| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2024/0142/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/159 |
| Огноо | 2024-04-17 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0142/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Балжинням,
Улсын яллагч Б.Энхтулга,
Шүүгдэгч Т.Сэргэлэнбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эцээд овогт Тунгалагийн Сэргэлэнбаатарт холбогдох эрүүгийн 2418000000211 дугаартай хэргийг 2024 оны 04 сарын 11-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Эцээд овогт Тунгалагийн Сэргэлэнбаатар /РД: ЖГ96081715 /, 1996 оны 08 сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын технологийн инженер ажилтай, Төв аймгийн Баян суманд үйл ажиллагаа явуулдаг “ Цэцэнс майнинг энд энержи ” ХХК-д уулын мастер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 03 дугаар баг, Цант 05 дугаар гудамж, 03 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Сэргэлэнбаатарыг 2023 оны 08 сарын 09-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар согтуугаар жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2024 оны 03 сарын 30-ны өдрөөс 31-ний өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар 60-77 ДАУ улсын дугаартай Тоёота кровн маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Сэргэлэнбаатар нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж 2023 оны 08 сарын 09-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан ба 2024 оны 03 сарын 30-ны өдрөөс 31-ний өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар 60-77 ДАУ улсын дугаартай Тоёота кровн маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.17 хувийн үзүүлэлт илэрч Т.Сэргэлэнбаатар нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэх тэмдэглэл, шүүгдэгчийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан гэрэл зураг, уг тэмдэглэлийг үйлдэхдээ баримтжуулсан хяналтын камерын бичлэг бүхий сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 6-8/,
“...холбогдогч Т.Сэргэлэнбаатарт Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэх Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад А.Батзулын 2023 оны 08 сарын 09-ний өдрийн 0196154 дугаартай шийтгэлийн хуудас /хх-ийн 10/,
0196154 дугаартай шийтгэлийн хуудасны дагуу Т.Сэргэлэнбаатараас Төрийн сан дахь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын хүү торгуулийн орлогын дансанд 400,000 төгрөг төлсөн тухай ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл бүхий баримт /хх-ийн 11/,
Шүүгдэгч Т.Сэргэлэнбаатарын 1250565 дугаартай жолоочийн үнэмлэхийг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12/,
Шүүгдэгч Т.Сэргэлэнбаатарт холбогдох 0196154 дугаартай шийтгэлийн хуудастай зөрчлийн хэрэгт авагдсан бусад баримт бичгүүд /хх-ийн 13-16/,
Гэрч Л.Амартайвангийн: 2024 оны 03 сарын 30-ны өдрөөс 31-ний өдрийг шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байхад 60-77 ДАУ улсын дугаартай Тоёота кровн маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй жолоочийг зогсох дохио өгөхөд уг тээврийн хэрэгслийн жолооч зогсохгүйгээр чигээрээ явсан. Тухайн тээврийн хэрэгслийн араас дагахад нэг хашаанд орсон ба жолооч нь гартаа 2.5 литрийн хэмжээтэй Нийслэл нэртэй шар айраг барьчихсан гэр лүүгээ орж байсан. Түүнийг төв цагдаа дээр авчран согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах багажаар шалгахад 1.17 хувийн үзүүлэлт илэрсэн бөгөөд түүний регистрийн дугаараар мэдээллийн сангаас шүүж үзэхэд Т.Сэргэлэнбаатар нь 2023 оны 08 сарын 09-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасуулсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Т.Сэргэлэнбаатарын үйлдэл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч Т.Сэргэлэнбаатар нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Т.Сэргэлэнбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 25 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Т.Сэргэлэнбаатар нь хүлээн зөвшөөрч тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Т.Сэргэлэнбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 25 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эцээд овогт Тунгалагийн Сэргэлэнбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Сэргэлэнбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 25 /хорин тав/ сарын хугацаанд сар бүр 200,000 /хоёр зуу/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сэргэлэнбаатарт шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сэргэлэнбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Сэргэлэнбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР