Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2021/00383

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 10 өдөр  Дугаар 183/ШШ2021/00383 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ю ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Р-д холбогдох,

 

гэрээний үүрэгт 19,991,716 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Автомашиныг лизингээр худалдсан, хариуцагч А.Р нь тухайн автомашиныг 30,500,000 төгрөгөөр худалдан авч, үүний 7,500,000 төгрөгийг урьд[B1] чилгаа хэлбэрээр төлөөд үлдсэн 23,000,000 төгрөг дээр лизинг хийсэн. Анх гэрээ байгуулахдаа 7,500,000 төгрөгийг төлөөд машиныг худалдан авсан. 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг төлсөн нь энэ мөнгөн дүнд хүү тооцохгүйгээр хоорондоо хугацаа тохироод урьдчилгаан дээр нэмж төлнө гэсэн үндсэн дээр энэ төлбөрийг төлсөн. Зээл төлөх хуваарийн дагуу сар болгон үндсэн болон хүүний төлбөр нийлээд 1,232,538 төгрөг төлөхөөр 8 сарын хугацаатай төлөхөөр тохиролцсон, зээлээ төлж байгаад төлбөр төлөх боломжгүй байна гэж зээл төлөх хугацааг тодорхой хэмжээгээр хойшлуулахыг хүссэн. Автомашиныг хураан авах боломжгүй, 2017 оны 11 дүгээр сар, 2018 оны 2,3,4 дүгээр сар, 2018 оны 5,6,7 дугаар сар, 2018 оны 9 дүгээр сарын төлөлт хийгдээгүй, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш огт төлөлт байхгүй тул хариуцагч А.Р-оос зээлийн үлдэгдэл 13,947,839 төгрөг, зээлийн хүү 5,036,565 төгрөг, алданги 1,007,312 төгрөг нийтдээ 19,991,716 төгрөгийг гаргуулан өгнө үү. Шүүхэд анх гаргаж өгсөн нэхэмжлэлдээ үнийн дүн алдаатай байсан тул залруулсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Ю ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ю ХХК нь А.Р-оос 2017.09.15-ны өдөр ЗГ/09-15 тоот автомашин лизингээр худалдах гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 13,947,839 төгрөг, зээлийн хүү 5,036,565 төгрөг, алданги 1,007,312 төгрөг нийтдээ 19,991,716 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

Хариуцагч А.Р 2020.10.20-нд нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож буйгаа мэдсэн бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2017.09.15-ны өдөр ЗГ/09-15 тоот автомашин лизингээр худалдах гэрээ байгуулж, худалдагч Ю ХХК-ийн өмчлөлийн 2009 онд үйлдвэрлэгдсэн, нийт 30,500,000 төгрөгийн үнэтэй ... улсын дугаартай Toyota crown маркийн суудлын автомашиныг А.Р лизингээр худалдан авахаар тохиролцсон, гэрээний 1-д зааснаар 23,000,000 төгрөгийг /лизингийн зориулалтаар/ сарын 2.3 хувийн хүүтэй, 2017.09.15-ны өдрөөс 2019.03.15-ны өдрийг хүртэл хугацаагаар, худалдан авагч А.Род зээлдүүлсэн байна.

 

Шүүх талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Дээрх гэрээний 2.1-д зааснаар худалдан авагч талаас урьдчилгаа төлбөр 7,500,000 төгрөгийг төлсний дараа автомашиныг олгохоор, мөн А.Р нь 2017.10.15-ны өдөр 5,000,000 төгрөгийн хүүг нэмж төлөхөөр тус тус тохирсон байх бөгөөд гэрээний 4.4, 4.5-д зааснаар худалдан авагчийн төлсөн 12,500,000 /7,500,000+5,000,000/ төгрөгийг гэрээний 1.1-д заасан зээлийн хэмжээ 23,000,000 төгрөгөөс хасч автомашины зээлийн үлдэгдэл төлбөрийг 18,000,000 төгрөгөөр тогтоож, уг мөнгийг 2019.03.15-ны өдрийн дотор хүүгийн хамт төлөхөөр, хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн үлдсэн төлбөрийн дүнгээс 1 өдрийн 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон байна.

 

Төлбөрийн талаарх талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ, 263.2, 263.2.1, 263.2.2, 263.2.3-т бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ зэрэг нөхцөлийг заавал гэрээнд тусгана гэсэн хуулийн заалтад нийцсэн байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээ, А.Р-ын худалдан авсан автомашины зээл, зээлийн хүү төлөх хуваарийг хариуцагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, энэ хуваарийн дагуу 2017.09.15-ны өдрөөс 2019.03.15-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 15-ны өдөр 1,232,538 төгрөгийг тогтмол төлөхөөр тохиролцсон байх бөгөөд худалдагч нь худалдан авагчийн эзэмшилд .... улсын дугаартай Toyota crown маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Дээрхээс дүгнэхэд хариуцагч А.Р нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба талуудын хооронд байгуулсан гэрээний 4.5-д алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөрчөөгүй байх тул гэрээний үлдэгдэл төлбөрөөс 0.5 хувиар алданги тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн тайлбар, зээл эргэн төлөлтийн бүртгэлээс үзэхэд зээлийн үлдэгдэл 13,947,839 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 5,036,565 төгрөг, алданги 1,007,312 төгрөг нийтдээ 19,991,716 төгрөгийг хариуцагч А.Р-оос гаргуулж, нэхэмжлэгч Ю ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

 

                                                ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Р-оос гэрээний үүрэгт 19,991,716 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю ХХК-д олгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ю ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,909 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Р-оос улсын тэмдэгтийн хураамжид 257,909 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ

 

 

 

 

 

 


 [B1]