Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0368/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Балжинням,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

          Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Монгол овогт*******д холбогдох эрүүгийн 2318002010476 дугаартай хэргийг 2024 оны 04 сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, Монгол овогт******* /РД:******* /, 1990 оны 08 сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цэргийн байлдааны машины механик жолооч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний******* дугаар ангид жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 09 дүгээр баг, 04 дүгээр хороолол,*******,******* оршин суух, хэрэг хариуцах чадвартай,******* онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Энхийн төлөө медаль,******* онд Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медаль,*******,,, онд Нэгдсэн Үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагааны медаль, онд НАТО-гийн олон улсын хамтын ажиллагааны медалиар тус тус шагнуулсан, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 15-ны өдрийн 202/ ШЦТ / дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

          Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******ыг Зэвсэгт хүчний дугаар ангид нууцын хэрэг хөтлөгчөөр ажиллаж байхдаа 2023 оны 03 сарын 27-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд болсон хээрийн сургуулилтын үед буудлага үйлдэхээр өөрт нь итгэмжлэн хариуцуулсан 7,62х39мм ПС загварын 80 ширхэг сум, 7,62х54r ЛПС загварын 60 ширхэг сум, нийт 140 ширхэг байлдааны галт хэрэгслийг хувьдаа авч завшиж, 384,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч*******ы: Өөрийн холбогдсон гэмт хэргийн үр дагаврыг ойлгож байгаа. Хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн: Манай ангид сумны зарцуулалтыг офицер, нярав хариуцдаг. Зарцуулсан сумны хонгиог тоолж хяналт тавьдаггүй. Дээрх сумнуудыг буудлага үйлдүүлж зарцуулахаар тушаал гаргачихсан байсан тул манай байгууллагад хохирол учраагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.*******д арга хэмжээ авч албан тушаал бууруулсан байгаа гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

“ГА-ын шугамаар авагдсан мэдээллийн дагуу Зэвсэгт хүчний дугаар ангийн албан хаагч******* нь байлдааны зориулалт бүхий 7.62 мм-ийн ПС, 7.62 мм-ийн ЛПС загварын сумыг бусдад худалдахыг завдах үед нь таслан зогсоосон...” гэх Тагнуулын ерөнхий газрын Дархан-Уул аймаг дахь хэлтсийн 2023 оны 05 сарын 09-ний өдрийн / дугаартай албан бичиг /1-р хх-ийн 38/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 40/,

Тагнуулын ерөнхий газрын Дархан-Уул аймаг дахь хэлтсийн ахлах ажилтан, дэд хурандаааас АКМ загварын бууны хүрэн шаргал өнгийн, малгай хэсэгт 60х75 гэсэн бичиглэлтэй 4 хайрцаг 80 ширхэг, малгай хэсэгт 60х81 гэсэн бичиглэлтэй 3 хайрцаг 60 ширхэг сум гаргаж өгснийг хүлээн авч, эд мөрийн баримтаар тооцсон тухай тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 42-43/,

“...******* хар замаас салаад 3.5 километр яваад ухсан нүхэнд буудлага үйлдэж сум олгосон, энэ үед сумыг авсан гэж өөрийн сум авсан газрыг заасныг Trex20 загварын GPS ашиглаж солбицлыг тогтооход N49.25’.50, E105.48’ байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх шүүгдэгч*******ы гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2023 оны 07 сарын 24-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 45-48/,

“...******* нь 08 дугаар багт байрлах эрүүлжүүлэх, саатуулах байрны урд талын улаан дэлгүүрийг өнгөрч яг хажууд нь залгаа байх элит хашаатай 2 давхар тоосгон байшингийн гадаа ирж зогсоод сум зарж тагнуулын байгууллагад баригдсан гэж тухайн газрыг өөрөө заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх шүүгдэгч*******ы гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2023 оны 08 сарын 23-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 49-53/,

“...уг цэг нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт байрлаж байгаа нь өгөгдсөн солбицол болон хилийн цэсийн зургаар баталгаажиж байна” гэх Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтний тодорхойлолт, N49.25’.50, E105.48’ солбицлын байршлын зураг /1-р хх-ийн 55-56/,

Гэрчы: ... манай анги тухайн үед 5 удаа буудлага үйлдсэн. Буудлага үйлдэх болгонд ангийн захирагчийн буудлага үйлдэх тушаал гарсан. Тушаалд буудлага явуулах албан тушаалтнууд, буудлагад орох галт хэрэглэлийн тооцоо орж явдаг юм.******* нь буудлага явуулах 5 тушаалын 4 тушаалд сум түгээгчээр ажиллаж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67/,

Гэрчн: ...сум түгээгч нь тухайн буудлагын талбай дээр хангалтын байрнаас сум хүлээн авч, цэргийн алба хаагчдад сум түгээх үүрэгтэй. Түүнээс ямар нэгэн байдлаар тухай сумыг өөрөө захиран зарцуулах эрх байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-70/,

Гэрчн: ...буудлага явуулах тушаалд сум түгээгчийг томилдог, сум түгээгч нь буудлага үйлдэх үед буудлага удирдагчийн заавраар сумыг буудлага үйлдэж байгаа албан хаагчдад түгээж өгөх үүрэгтэй. Галт хэрэглэлийн нярав сум түгээгчид сум олгоно... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-75/,

Гэрчгийн: ...тухайн буудлагыг зэвсгийн офицер ахалж явуулдаг, тэр үед сум түгээгч нарт сум тараа гэсэн тушаал өгсний дагуу сум тараагч хангалтын байрнаас сумыг авч буудлага үйлдэх алба хаагч нарт сум түгээдэг. Сум түгээгчээр ихэвчлэн нууцтай харилцах эрх бүхий албан тушаалтан, зэвсгийн мэргэжлийн ахлагч нар томилогддог... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-78/,

Гэрчгийн: тушаалд сум түгээгчээр томилогдсон албан тушаалтан буудлага үйлдэх үед буудлага үйлдэж байгаа албан хаагчдад буудлага удирдагчийн заавраар түгээж өгөх үүрэгтэй... /1-р хх-ийн 80-81/,

“7.62 мм-ийн ПС маркийн 80 ширхэг сум 192,000 төгрөг, 7.62 мм-ийн ЛПС маркийн байлдааны зориулалттай 60 ширхэг сум 192,000 төгрөг, нийт 384,000 төгрөг” гэх “Дамно” ХХК-ийн 2023 оны 05 сарын 19-ний өдрийн ДаЦ- дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 86-87/,

“Шинжилгээнд 1-2 гэж дугаарлаж ирүүлсэн 140 ширхэг сум нь хэвийн ажиллагаатай сумнууд байна. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан дугтуйнд байх 80 ширхэг сум нь 1943 оны загварын, 1975 онд Зөвлөлт Холбоот Улсад үйлдвэрлэгдсэн 7.62х39 мм калибрын сум байна, 2 гэж дугаарласан дугтуйнд байх 60 ширхэг сум нь 1891-1930 онд Зөвлөлт Холбоот Улсад үйлдвэрлэгдсэн 7.62х54r мм калибрын үйлдвэрийн сум байна. Шинжилгээнд ирүүлсэн 1-2 гэж дугаарласан дугтуйнд байх 140 ширхэг сум нь ердийн, ган зүрхэвчтэй, байлдааны зориулалттай сум байна. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан дугтуйнд байх 80 ширхэг сум нь АК, АКМ, СКС гэх мэт буунуудад үйлдэхэд зориулагдсан сумнууд байна. 2 гэж дугаарласан дугтуйнд байх 60 ширхэг сумнууд нь винтов, свд гэх мэт буунуудад буудлага үйлдэхэд зориулагдсан сумнууд байна. Шинжилгээнд ирүүлсэн 1-2 гэж дугаарласан сумнуудын ажиллагаатай эсэхийг шалгах зорилгоор дээж болгон тус бүр 5 ширхэг сумаар туршилтын буудлага хийж үзэхэд буудлага үйлдэж байв” гэх Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 сарын 19-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 92-95/,

“...Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын оны “Зэвсэг, галт хэрэглэлийн үнийг шинэчлэх болон шинэ үнэ тогтоох тухай” тушаалаар шинжилгээнд ирүүлсэн №1 дугаартай дугтуйнд хийсэн 75 ширхэг 60, 75 бүлгийн дугаартай 7.62 мм-ийн ПС загварын галт хэрэглэл нь 2,400 төгрөг, №2 дугаартай дугтуйнд хийсэн 55 ширхэг 7.62 мм-ийн ЛПС загварын 6, 81 бүлгийн дугаартай галт хэрэглэл нь 3,200 төгрөг байхаар тус тус тогтоож өгсөн ба тус галт хэрэглэлүүдийг зах зээлд худалдаалах ёсгүй...” гэх Зэвсэгт хүчний Жанжин штабын Пуужин артиллерийн зэвсэглэлийн хэлтсийн мэргэжилтэн, хошуучгийн гаргасан шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг /1-р хх-ийн 103-105, 108-109/,

“Тоёота Сай маркийн 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол Улсад орж ирсэн тээврийн хэрэгсэл 17,248,438 төгрөг” гэх “Дамно” ХХК-ийн 2023 оны 08 сарын 26-ны өдрийн ДаЦ дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 116-121/,

Зэвсэгт хүчний дугаар ангиас гаргуулсан шүүгдэгч*******ы төрийн албан хаагчийн анкет, нууцын хэрэг хөтлөгчийн албан тушаалын тодорхойлолт, шүүгдэгч*******ыг 2021 оны 12 сарын 01-ний өдрөөс мэдээллийн аюулгүй байдлын албаны нууцын хэрэг хөтлөгчөөр сэлгэн томилсон Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2021 оны 12 сарын 01-ний өдрийн Б/1804 дугаартай тушаал /1-р хх-ийн 175-182/,

Зэвсэгт хүчний дугаар ангийн Захирагчийн 2023 оны 03 сарын 24-ний өдрийн А/108 дугаар тушаалаар 03 сарын 25-ны өдрөөс 04 сарын 02-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн нутаг дэвсгэрт байрлах сургуулийн төвийн районд байлдааны буудлагатай тактик хээрийн сургуулийг зохион байгуулсантай холбоотой Зэвсэгт хүчний дугаар ангийн Захирагчийн Байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг зохион байгуулах тухай тушаалууд, галт хэрэглэлийн тооцоонууд, буудлага явуулах тухай тушаалууд, галт хэрэглэлийн захиалгын хуудаснууд, буудлага, тэмцээнд галт хэрэглэл олгох-хураан авах хүснэгтүүд, цэргийн албан хаагчдад танилцуулсан аюулгүй ажиллагааны урьдчилсан зааварчилгаанууд, буудлага явуулах тухай актууд, хээрийн гаралтын буудлага явуулсан сум, галт хэрэглэлийн зарцуулалтын тайлан, Зэвсэгт хүчний дугаар ангийн захирагчийн 2023 оны 04 сарын 06-ны өдрийн Б/97 дугаартай Галт хэрэглэл орлогод авах тухай тушаал /1-р хх-ийн 185-250, 2-р хх-ийн 1-39/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч******* нь Зэвсэгт хүчний дугаар ангид нууцын хэрэг хөтлөгчөөр ажиллаж байхдаа 2023 оны 03 сарын 27-ны өдрөөс 03 сарын 30-ны өдрийн хооронд болсон хээрийн сургуулилтын үед буудлага үйлдэхээр өөрт нь итгэмжлэн хариуцуулсан 7,62х39мм ПС загварын 80 ширхэг, 7,62х54r ЛПС загварын 60 ширхэг нийт 140 ширхэг байлдааны галт хэрэгслийг хувьдаа авч завшиж 384,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон эд мөрийн баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргахгүй.******* нь байгууллагын шилдэг ажилтан болж байсан. Хүн алдаа гаргаж болно. Дахин алдаа гаргах ёсгүй. Гэм буруутайд тооцуулах санал дээр маргаан байхгүй гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь Зэвсэгт хүчний дугаар ангид нууцын хэрэг хөтлөгчөөр ажиллаж байхдаа 2023 оны 03 сарын 25-ны өдрөөс 04 сарын 02-ны хооронд болсон хээрийн сургуулилтын үед буудлага үйлдүүлэхээр олгосон байлдааны зориулалттай сумнаас 7.62х39мм ПС загварын 80 ширхэг сум, 7.62х54r ЛПС загварын 60 ширхэг сум, нийт 140 ширхэг сумыг хувьдаа авч, Дархан-уул аймгийн Дархан сумын 09 дүгээр багийн 04 дүгээр хорооллын*******ны 191 тоот гэртээ хадгалж байгаад 2023 оны 05 сарын 08-ны өдөр эхнэр О.Ууганзаяагийн өмчлөлийн ДАР улсын дугаартай Тоёота сай маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн, бусдад худалдан борлуулах гэж байгаад Тагнуулын ерөнхий газрын Дархан-Уул аймаг дахь хэлтсийн албан хаагчдад саатуулагдсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт цэргийн алба хаагч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг завшсан, үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, эсхүл цэргийн техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, зөөвөрлөх хэрэгсэл, цэргийн эд хөрөнгийг харж хамгаалах үүргээ биелүүлээгүй үйлдлийг цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зарах, үрэгдүүлэх, завших гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч*******ы буудлага үйлдүүлэхээр олгосон байлдааныг сумыг бусдад худалдан мөнгө олох зорилгоор өөртөө авсан үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, цэргийн алба хаагч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байлдааны галт хэрэгсэл болох сумыг завшсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зарах, үрэгдүүлэх, завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зарах, үрэгдүүлэх, завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас Зэвсэгт хүчний дугаар ангид 384,000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, иргэний улсын бүртгэлтэй холбоотой лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч*******д 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7,62х39мм ПС загварын сум 75 ширхэг, 7,62х54r ЛПС загварын сум 55 ширхэг, нийт 130 ширхэг байлдааны зориулалттай сумыг зориулалтын дагуу хэрэглүүлэхээр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Сай маркийн ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 17,248,438 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зарах, үрэгдүүлэх, завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 7,62х39мм ПС загварын сум 75 ширхэг, 7,62х54r ЛПС загварын сум 55 ширхэг, нийт 130 ширхэг байлдааны зориулалттай сумыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******аас 17,248,438 /арван долоон сая хоёр зуун дөчин найман мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР