Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/333

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс:*******

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хурал***ныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хурал***ны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгч Б.Б.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хурал***ны танхимд нээлттэй хийсэн хурал***наар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-д холбогдох эрүүгийн 2218003680381 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1958 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ********** суманд төрсөн, 64 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ээж зээ охины хамт *************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Ц-,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б.Ц- нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 13 дугаар байрны ар талын хатуу хучилттай зам дээр **** *** улсын дугаартай Хондо пит маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2 дахь хэсэгт заасан “...Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан "... Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ц.Ц-гийн зүүн хөлийг мөргөж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

 

Эрүүгийн 2218003680381 дугаартай хэргээс:

 

Хохирогч Ц.Ц.Ц-гийн өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр би Дархан сумын 4 дүгээр багт Төмөр замын вокзалын эсрэг талын зам дээр өглөө 07 цаг өнгөрч байх үед хүнсний ногоо авахаар Портер машин дээрээс ногоо авах гээд ачааны хажууд нь зогсож байтал гэнэт миний зүүн хөл өвдөөд харахад миний хөл дээгүүр нэг машин гарсан байсан. Тэгээд намайг мөргөсөн машины жолооч нь эмэгтэй хүн байсан бөгөөд намайг машин*** суулгаад эмнэлэг оруулж үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хх 17/,

 

Гэрч Д.Б- өгсөн: “...Би тэр өдөр өөрийнхөө ******** ******** улсын дугаартай Вонго маркийн машинтай ногоо зараад байж байсан чинь өглөө 08 цагийн орчим нэг хүн орилох шиг болохоор нь харахад манай машины ард нэг шаргал өнгөтэй машинтай хүн манай машины ард зогсож байсан хүний хөл дээгүүр гарсан юм байна лээ... Ингээд тэр машинд мөргүүлсэн гэх эгчийг сугадаж өргөөд нөгөө мөргөсөн машинд нь суулгаж өгөөд эмнэлэг рүү явуулсан.” гэх мэдүүлэг /хх 23/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 841 дугаартай шинжээчийн дүгнэлт:  

-Ц.Ц.Ц-гийн биед зүүн шагай ясны цуурал, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг у***гийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг у***н хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй. /хх 28-29/,

 

Шинжээч С.Саруулболдын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт: “...Хондо Пит маркийн **** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ************* регистрийн дугаартай Б.Б.Ц- нь Мөнгөл Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн. /12.2/ Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. /12.3/ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн байна...” /хх 39/,

 

Шинжээч Ш.Б- 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 60 дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлын талаарх дүгнэлт: “...Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй...” /хх 45-48/,

 

Шүүгдэгч Б.Б.Ц-гийн хувийн байдлыг тогтоосон эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт, дансны хуулга /хх 67-71/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 13 дугаар байрны ар талын хатуу хучилттай зам дээр **** *** улсын дугаартай Хондо пит маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2 дахь хэсэгт заасан “...Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан "... Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ц.Ц-гийн зүүн хөлийг мөргөж эрүүл мэндэд нь зүүн шагай ясны цуурал, зүүн шилбэний цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Б.Ц- нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ц.Ц.Ц-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Ц.Ц-гийн “...Төмөр замын вокзалын эсрэг талын зам дээр өглөө 07 цаг өнгөрч байх үед хүнсний ногоо авахаар Портер машин дээрээс ногоо авах гээд ачааны хажууд нь зогсож байтал гэнэт миний зүүн хөл өвдөөд харахад миний хөл дээгүүр нэг машин гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх 17/,  Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 841 дугаартай шинжээчийн дүгнэлт: Ц.Ц.Ц-гийн биед зүүн шагай ясны цуурал, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг у***гийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг у***н хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй..” гэх дүгнэлт /хх 28-29/, шинжээч С.Саруулболдын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт: “...Хондо Пит маркийн **** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ************ регистрийн дугаартай Б.Б.Ц- нь Мөнгөл Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн. /12.2/ Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. /12.3/ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн байна...” /хх 39/ гэх дүгнэлт зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Зам тээврийн осол гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарна.

 

Иймд шүүгдэгч Б.Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Б.Ц- нь хохирогч Ц.Ц.Ц-гийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан болох нь хохирогчийн 88-р хуудсанд авагдсан тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгч үйлдсэн гэмт  хэргээ хүлээн зөвшөөрсөн, чин санаанаас гэмшсэн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Ц-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх у*** гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Ц-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Ц-д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Ц- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5.Шүүгдэгч Б.Б.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                    

 

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ