| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2020/00784/И |
| Дугаар | 102/шш2021/01495 |
| Огноо | 2021-06-08 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 102/шш2021/01495
2021 оны 06 сарын 08 өдөр Дугаар102/ШШ2021/01495 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, .... дүгээр хороолол, .... дугаар хороо, .... дүгээр байр, .... төвийн .... тоотод байрлах “И.б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, .... дүгээр хороолол, .... дүгээр хороо, .... дугаар байрны .... тоотод байрлах “И.т.д” ХХК
Хариуцагч Баянгол дүүрэг, .... дүгээр хороолол, .... дүгээр хороо, .... дугаар байрны .... тоотод оршин суух К.А
Хариуцагч Баянгол дүүрэг, .... дүгээр хороолол, .... дүгээр хороо, .... дугаар байрны.... тоотод оршин суух Ч.З холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 12.500.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “И..д” ХХК-ийн хохирол 2.700.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “И.б” ХХК, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.З нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа::
Манай компани 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Их таван дэнхэрваа” ХХК-тай .... дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт .... байрлах “.... хотхоны дулааны узельд 45 метр кубын “FRP” маркийн цэвэр усны нөөц сав болон 11 киловаттын 118 метрт өргөх хүчин чадалтай, “CDL” маркийн насосыг 22.500.000 төгрөгөөр нийлүүлэн суурилуулж өгөх, НӨАТ ороогүйгээр тохиролцож, ажлаа гэрээний хугацаанд бүрэн хийж гүйцэтгэсэн.
Тухайн үед уг ажлыг маш богино хугацаанд хийж гүйцэтгээд, төлбөр тооцоогоо дуусгана гэж тохирсон учраас зах зээлийн үнээс 1 дахин хямд үнээр хийсэн.
Ингээд ажил гүйцэтгэж дууссаны дараа хоёр тал комисс байгуулж ажил хүлээлцсэн актыг үйлдэх ёстой байсан боловч “И т д” ХХК-ийн хүмүүс өөрсдийн захиалагч компани болох “М ю” ХХК-д хүлээлгэж өгсний дараа болъё гэснээс хойш өдийг хүртэл ажил хүлээлцсэн акт үйлдээгүй мөн үлдсэн төлбөр тооцоогоо хийх талаар удаа дараа нэхэмжилсэн боловч нэг ч төлбөр тооцоо хийхгүй, хаяг тодорхойгүй, утсаа авахгүй зэрэг хүндрэл учруулсан тул .... дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гарган шалгуулаад тус дүүргийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 529 дугаартай “Прокурорын тогтоол”-оор хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний шүүхээр яв гэсэн.
Дараа нь хариуцагчтай ярихад, “И т д” ХХК, захиалагч болох “М ю” ХХК ажил хүлээж аваагүй, төлбөр тооцоогоо бүрэн хийгээгүй учраас танайд төлөх ёстой мөнгийг өгөх ямар ч боломжгүй байна, энэ зун тендерээр ажил авбал төлье гэсэн тул шүүхэд хандалгүй хүлээсэн.
Яагаад тэгсэн бэ? гэхээр шүүхийн маргаантай компанийг тендерт оруулдаггүй хуультай болохоор түр хүлээсэн.
Гэтэл хариуцагч компани төлбөрөө төлөхгүй нь тодорхой болсон тул “М ю” ХХК-ийн эзэмшлийн Зайсангийн “Хан-Түшээ” хотхонд суурилуулсан 45 метр кубын цэвэр усны нөөцийн сав, 11киловаттын 118 метрт өргөх хүчин чадалтай “СDL” маркийн насосыг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд, нэгэнт гэрч, хариуцагч өөрөө бидний тавьсан эд хөрөнгийг ашиглаж байгаа талаар маргаагүй, төлнө гэсэн тайлбарыг шүүхэд өгсөн, ажлын хөлсний урьдчилгаанд 10.000.000 төгрөгийг төлсөн учраас гэрээгээр тохиролцсон ажлын хөлс 22.500.000 төгрөгнөөс урьдчилгаанд шилжүүлсэн мөнгийг хасаад, үлдэгдэл 12.500.000 төгрөгийг нэхэмжилж байна.
Мөн нэхэмжлэгч К.А, Ч.З холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Түүнчлэн хариуцагчийн хэлээд байгаа давтамж хувиргагчийг талууд суурилуулахаар тохироогүй, гэрээнд заагаагүй, ажлыг нь хийж байсны хувьд би эд нарт хэлсэн. Намайг хэлсний дараа ойлгоод, тавих нь зүйтэй юм байна гэсэн. Энэ талаар ямар ч ойлголтгүй байсан хүмүүс.
Ингээд би өөрт байсан хятад бичигтэй хувиргагчийг тавьж өгөх гэтэл хятад бичиг, зааврыг мэдэх хүнгүй байсан тул буцаагаад аваад явсан. Бүгд мэдэж байгаа.
Бидний хооронд байгуулсан гэрээний үнэд давтамж хувиргагчийн үнэ ороогүй. Анхнаасаа гэрээнд тусгагдаагүй ажил.
Энэ давтамж хувиргагчийг заавал тавих хэрэгтэй бишээ. Нэмэлтээр тавьж болдог. Хариуцагчийн хувьд тавихгүй байсан ч болно. Насос ажиллаж байгаа үед.
Түүнчлэн хэргийг шийдүүлэхгүй гэж хариуцагч их хүндрэл учруулж байна.
Анх .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад захирал К.А хаяг Баянгол дүүрэгт байна гээд хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх руу шилжүүлсэн.
Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцагч ямар нэгэн байдлаар олон удаа шүүх хуралдааныг хойшлуулсаар өдий хүрлээ.
Иймд миний хувьд цаг хугацаа, санхүүгийн хувьд хохиролтой байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.
Хариуцагч “И т д” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:
Манай компани “И б” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 45 метр куб эзэлхүүнтэй нөөц усны савыг өргөлтийн насосны хамт иж бүрдлээр нь угсарч, суурилуулах мөн хүйтэн усны шугамын холболтыг хийх, гүний худгаас гарсан цэвэр усны шугамын холболтыг хийх ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон.
Гэрээт ажлын хугацааг 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 09- дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл байна гэж заасан.
Гэрээний урьдчилгаа болох 10.000.000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээнд зааснаар талууд хоорондоо тохиролцож, НӨАТ-гүй дүнгээр тооцон гэрээг байгуулж, урьдчилгаа өгсөн.
Үлдэгдэл төлбөр 12.500.000 төгрөгийг ажлыг гэрээний хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсний дараа талууд ямар нэгэн маргаангүй тохиолдолд төлнө гэж заасан.
Гэвч “И б” ХХК гэрээт ажлыг заасан хугацаанд нь хийж дуусгаагүй хугацаанаасаа 13 хоног хэтрүүлээд 2018 оны 09 дүгээ сарын 17-ны өдөр хаяад явсан.
Өөрөөр хэлбэл ажлын бүрэн дуусгаагүй. “Хан-Түшээ” хотхоны оршин суугчдын хүйтэн усыг хуучин гүний худгаас цэвэр усны нөөцийн сав руу холбож, өргөлтийн насосоор оршин суугчдыг цэвэр усаар хангах ёстой байтал “Ирмүүн бармат” ХХК ажлаа дуусгахгүй өргөлтийн насосоо ажиллуулж мэдэхгүй, авч ирж суурилуулсан өргөлтийн насосны давтамж хувиргагч чанарын шаардлага хангахгүй, ажиллахгүй байсан.
Нэхэмжлэгч хятад заавартай давтамж хувиргагчаа ажиллуулж мэдэхгүй байсан.
Ингээд бид ямар нэгэн аргаар насосоо ажиллуулж өгөөч гэж “Ирмүүн бармат” ХХК-ийн захирал С.Зоригтбаатараас хүсэхэд утсаа салган оршин суугчдыг хохироосон ёс зүйгүй үйлдэл гарган алга болсон.
Иймээс манай компани гэрээний үлдэгдэл төлбөр болох 12.500.000 төгрөгнөөс давтамж хувиргагчийг өөрсдөө худалдаж авч “М ю" ХХК-д өгсөн тул түүний үнэ, суурилуулалтын зардлыг хасаж тооцоод, төлбөрийг өгөхөд татгалзах зүйлгүй.
Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй нөөцийн сав, насос гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
“М ю" ХХК, манай компанийн асуудлыг шийдэж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл шийдэж өгөөгүй байна.
Хэрвээ манай компани дээрх компаниас ажил гүйцэтгэсэн үлдэгдэл төлбөрөө авбал “И.б” ХХК-ийн гэрээт ажлын үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй, гэжээ.
Хариуцагч “И т д” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
“И тд” ХХК болон “И б” ХХК-уудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 02/18 дугаартай "Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан.
Уг гэрээнд нөөц усны савыг өргөлтийн насосын хамт иж бүрдлээр угсарч суурилуулах мөн хүйтэн усны шугамын холболтыг хийх, гүний худгаас гарсан цэвэр усны шугамын холболт хийх ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон.
Гэтэл өргөлтийн насосны давтамж хувиргагч чанарын шаардлага хангахгүй, ажиллахгүй байсан бөгөөд давтамж хувиргагчийг “И т д” ХХК-ийн зүгээс худалдан авахад 2.700.000 төгрөг зарцуулсан.
Нэхэмжлэгч байгууллага биет байдлын доголдолтой буюу Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйн улмаас захиалагч компанид одоогоор дээр дурдсан бодит хохирол учирсан.
Тиймээс талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 3 дугаар заалт, Иргэний 350 дугаар зүйлийн 350.1.7 дахь хэсэгт заасан зохицуулалтын дагуу “И б” ХХК-иас хохиролд 2.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.З шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч “И б” ХХК, хариуцагч “И т д” ХХК-ийн хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр давтамж хувиргагчийг суурилуулахаар тохиролцоогүй.
Гэрээнд заасан насосын иж бүрдэл гэдэгт насос түүнийг суурилуулж холбоход шаардлагатай төмөр швейллер суурь, уян муфт, бөмбөлгөн хаалт, резинэн жийрэг, холболтын кабель, суурийн холболт хийх боолт, гайка. насосын бэхэлгээний анкрын боолт зэрэг ордог.
“АВВ” маркийн инвертер буюу давтамж хувиргагч гэдгийг энгийнээр тайлбарлавал, насосыг давхар удирддаг, өөрөөр хэлбэл уг төхөөрөмжийг суурилуулсан тохиолдолд насос амарч болдог, суурилуулаагүй тохиолдолд насос амрахгүй ажиллаж байдаг тул уг төхөөрөмжийг насост давхар суурилуулж ч болно, суурилуулахгүй ч байж болох бие даасан төхөөрөмжийг хэлдэг.
Иймд насосын иж бүрдэл эсхүл дагалдах хэрэгсэлд давтамж хувиргагч хамаардаггүй, давтамж хувиргагч зах зээлд тусдаа үнэлгээтэй байдаг.
Бидний ажлын хөлсөнд энэ үнэ багтаагүй. Анхнаасаа дээр хэлсэнчлэн гэрээгээр хийх ажил биш. Миний хувьд хувь хүнийхээ зүгээс тавибал зүгээр юм гэдгийг хэлж өгсөн.
Тэгээд ч хариуцагч “М ю” ХХК-иас зах зээлд 2.000.000 төгрөгийн үнэтэй хувиргагчийг 7.000.000 төгрөгөөр үнэлээд шүүхийн шийдвэрээр гаргуулаад авсан байсан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “И б” ХХК, хариуцагч “И т д” ХХК, К.А Ч.З холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 12.500.000 төгрөг гаргуулж, хариуцагч “И т д” ХХК хохирол 2.700.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч “И т д” ХХК давтамж хувиргагчийн үнийг хасаад, үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж маргаж байна.
Хариуцагч К.А, Ч.З нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасанчлан “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтан дээр хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.З 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 30 минутанд товлогдсон шүүх хуралдааны товтой 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр танилцан, гарын үсгээ зурж түүний өмгөөлөгчид шүүгчийн туслах утсаар ярьж мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба дээрх хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар “зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн, хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч “И б ХХК, хариуцагч “И т д” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 02/18 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч тал захиалагчийн захиалгын дагуу 45 метр кубын эзэлхүүнтэй нөөц усны савыг өргөлтийн насосын хамт иж бүрдлээр угсарч, суурилуулах мөн хүйтэн усны шугамын холболтыг хийж, гүний худгаас гарсан цэвэр усны шугамын холболтыг хийх ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч тал гэрээгээр тохиролцсон ажлын хөлс 22.500.000 төгрөгнөөс урьдчилгаа төлбөрт 10.000.000 төгрөгийг ажил эхлэхээс нэг хоногийн өмнө төлөхөөр, 2018 оны 08 дугаар сарын 25--ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажлыг хийж дуусгахаар
гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна.
Иймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.5.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнээд, нэхэмжлэгч ажлын хөлсөө шаардах эрхтэй.
Харин талууд ажил гүйцэтгэх гэрээний үр дүн болон ажлын хөлсний талаар маргаж байна.
Зохигчдын байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.22 дахь хэсэгт гэрээнд заасан ажлыг гүйцэтгэгч тогтоосон хугацаанд хийж, ажлын үр дүнг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тухайлан заажээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч “хариуцагчийн маргаан үүсгэж байгаа давтамж хувиргагчийг суурилуулах тухай гэрээнд заагаагүй, тохиролцоогүй ажил. Гэхдээ бид танайх давтамж хувиргагч тавибал илүү сайн гэдгийг хэлсэн. Надаас давтамж хувиргагчийн талаар мэдээд тавихаар шийдсэн.Би өөрт байсан хятад бичигтэй нэг хувиргагчийг үзүүлээд тавих гэхэд хятад бичгийг мэдэх хүн, суурилуулах зааврыг ойлгоогүй учраас буцаагаад аваад явсан. Сүүлд .... дүүргийн шүүх дээр маргаан үүсгэхдээ зах зээлийн үнэ 2.700.000 төгрөг байдаг хувиргагчийг “М ю” ХХК-иас 7.000.000 төгрөг болгож нэхэмжилсэн байсан”,
Гэрч С.Б “И б” ХХК, Зайсангийн “Х х” хотхонд цэвэр усны нөөц сав, насос угсарч өгсөн. Өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Н.Зоригтбаатар гэдэг хүн нэг хятад бичигтэй давтамж хувиргагч авчраад, ажиллуулж чадахгүй, мэдэхгүй байсан учраас буцаагаад аваад явсан. Асааж үзээгүй, ажиллаж байсан эсэхийг мэдэхгүй. Давтамж хувиргагчийг шатлалаас хамаарч тавьдаг. Том насос дээр тавина. Жижиг насос дээр тавихгүй байж болно. Хотхонд сүүлд 2.000.000 төгрөгийн үнэтэй хувьсгуур тавьсан”,
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээч 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 212 дугаартай “Шинжээчийн дүгнэлт”-дээ “давтамж хувиргагчийг насос бүхий цахилгаан хөдөлгүүрт суурилуулж болно. Суурилуулахгүй байсан ч болно. Давтамж хувиргагчийг суурилуулах эсэх нь тухайн насосны ажлын функцээс хамаарна”,
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээч 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 068 дугаартай “Шинжээчийн дүгнэлт”-дээ “45 метр куб “FRP” савны өнөөгийн зах зээлийн үнэ 21.450.000 төгрөг байна”,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01737 дугаартай “И т д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М ю ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 30.212.160 төгрөг гаргуулах иргэний хэргийн шийдвэрт дурдсан давтамж хувиргагчийн үнэ 7.200.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн талаар хариуцагч маргаагүй ба нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлтээр нэхэмжлэгч гэрээнд заасан ажлаа гүйцэтгэсэн нь тогтоогдож, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт заасны дагуу ажлын үр дүнг захиалагч хүлээж авсан байх тул үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй.
Тодруулбал, хариуцагч хэрэгцээ шаардлага хангасан ажлыг хүлээлгэн өгөөгүй, гэрээний гол тохиролцсон нөхцөлийг биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанчлан баримтаар нотолж, үгүйсгэж чадаагүй болно.
Иймээс нэхэмжлэгчийн “Хаан” банкны 0000000000 дугаартай дансанд 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Нөөц усны савны үнэ” гэсэн утгатай “И т д” ХХК өөрийн “Хаан” банкны 5084-1861-27 дугаартай данснаас 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь “Хаан” банкны депозит дансны хуулгаар нотлогдсон учраас 22.500.000 төгрөг /гэрээгээр тохирсон ажлын хөлс/ - 10.000.000 төгрөг /ажлын урьдчилгаанд төлсөн төлбөр/ = 12.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч К.А, Ч.З холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдах нь зүйтэй байна.
2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч “И т д” ХХК, хариуцагч “И б” ХХК-иас хохирол 2.700.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Талуудын байгуулсан гэрээгээр гүйцэтгэгч тал гэрээнд заасны дагуу усны нөөц сав, насосыг тавьсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож, харин давтамж хувиргагчийг тавих үүргийг хариуцагч гэрээгээр хийх ажилд тохиролцоогүй буюу суурилуулах үүргийг хүлээгээгүй мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч “И т д” ХХК, хариуцагч “М ю” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа давтамж хувьсгагчийг “М ю” ХХК-иар суурилуулахаар тохиролцсон тухай нэхэмжлэлдээ дурдаж, үнийг нэхэмжилсэн талаараа “И т д” ХХК маргаагүй учраас дээрх хохирлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзээд, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.075 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 58.150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 238.075 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “И т д” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 12.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И б” ХХК-д олгож, хариуцагч “И т д” ХХК-ийн хохирол 2.700.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.075 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 58.150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 238.075 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Иб” ХХК, хариуцагч О.А, Ч.З нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА