Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 915

 

Ө.Пид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эсэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/167 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Пийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Өын П, 1992 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ургамлын нөөц, био үйлдвэрлэлийн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Б.П нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны 5 дугаар байрны гадаа хохирогч Г.Утай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ө.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овогт Өын Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Пийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ө.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Поос 1.020.500 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Ут олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ө.П гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх хэргийн талаарх дүгнэлтдээ “2020 оны 10 дугаар сарын 31-ний шөнө” гэж хэрэг гарсан цаг хугацааг тодорхойлсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг хэзээ гарсан цаг хугацааг буруу тодорхойлсон, шүүх хуралдаанаар хэлэлцсэн хэргийн үйл баримттай тохирохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасантай зөрчилдөж байна. Шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, тодорхойлох хэсэг байхгүй, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан тодорхой, ойлгомжтой байхаар бичигдсэн байна гэсэнтэй нийцэхгүй, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ гэсэн шаардлагыг хангаагүй байна. Шүүх хэрэгт авагдсан хохиролтой холбоотой гэх хавтас хэргийн 38 дахь талд авагдсан 2 баримт, хуралдаан дээр гаргаж өгсөн 2 ширхэг баримтыг үнэлэхдээ хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, буруу үнэлж хохирлыг 1.020.500 гэж тогтоосон нь үндэслэлгүй. Бэлэн мөнгөний орлогын баримт гэх 38 дугаар хуудаст байгаа эхний баримт нь “Гялс” төв гэдэг байгууллагын нэртэй “Дашмаг-Эх” ХХК-ийн тэмдэг дарагдсан, кассын орлогын ордер гэх 2 дахь баримт нь “Тайгын тал” ХХК гэдэг нэртэй байгууллага байхад өөр компанийн тэмдэг дарагдсан байгаа нь байгууллагын нэр, дардасны нэр зөрүүтэй байхад хохиролд тооцсон. Шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Төгс ялгуун” эмнэлгийн 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаартай албан бичигт 782.500 төгрөг болов гээд захирал Ц.Гантөмөр биш Г.Нямбаяр гэж гарын үсэг зурсан нь төлбөр төлсөн баримт биш байхад хохирлыг 72.500 төгрөгөөр илүү үнийн дүнгээр тооцсон нь үндэслэлгүй байна. Иймд хэргийг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянан хэлэлцэж өгнө үү. ...” гэжээ.     

Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Пид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байна гэж үзэж, гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Уг гэмт хэргийн хувьд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг адилхан бичсэн, зөрүү байхгүй. Энэ нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл зэргээс тодорхой харагддаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан, бусад байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Б.П нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны 5 дугаар байрны гадаа эхнэр Г.Уыг бусадтай хардсаны улмаас маргалдаж, улмаар түүнийг гараараа цохих, түлхэж унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Уын “...Намайг “болиоч” гэж хэлэхэд П миний хамар руу гараараа нэг удаа цохьчихоод явчихсан. Тэгээд П, Суурь хоёр Сандаг-Очирыг дагуулаад цаашаа яваад даХ зодоод байсан тул араас нь очтол П намайг газар чирсэн, хашлага руу түлхсэн, хэдэн удаа түлхэж унагасан. ...” /хх 7-9, 13-14/,

            гэрч Г.Хандсүрэнгийн “...2019 оны 10 дугаар сарын 31-ний орой 22 цагаас 23 цагийн орчимд охин У уйлчихсан, нүүр болон ороолт нь цус болчихсон орж ирсэн. Юу болсон талаар асуухад “П цохьчихлоо” гэж хэлсэн. Тухайн үед хамар нь хугарсан гэж мэдээгүй. ...Тэгээд хэд хоногийн дараа У “толгой өвдөөд байна” гэхээр нь эмнэлэгт үзүүлэхэд “хамар нь хугарчихсан байна” гэж хэлсэн. ...” /хх 27-29/,

гэрч Д.Гансүхийн “...Уын гэрт очтол охины хамар хавдсан байдалтай байхаар нь юу болсон талаар асуутал “П намайг зодсон” гэж хэлсэн. ...” /хх 24-26/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн “...Г.Уын биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх 1153 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 31-32/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 41-47/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох талуудын тайлбар, мэдүүлэг, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ө.Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Пийн хохирогч Г.Уын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзсэн байх боловч хавтас хэргийг судлахад, гэрч Д.Батсуурийн “...Тэгээд машины зогсоол дээр зогсож байтал сааданд 2 хүн үнсэлцээд байсан. Гэтэл П “манай эхнэр байна” гээд машинаас бууж залууг нь барьж аваад зууралдаад байсан...” /хх 18-20/, шүүгдэгч Пийн “...Манай эхнэр У өөр залуутай алхаж байгаад сааданд очоод суусан. Тэгэхээр нь би очоод харсан чинь тэр хоёр тэврэлдээд үнсэлцсэн...” /хх 21-23/ гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд, хохирогч Г.Уын гэр бүлийн харилцаанд үнэнч байх үүргээ зөрчсөн зүй бус үйлдэл нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийг заавал нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Пийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхийг шүүгдэгчид үүрэг болгож, улмаар торгох ялыг заасан хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд сануулсан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулав.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Пийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон, тухайн нөхцөл байдалд хохирогчийн зүй бус үйлдэл байсан хэдий ч шүүгдэгчийг “санаа сэтгэл нь цочрон давчдаж гэмт хэрэг үйлдсэн” гэх шинж тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй, анхан шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв байна.

Мөн гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай этгээдээс 1.020.500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг зөв үнэлсэн байх тул шүүгдэгч Ө.Пийн “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн шаардлага хангаагүй, ...хохирол төлбөрийг буруу тооцсон...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч Ө.Пийн “...Прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэрэг гарсан цаг хугацааг буруу тодорхойлсон” талаар гаргасан давж заалдах гомдлын хэсгийг хүлээн авч, энэхүү магадлалаар зөвтгөж, энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор, хянан шийдвэрлэсэн шүүх нь цаашид ийм техникийн шинжтэй алдааг гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ө.Пийн гаргасан давж заалдах гомдлын “...гэмт хэрэг гарсан цаг хугацааг буруу тодорхойлсон...” гэсэн хэсгийг хангаж, “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн шаардлага хангаагүй, ...хохирол төлбөрийг буруу тооцсон...” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/167 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өын Пийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Пид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхийг үүрэг болгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.П нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдүсгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Пийн гаргасан давж заалдах гомдлын “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн шаардлага хангаагүй, ...хохирол төлбөрийг буруу тооцсон...” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ