Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 121

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ,

хохирогч Д.Ганбат,

шүүгдэгч Б.Батболд нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.Батболдод холбогдох эрүүгийн 201605000199 тоот хэргийг 2016 оны 08 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 11 сарын 15-ны өдөр төрсөн, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-10-2 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВР75111518 тоот регистрийн дугаартай, Гурван шарынхан овогт Бараасадын Батболд,

Шүүгдэгч Б.Батболд нь архидан согтуурсан үедээ 2016 оны 06 сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-р багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Ганбаттай маргалдан улмаар түүний эрх чөлөөнд халдаж, бие махбодид нь санаатайгаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

/яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Ганбатын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн:

Б.Батболд бид хоёр 2012 оноос хойш мал, мах авч хамтран ажиллаж бие биенийгээ таньдаг болсон. Тухайн өдөр би Алтангэрэл гэдэг хүнтэй тааралдаад мөнгөний авалтай байсан учраас мөнгөө авъя гэхэд Алтангэрэл би Б.Батболдоос авалтай, авлаа аваад чиний өрийг өгье гээд бид хоёр хамт Б.Батболд дээр очсон. Б.Батболд дээр ирээд пиво ууж байгаад дууссан чинь Б.Батболд намайг дахиад пивонд яв гэхээр нь би хоёр пиво авсан одоо та ав гэсэн чинь би мөнгөгүй гээд байсан. Тэгэхээр нь би та угаасаа л мөнгөгүй шүү дээ гэж хэлээд маргалдаж, би аягатай пиво нүүррүү нь цацсан. Б.Батболд намайг зөрүүлээд цохисон би хамраа дараад хэвтэж байсан чинь хажуугаас гутлын өсгийгөөрөө цохих шиг болсон. Эмнэлэг дээр ирэхэд хажуу талын шанаа цөмөрсөн байсан, тэгээд эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед Б.Батболд намайг эмнэлэгт хэвт зардлыг нь би даана гэж хэлсэн. Өнөөдрийн байдлаар Б.Батболд хохиролд 200000 төгрөгийг бэлэн өгсөн, нэг адуу өгнө гэсэн одоохондоо өгөөгүй байгаа гэв.

Гэрч Л.Батцэнгэлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

... 211 тоотод байсан махлагдуу хүн буудлаас гарч явсан. Харин 211 тоотод байсан туранхай залуу өрөөнөөсөө гарч ирснээ цагдаа дуудаарай, намайг зодчихлоо гэхээр нь хартал түүний хамраас цус гарч байсан. Тэр анх буудалд ирэхдээ биед нь ямар нэгэн гэмтэл, шарх байгаагүй. Цагдаа дуудах гээд байгаа бололтой утасаа оролдоод гарч явсан. Удалгүй буцаж орж ирээд хаалганы талын орон дээр хэвтээд өгсөн. ... тэр эмэгтэй 211 тоот руу орсон. Би хойноос нь орход тэр манай нөхөр унтаж байг, би цагдаа дуудъя, манай нөхрийг зодчихсон байна гэж байсан. Цагдаа нар ирээд туранхай залууг авч явсан. гэх мэдүүлэг /хх-ийн 20-23/,

Шүүгдэгч Б.Батболдын мөрдөн байцаалтанд өгсөн:

... хэн нь пиво авах вэ гэдгээс болоод маргалдсан. Намайг пиво аваад ир гэхээр нь би “надад мөнгө байхгүй” гэж хэлсэн тэр “чамд мөнгө хэзээ байсан юм бэ? Чи гуйлгачин биздээ, надад мөнгө байна, юу л байна мөнгө байна, чи хүний өр өгөөөч пизда минь гэж хэлээд миний нүүр рүү аягатай пивоо цацсан. Би нүдээ арчаад харахад тэр гартаа барьсан аягаар намайг цохих гээд далайж түүгээрээ намайг савахад нь би өөдөөс нь зүүн талын нүд хамрын орчим 1 удаа цохьсон. Би уг нь 1 л удаа цохьсон юм. Түүний хамраас цус гарсан. Тэгэхээр нь би гараад явсан. Тэр миний хойноос гарч ирээд “гуйлагчаан” гэх мэтээр орилоод үлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 55-58/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 сарын 27-ны 333 дугаартай шинжээчийн: 1. Д.Ганбатын биед тархи доргилт, баруун шанаанд цууралт гэмтлүүд тухайн үед үүссэн байна. 2. Үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3. Үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Д.Ганбатын биед үүссэн дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 28/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 8-10/,

-Д.Ганбатын эмчлүүлсэн тухай баримт /хх-ийн 29-48/

-Б.Батболдын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 66/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/,

-Эвлэрсэн тухай хүсэлт /хх-ийн 71-72/

-Баянхонгор сумын 9-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 73/ зэргийг шинжлэн судлав.

2016 оны 06 сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-р багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Б.Батболд нь архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Ганбаттай маргалдан улмаар түүний эрх чөлөөнд халдаж, бие махбодид нь санаатайгаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Батболд нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, гэм хор арилсан, хохирогч Д.Ганбатын бие бүрэн эдгэрсэн болох нь тэдний өгсөн мэдүүлэг, шүүхэд гаргасан хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Батболд нь хохирогч Д.Ганбатад учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулан эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Иймд түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Д.Ганбатын “шүүгдэгч Б.Батболдын нүүр рүү ууж байсан аягатай пивоо цацах, аягаар цохих гэсэн үйлдэл, түүнийг нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил албан тушаалаар нь ялгаварлан гадуурхсан” буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна.

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар Б.Батболд нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь нотлогдон тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Батболдын эзэмшилийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураасан эд зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294, 295, 296, 297, 298, 299 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гурван шарынхан овогт Бараасадын Батболдыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэхь хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Б.Батболд нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батболдын эзэмшилийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.            

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Батболдод авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ