Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0145/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Баярсүрэн,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгч А.Энхжин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ямаач овогт Алтангэрэлийн Энхжинд холбогдох эрүүгийн 2418000000190 дугаартай хэргийг 2024 оны 04 сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ямаач овогт Алтангэрэлийн Энхжин /РД: ТЯ90080910 /, 1990 оны 08 сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто техникийн механикч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг “ Макс повер ” ХХК-д техникийн механикч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 20 дугаар байр, 59 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Энхжинг 2024 оны 03 сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.Оюунтуяаг шалтаг шалтгаангүйгээр биед нь халдан зодож, зүүн тохойд шарх, баруун нүдний алимын салст, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор буланд цус хуралт, баруун хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Энхжин нь 2024 оны 03 сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 20 дугаар байр, 59 тоот гэртээ эхнэр Х.Оюунтуяаг зодож эрүүл мэндэд нь зүүн тохойд шарх, баруун нүдний алимын салст, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор буланд цус хуралт, баруун хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

“Хохирогч Х.Оюунтуяад аюулын зэргийн үнэлгээ тогтоогдсонгүй” гэх тэмдэглэл /хх-ийн 2-3/,

“...нөхөр А.Энхжин найз н.Энхболдыг зодоод байхаар нь тэднийг салгах гээд дундуур нь ороход нөхөр А.Энхжин миний нүүр рүү нэг удаа цохисон. Мөн А.Энхжин намайг холд гээд түлхэхэд би газарт унахдаа гутлын шүүгээний буланг тохой хэсгээрээ цохиж унасан...” гэх хохирогч Х.Оюунтуяагийн шууд заасан мэдүүлэг /хх-ийн 6/,

“... Х.Оюунтуяа салгах гээд дундуур ороход А.Энхжин нь түүний нүүр лүү гараараа цохисон, мөн түүнийг түлхэхэд Х.Оюунтуяа газарт унахдаа шүүгээ цохиод унасан...” гэх болсон үйл явдлыг харсан гэрч О.Энхболдын мэдүүлэг /хх-ийн 12/,

“ Х.Оюунтуяагийн биед зүүн тохойд шарх, баруун нүдний алимын салст, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор буланд цус хуралт, баруун хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн нэг нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх Дархан-Уул аймаг дахь  Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 сарын 20-ны өдрийн 267 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18/,

“Баруун нүдний дээд зовхи хавдсан, 2 сантиметр язарсан шархтай хөхөрч няцарсан, зүүн тохойд 5 сантиметр орчим гүн зүсэгдсэн шархтай байна” гэх хохирогч Х.Оюунтуяагийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн 202403160508 дугаартай хуудас /хх-ийн 19/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч А.Энхжингийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч А.Энхжин нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч А.Энхжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Оюунтуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд 194,250 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч Х.Оюунтуяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд 194,250 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хүсэлт, 194,250 төгрөгийг шилжүүлсэн тухай баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч А.Энхжин нь хүлээн зөвшөөрч тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч А.Энхжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй дүгнэлээ.

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тусгайлсан санал прокуророос гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор төлөхийг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ямаач овогт Алтангэрэлийн Энхжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Энхжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч А.Энхжин нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Энхжинд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Энхжинд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР