Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/шш2021/01520

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 10 өдөр                    Дугаар 102/ШШ2021/01520                          Улаанбаатар хот

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, .... дугаар хороо, .... дугаар байрны .... тоотод оршин суух Цэдэнбатын Ундармаагийн хүсэлттэй  Доржпүрэвийн Энхтүвшинг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

 

 Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Ц.Ундармаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Д.Энхтүвшинд холбогдуулан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний үүргийн биелэлтэд 88.000.000 төгрөг гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийг уг хаягтаа оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын “Тодорхойлолт”-оор тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

 Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй Д.Энхтүвшинг эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.                                 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ундармаа, Д.Энхтүвшинг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.   

Д.Энхтүвшин иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Итгэмжлэл”, 000038701 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 01122-2016/70779 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШЗ2021/06293 дугаартай Шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, оршин суух хаяг тодорхойгүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.  

Д.Энхтүвшин Баянгол дүүрэг, .... дүгээр хороолол, .... дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны .... дугаар байрны .... тоотод оршин сууж байсан гэх мэдээллийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Доржпүрэвийн Энхтүвшинг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.    

4.Шийдвэрийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг, шүүгчийн туслах Н.Ундармаад үүрэг болгосугай.

          5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА