Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 102/шш2021/01358

 

 

 

 

 

       2021 оны 05 сарын 27 өдөр

           Дугаар 102/ШШ2021/01358

                     Улаанбаатар хот

 

 

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, .... дугаар хороо, .... дугаар гудамжны .... тоотод оршин суух  Должинсүрэнгийн Агийн хүсэлттэй ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад       

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    

Нэхэмжлэгч Д.А нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1984 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хот цэцэрлэгжүүлэх трестэд цэцэгчин, худалдагчаар ажиллаж байсан.

Байгууллагын архив шатсан учраас ажиллаж байсан талаарх баримт бичиг болон “Хөдөлмөрийн дэвтэр” байхгүй байсан учраас Үндэсний төв архиваас шүүлгэж үзэхэд Хот цэцэрлэгжүүлэх трестийн бүх баримт шилжиж ирээгүй лавлагаа гаргах боломжгүй гэдэг хариуг өгсөн.

Иймээс өндөр насны тэтгэвэрт гарах гэхээр бичиг баримт байхгүй байгаа тул намайг 1984 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хот цэцэрлэгжүүлэх трестэд цэцэгчин, худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад,

 

Нэхэмжлэгч Хот цэцэрлэгжүүлэх трестэд цэцэгчин, худалдагчаар ажиллаж байсан болох нь “Цэцэрлэгжилт компани”-ийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Тодорхойлолт”, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2195 дугаартай Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын “Тодорхойлолт”,

 

Гэрч Д.Ө “миний бие тус байгууллагад 1980-2018 оны хооронд тракторын жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Энэ хугацаанд Д.Атай 1984-1994 он хүртэл хамт ажиллаж байсан. Д.А тухайн үед цэцгийн дэлгүүрийн худалдагч, цэцэгчин хийдэг байсан. Д.Агийн ах надтай хамт тракторын жолооч хийж байсан учраас сайн мэдэж байна”,

 

Гэрч Д.Б “би Д.Атай хот цэцэрлэгжүүлэх трестэд 1985 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сар хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, хамт олны гэрэл зураг, бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн          115.2.1, 116, 118, 133 дугаар 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Алтжин овогт Должинсүрэнгийн Аг Хот цэцэрлэгжүүлэлтийн трестэд 1984 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цэцэгчин, худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                          

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА