| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2021/00172/И |
| Дугаар | 156/ШШ2021/00290 |
| Огноо | 2021-06-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 156/ШШ2021/00290
156/ШШ2021/00290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2021/00172/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина би даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ..................оршин суух, Р.М /РД:............... /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................... оршин суух одоогоор .........................хорих ангид ял эдэлж байгаа, Хадынхан овогт С.Т /РД:................/-т холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.У., нэхэмжлэгч Р.М. /онлайн/, хариуцагч С.Т. /онлайн/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.М. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.М. миний бие нь С.Т-тай гэр бүл болж, 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бүртгүүлсэн. Бидний дундаас 2008 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүү Т.Г төрсөн. Бидний хамтран амьдрах хугацаанд С.Т нь архинд хэт донтож бие болон сэтгэл санааны дарамтад оруулж цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2012 оноос хойш тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд хүү Т.Г маань ээжийнхээ асрамжид өсөж торнисон. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Одоо би өөр хүнтэй хамтран амьдарч, хүүхэд төрүүлсэн. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. С.Т-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч С.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Р.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хорих ангиас гараад өөрийн гэсэн байр суурийг олж, хүү Т.Ганхөлөгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.М нь хариуцагч С.Т-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэгчид нь 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон болох нь хэрэгт авагдсан №0063797 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбараар (хх-ийн 6 тал), тэдгээрийн дундаас 2008 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүү Т.Г төрсөн болох нь түүний төрсний 0199104 дугаартай гэрчилгээний хуулбар (хх-ийн 10 тал), Шаамар сумын эрүүл мэндийн төвийн 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 102 дугаартай тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид Р.М, С.Т нар хандаж, улмаар 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулсан боловч амжилтгүй болж, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №992 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр дуусгавар болгосон байна. (хх-ийн 13 тал)
Шүүхээс гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, гэрлэгчид нь хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харилцаа байхгүй болсон, нэхэмжлэгч Р.М нь өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэд төрүүлсэн зэрэг шалтгааныг харгалзан үзэж гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2008 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Т.Г-ийг эх Р.М-ын асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон байна.
Иймд Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүү Т.Г-ийг эх Р.М-ын асрамжид үлдээж шийдвэрлэв.
Зохигчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Р.М нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.М-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан............... регистрийн дугаартай, Р.М, ................. регистрийн дугаартай, С.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Т.Г-ийг эх Р.М-ын асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид нь хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Р.М нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г-д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн Иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.А-д даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА