Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Бамбадорж

Хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ашбагад овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221004060382 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, дулааны машинч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн *******  сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 620 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

 мөн Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 223 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 4 жилийн хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 12 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Ашбагад овогт ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* тоотод оршин суух хохирогч байшингийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж алтан ээмэг, бөгж, гинж, мөнгөн ээмэг, 6 хос мөнгөн аяга, шүрэн толгойтой хаш хөөрөг, жижиг хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлан бусдад 17,608,000 /арван долоон сая зургаан зуун найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “Дэлгэр” багийн нутаг “Бул нуур” гэх газарт нутаглаж байгаа маллаж байсан эзэмшлийн үхэр сүргээс түүний эзэмшлийн 2 тооны үхэр, тус сүрэгт байсан 3 тооны үхрийг бусдын алдуул мал гэдгийг мэдсээр байж нийт 5 тооны буюу олон тооны үхрийг хулгайлсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр сумын төв рүү бензин авах зорилгоор ирсэн. Би өмнөх өдөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан учраас өглөө нь бензинээ авчихаад дэлгүүрээр орж пиво, архи гэх мэт зүйлс аваад гарч явах үедээ сумын хэсгийн төлөөлөгчтэй таарч “хөдөө явлаа” гэж хэлсэн. Дэлгүүрээс гарч яваад найзтайгаа таарч хөрзөн гишгэх, шонгийн нүх ухах хүрз гуйхад хүрзний толгой өгсөн учраас хадам ахын гэрээс хүрзний иш хийх зүйл олохоор очсон. Надад ******* суманд таньж мэдэх ах дүү, хамаатан садан байхгүй, урьд нь орж гардаг байсан тул хадам ахынхаа хашаа гэж бодоод л орсон. ахын гэрээс хүрзний иш хийх зүйл олоогүй учир гарч яваад Генералын гүүрэн дээр таараад “архи пиво уух уу” гэж асуухад уухгүй гэсэн. Цааш явж байх үед нутгийн залуу портертой явж байхтай таараад архи уух уу гэж асуухад үгүй гэсэн. Ингээд би гэр рүүгээ явж байгаад гэртээ хүрч чадалгүй машин маань шатсан. Би гэгээн цагаан өдөр хулгай хийж, хулгайн эд зүйлсээ суудал дээрээ тавьчихаад явж байсан бол юу гэж хүнтэй хамт архи ууя гэж хэлээд явах вэ дээ. Үхэр хулгайлсан асуудлын талаар ярихад би 2020 оны 10 сараас 2021 оны 10 сар хүртэл ахын үхэр малыг малласан. Тухайн үед төлийн 10 хувийг авах тохиролцоотой байсан ба тэр хавар 45 тугал авсан тул 4 тугал авахаар болсон. Би мал маллаж байх үедээ 2 үхрийг хулгайд алдсан байсан учир “төлийн 2 эр, 2 охин тугал өгье. Түүнээс хулгайд алдсан үхрээ суутгаж авна” гэхээр нь би 2 эр тугалыг нь өгье, би 2 эм тугалаа авч үлдээд мал болгож авъя гэж хэлээд тухайн үед мал имнэж тамгалж байсан хүмүүст айлын имээр имнэхгүй, дараа нь өөрөө имнэнэ гэж хашаанаас тухайн 2 охин тугалыг имнэлгүй гаргуулж байсан. Мөн эхнэр маань 2 тугалыг найзаасаа 700,000 төгрөг өгч худалдаж авч байсан гэсэн. гэх хүн надад “1 тугал манай үхрийг хөхөөд байна. Эзнийг нь хайгаад олохгүй байна. Танай үхрийн тугал байж магадгүй авч яв” гэж дуудахаар нь би тухайн тугалыг авч яваад урт аргамжаа зүүлгэж үхэртээ тавьсан. Манай гунжны тугал олдохгүй байсан учир би тухайн тугалыг гунжны маань тугал байх гэж бодсон. Гэтэл уг гунжний тугал маргааш өглөө нь үхэр дээрээ ирчихсэн байсан. Ингээд уг нялх тугалд би угж өгч, үхэр мал хөхүүлж байж мал болгож авсан...” гэв. 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Эхлээд орон байрны хулгайн талаар ярья. 2022 оны зун ээжийн маань бие өвдөж аймгийн төвд ээжийгээ сахиж байсан. 2022 оны 08 дугаар сард ээж маань нас барж би 09 дүгээр сарын эхээр ******* сум руу очсон. Би нөхрийн хамт сумын төвөөс 18 километр газарт малаа малладаг. Сумын төвд ирж хоол хүнсээ цуглуулаад явахаараа 4-5 хоног ирдэггүй. Би 09 дүгээр сарын 13-ны өдөр сумын төвд байх гэрээрээ орох үед зүгээр байсан. 09 дүгээр сарын 15-ны өдөр сумын төв орох ажил гараад гэртээ ирэхэд гал тогооны цонх /зүүн талдаа айлгүй бөгөөд зүүн тал руу харсан цонх/-ны доор хагас метр урттай, 2 сантиметрийн диаметртэй нарийхан төмөр байсан. Би тухайн төмрийг хараад уржигдар ирэх үед ийм төмөр байгаагүй дээ, хүүхдүүд орж тоглоод төмөр хаячихдаг юм байх даа гэж бодоод гэрийнхээ хаалгыг түлхүүрээр онгойлгож ороход гал тогооны цонхны хөшиг наана нь байдаг ширээн дээгүүр нөмөрчихсөн байхаар нь гайхаад цонхоо татаад үзсэн чинь онгорхой байсан. Би том өрөө рүүгээ харахад сервантыг маань онгойлгоод хаячихсан байсан. Би шууд гэрээсээ гараад сумын хэсгийн төлөөлөгчийг дуудаад байдлыг харуулж байсан. Маргааш нь хэсгийн төлөөлөгч өөр нэг хүнтэй хамт ирээд зураг авч байсан. Тухайн хамт явсан хүнийг цагдаа байсан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн өдрөөс хойш 2 хоногийн дараа манай сумын хэсгийн төлөөлөгч Дашбалбар сумын цагдаатай хамт ирээд үзлэг хийгээд байж байхад эхнэртэйгээ хамт ирээд хашаан дотор энэ газраас би хүрдний иш авсан гэж хэлж байсан. Бид нар өөрсдөө хүрзний иш хийх зүйл хайгаад олдоггүй болохоор би чи яг хаанаас авсан юм гэж асуухад зүүн талын хашааны наад талд наанаас чинь л авсан гээд хажуу тийш хараад зогсоод байсан. Тухайн үед би чи яг хаанаас авснаа хэл, удаан мод байсан бол өвс нь хэвтчихсэн байх ёстой гэхэд наанаас чинь авсан гээд хажуу тийш хараад зогсоод байсан. Манай хашаанаас хүрзний иш хийх мод авсан гэж хэлж байсан. Гэтэл сая мод аваагүй гэж хэллээ. Тухайн үед согтуу явж байсан нь үнэн гэж би бодож байна. Яагаад гэвэл манай цонхыг төмрөөр цохисон мөр байдаг ба 3 дахь удаагаа цохих үедээ цонхыг онгойлгосон байсан. Цонхыг төмрөөр цохисон байсан тул гарсан мөрийг нь харахад доод тал нь илүү гүн, дээд тал нь гүехэн байсан учраас надаас намхан хүн цохисон гэж бодож байна. Би тухайн мөрийг ирээд хар гэхэд ганцаараа хашааны мухарт зогсоод байсан. Харин эхнэр нь 2 цагдаатай хамт яваад манай гэр доторхыг хараад байсан. Ингээд л би гаргасан үйлдлээс нь сэжиглэж байсан. Би алтан ээмэг, гинж хоёрыг Манжуураас авч байсан, сүүжин алтан ээмгийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ээждээ Мартын 8-ны баяраар авч өгч байсан. Тухайн үед Цагдаагийн байрны гадаа очих үедээ би “чи л авчихсан юм байна шүү дээ, чи ядаж бурхан болсон ээжийн маань ээмгийг надад өгчихөөч” гэж гуйхад “хулгай хийлгэчих юм байна л даа” гэж хэлж байсан. Ээжийн маань ээмгийг өгчихвөл би шүүх цагдаа гэхгүй больё гэж гуйсан. Мөн мал хулгайлах хэргийн тухайд им, тамга хийж байх үед 2-3 тугал байтугай дөрөв таваараа хашаа дайрч гарах ч юм уу, хашаа эвдрээд гарах ч тохиолдол байдаг. Тухайн им тамга хийж байх үед 3-4 бяруу гарсныг ашиглаж надад өгсөн гэж хэлж байна. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үхэр малладаг хүнийхээ гэрт очих үед эхнэр нь оччихсон байсан. Би мал хүлээлгэж өгөх үедээ нийт тэдэн үхрээс тэд нь алдуул гэж яг заагаад хүлээлгэж өгсөн юм. Намайг очих үед манай малчин “Чимэгээ эгч таны алдуул гэж зааж өгсөн үхрийг Улаанаа /*******ын эхнэр/ манай үхэр авна гэж ирээд байна” гэж байсан. Тухайн 2 алдуул бярууг манай үхэртэй хамт ирсэн талаар би Сүхбаатар цагдаад утсаар хэлэхэд “аймагт явж байна гэж байсныг санаж байна. Би эхнэрт нь “чи яагаад энэ үхрийг авдаг юм бэ, чамд хамаагүй шүү дээ, цагдаад бүртгэлтэй” гэхэд би энэ үхрийг худалдаж авсан гэж байсан. Би тухайн үед нь хэнээс худалдаж авсан талаараа хэлчих гэхэд хэн ч гэж нэр хэлэлгүй яваад өгсөн. 2022 оны 04 дүгээр сард шуурга болж манай үхэр 20-30 километр газар уруудаад бараг хилийн наана оччихсон байхад нөхөр маань *******ай хамт явж үхрээ олж ирсэн юм. Тухайн үед 2 өөр газраас ядруу бяруунууд нийлээд манай үхэртэй цуг ирсэн юм байна лээ. Түүнээс хойш намайг аймгийн төвд ирчихсэн улсын тоо эхэлж байхад 12 дугаар сарын 07-ны өдөр манай нутгийн залууд 20,000 төгрөг өгч манай үхрүүдийг хашуулж нядалсан байсан. мал маллаж байх үедээ манай үхрээс 2 үхэр алдаж, 1 үхэр вагонд дайруулаад үхсэн юм. Тугал имнэдэг өдөр би ******* “чи 3 үхэр дутаасан шүү дээ. Тухайн үхрээ мөнгөн дүнгээр нь төлөх юм уу, эсвэл тугалаараа тооцох юм уу” гэж асуухад хашааны гадаа зогсож байгаад тугалаа авахаа болъё гэж надад хэлж байсан. Би тухайн үед нь хоёулаа тооцоо дууслаа шүү гэж хэлсэн...” гэв. 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ******* сумын 1 дүгээр багт нөхөр ы хамт амьдардаг бөгөөд тус сумын 3-р багийн нутаг “Бул нуур” гэх газарт нөхрийн хамт өөрийн эзэмшлийн малаа малладаг. Манай сумын төвийн гэр ихэнхдээ эзэнгүй байдаг. Би хамгийн сүүлд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагийн орчим гэртээ ирээд орой 17 цагийн орчим хөдөө гэр рүүгээ явахдаа гэрийнхээ хаалгыг түгжээд явсан бөгөөд өнөөдөр болох 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 11 цагийн орчим гэртээ ирэхэд манай гэрийн зүүн талын цонхны дээд талын салхивчийг гадна талаас нь цохиж онгойлгоод онгорхой, гал тогооны ширээн дээрх савны таг нь унаж, цонхны хөшиг ширээ рүү нөмрөгдсөн байдалтай байсан болохоор нь цонхоо анзаарч харахад цохигдож онгойсон, уг цонхоор гаднаас хүн гэрт орсон байсан тул цагдаагийн байгууллагад очиж мэдэгдсэн. Би хамгийн сүүлд гэрээрээ 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ирээд явсан. ...миний алдсан эд зүйл овор хэмжээ багатай 10 граммтай алтан гинж, 6 граммтай цэцгэн хээтэй алтан ээмэг, 5 граммтай цэцгэн хээтэй алтан бөгж, сүүжин алтан ээмэг, сардин шүрэн шигтгээтэй алтан хос ээмэг, кулон, бөгжийн хамт, 5 граммтай, ягаан шигтгээтэй монетон хос ээмэг, 8 граммтай монетон гинж, унжуургатай мөнгөн хос ээмэг, 6 хос мөнгөн аяга, дунд гарын шүрэн толгойтой хаш хөөрөг, хүрэн бор жижиг хөөрөг тус бүр алдагдсан байна. ...2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр намайг хүү ын хамт Дорнод аймгийн төвд байх гэртээ байхад манай малчин нь утсаар яриад ******* нь надад хэлэлгүй 5 тооны үхрийг хулгайлж аваад нядалсан байна гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. ...манай нөхөр Д.ы үеэл дүү болох нь нөхөр *******ын хамт манай үхрийг 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэл маллаж байсан. ...2022 оны 11 дүгээр сарын сүүлээр намайг малчин ын гэрт очиход *******ын эхнэр ирчихсэн байсан ба манай үхэрт алдуул байдлаар ирсэн эр шүдлэн үхэр, гунжин үнээ хоёрыг авна гэж байсан. Би тухайн үед наад 2 үхэр чинь ******* та хоёрын авах ёстой үхэр биш цагдаагийн байгууллагад бүртгэлтэй алдуул үхэр гэж хэлсэн...” гэжээ. /1хх-ийн 54-65, 198-213/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...алдуул гурван толгой үхэрт иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох тухай албан бичгийн хүрээнд ******* сумын Засаг даргын Тамгын газраас намайг иргэний нэхэмжлэгчээр томилсон. ...Иргэний нэхэмжлэгчийн зүгээс гэм буруутай иргэнээр хохирол төлүүлж хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэжээ. /1хх-ийн 216-217/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 09-10 цагийн орчимд ******* сумын “” багт байрлах өөрийн хөдөө гэрээсээ ганцаараа сумын төвд байрлах гэрээсээ хадуурын сэлбэг авах зорилгоор ирэх үед манай зүүн талын хөрш гэрийн хашааны гадна талд эзэмшлийн цагаан өнгийн авто машин зүүн тийш харсан байдалтай зогсож байсан. Би хажуугаар нь өнгөрч өөрийн гэртээ ороод 10-20 минут болоод хадуурын сэлбэг авч гэрээс гараад явсан ба гарч явах үед машин байсан эсэхийг анзаарч хараагүй. Би хөрш гэрт ороогүй болохоор хүн байгаа эсэх талаар мэдэхгүй байна. Хашаан дотор нь ямар нэг хүн харагдаагүй. Гэрийн хаалга нь хаалттай байсан. Би зүүнээс баруун чиглэлд явж байсан болохоор машины эгц урдаас нь харах үед машин дотор ямар нэг хүн байгаагүй. Мөн машины ойр орчимд хүн байгаагүй...” гэжээ. /1хх-ийн 88-89, 109-110/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө гэрээсээ адуугаа хураахаар гараад явж байгаад адуугаа Тээлийн голын гүүрийн хойд талаас олж хураагаад Аравын гүүрээр баруунаас зүүн тийш гарахаар мотоциклтой гүүрэн дээр гарч ирэхэд өөдөөс нь өөрийнхөө суудлын машинтай ирж зогсоод машинаас бууж ирсэн. Бууж ирээд надад хандаж “ архи пиво уух уу” гэж асуухаар нь би “уухгүй ээ” гэж хэлээд машиных нь жолооч талын цонхоор харахад урд талын суудлын дунд 0,5 грамм лаазтай пиво байсан. Мөн хажуу талын суудал дээр гадуураа уут савгүй ил хэдэн мөнгөн аяга харагдаж байсан. ...тухайн үед би хараад дунд гарын мөнгөн аяга байна гэж бодож байсан. Харин хэдэн тооны аяга байсныг сайн мэдэхгүй, ямар ч байсан 2-3 ширхэг аяга байсан...” гэжээ. /1хх-ийн 84-86, 101-102, 111-113/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би намар 09 дүгээр сарын дундуур хөдөө малчидтай багийн хурлын ажилтай явж байгаад ******* сумын 3 дугаар багийн иргэн гэрт ороход эхнэр байсан. Тэдний гэрт байхад “ машин шатсан” талаар ярьсан бөгөөд ярьж байхдаа *******ын шатсан машины урд суудал дээр нь нэг биш хэд хэдэн мөнгөн аяга байсан гэж байсан. Энэ талаар өөр хүнээс сонсоогүй. Ингээд сумын төвд ирээд найз *******тэй ярихад “манай гэрт 2022 оны 09 дүгээр сарын 13-наас 15-ны өдрийн хооронд хулгай орж эд зүйлс алдагдсан байна” гэж надад ярьсан. Тэгээд би гэрт очиход *******ын тээврийн хэрэгсэл шатсан байна, тэр машины урд суудал дээр нь хэд хэдэн мөнгөн аяга байсныг , нар ярьсан гэж хэлсэн...” гэжээ. /1хх-ийн 78-79, 105-106/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...12 дугаар сарын 07-ны өдөр би сумын төв рүү орчихоод буцаж хөдөө гэр лүүгээ явж байх замд , ******* нар надтай таарсан. Тухайн үед би хаашаа явж байгаа талаар асуухад “Чиний харж байгаа ы үхрээс 5 үхрээ авчраад махалчихсан шүү” гэж надад хэлсэн. Тухайн үед би “Хүний хариуцаад цалин хөлсийг нь аваад маллаж байгаа мал, та надад хэлэхгүй яагаад авч байгаа юм бэ” гэхэд чамд хамаагүй гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би та нар өөрсдөө учраа олоорой гэж хэлээд т утсаар болсон асуудлын талаар хэлсэн...” гэжээ. /1хх-ийн 233-234/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дорнод аймгийн төвд байж байтал ******* суманд манай үхрийг малладаг хүн болох нь над руу утсаар яриад “******* нь хөдөө гэрийнхээ гадаа бой хийж байхаар нь очиход миний маллаж байгаа танай эзэмшлийн 4 толгой үхрийг нядлаад байж байх юм. Чи ******* өгсөн юм уу” гэж асуусан. Тухайн үед нь би өгөөгүй талаар түүнд хэлээд “нядалж буй үхрүүдийн зургийг нь аваад над руу явуулчих, би цагдаагийн байгууллагад хандъя” гэж хэлсэн...” гэжээ. /1хх-ийн 220-221/

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* нь бидэнд болон манай үхрийг маллаж байгаа т хэлэлгүй шуурганаар уруудаж ирсэн 2 үхэр болон манай эзэмшлийн 2 үхэр мөн өөрийнхөө 1 бяруу зэргийг манай үхрээс хулгайлж аваад нядалсан байна...” гэжээ. /1хх-ийн 231-232/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 12 дугаар сарын 07-ны өглөө ******* над руу утсаар яриад “идшээ хийх гээд байгаа юм, хөлсийг нь өгөх болохоор ирээд хийлцээд өгөөч” гэж хэлсэн.  ...Ингээд тухайн өдөртөө *******, бид гурав малын хашаанд нь байсан 4 тооны үхрийг гэрийнх нь гадаа төхөөрч үхрийн гэдсийг арилгасан...” гэжээ. /1хх-ийн 235-236/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд , ******* нарын гэр бүлийн харилцаатай хүмүүс нь мал алдсан талаар болон алдуул байдлаар өөрийнх нь малд 2 тооны бяруу ирсэн талаар огт бүртгүүлж байгаагүй...” гэжээ. /2хх-ийн 3-4/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 17, 190/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 18-25/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 26-30/

Прокурорын орон байранд нэгжлэг хийх тухай тогтоол /1хх-ийн 32/

Нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 33-37/

Гэрч мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 38-44/

Гэрч ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 45-50/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 68-69/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6049 тоот ”...нимгэн саарал өнгийн 1 гэж дугаарласан металл нь мөнгөний металл байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 129-133/ 

Хөрөнгийн үнэлгээний “ВЕНДО” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн үнэлгээний тайлан /1хх-ийн 139-147/

Хөрөнгийн үнэлгээний “Damno” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ДЦ-23-86 тоот дүгнэлт /2хх-ийн 19-22/

Гэрч Ц.ын мэдүүлэг /1хх-ийн 223-224/

Гэрч мэдүүлэг /1хх-ийн 244-245/

Гэрч Ж.ийн мэдүүлэг /1хх-ийн 246-247/

Гэрч мэдүүлэг /2хх-ийн 15-16/

*******ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 98-99, 170-172, 227-228, 2хх-ийн 31-32, 82-83/

ийн мэдүүлэг /1хх-ийн 124-125, 242-243, 2хх-ийн 11-12/

Ажил гүйцэтгүүлэх гэрээ /2хх-ийн 62-63/

Өмгөөлөгч Д.Галтогтохын гаргасан хүсэлтүүд /2хх-ийн 94-99, 100-104/

Гомдол хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, баримт /2хх-ийн 108-111, 105-107/

Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 192-193/

*******т холбогдох улсын бүртгэлийн лавлагааны хуулбарууд /2хх-ийн 34-38/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 39/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар шүүгдэгч *******ын шатсан тээврийн хэрэгслээс хурааж авсан металлуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Ашбагад овогт Гомбын нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* тоотод байрлах байшинд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, алтан гинж, цэцгэн хээтэй алтан ээмэг бөгж, сүүжин алтан ээмэг, сардин шүрэн шигтгээтэй алтан ээмэг кулон бөгж, ягаан шигтгээтэй монетон ээмэг, монетон гинж, унжуургатай мөнгөн ээмэг, зургаан хос мөнгөн аяга, шүрэн толгойтой хаш хөөрөг, хүрэн бор жижиг хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж, хохирогч *******д 17,608,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 11 цагийн орчим гэртээ ирэхэд манай гэрийн зүүн талын цонхны дээд талын салхивчийг гадна талаас нь цохиж онгойлгоод онгорхой, гал тогооны ширээн дээрх савны таг нь унаж, цонхны хөшиг ширээ рүү нөмрөгдсөн байдалтай байхаар нь цонхоо анзаарч харахад цохигдож онгойсон, уг цонхоор гаднаас хүн гэрт орсон байсан тул цагдаагийн байгууллагад очиж мэдэгдсэн. ...миний алдсан эд зүйл овор хэмжээ багатай 10 граммтай алтан гинж, 6 граммтай цэцгэн хээтэй алтан ээмэг, 5 граммтай цэцгэн хээтэй алтан бөгж, сүүжин алтан ээмэг, сардин шүрэн шигтгээтэй алтан хос ээмэг, кулон, бөгжийн хамт, 5 граммтай, ягаан шигтгээтэй монетон хос ээмэг, 8 граммтай монетон гинж, унжуургатай мөнгөн хос ээмэг, 6 хос мөнгөн аяга, дунд гарын шүрэн толгойтой хаш хөөрөг, хүрэн бор жижиг хөөрөг тус бүр алдагдсан байна...” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч “...манай зүүн талын хөрш гэрийн хашааны гадна талд эзэмшлийн цагаан өнгийн авто машин зүүн тийш харсан байдалтай зогсож байсан. Би хажуугаар нь өнгөрч гэртээ орсон. ... машины эгц урдаас нь харах үед машин дотор ямар нэг хүн байгаагүй. Мөн машины ойр орчимд хүн байгаагүй...” гэх, гэрч ын “...Аравын гүүрээр баруунаас зүүн тийш гарахаар мотоциклтой гүүрэн дээр гарч ирэхэд өөдөөс нь өөрийнхөө суудлын машинтай ирж зогсоод машинаас бууж ирсэн. ...машиных нь жолооч талын цонхоор харахад урд талын суудлын дунд 0,5 грамм лаазтай пиво байсан. Мөн хажуу талын суудал дээр гадуураа уут савгүй ил хэдэн мөнгөн аяга харагдаж байсан. ...тухайн үед би хараад дунд гарын мөнгөн аяга байна гэж бодож байсан. Харин хэдэн тооны аяга байсныг сайн мэдэхгүй, ямар ч байсан 2-3 ширхэг аяга байсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч ийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6049 тоот ”...нимгэн саарал өнгийн 1 гэж дугаарласан металл нь мөнгөний металл байна...” гэх дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний “ВЕНДО” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлан, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “Бул нуур” гэх газарт бэлчээрлэж байсан хариуцан маллаж байсан үхэр сүргээс 5 тооны үхрийг хулгайлж, бусдад 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн  хохирогч “...2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр намайг хүү ын хамт Дорнод аймгийн төвд байх гэртээ байхад манай малчин нь утсаар яриад ******* нь надад хэлэлгүй 5 тооны үхрийг хулгайлж аваад нядалсан байна гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч ийн “...алдуул гурван толгой үхэрт иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох тухай албан бичгийн хүрээнд ******* сумын Засаг даргын Тамгын газраас намайг иргэний нэхэмжлэгчээр томилсон. ...Иргэний нэхэмжлэгчийн зүгээс гэм буруутай иргэнээр хохирол төлүүлж хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх, гэрч Д.ы “...******* нь бидэнд болон манай үхрийг маллаж байгаа т хэлэлгүй шуурганаар уруудаж ирсэн 2 үхэр болон манай эзэмшлийн 2 үхэр мөн 1 бяруу зэргийг манай үхрээс хулгайлж аваад нядалсан байна...” гэх мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч “...12 дугаар сарын 07-ны өдөр би сумын төв рүү орчихоод буцаж хөдөө гэр лүүгээ явж байх замд , ******* нар надтай таарсан. Тухайн үед би хаашаа явж байгаа талаар асуухад “Чиний харж байгаа ы үхрээс 5 үхрээ авчраад махалчихсан шүү” гэж надад хэлсэн. Тухайн үед би “Хүний хариуцаад цалин хөлсийг нь аваад маллаж байгаа мал, та надад хэлэхгүй яагаад авч байгаа юм бэ” гэхэд чамд хамаагүй гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би та нар өөрсдөө учраа олоорой гэж хэлээд т утсаар болсон асуудлын талаар хэлсэн...” гэх, гэрч ын “... нь над руу утсаар яриад “******* нь хөдөө гэрийнхээ гадаа бой хийж байхаар нь очиход миний маллаж байгаа танай эзэмшлийн 4 толгой үхрийг нядлаад байж байх юм. Чи ******* өгсөн юм уу” гэж асуусан. Тухайн үед нь би өгөөгүй талаар түүнд хэлээд “нядалж буй үхрүүдийн зургийг нь аваад над руу явуулчих, би цагдаагийн байгууллагад хандъя” гэж хэлсэн...” гэх, гэрч ын “...тухайн өдөртөө *******, бид гурав малын хашаанд нь байсан 4 тооны үхрийг гэрийнх нь гадаа төхөөрч үхрийн гэдсийг арилгасан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Damno” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ДЦ-23-86 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлсан болон Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “Бул нуур” гэх газарт бэлчээрлэж байсан үхэр сүргээс олон тооны үхрийг хулгайлсан үйлдэлтэй эрүүгийн 2221004060382 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Чимэг-Эрдэнийг хохирогчоор тогтоосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь: Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* тоотод хохирогч ******* нь нөхөр Д.ы хамт амьдардаг бөгөөд хулгайд алдагдсан алтан гинж, цэцгэн хээтэй алтан ээмэг бөгж, сүүжин алтан ээмэг, сардин шүрэн шигтгээтэй алтан ээмэг кулон бөгж, ягаан шигтгээтэй монетон ээмэг, монетон гинж, унжуургатай мөнгөн ээмэг зэрэг эд зүйлс нь түүний эдэлж хэрэглэж байсан үнэт эдлэл байхаас гадна тухайн алдагдсан эд зүйлийн гарал үүслийн талаар хохирогч ******* нь худал мэдүүлбэл хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг ойлгож мэдүүлэг өгснийг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул хохирогч мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Түүнчлэн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч ******* нь “...2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* тоотод байрлах хашаанд хүрзний иш хийх мод хайх зорилгоор орсон боловч байшинд нэвтэрч эд зүйл аваагүй...” гэж гэмт хэрэг үйлдээгүй талаар мэдүүлж байх боловч түүний энэ мэдүүлэг нь тухайн цаг хугацаанд хохирогч гэрийн гадна *******ын тээврийн хэрэгсэл зогсож байхыг харсан гэрч мэдүүлэг, түүний тээврийн хэрэгсэлд хэд хэдэн мөнгөн аяга байхыг нүдээр харсан гэрч ын мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, *******ын шатсан тээврийн хэрэгслээс мөнгөний металл илэрсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6049 тоот дүгнэлт, гэрч ийн мэдүүлэг зэрэг харилцан хамаарал бүхий нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтохын “...хэрэгт нотолбол зохих байдал нотлогдоогүй, шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдээгүй тул гэм буруугүйд тооцож өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх үзлээ.

Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “Бул нуур” гэх газарт бэлчээрлэж байсан хариуцан маллаж байсан үхэр сүргээс 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр *******ын хулгайлж махалсан ухаа зүсмийн эр шүдлэн, улаан халзан зүсмийн гунж нь хохирогч *******, гэрч Д. нарын өмчлөлийнх, ухаа сарман охин бяруу, улаан халзан эр бяруу, мухар улаан эр бяруу нь эзэн тодорхойгүй, алдуул мал болох нь хохирогч “... нь нөхөр *******ын хамт манай үхрийг 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэл маллаж байсан. Би тухайн үед нь үхрээ авахдаа “хоёулаа тооцоо дууслаа шүү гэж хэлээд явсан. Манай үхэрт *******ын өмчлөлийн үхэр байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.ы “...2020 оны өвөл шуурганаар манай үхэр 40-50 км зайд уруудаад явсан ба тухайн үед ******* бид хоёр үхрийнхээ эрэлд явж үхрээ авчрахад манай үхэрт гадны ухаа зүсмийн эр бяруу, халзан зүсмийн охин бяруу байсан бөгөөд эзнийг нь хайгаад олоогүй юм...” гэх, гэрч “...2021 оны 06 дугаар сард манай үхэр сүрэгт улаан зүсмийн нялх тугал ирсэн бөгөөд эзэнд нь өгөх зорилгоор ойр орчмын айл өрхүүдээр орж асууж сураглаж байтал ...******* манай нэг гунж тугалаад тугал нь олдохгүй байна гэж хэлээд манай гэрийн гаднаас аваад явсан...” гэх, гэрч Ц.ын “Манай эхнэр Баяртогос 2021 оны 11 дүгээр сард авто ослоор нас барсан. Тэрээр надад мэдэгдэлгүй хүнд бяруу зараагүй, зарсан талаар ч надад ярьж байгаагүй, манай мал бүрэн байгаа...” гэх мэдүүлэг, гэрч , Ж. нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд гаргасан “...Би малыг маллаж байх үедээ төлийн хувь болох 2 тугалаа ижил сүргээс нь салахгүй болохоор авч чадаагүй байсан. Эхнэр маань 2 тугалыг найзаасаа 700,000 төгрөг өгч худалдаж авч байсан. гэх хүн надад 1 тугал өгснийг би тэжээж мал болгосон. Энэ үхрүүд миний өмчлөлийн үхэр учраас авсан...” гэх мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж тогтоох бөгөөд шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлийн хоёр, алдуул гурав, нийт 5 тооны малыг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтохын “******* 1 тооны бяруу хулгайлсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.  

Иймд шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан санаатай гэмт хэрэг хоёрыг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно. 

Шүүгдэгч *******ын хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөөгүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч ******* нь алтан гинж, цэцгэн хээтэй алтан ээмэг бөгж, сүүжин алтан ээмэг, сардин шүрэн шигтгээтэй алтан ээмэг кулон бөгж, ягаан шигтгээтэй монетон ээмэг, монетон гинж, унжуургатай мөнгөн ээмэг, зургаан хос мөнгөн аяга, шүрэн толгойтой хаш хөөрөг, хүрэн бор жижиг хөөрөг зэрэг эд зүйлсээ алдаж, түүнд 17,608,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний “ВЕНДО” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Р23-30 дугаар тайлангаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, буцааж өгсөн зүйлгүй байх тул шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 17,608,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгох нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгчийн үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч ******* 2 тооны үхрээ алдаж, 2,600,000 төгрөгийн хохирол хүлээсэн байхаас гадна алдуул 3 тооны үхэр нь 1,900,000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь хөрөнгийн үнэлгээний “Damno” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ДЦ-23-86 тоот дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд алдуул 3 тооны үхэрт холбогдуулан иргэний нэхэмжлэгчээр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг дарга ийг тогтоосон байх тул алдуул 3 тооны малын үнэ 1,900,000 төгрөгийг тогтоогдсон иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. Харин иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг дарга нь алдуул малын үнэ 1,900,000 төгрөгийг алдуул малын эзэн тогтоогдвол буцаан өгөх, тогтоогдоогүй тохиолдолд орон нутгийн өмчид шилжүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдвэл зохино.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч *******аас 22,108,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д мал болон эд зүйлийн үнэд 20,208,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг дарга т алдуул 3 тооны малын үнэ 1,900,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1, 2, 3 гэж дугаарласан хар өнгийн ууттай шатсан металлыг шүүгдэгч Г. тээврийн хэрэгслээс хурааж авсан байхаас гадна тухайн металлд мөнгөний орц байгаа болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тухайн шатсан металлыг шүүгдэгч *******т буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлбэл зохино. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ашбагад овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч *******аас 22,108,000 /хорин хоёр сая нэг зуун найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* тоотод оршин суух Боржигон овогт *******д 20,208,000 /хорин сая хоёр зуун найман мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг дарга т 1,900,000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийг тус тус олгохоор тогтоосугай.

6. Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.2-т зааснаар иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг дарга нь алдуул малын үнэ 1,900,000 төгрөгийг алдуул малын эзэн тогтоогдвол буцаан өгөх, тогтоогдоогүй тохиолдолд орон нутгийн өмчид шилжүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1, 2, 3 гэж дугаарласан хар өнгийн ууттай шатсан металлыг шүүгдэгч *******т буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.ПАГМА