 54/

Иймд шүүх хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлэн тооцож, 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөг шүүгдэгч ***оос гаргуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнчлэн улсын яллагчийн шүүгдэгчид оногдуулах 450.000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. *** овогт ***ын ***ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***д 1.400.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

5. Хохирогч *** цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалыг тус тус үндэслэж Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***оос хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хор уршигт 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч *** дүүргийн ** дугаар хороо, ** ** дугаар гудамж, ** Ж тоотод оршин суух хаягтай, *** дугаарын регистртэй, **овогт ***ын ***д олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***ид авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ