| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2020/04059/И |
| Дугаар | 102/шш2021/01261 |
| Огноо | 2021-05-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 102/шш2021/01261
2021 оны 05 сарын 18 өдөр Дугаар 102/ШШ2021/01261 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэг, ... дугаар хороо, оффисийн ... дүгээр давхарт байрлах “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, .. дугаар хороо, .... дугаар гудамжны .... тоотод оршин суух, Товуугийн М
Хариуцагч Баянгол дүүрэг, .... дугаар хороо, хотхоны ,,, дугаар байрны ,,, тоотод оршин суух , Баатарын Г нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 30.318.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Т.О, хариуцагч Б.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Н” ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Т.М, Б.Г нараас 206209264 дугаартай “Зээлийн гэрээ-ний төлбөрт 30.318.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Зээлдэгч Т.М нар 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Тоуоtа” маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан 15.000.000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй мөн 206209264 дугаартай “Фидуцын гэрээ” байгуулж авсан.
Зээлдэгч нар зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй бөгөөд манай компанийн зүгээс удаа дараа сануулж, утсаар ярьж, хаягаар нь байнга очсон боловч үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 30.318.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө нэхэмжлэгчийн нэр, өмчлөлд шилжүүлсэн баримт байгаа тул энэ шаардлагаасаа татгалзаж байна, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.Оийн тайлбарыг дэмжиж байна. Нэмэлт тайлбар байхгүй, гэжээ.
Хариуцагч Б.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Б.Г хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн “Зээлийн гэрээ”, Т.М болон “Н” ХХК-ийн хооронд байгуулагдсан.
“Зээлийн гэрээ”-ний дагуу үйлдэл хийгдсэн эсэх, үүрэг шилжсэн эсэх нь тодорхойгүй. Хариуцагч Б.Г тухайн “Зээлийн гэрээ”-нд хамтран зээлдэгч гэдэг байдлаар гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч, үнэн гэдгээ тайлбарладаг.
Хэдийгээр би хариуцагч Т.Мыг төлөөлөхгүй байгаа ч түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар тухайн зээлийг бодиттойгоор хүлээж аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байдаг.
Үүнээс харахад “Зээлийн гэрээ” бодитоор байгуулагдсан эсэх нь эргэлзээтэй. Бидний зүгээс нэгэнт “Зээлийн гэрээ” байгуулагдаагүй учраас төлбөрийг төлөх үүрэггүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч хүүгийн тооцоолол, зээл эргэн төлөлтийн хуваарийг гаргаж өгсөн. Энэ нь зээл олгосон гэдгийг нотлохгүй. Зээл олгосон гэдэн нь банкны дансны хуулгаар нотлогдох ёстой.
Зээлийн маргааны хувьд Улсын Дээд Шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Тогтоол” бий. Тус “Тогтоол”-д “зээлдүүлэгч мөнгө шилжүүлж зээл олгосноо нотлох, зээлдэгч мөнгөө буцаан төлснөө нотлох үүрэгтэй” гэж заасан.
Нэхэмжлэгч зээл олгосон гэдгээ нотлох үүрэгтэй. Хариуцагч Б.Г хувьд “Зээлийн гэрээ”-нд Т.Мын зүгээс хамтран зээлдэгч гэдэг дээр гарын үсэг зураад өгөөч гэхээр нь гарын үсэг зурсан.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэж өгнө” гэж заасан ба үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэж өгсний дараагаас хариу үүргийг шаардах эрх үүснэ.
Хариуцагч Б.Г данс руу “Н” ХХК-ийн данснаас зээлийн зориулалтаар ямар нэгэн мөнгө шилжиж орж ирсэн баримт байхгүй.
Талуудын хооронд гэрээ байгуулагдсан байлаа ч Б.Г гэрээний тал биш учраас үүргийг гүйцэтгэх үндэслэлгүй.
Сүүлд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримт өөрсдийн тамга тэмдэг бүхий баримт байсан.
Энэ баримтаар мөнгө шилжсэн эсэхийг батлах боломжгүй. Тухайн баримт дээр Т.М гэдэг хүн зээл авсан бол гарын үсэг зурах байсан. Гарын үсэг зурагдаагүй баримт учраас энэ баримтыг хэзээ ч үйлдэх боломжтой.
Иймээс бодиттойгоор мөнгө шилжээгүй учраас гэрээ байгуулагдаагүй, мөнгө шилжсэнээр гэрээ байгуулагдсанд тооцдог тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
Хариуцагч Т.М шүүхэд гаргасан тайлбартаа:
Надад холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд миний бие зээлийг бодиттойгоор хүлээн аваагүй тул зөвшөөрөх боломжгүй байна.
Тус хэргийг миний эзгүйд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Н” ХХК, хариуцагч Т.М, Б.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 30.318.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагч Т.Мт 2021 оны 05 дугаар сарын 10, 11, 18-ны өдрүүдэд шүүгчийн туслах шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “за ойлголоо, миний эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлтийг бичгээр явуулсан түүнийгээ дэмжинэ” гэх тайлбарыг ирүүлсэн тул нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын хариуцагч Т.Мын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох нь 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр олгогдсон, Улсын бүртгэлийн 9011183030, регистрийн 5283663 дугаартай, “С” оноосон нэр нь “Н” болж өөрчлөгдсөн Улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.
Хариуцагч нар “Н” ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 206209264 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, 15.000.000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төлөхөөр зээлдүүлж, “Зээлийн гэрээ”-ний үүргийг хангуулахаар зээлдэгч Б.Г эзэмшлийн “Toyota landcruiser-100” маркийн 00-00-УБЗ улсын дугаартай, бензин саарал өнгөтэй, суудлын автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Фидуцийн гэрээ”-г байгуулсан болох нь зохигчдын хооронд хийгдсэн гэрээ, зээл эргэн төлөх хуваариар тогтоогдож байна.
Иймээс шүүх нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тул Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгчид барьцаалан зээлдэх журмаар зээл олгожээ гэж дүгнэн, талуудын хооронд гэрээний харилцаа үүсэж, зээлдүүлэгч, зээлдэгчид мөнгөн хөрөнгийг “Мост мони үйлчилгээ”-гээр шилжүүлэн өгснөөр “Зээл болон Фидуцын гэрээ” хүчин төгөлдөр болсон байна.
Мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч нар зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор “Фидуцын гэрээ”-г байгуулан, зээлдүүлэгч өмчлөлдөө тус гэрээгээр автомашиныг шилжүүлэн авсан талаар маргаж мэтгэлцээгүй, тайлбартаа дурдаагүй болно.
Шүүх хуралдааны явцад хариуцагч Б.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А “Б.Г дансанд зээлийн 15.000.000 төгрөг орж ирээгүй, энэ зээлийг аваагүй учраас төлөх үндэслэлгүй, гэхдээ зээлийн гэрээнд гарын үсгээ зурсан үнэн”, хариуцагч Т.М “зээлийг бодиттойгоор хүлээн аваагүй учраас төлөхгүй” гэх тайлбарыг гарган мэтгэлзэж байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэг, хэрэгт авагдсан гэрээ, “Мост мони үйлчилгээний эрх нээлгэх анкет”, “Мемориал”-ын баримт, зээл төлөх хуваарь, талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн зээл олгох хэлбэр, зээлдэгчийн “Мост мони” банк дахь харилцах 206-209-263 дугаартай дансанд шилжүүлснээр олгосонд тооцно гэсэн заалт, бичгийн баримтуудаас харахад, хариуцагч Т.М 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Мост мони үйлчилгээний эрх” нээлгэн, хариуцагч Б.Г утасны дугаар болох 9900-3884 дугаараар мост мони үйлчилгээнд нэвтрэх нууц дугаараа болгон ашиглахаар, нэг удаагийн гүйлгээний лимит 40.000.000 төгрөг, өдрийн гүйлгээний лимит хязгааргүй байхаар “Мони үйлчилгээний эрх нээлгэх гэрээ”-г байгуулж, 15.000.000 төгрөгийг, 150.000 төгрөгийн шимтгэл суутгуулан, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дээрх дансанд шилжүүлсэн авсан нь тогтоогдож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан, үгүйсгэсэн, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хариуцагч нар баримтаар нотлож чадаагүй мөн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгосон боловч хэрэгжүүлээгүй түүнчлэн зээлийн төлбөрөөс хариуцагч нар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл эргэн төлөлт хийгээгүй нь баримтаар нотлогдож, нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нарыг төлбөрөө төлөөгүй үндэслэлээр зээл, хүү нэхэмжилсэн нь хуульд нийцэж, гэрээгээр хүлээсэн үүргийн төлбөрийг төлөх нь зүйтэй гэж дүгнээд,
Хариуцагч нарын зээлийн тооцоололыг бодоход:
-15.000.000 төгрөг /үндсэн зээл/ х 3.5 % = 525.000 төгрөг / сарын хүү/
-525.000:30/хоног/=17.500 төгрөг /нэг өдрийн хүү/
-17.500х21/хоног/=367.500 төгрөг
-525.000 төгрөг / сарын хүү/х 24 сар, 21 хоног= 12.967.500 төгрөг /зээлийн хүү/
-15.000.000 /үндсэн зээл/+12.967.500 төгрөг /хүү/+2.593.500 төгрөг /нэмэгдүүлсэн хүү/= 30.561.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд 30.318.000 төгрөг гаргахаас гэрээр очих зардал, нотариатын зардал 30.000 төгрөг баримтаар тогтоогдохгүй байх тул хасаж тооцоод 30.288.000 төгрөгт нэхэмжлэлийг ханган, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг.дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379.740 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 309.540 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.М, Б.Г нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 30.288.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Н” ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379.740 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 309.540 төгрөгийг төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА