Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 1712

 

МАГАДЛАЛ

 

2018.07.23                                                     Дугаар 1712                                Улаанбаатар хот

 

 

 

 

М Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,  

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/01833 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б, Д.О, Б.Б нарт холбогдох,

 

Гэрээний үүргийн зөрчлөөс хохирол, олох ёстой байсан орлого 14 375 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Э нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Манай компани талийгч Б.Б-тэй Такси ажиллуулах гэрээг байгуулан ажилласан. Гэтэл хэргийг шийдвэрлэхээс өмнө хариуцагч Б.Б нас барсан тул түүнээс татгалзаж, Батлан даалтын гэрээний дагуу хариуцагч Д.О , Б.Б нараас гэрээнээс үүдсэн хохирол 12 875 000 төгрөгийг гаргуулж, олох ёстой орлого 1 500 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9, 4.19, 5.3 дахь хэсгүүдэд зааснаар батлан даагч нар компанид учирсан хохирлыг төлөх ёстой. Талийгч гэрээний дагуу автомашиныг хүлээн аваад, эзэмшиж ашиглаж байсан талаар маргадаггүй. Тухайн осолд хариуцагч Б.Б буруутай. Өөрийн эзэмшилд байгаа хөрөнгөө хамгаалах үүрэгтэй. Түүнээс өөр хүн унаж яваад эвдэлсэн гэх нь ёс зүйгүй. Ямартаа ч нэхэмжлэгчид учруулсан хохирлоо барагдуулах нь зүйтэй. Дараа нь өөрийнхөө хохирлоо хэнээс нэхэх нь хариуцагч нарын асуудал. Иймд гэрээний үүргээс учирсан хохирол 12 875 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, олох ёстой орлого 1 500 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр М Т ХХК-тай Такси ажиллуулах гэрээ байгуулж, 52-36 УНЗ улсын дугаартай автомашиныг авч эзэмшсэн. 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр намайг гэртээ унтаж байх үед найз болох н.Г автомашины түлхүүрийг надад хэлээгүй хашаанаас хулгайлан авч унаж яваад н.Г гэх найзындаа очиж архи ууж, согтоод унтсан үед нь н.Г түлхүүрийг хулгайлан авч, хүүхэдтэйгээ хамт согтуугаар автомашин жолоодож яваад зам тээврийн осолд орж амь насаа алдсан. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 499.4 дэх хэсэгт зааснаар би тээврийн хэрэгсэлийн эзэмшигч биш. Тээврийн хэрэгсэл Р.М-ын нэр дээр байсан. н.Г тээврийн хэрэгсэлийг зөвшөөрөлгүй авч явсан тул миний бие хариуцагч биш, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өөрийн ах Б.Б-ийг М Т ХХК-иас 52-39 УНЗ улсын дугаартай автомашиныг гэрээ байгуулан авах үед батлан дааж, Батлан даалтын гэрээ байгуулсан. 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл М Т ХХК-д өгөх ёстой орлогоо төлсөн. Осол гарсан өдөр Б.Б гэртээ унтаж байхад н.Г гэх найз нь ахад хэлэхгүй түлхүүрийг хулгайлан авч автомашиныг жолоодож яваад С.Г-ттай архи ууж согтоод, унтсан байхад нь түлхүүрийг авч автомашиныг жолоодож яваад зам тээврийн осолд орж амь насаа алдсан. Дээрх хоёр хүний буруутай үйл ажиллагаанаас болсон хохирлыг манай ах төлөх үндэслэлгүй. 2017 онд зах зээлд орж ирсэн болон хуучин Hyundai sonata-6 маркийн автомашин 5 500 000-6 000 000 төгрөгийн үнэтэй байхад М Т ХХК өндөр төлбөр нэхэмжилж, автомашины ерөнхий рам эвдэрч бусад эд ангийг солих боломжтой байхад нэхэмжлэгчийн зүгээс автомашиныг ямар ч хэрэггүй мэт худал ярьж акт гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.О , Б.Б нараас 6 741 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч М Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 6 134 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч олох ёстой орлого 1 500 000 төгрөг, хариуцагч Б.Б-д холбогдох шаардлагаас татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 825 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 122 806 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1 гэж зааснаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь хууль бус бүрэлдэхүүнтэй хурал хийсэн гэж үзэж байна. Бидэнд түрээсийн төлбөрт нийт 375 000 төгрөг төлсөн гэтэл үндэслэх хэсэгт 500 000 төгрөг төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхээс Х Э ХХК-н үнэлгээгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь бид автомашинаа харилцан тохиролцож 14 450 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг автомашин нь ашиглах ямарч боломжгүй болсон гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож М Т ХХК-ийн акт үйлдэж төмрийн хаягдалд өгсөн тухай албан бичгээ шүүхэд гаргаж өгсөн. Манай зүгээс бүтэн такси үйлчилгээнд явуулах зориулалтын тоноглол бүхий автомашин нэхэмжилсэн байтал шүүхээс энгийн 1 автомашиний үнэнд ч хүрэхгүй мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч М Т ХХК нь хариуцагч Б.Б , батлан даагч Д.О , Б.Б нарт холбогдуулан гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол, олох ёстой байсан орлого 14 375 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б-д холбогдох нэхэмжлэлээс 1 500 000 төгрөгийн шаардлагаас татгалзсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарны    25-ны өдөр Б.Б-тэй “Такси ажиллуулах гэрээг” байгуулан 14 750 000 төгрөгийн үнэ бүхий, 52-36 УНЗ улсын дугаартай, Хьюндэй Соната маркийн суудлын автомашиныг, 530 хоногийн хугацаатай түрээсээр эзэмшүүлэхээр хүлээлгэн өгсөн, мөн өдөр хариуцагч Д.О , Б.Б нартай Батлан даалтын гэрээ байгуулсан, батлан даагч нар жолоочтой адил үүрэг хүлээхээр гэрээгээр тохиролцсон, Б.Б нь урьдчилгаа             1 200 000 төгрөг, өдөр тутмын орлогод 375 000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нэхэмжлэгчид төлсөн байна.

Гэрээний зүйл болох автомашиныг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны шөнө н.Г жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо осол гаргаж, хүүхдийн хамт нас барсан, хэргийг шийдвэрлэхээс өмнө хариуцагч Б.Б нас барсан зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ батлан даагч нар жолоочийн адил үүрэг хүлээхээр гэрээгээр тохиролцсоноор нэхэмжлэгч нь хохирол шаардах эрхтэй гэж зөв дүгнэсэн боловч хөрөнгийн үнэлгээний дүгнэлтэд заасан хэмжээнд нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй байна. Учир нь гэрээний зүйлийг дахин ашиглах боломжгүй болсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч нар баримтаар няцааж чадаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 1 500 000 төгрөгт холбогдох болон хариуцагч Б.Б-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг хуульд заасан журмаар шүүх шийдвэрлээгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр гэрээнд заасан автомашины үнийн төлөгдөөгүй хэсэг     12 875 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/01833 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.О , Б.Б нараас 12 875 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М Т ХХК-д олгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1 500 000 төгрөгөөс, хариуцагч Б.Б-д холбогдох нэхэмжлэлээс тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т “...122 806...” гэснийг “...220 950...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 113 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

       ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

                                                                             М.НАРАНЦЭЦЭГ