Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1747

 

МАГАДЛАЛ

 

2018.07.25                                                  Дугаар 1747                                   Улаанбаатар хот

 

 

 

 

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01336 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч СБДЕБ 16 ДСхолбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3 984 966 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

232 042 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ч нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.Э нь 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа үндэслэлгүй халагдан 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2868 дугаар захирамжаар Нийслэлийн Ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулийн нягтлан бодогчоор эгүүлэн тавигдсан боловч 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажил олгогч шүүхийн шийдвэрийг үл биелүүлэн хуурамч дипломтой, залилан мэхлэх замаар 11 жил нягтлан бодогчийн ажил хийсэн гэсэн үндэслэлээр ажил хүлээлцүүлэлгүй дахин 4 сар цалин олголгүй хохироож, өмнө нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүрдүүлэлт хийлгүй спорт заалны орлогыг захиран зарцуулсныг хууль хяналтын байгууллагад шилэн дансны хуульд заасан журмын дагуу мэдээлсэнд ийнхүү ажлын байрны дарамт үүсгэн хохироож байсан тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 984 966 төгрөгийг ажил олгогчоос гаргуулах нэхэмжлэл гаргасан. Б.Э нь 2017 оны 5 дугаар сарын 31-нд ажлаасаа хууль бусаар халагдаж 2017 оны 11 дүгээр сарын 14-нд шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тавигдсан боловч 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажил олгогч ажилд эгүүлэн авахгүй элдэв шалтаг гарган татгалзаж байсан тул арга буюу шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусламжтайгаар ажлын байранд нягтлан бодогч Ө.Б-тай ажил хүлээлцсэн. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар явмагц ямар ч бичиг баримттай танилцах, санхүүгийн гүйлгээ хийхийг хориглож, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтаар нягтлан бодогч Э.Б-ыг ажлаас чөлөөлөлгүй давхар цалинжуулж, ажлын байранд шинээр томилогдсон нягтлан мэтээр гарын үсгийн баталгаа хийгээгүй, Сүхбаатар дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга зөвшөөрөөгүй шалтгаанаар ажлаа хэвийн явуулах бололцоо олголгүй элдэв шалтаг хайж, хадам ээж Ц.Х нас барж хүнд уй гашуу тохиолдож ажлаас чөлөө авах хүсэлт гаргахад зөвшөөрч чөлөө олгосон мөртлөө үүнийг ажил тасалсан хоногт тооцон сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Иймд Б.Э-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж ажилд эгүүлэн тогтоож, дээрх тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлийн хувьд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийн дагуу Б.Э-ийг ажилдаа ор гэхэд түүний ах Б.Н гэх эрэгтэй ирж Б.Э ажилдаа орохгүй, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нь төлөөд өгчих, 2 сарын цалинтай нь тэнцэх 1 000 000 төгрөг бэлнээр өгчих, тэгээд Солонгос руу явна гэж хэлснийх нь дагуу 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Б.Н-гийн 5037181396 дугаартай хаан банкны данс руу сургуулийн захирал              1 000 000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш Б.Э шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж улмаар 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр зохигчдын дунд хөдөлмөрийн гэрээ байгуулж гэрээ ёсоор нэхэмжлэгчийг нягтлан бодогчоор томилсон, төсвийн гүйлгээ хийх эрх олгохыг дүүргийн төрийн сангийн хэлтсээс 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр захирал О.П , нягтлан бодогч Б.Э нарыг байлцуулан сонсгох ажиллагаа хийж улмаар Б.Э-ийг нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн мэргэжлийн бакалаврын дипломоо эх хувиар нь 30 хоногийн дотор авч ирэх, хэрэв авч ирэхгүй бол эрх олгох боломжгүй, ажлаа хүлээлгэж өгч, захирлыг тушаал гаргахыг тус тус мэдэгдэж, зөвлөөд хугацааны эцэст буюу 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 5/851 дугаартай Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.У-гаас Сангийн сайдын 2012 оны 294 тушаалаар батлагдсан Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавих шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, ажилд томилох, чөлөөлөх журмын 2.1.1 дэх хэсэгт зааснаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-т заасны дагуу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг нягтлах бодох бүртгэл, эдийн засгийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлээр төгссөн байх гэсэн заалтыг хангаж, нотлоогүй тул Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.4-т заасныг хэрэгжүүлэх боломжгүй, гүйлгээ хийх эрх үүсэхгүй гэж албан бичгээр мэдэгдсэн тул цаашид эрх олгоогүй нягтлан бодогчоор төсөвт байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг гүйцэтгүүлэх боломжгүй болсон. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо гарын үсгийн баталгаа хийлгээгүй, дүүргийн санхүү төрийн сангийн хэлтсийн дарга зөвшөөрөөгүй гэж дурдсан бөгөөд сургуулийн захирал энэ эрхийг олгох эрхгүй этгээд байна. Иймд дээрх үндэслэл нь Б/24 тушаалын хууль зүйн үндэслэл болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлийн хувьд нэхэмжлэгч Б.Э-ийн ажилласан цагийн бүртгэлийг 2018 оны 3 дугаар сарын 01-нээс 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд ажлын 30 хоногт тооцож үзэхэд нийт ажиллах ёстой 240 цагаас хүндэтгэн үзэх шалтгаангүй 38 цаг 27 минут тасалсан, 34 цаг 54 минут хоцорсон, бүгд 73 цаг 21 минут нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 29 дүгээр зүйлийн 29.3.3-т заасан дараах ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцална, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан, хоцорсон ажлын цагийн нийлбэр нь гурван өдрийн ажлын цагтай тэнцэж байгаа тохиолдолд гэсэн талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.2.4, 5.2.6-д нэрлэн заасан ноцтой зөрчил тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч ажлаас хоцрох, ажил тасалсан хүндэтгэн үзэх шалтгааныхаа талаар сургуулийн захиргаанд мэдэгдэж байгаагүй, баримт ирүүлж байгаагүй болно. Мөн өмнөх нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин 3 984 966 төгрөг гаргуулах шаардлагатай холбогдуулан нэмэлт тайлбар болгоход нэхэмжлэгч ажилгүй байсан бүх хугацааны гэж тодорхойлж 2017 оны 6 дугаар сараас 2018 оны 2 дугаар сарыг дуустал хугацааг хамааруулсан байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2868 дугаартай зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийн захирамжлах хэсгийн 1 дүгээр заалтаар нэхэмжлэгч ажилгүй байсан 2017 оны 6 дугаар сарын 1-нээс 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж эвлэрсэн нь тодорхой, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй учир энэ хугацааны цалинг олгох үндэслэлгүй. Харин 2017 оны 11 дүгээр сарын 15-наас 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацааны хувьд нэхэмжлэгч 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр эрх зөрчигдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ажил олгогчоос шүүхийн ямар нэг шийдвэр, захирамжгүйгээр 1 000 000 төгрөг авсан тул хариуцагч ажилгүй байсан хугацааны цалинг төлөх үндэслэл байхгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Э нь 2018 оны 2 дугаар сарын 21-нээс 2018 оны 04 дүгээр сарын 17-ны хооронд ажиллахдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт 73 цаг ажил тасалсныг цалин олгохдоо хасч тооцолгүй 874 731 төгрөгийн цалин олгосноос 243 042 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллага нь нийт ажилчдыг бүтэн цагаар ажиллаагүй байсан ч цалинг нь бүтэн олгодог байсан ба зөвхөн Б.Э дээр ийм асуудал гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 49 дүгээр зүйлийн 49.7 дахь хэсэгт заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э-ийг Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 855 106 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-т олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагын үлдэх хэсэг буюу 1 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Б.Э-аас 243 042 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СБДЕБ 16 Д Солгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заалтад зааснаар нэхэмжлэгчийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заалтад зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн      шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас тус тус чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1-т заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Э-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр урьдчилан төлсөн 78 709 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулиас 25 072 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Б.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 7 611 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааврын зарим заалтыг зөрчвөл "ноцтой зөрчил"-д тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэж болох хэдий ч уг дүрэм, журам, зааврыг ажилтанд танилцуулсан байхыг шаардна" гэж үндэслэл болгоод уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний болон дотоод журмын уг заалтуудыг танилцаагүй талаар огт маргадаггүй бөгөөд харин ажил таслах хүндэтгэн үзэх шалтгаан байсан, цагийн бүртгэлийн төхөөрөмж алдаатай байсан гэж маргаж байхад шүүх өөрийн санаачлагаар тайлбар дүгнэлт өгч шийдвэрлэснийг үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж тушаал хүчингүй болгож ажилд эгүүлэн тавих шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмлэгч Б.Э нь хариуцагч СБДЕБ 16 ДС холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 984 966 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч илүү олгосон 243 042 төгрөгийн цалин буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02868 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар Б.Э-ийг Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр тохиролцсон талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Уг үүргийг биелүүлээгүйгээс шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан ба уг ажиллагааны явцад талууд эвлэрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болжээ.

Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Б/11 дугаар тушаалаар Б.Э-ийг өмнө эрхэлж байсан нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Тус сургуулийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар Б.Э-ийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн, тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, байгууллагын дотоод журмын 29.3.3, хөдөлмөрийн гэрээний 5.2.6 дахь заалтыг тус тус баримтлан түүнийг Сүхбаатар дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсийн даргаас гүйлгээ хийх эрх олгоогүй, мэргэжлийн хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 38 цаг 27 минут ажил тасалсан, 34 цаг 54 минут ажлаас хоцорсон ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг заажээ.

Сүхбаатар дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсийн даргаас гүйлгээ хийх эрх буюу гарын үсгийн баталгаа хийлгэх зөвшөөрөл хүсэхэд Б.Э-т гүйлгээ хийх эрх олгоогүй явдал нь түүнийг мэргэжлийн хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй     болсон нь тогтоогдсон гэж үзэх үндэслэл болохгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Түүнчлэн, нэхэмжлэгчийг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлаас хоцорсон гэх зөрчлийн хувьд нэхэмжлэгч Б.Э-т ар гэрийн гачигдал гарч 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хадам ээж нь нас барсантай холбоотойгоор тухайн өдрүүдэд ирэх боломжгүй байсан гэх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүндэтгэн үзэх ажил тасалсан гэх зөрчил эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй. Хэдийгээр нэхэмжлэгчид албан ёсоор чөлөө өгсөн талаар баримт байхгүй боловч хөдөлмөрийн дотоод журмын 23.5 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тохиолдолд чөлөө өгөх талаар зохицуулсан тул хөдөлмөрийн гэрээний 5.2.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4-т заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 855 106 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Э-аас илүү бодогдсон цалин 243 042 төгрөгийг гаргуулан СБДЕБ 16 ДС олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.7 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01336 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч СБД ЕБ 16 ДС улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

            ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ